Тэргүүн зэргийн “Чингис хаан” хаан одонг Б.Болдсайхан эмчид хүртээе, Ерөнхийлөгч өө!

Монгол бахархлын өдөр буюу Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр энэ сарын 10-ны мягмар гаригт тохиож буй. Энэ өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” хаан одонг гардуулдаг уламжлалтай. Анхны "Чингис хаан” одонг 2005 оноос олгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 18 хүнд олгоод буй юм. Хамгийн сүүлд буюу 2025 онд тус одонг академич С.Нарангэрэлд хүртээсэн билээ.
Тэгвэл энэ жил Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” хаан одонг хэнд хүртээх тухай мэдээлэл тодорхой болоогүй байгаа ч 2007, 2008, 2018, 2020 оных шиг өнжиж алгасахгүй нь лавтай. Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед буюу 2028, 2020 онд “Чингис хаан одонг хүртээх хүн энэ жил байхгүй” гээд хоёр жил олгоогүй юм. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухайд 2022 онд хоёр хүнд зэрэг олгож байсан тул Төрийн тэргүүний албанаасаа буухын өмнөх жил өнжихгүй нь ойлгомжтой.
Нэгэнт сүүлийн удаагийнх юм чинь олон жилийн турш “Чингис хаан” одонг хүртээсэй гэж ард иргэдийн хүсэн хүлээдэг “зүрхний” Б.Болдсайхан эмчид олгочих хэрэгтэй.
Аавынхаа ажил мэргэжлийг өвлөсөн Бундангийн Болдсайхан эмчийн хувьд “Хязгаараас чинад” багийнхаа хамтаар гурван жилийн турш алслагдсан бүс нутгаар явж, 14 мянга гаруй хүүхдэд зүрхний үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, эмчилгээ хийсэн ачтан билээ. Түүний зэрэгцээ “Зүрх мартахгүй” төслийнхөө хүрээнд төрөлхийн зүрхний гажигтай багачуудыг оношилж, 500 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийснийг монголчууд хэзээ ч мартахааргүй гавьяатан юм.
Японы “NHK" телевиз Б.Болдсайхан эмчийн тухай “Тал нутгийн эрүүл зүрхнүүд” нэртэй нэвтрүүлэг 2021 онд бэлтгэж, олон улсын үзэгчдэд хүргэсэн байхад дэлхийн талыг донсолгосон тал нутгийн их хааныхаа нэрэмжит шагналыг түүнд хүртээхэд болохгүй юмгүй.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yuch hiigegui uurinhe karerin tuluu yavj bgaa hund uguhgui shuu