Номын баярын онцлох 10 бүтээл

Номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг Үндэсний номын баяр энэ жил 40 дэх удаагаа болж байна. Энэ удаагийн баярт дотоодын зохиолч, хэвлэн нийтлэгчдээс гадна Энэтхэг, Япон, Киргиз зэрэг орны нэрт зохиолч, хэвлэлийн салбарын төлөөлөгчид хүрэлцэн ирж байгаа нь онцлог. Тиймээс манай редакцын зүгээс гадаадын зочдын онцлох бүтээлүүдээс гадна Монголын уран зохиолын сүүлийн үеийн шинэ бүтээлүүдээс түүвэрлэн уншигч танд хүргэж байна.
-“Бидний цөхөрсөн өдрүүд” -
Зохиолч: Б.Алтанхуяг
Зохиолч сүүлийн дөрвөн жилд бичсэн шүлгүүдээсээ сонгон эмхэтгэж, “Бидний цөхөрсөн өдрүүд” нэртэй түүврээ уншигчдад хүргэжээ. Цөхрөл, гуниг, гутралын зэрэгцээ аав, ээжээ санах сэтгэл, хүний дотоод мэдрэмжийг шүлгүүддээ буулгасан байна. Бараан үгс, бүрхэг мэдрэмжийн цаана бодит амьдрал, хүний эмзэг чанар, өөрийгөө эргэн харах сэтгэлийг өгүүлсэн бүтээл.
-“ Зөнд нь орхи ”-
Зохиолч: Мел Роббинсын
“Зөнд нь орхи” ном нь бусдын үйлдэл, үзэл бодлыг өөрчлөх гэж хэт хичээхийн оронд “тэднийг зөнд нь орхи” гэсэн зарчмаар өөрийн амьдрал, сонголтод төвлөрөхийг зөвлөдөг. Хүмүүсийн бодол, хандлагыг хянах боломжгүй ч өөрийн хариу үйлдэл, хил хязгаар, шийдвэрээ өөрөө удирдаж болно гэсэн санааг энгийн жишээгээр тайлбарласан өөртөө туслах ном юм.
“Чи надтай адил номын дэлгүүрт тухалдаг цорын ганц хүн минь”
Зохиолч: Жүно Диаз Доминиканы зохиолч Жүно Диазын бүтээлийг монгол хэлнээ шинээр хүргэж буй ном.
Гэр бүл, хайр дурлал, цагаачлал, араар тавилт, хүчирхийлэл зэрэг хүнд сэдвүүдийг хар ярианы энгийн хэл, хошин өнгө аястай хослуулан өгүүлдэг. Нийт 11 өгүүллэгээс бүрдэх ч тэдгээр нь хоорондоо холбоотой бөгөөд гол дүр Юүниорын амьдрал, гэр бүл, хайр дурлалын харилцаагаар дамжуулан хүний алдаа, зан чанар, амьдралын бодит байдлыг харуулна.
-“Мөнх тэнгэрийн хөх илд”-
Зохиолч: Ц.Түмэнбаяр
Монголын түүхийн ээдрээтэй нэгэн цаг үеийг уран зохиолоор өгүүлсэн түүхэн роман. Юань гүрний сүүл үеийн үйл явдал, Хөхтөмөр жанжны амьдрал, тэмцэл, тухайн үеийн эрх мэдэл, дайн тулааныг зохиолын үйл явдалтай холбон өгүүлжээ. Түүхэн баримт, уран сайхны дүрслэлээр дамжуулан нэгэн цаг үеийн Монголын төр, нийгмийн нөхцөл байдлыг уншигчдад хүргэхийг зорьсон бүтээл.
