Халдвар илэрсэн 13 оюутан Оросоос эх орондоо амжаад ирсэн нь зол

Монгол Улсад коронавирусийн халдвар илэрсэн тохиолдлын тоо өнөөдөр 13-аар нэмэгдэж, 30 боллоо. Өмнө нь олондоо гурваар илэрч байснаас бус ингэж огцом нэмэгдээгүй. Гэнэт 13 тохиолдол илэрсэнд иргэд нэлээд цочирдож, “Цаг үе ийм байхад бусад орноос иргэдээ авч ирж, улс даяар эрсдэлд орууллаа” гэж шүүмжлэх хүн цөөнгүй байгаа нь анзаарагдав.
Гаднаас иргэдээ авч ирж байгаа нь халдвар тархах эрсдлийг нэмж буйг үгүйсгэх аргагүй. Гэхдээ хүний нутагт монгол иргэдээ орхихгүй гээд сэтгэлээ чилээж суугаа Засгийн газраа бид буруутгах учиргүй. Таны, миний ч ах, дүү, хамаатан харийн нутагт амьдарч байгаа шүү дээ.
Өвчин хэлж бус хийсэж ирдэг. Ирэх ирэхдээ хөгшин залуу, баян ядуу, дарга, цэрэг гэж хэнийг ч ялгахгүй. Хойд хөршид коронавирусийн халдвар хурдацтай тархаж, одоо нөхцөл байдал ямар байгаа билээ. Тийм үед иргэдээ тоохгүй хаяж зүрхлээгүй Төр засгаа зүхэх бус харин ч талархъя. Үнэндээ таны хүүхэд харийн нутагт байсан бол “Хурдхан шиг эх оронд нь авч ирмээр байна. Туслаарай” гээд л төр засгаасаа хүсэх байсан шүү дээ.
Оросоос ирсэн монгол оюутнуудын 13-аас нь халдвар илэрсэн нь харамсалтай ч тэд эх орондоо амжаад ирсэн нь зол. Хэдийгээр тусгаарлагдсан ч аав, ээжтэйгээ “хамт” байгаа шүү дээ. Хэрвээ хүний нутагт байхад нь ийм юм болсон бол юу болох вэ. 13-ын 13 иргэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдэрч явах байсан шүү дээ. Нөгөө талаар хэдийгээр хойд хөрш ч тэднийг эх орон шиг нь эмчилж, хайрлахгүй нь ойлгомжтой.
Хэдийгээр аав, ээж, гэр бүлийнхэн, найз нөхөд тэдэнтэй уулзах боломжгүй ч хүссэн үедээ эмнэлэг дээр очиж, биеийнх нь байдлыг асуух боломжтой нь сайхан хэрэг. Одоо Оросоос ирсэн 13 тохиолдлыг ад үзэх бус нөхцөл байдалтай эвлэрч, өөрийнхөө төдийгүй өрөөл бусдын төлөө амны хаалтаа идэвхтэй зүүн, Засгийн газар, ЭМЯ, ОБЕГ-аас өгч буй заавар, зөвлөгөөг идэвхтэй дагацгаая.