Захиалсан амины орон сууцаа Ерөнхийлөгч яагаад мэдүүлээгүй вэ
"Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хадгаламж, хөрөнгөөсөө амины орон сууц худалдаж авсан тохиолдол бий. 2022 онд 360,000 ам.доллар, 2025 онд 200 сая төгрөгийг амины орон сууц захиалахдаа шилжүүлсэн. Байршил нь Бага тэнгэр орчимд. Энэ нь хөрөнгө орлогын мэдүүлэгт нь байдаг. 2020 онд Ерөнхийлөгч 1.7 орчим тэрбум төгрөгийн хадгаламжтай байсан. 2025 онд 561 сая төгрөг болж, 1.2 тэрбум төгрөг хасагдсан. Энэ нь байр захиалахтай холбоотой үнийн дүнтэй таарч байгаа" хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийхдээ дурдсан.
Түүний ярьсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХОМ-тэй тулгаж үзье.
Ерөнхийлөгчийн дотоодын банк дахь хадгаламж,
- 2021 онд: 1,694,829,000
- 2022 онд: 900,999,000
- 2023 онд: 900,999,000
- 2024 онд: 561,699,000
- 2025 онд: 561,699,000 төгрөг.
Тооцоолж үзвэл хадгаламж нь 2021 оноос 1,133,130,000 төгрөгөөр хасагдсан дүнтэй байна.
Нэг. 2022 онд доллар ханш 2,850-3,450 төгрөгт хэлбэлзсэн байна. 360,000 долларыг төгрөгт хөрвүүлбэл 1,026,000,000-1,242,000,000 төгрөг гэсэн үг. Гэтэл 2022 онд хадгаламжаас хасагдсан дүн 793,830,000 төгрөг байна. Долларт хөрвүүлсэн дүн, хадгаламжаас хасагдсан мөнгөн дүн 232,170,000 - 448,170,000 төгрөгөөр зөрж байна.
Хоёр. Ерөнхийлөгчийн ХОМ-т Амины орон сууцтай гэх мэдээлэл алга. Түүний нэр дээрх хөрөнгүүд 2021 оныхоос огт өөрчлөгдөөгүй байна. Тухайлан хэлбэл 162 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай.
Harley Davidson загварын мотоцикл нэг, Mercedes Benz GLE 400 нэг, Lexus 570 нэг байна. 2021 онд эл тээврийн хэрэгслүүдээ 284 сая гэж мэдүүлж байсан бол 2025 онд 501 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, Илт Хан ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг гэх бүртгэлтэй байна.
Дахин дурдахад, түүний ХОМ-т амины орон сууцтай гэх мэдээлэл алга. Үүнийгээ захиалсан, баригдаж дуусаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй учир мэдүүлээгүй гэж тайлбарлаж болно. Гэхдээ АТГ-т мэдүүлдэг ХОМ-т "Бусад (баригдаж дуусаагүй орон сууц, барилга байгууламж)" гэх цонх бий. Үүнд ч мэдүүлээгүй байна.
Гурав. Бага тэнгэр орчимд 1.2 тэрбумаар амины орон сууц авах боломжтой юу?
Байр, орон сууцны зарын нэгдсэн сайт буюу Unegui.mn дээр /2026.10.28/-ны байдлаар Бага тэнгэрийн аманд хаус, амины орон сууц 800 сая төгрөгөөс 7.5 тэрбум төгрөг хүртэл үнтэй. Ихэнх нь 2–3.5 тэрбум төгрөгийн хооронд байна.
| Байршил | Талбай | Үнэ | 1 м²-ийн үнэ |
|---|---|---|---|
| Хүрхрээ хотхон, Скай резортын хойно (2014 онд баригдсан, 700 м² газартай) | 190 м² | 800 сая ₮ | 4.2 сая ₮ |
| Чулуутын ам, хотхон доторх таунхаус | 456 м² | 2 тэрбум ₮ | 4.4 сая ₮ |
| Асемын баруун хойно (1,480 м² газартай) | 374 м² | 2.1 тэрбум ₮ | 5.6 сая ₮ |
| Залаатын ам, Залаат резиденсийн хажууд | 351 м² | 2.5 тэрбум ₮ | 7.1 сая ₮ |
| Залаатын ам, Zalaat Park вилла (дотор засал хийгдэж байгаа) | 259 м² | 2.85 тэрбум ₮ | 11 сая ₮ |
| River Town хотхон, хос хаус | 340 м² | 3.1 тэрбум ₮ | 9.1 сая ₮ |
| Бага тэнгэр, 3 давхар (ашиглалтад ороогүй, дотор засалгүй) | 543 м² | 3.5 тэрбум ₮ | 6.4 сая ₮ |
| Асем | 360 м² | 6 тэрбум ₮ | 16.7 сая ₮ |
| Бага тэнгэр, 4 давхар, бүрэн засалтай | 660 м² | 7.5 тэрбум ₮ | 11.4 сая ₮ |
Unegui-гийн "Бага тэнгэрийн ам" ангилалд Асем, Залаат, Чулуут, Хүрэл тогоотын амыг хамт оруулдаг. Яг Бага тэнгэрт одоогоор хоёр хаус л зарагдаж байна. Засалгүй нь 3.5 тэрбум, бүрэн засалтай нь 7.5 тэрбум төгрөг. Байртай харьцуулбал, Бага тэнгэр сити хотхонд 142 м², 3 өрөө байрыг 1.25 тэрбум орчим төгрөгөөр зарж байна. Энэ нь 1 м² нь 8.8 сая төгрөг гэсэн үг.
Захиалсан огноо буюу 2022 онд Бага тэнгэр орчимд амины орон сууцыг ойролцоогоор 465 сая төгрөгөөс 4.8 тэрбум төгрөг хүртэл үнээр авч болохоор байжээ. Ам.доллараар бол 150 мянгаас 1.5 сая ам.доллар. Ихэнх хаус 1.2–2.2 тэрбум төгрөг буюу 370–710 мянган ам.доллар байжээ.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Новшийг хугацаанаас нь өмнө огцруулах хангалттай нөхцөл бүрдсэн шүү
Бага тэнгэрт ийм байрлалд ийм сингле хаус бол 10 тэрбум шдээ