-“Мазохист”-
Зохиолч: Э.Жавхлан
Залуу зохиолч Э.Жавхлангийн анхны үргэлжилсэн үгийн бүтээл. Орчин цагийн хүний дотоод зөрчил, ганцаардал, хагацал, сэтгэлзүйн эмзэг байдлыг зохиолын гол сэдэв болгожээ. Хүний өөртэйгөө хийх тэмцэл, дотоод ертөнцийн олон талт байдлыг дүрүүдийн хувь заяагаар дамжуулан өгүүлсэн байна.
-“Толгодын бүдэг бараа”-
Зохиолч: Казүо Ишигүро
Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүрогийн анхны роман. Дайны дараах Японд өнгөрүүлсэн залуу насаа дурсах Эцүко хэмээх эмэгтэйн дурсамжаар зохиолын үйл явдал өрнөнө. Дурсамж, хагацал, гэмшил, өнгөрсөн амьдралаа эргэн харах хүний сэтгэлийг хөндсөн бөгөөд бид өнгөрснийг яг байгаагаар нь санадаг уу, эсвэл өнөөдрийн өөрийнхөө өнцгөөс дахин бүтээдэг үү гэсэн асуултыг үлдээнэ.

-“Үр нахиа”-
Зохиолч: М.Уянсүх
Монголын уран зохиолд өөрийн өнгө аясаар танигдсан зохиолч М.Уянсүхийн шинэ бүтээл. Хүний амьдрал, дотоод ертөнц, хувь хүний мэдрэмжийг уран зохиолын хэлээр өгүүлсэн байна. Амьдралын энгийн үйл явдал, хүний сэтгэлийн хөдөлгөөнөөр дамжуулан уншигчийг өөрийн амьдрал, сонголтын талаар эргэцүүлэхэд хөтөлнө.
-“Ахуй”-
Зохиолч: Ч.Бат-Уянга
Монгол хүний өдөр тутмын амьдрал, ахуй, дурсамж, орчин тойрны энгийн түүхүүдийг өгүүлсэн бүтээл. Томоохон үйл явдлаас илүү эгэл амьдралын жижигхэн мөчүүдээр дамжуулан хүний баяр, гуниг, дурсамж, амьдралын үнэ цэнийг харуулжээ. Монгол ахуй, амьдралын танил дүр төрхийг өөр өнцгөөс харах боломж олгох бүтээл.
-“Цаг хугацааны цонхоор: БНМАУ”-
Зохиолч: Б.Шүүдэрцэцэг
Зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийн дурсамж, тухайн үеийн өдөр тутмын амьдралаар дамжуулан БНМАУ-ын үеийн нийгэм, ахуйг эргэн харсан бүтээл. Сургууль, хотын амьдрал, нийгмийн харилцаа зэрэг энгийн дүр зургаар тухайн цаг үеийн өнгө төрхийг уншигчдад хүргэнэ. Түүхэн үйл явдлыг хүний амьдрал, дурсамжийн өнцгөөс харах боломжтойгоороо онцлог.
-“Туурвих хичээл”-
Зохиолч: Үй Хуа
"Зохиолч зохиолчдоо нөлөөлөх нь нарны туяа ургамалд нөлөөлдөг шиг юм. Хамгийн гол нь ургамал нарны гэрлээр тэтгэгдэн ургахдаа нарны хэв янзтай болж өсөж өндийдөггүй харин тэр өөрийн хэв маягийг бүтээж ургаж төлждөг. Миний хэлэх гэсэн санаа уран зохиол дахь нөлөө аливаа зохиолчийг улам бүр өөртэй нь адилхан болгож бойжуулна уу гэхээс өөр нэгэн болгохгүй"
Түүний "Туурвих хичээл" бүтээл нь 2025 онд хэвлэгдэж, 2026 онд монгол хэлнээ орчуулагдаж байна. Уран зохиолын тухай түүний хувийн бодлуудыг багтаасан энэхүү бүтээл нь уран зохиолд хайртай уншигчдад өөр нэгэн харах өнцөг, маргах асуудлуудыг бий болгож чадах нь тодорхой.
М.Гэгээ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.