Нийгмийн

Эрдэнэтийн АН-ын задрал сонгуульд оролцох боломжгүйд хүргэж, гишүүд нь бие дааж эхэлжээ

Сарын дараа орон нутгийн сонгууль болох нь. 2020 оны УИХ-ын сонгуулийн өвдөг шороодолт Ардчилсан намд томоохон цохилт болсон. Тус нам орох нутгийн сонгуулиар өвдгөө гөвж босож амжих уу гэдэг асуулт хэн хүний анхаарлыг татаж буй. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн халаасан орчихсон. Жижиг намуудтай нэгдэж орон нутгийн сонгуульд оролцохоо зарлаж байгаа нь өөрийн гэсэн тактикгүй, хүний нөөцгүй харагдуулж дэмжигчдийнхээ урмыг хугалж буй. Гэтэл орон нутгуудад ч эв түнжинтэй, нэгдмэл бэлтгэлтэй байж чадахгүй байгаа бололтой.

Тодруулбал, сонгууль дөхөж буй энэ өдрүүдэд Эрдэнэтийн АН-ын дотоод зөрчил хурцдаж задарч эхэлжээ.

2016 онд эрх барьж байсан Эрдэнэтийн Ардчилсан нам хоёр хагарч, хэрүүл, зодоон нь савнаасаа хальж гудамжинд гарсан юм. Үүнийхээ үр дүнд тус нам Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гуравхан суудал авч байв. Гэтэл энэ түүх дахин давтагдах нь уу гэмээр үйл явдлууд өрнөж эхлэв.

Намын гишүүдийн хэлж байгаагаар Ц.Батхуяг, Б.Мягмарсүрэн гэх хоёр хүний тухайн үеийн зөрчил Эрдэнэтийн АН-ыг 2020 оны орон нутгийн сонгуульд оролцох боломжгүйд хүргэж мэдэх хар нүхэнд тулгажээ.

Учир нь 2015 оны арванхоёр сард батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 57.3-т Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 60.5 Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй гэж заасан байдаг.

Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр эл асуудлаар н.Тунгалаг гэх иргэн Шүүхэд гомдол гаргаснаар асуудал нэгэнт үүссэн аж.

Тус нам 2016 оны орон нутгийн сонгуульд зарцуулсан зардлын тайлангаа гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй нь Аудитын байгууллагын тодорхойлолтоор нотлогдож. Одоо асуудал шүүхийн шатанд яваа аж.

Эл хуулиар бол Эрдэнэтийн Ардчилсан нам орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болох эрсдэл маш өндөртэй байгаа.

Нэг ёсондоо цагаан тугаа шуудхан өргөж, замын уруу хар хурдаараа “шаарик”-даж байна гэсэн үг.

Нэгэнт нам нь сонгуульдах боломжгүй болох эрсдэл үүссэн тул тус намын туг нь болж явдаг 35 хүн бие даан нэр дэвших хүсэлтээ аймгийн Сонгуулийн хороонд илэрхийлжээ.

Нөгөө талаар Ц.Батхуяг, Б.Мягмарсүрэн нарын хоорондын хагарал хэвээр байгаа бөгөөд өөрийн хүмүүсийг аль тойрогт дэвшүүлэх асуудал дээр тохирч чадахгүй байгаа гэх бор шувуу ч нисэж байна. Юутай ч намаа сонгуульдах боломжгүйг мэдсэн үү? Хагарлаасаа болоод тойргоо тохирч чадахгүй байна уу? Бие даан нэр дэвшихээр Сонгуулийн хороонд хүсэлт өгсөн Эрдэнэтийн АН-ын нэр бүхий лидерүүдийн нэрс, Аудитын байгууллагын дүгнэлттэй хамт дурайж байна.

Ингээд лидерүүд нь бие даах алхам хийхээр зэхэж, нам нь сонгуульд оролцох эсэхээ хүлээзнэсэн тодорхойгүй байдалд гацжээ.

Өнөө маргаашгүй сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Уг нь өдийд бэлтгэл хангагдсан, нэр дэвшигчид тодорсон ажил эд өрнөж байх ёстой авч Эрдэнэтийн АН шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Хуулийн хүчин төгөлдөр заалт зөрччихсөн АН-ыг энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцуулах эсэхийг шүүх шийдэх учир хүлээхээс өөр гарц үгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-05 20:26

Man iin buuni nohoinuud ardchilsan namiig samaraad duuslaa

ЗОЧИН
ЗОЧИН
2020-09-06 13:45

AHANАН

Холбоотой мэдээ

Back to top button