Зэсийн баяжмалын экспорт 70% буурснаас "Оюутолгой" компанийн орлого сүүлийн 14 хоногт 300 сая ам.доллароор тасарсан гэв

2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад тодорхойгүй шалтгааны улмаас хязгаарлалт тогтоон, хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг 4 болтол бууруулсан нь баяжмал тээвэр, экспортын хэвийн үйл ажиллагаа доголдож, борлуулалт саатан эдийн засгийн хохирол учруулахуйц эрсдэл үүссэн тухай “Оюу толгой” компанийнхан мэдээлэв.
Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын тал хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийг бүрэн татан авахгүй байгаагаас Монгол Улсын зэсийн баяжмалын экспорт сүүлийн 14 хоногт 70 хувиар буурсны улмаас өдгөө 300 сая гаруй ам.доллартай тэнцэх хэмжээний экспортын орлого буурчээ. Дахиад 7 хоног экспорт саатаж, тээвэрлэлт нь хоног тутамд 9 цуваагаар буурахад 150 сая ам.доллар гэхчлэн орлогын тасалдал үргэлжлэх нь.
“Оюу толгой” компанийн зүгээс энэ талаар Засгийн газар, Сангийн яам, Хилийн боомтын захиргааныханд удаа дараа мэдэгдсэн боловч өнөөг хүртэл экспорт яагаад саатсан, хэзээнээс хэвийн болох, үүссэн нөхцөл байдлын талаар тодорхой хариу өгөөгүй байгаа гэнэ. Үйлдвэрлэл нь хэвийн явагдаж байгаа ч өдөр бүр есөн тээврийн хэрэгсэл бүхий баяжмал экспортод гарахгүй байгаагийн улмаас бүтээгдэхүүний нөөц бөөгнөрөл үүсэж буйг компанийнхан хэллээ.
Зэсийн баяжмал нь Монгол Улсын экспортын орлогын гол эх үүсвэрүүдийн нэг. Гэтэл экспорт нь аравдугаар сарын 15-наас хойш саатаж 14 хоночхоод байхад экспортын орлого, улсын төсөвт төвлөрөх татварын орлого, уул уурхайн компаниудын борлуулалтад сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсчхээд байхад төрийн байгууллагууд яагаад тодорхой тайлбар өгөхгүй байна вэ.
Бид энэ асуудлаар Эдийн засаг, хөгжлийн яам, АҮЭБЯ, Зам тээврийн яам, Хилийн боомтын захиргаа, Гаалийн ерөнхий газрыхантай холбогдож тодруулга авах гэсэн боловч "Одоогоор мэдээлэл алга", "Манайх мэдэхгүй, өөр яам" мэднэ гэх зэргээр хэлцсэн мэт нэг нэгэн рүүгээ дамжуулж байна.
Л.АРГАМЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадуудыг сөгдүүлээд орилж чарлаад байсан хэдэн чаралбаа улсаа хорлож санасандаа хүрлээ дээ..