НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

Амралтын хоёр өдрийг урлаг, спортын арга хэмжээгээр дүүрэн өнгөрүүлэх сонголтууд

Хацар хайрсан өвлийн жавар, хотын түгжрэл, өдөр тутмын ажил амьдралын завгүй хэмнэлээс түр ч болов холдож, амралтын хоёр өдрийг өөртөө зориулах цаг ирлээ. Өвлийн нарны илч богиносож, үдшийн бүрий эрт буух энэ өдрүүдэд сэтгэлээ сэргээж, оюунаа амраах хамгийн сайхан сонголтын нэг нь урлаг, соёлын арга хэмжээ юм.

Театрын тайзнаа өрнөх сонирхолтой жүжиг, дуртай хамтлагийн тоглолт, бөхийн барилдаан гээд энэ амралтын өдрүүдэд үзэж сонирхох зүйл цөөнгүй байна. Тиймээс гэр бүл, найз нөхөд, хайртай хүнтэйгээ хамт цагийг үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрүүлэх дараах арга хэмжээнүүдийг санал болгож байна.

-Театрын тайзнаа: “Амьтны ферм” метадрам-

Жорж Оруэллийн дэлхийд алдартай ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн “Амьтны ферм” метадрам энэ удаагийн амралтын өдрүүдэд анхаарал татах бүтээлүүдийн нэг юм.

“Амьтны ферм” бол зөвхөн амьтдын тухай өгүүлсэн үлгэр биш. Харин эрх мэдэл, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлын тухай гүнзгий утга агуулгатай улс төрийн ёгт зохиол юм. Фермийн амьтад өөрсдийг нь дарлан мөлждөг эзнийхээ эсрэг босож, эрх чөлөөтэй, тэгш амьдрах шинэ нийгмийг байгуулахаар шийддэг. Эхэндээ бүгд ижил эрхтэй, хэн ч бусдыгаа захирахгүй гэсэн итгэл үнэмшлээр нэгдсэн амьтдын дунд цаг хугацаа өнгөрөх тусам эрх мэдлийн төлөөх тэмцэл эхэлнэ.

Улмаар эрх чөлөө, тэгш байдлыг тунхагласан нийгэм нь өөрөө дарангуйллын тогтолцоо болон хувирч, өчигдрийн дарлагдагчид өнөөдрийн дарлагчид болдог. Шинэ нийгэм байгуулах гэсэн хүсэл хэрхэн эрх мэдлийн шуналд автаж, анхны үнэт зүйлсээ алдаж байгааг зохиол хурц ёгтлол, бэлгэдлээр харуулдаг.

Энэ бүтээлийн гол санаа нь эрх мэдэл хүнийг өөрчилдөг тухай төдий бус, харин эрх мэдлийг хүсэж эхлэх мөчөөс хүний ухамсар хэрхэн хувирч, үнэт зүйлс нь алдагдаж болохыг хөнддөгт оршино.

Метадрам хэлбэрээр тайзнаа амилж буй уг бүтээл үзэгчдэд үйл явдлыг зүгээр нэг ажиглах бус, өөрсдийн нийгэм, эрх мэдэл, шударга ёсны талаарх ойлголтоо эргэцүүлэх боломж олгоно. Театрын танхимаас гарахдаа ч бодогдсоор байх, өнөө цагтай холбогдох сэдэвтэй бүтээл үзэхийг хүсвэл “Амьтны ферм”-ийг сонгоорой.

-Хүчтэнүүдийн өрсөлдөөн: “Алтан цом”-ын төлөөх шинэ улирлын барилдаан-

Үндэсний бөхийн хорхойтнуудын хувьд энэ бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болох “Алтан цом”-ын төлөөх барилдаан сонирхолтой сонголт байх нь. МҮБХ-ны 2026-2027 оны шинэ улирлын хоёр дахь барилдаан арваннэгдүгээр сарын 21-ний 14:00 цагаас эхэлнэ.

Энэ удаа Увснуур дэвжээ – Хатант Интернэшнл, АПУ Скайтел – Ажнай, Ховд дэвжээ – Эв Монгол багуудын хооронд гурван тулаан өрнөнө. Багийн зохион байгуулалтаар явагддаг уг барилдаанд бөхчүүдийн хүч чадлаас гадна багийн тактик, хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Тиймээс аль баг оноогоор тэргүүлж, цомын төлөөх өрсөлдөөнд давуу байдал олж авахыг үзэх боломжтой.

  • Хэзээ: Арваннэгдүгээр сарын 21, 14:00 цаг
  • Хаана: Монгол бөхийн өргөө
  • Тасалбар: 10,000-90,000 төгрөг. Тасалбарыг Ticket.mn-ээс +1

-Монголын анхны попера хамтлагийн 25 жилийн ойн тоглолт-

Тайзнаа 25 жилийн турш уран бүтээлээ туурвиж, попера урсгалыг Монголын үзэгчдэд таниулсан “Нюанс” хамтлаг ойн баярын хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.

