АН Н.Учралын Засгийн газарт дориухан шахалт үзүүлж чадах уу
Хаврын чуулганаас намрын чуулганыг хүртэлх энэ богинохон хугацаанд Монголд шатахууны үнэ урьд байгаагүйгээр нэмэгдэв.
Түүнчлэн Н.Учралын Засгийн газар байгуулагдахад 10 хувьтай байсан инфляц өнөөдөр 13 хувь болсон бөгөөд төсвийн алдагдал нь 2.4 их наяд хүрсэн. Энэ бол улс төрийн сөрөг хүчний хувьд АН-ын шүүмжлэх сэдэв мөн.
Нөгөө талд, АН хаврын чуулганы төгсгөлд Н.Учралын Засгийн газрыг огцруулахаар зүтгэж байх үед дөнгөж байгуулсан кабинетийнхаа нэрийг бодож, хөшигний ард хэлэлцээ хийснээр хойшлуулж байв.
Ингээд гал намжсаны ард, саяхан АН Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулах асуудал хөндөгдөх үед намын бүлгийн 42 гишүүнийг бүгдийг О.Цогтгэрэл хайрцаглаж чадаагүй нь нэгэнт тодорхой болсон нь Ч.Лодойсамбуугийн байр сууриас ил харагдана лээ. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотгол болоод 2027 оны өндөр төсвийг дагасан АН-ын акц тэднийг огцруулахуйц хэмжээнд өндрийг авлаа ч бүрэн гарын үсэг цуглах уу гэдэг асуулт дахин гарах нь мэдээжийн хэрэг.
Мөн Хятадын Коммунист намаас Ардчилсан намтай уулзах урилга хүргүүлсэн нь эрх баригч намын даргын хувьд Н.Учралд ч хүнд цохилт болсон. Тиймдээ ч УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг АН-ынхныг Хятад руу зорих үетэй зориуд давхцуулсныг Л.Гантөмөр өнөөдөр ил тодоор зарлаад амжив. Нэг талаас харвал, энэ нь Хятадын Коммунист намын зүгээс одоогийн Засгийн газар, цаашлаад танхимын сайд нартай хэл амаа ололцоход хүндрэлтэй байгааг ил тод зарлачхаж буй явдал гэж харж болно.
Ингэхээр АН-ын зүгээс Н.Учралын Засгийн газрыг огцруулах эсэх дээр намрын чуулганаар ямархуу байр суурь дээр зогсох, мөн дориухан шахалт үзүүлж чадах уу зэрэг хүлээлт үүснэ.
Нөгөө талд АН доторх "Ерөнхийлөгчийн жигүүрийн 13" гэх унтаа хэсгийг О.Цогтгэрэл бүлгийн нэгдсэн байр сууриар багцалж чадах уу.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.