Орон сууцны захиалгын гэрээг арваннэгдүгээр сарын 16-наас урьдчилан бүртгэдэг болно
УИХ-ын 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд орон сууцны захиалгын гэрээг урьдчилан бүртгэх тогтолцоог ирэх сарын 16-наас нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр орон сууц худалдан авахаар захиалгын гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж, тухайн орон сууц өмнө нь өөр этгээдэд захиалагдсан эсэх мэдээллийг авах боломжтой болно.
Улсын бүртгэлийн байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш хоёр өдрийн дотор хариу өгч, захиалга бүртгэгдсэн тухай тэмдэглэгээ хийх юм. Харин давхар захиалгын асуудал илэрсэн тохиолдолд ажлын таван өдрийн дотор цагдаагийн байгууллагад мэдэгдэх зохицуулалттай байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2025 оны арванхоёрдугаар сараас эхлэн орон сууц худалдан авахаар захиалга өгсөн ч хохирсон, хууль хяналтын байгууллагад хандсан боловч асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй гэх мянга орчим иргэн өргөдөл, гомдол ирүүлжээ.
Үүнтэй холбоотойгоор иргэдийн эрх зөрчигдөж буй нөхцөл байдал, маргаан гомдлыг шийдвэрлэхэд тулгарч буй асуудлыг судалж, мэргэжлийн холбоод болон төрийн байгууллагуудын тайлбар, мэдээллийг сонссон байна. Мөн хохирсон иргэдийг хүлээн авч, тэдний нөхцөл байдал, санал хүсэлтийг сонсож, асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг эрэлхийлжээ.
Улмаар Өргөдлийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцүүлж, УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөх тухай 53 дугаар тогтоолыг өнгөрсөн долдугаар сарын 2-нд батлуулсан байна. Тус тогтоолын хүрээнд хэрэгжүүлж буй орон сууцны захиалгын гэрээг урьдчилан бүртгэх зохицуулалт нь давхар захиалгаас үүдэлтэй иргэдийн хохирлыг бууруулах, худалдан авагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэж байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.