2001 онд УДБЭТ-ын дэргэд байгуулагдсан тус хамтлаг сонгодог дуурийн дуулалтыг орчин үеийн поп хөгжмийн өнгө аястай хослуулдгаараа онцлог. Франц, Итали, Испани, Орос, Англи, Хятад, Герман зэрэг хэлээр дуулдаг уран бүтээлчдийн тоглолтод Монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс гадна олон үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон хит дуунууд эгшиглэх аж.

Ойн тоглолтод АНИР поп оркестр, удирдаач УГЗ Б.Алтанхуяг, МУГЖ Ө.Уянга, МУГЖ Д.Отгонжаргал, хийлч МУГЖ Ч.Дэлгэрцэцэг, дуучин Б.Одмандах болон бусад уран бүтээлч оролцохоор болжээ. Мөн UVERTURA, DUO TENOR попера хамтлаг, MOONDANCE бүжгийн хамтлаг тайзнаа нэгдэх юм.

Сонгодог хөгжим, дуурийн хүчирхэг хоолой, орчин үеийн хөгжмийн хослолыг нэгэн үдэш мэдрэхийг хүсвэл энэ тоглолтыг сонгож болно.

  • Хэзээ: Арваннэгдүгээр сарын 21, 18:00 цаг
  • Хаана: Соёлын төв өргөө
  • Үргэлжлэх хугацаа: 150 минут
  • Тасалбар: 45,000-89,000 төгрөг. Тасалбарыг Ticket.mn-ээс

-“Насны намар” хүндэтгэлийн концерт-

Хөгжмийн зохиолч, МУУГЗ Бадарчийн Магсаржавын уран бүтээлд зориулсан “Насны намар” хүндэтгэлийн концерт энэ бямба гарагт үзэгчдийн хүртээл болно.

Энэ үдэш түүний олон жилийн турш ард түмний сэтгэлд хоногшсон, үе үеийн сонсогчдын мэддэг дууны бүтээлүүд эгшиглэхээс гадна хөгжим, бүжигт зориулан туурвисан бүтээлүүдийг толилуулах аж.

Тоглолтод Ардын жүжигчин С.Батсүх, С.Жавхлан, МУУГЗ С.Баттулга, гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, Ш.Наранчимэг, Х.Оюунбилэг, Д.Бурмаа нар оролцоно. Түүнчлэн Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.

Монголын хөгжмийн урлагийн үе үеийн уран бүтээлчдийн дуу хоолой, мартагдахааргүй аялгуугаар нэгэн үдшийг өнгөрүүлэх боломжийг энэ концерт бүрдүүлнэ.

  • Хэзээ: Арваннэгдүгээр сарын 21, 14:00 болон 19:00 цаг
  • Хаана: МҮЭ-ийн Соёлын төв ордон
  • Үргэлжлэх хугацаа: 180 минут
  • Тасалбар: 80,000-120,000 төгрөг. Тасалбарыг Ticket.mn-ээс +1

-“Хайрын гэгээ” тоглолт-

Амралтын өдрөө хайртай хүнтэйгээ хөгжим, дуугаар чимэхийг хүсвэл “Хайрын гэгээ” тоглолтыг сонгож болох юм. Арваннэгдүгээр сарын 21-ний 19:00 цагт M Bank Arena-д болох уг тоглолт нэрнээсээ эхлээд хайр, халуун дулаан мэдрэмжийг илэрхийлнэ.

Хосоороо, найз нөхдөөрөө эсвэл гэр бүлээрээ очиж, өдөр тутмын завгүй амьдралаас түр холдон дуу хөгжмөөр дамжуулан сэтгэлээ баясгах нэгэн үдэш байж болох юм.

  • Хэзээ: Арваннэгдүгээр сарын 21, 19:00 цаг
  • Хаана: M Bank Arena. Тасалбарыг Ticket.mn-ээс +1

-Аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаан-

Наадмын дэвжээнд түрүү бөхийн бай шагнал хүртэж, цол чимэг нэмсэн хүчит бөхчүүд энэ ням гарагт дахин хүч үзнэ. Монголын үндэсний бөхийн холбооноос 2026 онд аймаг, дүүргийн баяр наадамд түрүүлсэн бөхчүүдийн дунд “Аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаан-2026”-ыг зохион байгуулах юм.

Тойргийн журмаар явагдах тус барилдаанд аймгийн наадамд өнгөлж, түрүү хүртсэн бөхчүүд уран мэх, хүч чадлаа сорих бөгөөд даваа бүрд өрсөлдөөн ширүүсэх хүлээлттэй байна. Одоогоор аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож, Б.Бадрал, М.Эрхэмбаяр, Д.Эрдэнэтулга, М.Цэрэн нар барилдах нь тодорхой болжээ.

  • Хэзээ: Арваннэгдүгээр сарын 22, 14:00 цаг
  • Хаана: Монгол бөхийн өргөө
  • Тасалбар: 15,000-30,000 төгрөг. Тасалбарыг Ticket.mn-ээс +2

Тасалбар, дэлгэрэнгүй мэдээлэл:


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button