УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Цэцийн 02 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авснаар намуудын бүртгэлийн асуудал хөндөгдлөө

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ҮХЦ-ийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Уг дүгнэлтэд "Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулснаас хойш 30 хоногийн дотор бүртгүүлэхдээ УДШ-д бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ" гэх заалт нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй болохыг дурдаад, бүртгүүлэх хүсэлт хүлээн авах, мэргэжлийн холбоодын нэрийн сан үүсгэх зэрэг холбогдох УДШ гэж заасныг түтгэлзүүлээр тусгасан юм.

Гишүүдийн олонх нь Цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр мэргэжлийн нэгдсэн холбоотой ижил зарчмаар бүртгэл нь явагддаг улс төрийн намуудын асуудал хөндөгдөж байгааг онцлоод дараах байр суурийг илэрхийлэв.

П.Сайнзориг: УДШ-д Мэргэжлийн холбооны бүртгэлийг өгөх боломжгүй. УДШ өөрийнхөө бүртгэл дээр гомдол хүлээж авна гэж байхгүй. Энийгээ засаад явах ёстой. Түүнчлэн улс төрийн намын бүртгэлийг УДШ хийж байгаа нь буруу байгаа нь харагдаж байна. Нарийн судлахгүй бол Цэцийн энэ шийдвэрийн цаана улс төрийн намын бүртгэлийг ч УДШ хийх боломжгүй гэдэг агуулга харагдаж байгаа шүү. Ер нь Сонгуулийн ерөнхий хорооны эрх зүйн байдал, чиг үүргийг ойлгомжтой болгомоор байна.

О.Батнайрамдал: П.Сайнзориг гишүүнтэй санал нэг байна. ҮХЦ-ийн дүгнэлтэд "...Үүсгэн байгуулснаас хойш УДШ дээр 30 хоногт бүртгэнэ гэсэн" нь Үндсэн хуулийн зөрчилтэй гэж дурдсан байна. Ашгийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулж байгаа, эдийн засгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоо, хуулийн этгээдийн үүсгэн байгуулахтай холбоотой асуудлыг УДШ оролцох нь эрх зүйн болон онолын чиг үүргийн хувьд тохирохгүй. Мөн шүүх эрх мэдлийн хувьд зөрчилдөх үр дагавар үүсгэхээр байна гэсэн байна.

С.Эрдэнэбат: Намуудыг бүртгэж байгаа нь яг адилхан Үндсэн хуулийн зөрчил рүү орох нь байна шүү дээ. УБЕГ -ыг өөрсдийг хянадаг, бүртгэл үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг нь хянадаг субъект бий болохгүй хэрэгтэй байна. Ер нь бүртгэлтэй холбоотой асуудлыг цогцоор авч үзэхгүй бол мэргэжлийн холбоодыг ингэнэ, намыг ингэнэ гээд тусдаа яваад байж болохгүй.

Б.Уянга: УИХ-аар өмнө батлагдсан хууль тогтоомжууд ямар нэг байдлаар Үндсэн хууль зөрчсөн байх нь тогтоогдоод байна. Үндсэн хуулийн зөрчилтэй заалт оруулсан субъект өөрөө хариуцлага хүлээх үү. Анх энэ хуульд өргөн барихад УДШ бүртгэнэ гэсэн заалт байгаагүй байна. ЗГ-ын хуралдааны тэмдэглэлийг харвал төрийн захиргаан төв байгууллага нь бүртгэнэ гэсэн заалт оруулж ирсэн байна. Гэтэл ЭЗБХ дээр хэлэлцэх явцад яам зөвшөөрөл өгөх нь зөвшөөрлийн тухай хуульд байхгүй учраас Дээд шүүх болгоё гээд ажлын хэсэгт байсан хүмүүс гар өргөөд шийдчихсэн байна.

Б.Бат-эрдэнэ: Санхүүгийн харилцааны хувьд энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол төвөгтэй асуудал үүсэж байгаа. Бусад улсад мэргэжлийн нэгдсэн холбоо нь холбоодуудын нэгдэл холбоо байх эсвэл ААН-ын нэгжүүдийг нэгтгэсэн холбоо байх гэдэг агуулгаар явдаг. Манайд нийлсэн хэлбэрээр яваад байгаа. Ингэхээр давхардсан татварын асуудал үүсдэг.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button