НИЙГЭМЯРИЛЦЛАГА

Ц.Баасанхүү: Монголын Цахилгаан Холбоо ХК-д завсаргүй 40 жил ажиллаж буйгаараа бахархдаг

Монгол Улсын цахилгаан холбооны өнөөгийн хөгжлийг анхлан түүчээлж, жимийг нь гаргалцсан эрхмүүдийн нэг нь яах аргагүй Цэрэнбатын Баасанхүү. Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат тэрбээр МЦХ ХК-иас ажлын гараагаа эхлүүлснээсээ хойш өнөөг хүртэл завсаргүй 40 дэх жилдээ ажиллаж, хөдөлмөрлөн, залуустаа үлгэрлэж яваа эрхэм. Манай улсын шилэн кабелийн анхны таван инженерийн нэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын Зөвлөх инженер түүнтэй ярилцлаа.

Сайхан намаржиж байна уу, Та. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцана уу. Юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

-Сайхаан, сайхан намаржиж байна уу. GPON суурилуулах гол үндсэн чиглэлийн дагуу шилэн кабелиараа тойруу холболтоо холбон, найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.

-Та МЦХ ХК-ий Дамжуулах станцын ахлах инженер. Тэгэхээр интернет талдаа илүү холболт хийдэг гэж ойлгож болох уу?

-Ер нь манай хамт олон телефон, интернет, кабелийн телевизийн холболт гээд бүхий л төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг. Эдгээр бүх хэрэгслийн дамжуулах системийг доголдолгүй ажиллуулах, ямар нэгэн гэмтэл гарахад шуурхай засаж, сэлбэх нь бидний гол үүрэг.

БАЙГУУЛЛАГАДАА ЗАВСАРГҮЙ 40 ЖИЛ АЖИЛЛАСАН

-МЦХ ХК-д анх ажилд орсноосоо хойш өнөөг хүртэл байгууллагадаа завсаргүй 40 жил ажиллаж буйгаар тань хамт олон нь бахархдаг юм билээ. Шилэн кабелийн инженер болсон, энэ мэргэжлийг сонгосон дурсамжаасаа хуваалцана уу?

-Би 1981 онд Холбооны сургалтын төвийг төгсөөд хуучнаар Холбооны яаманд хуваарилагдсан. Дараа нь цэргийн алба хаав. Дараа нь Телефон, радио ашиглалтын хороонд ажилд орсон юм. Тэгээд Гантөмөр, Л.Мөнхжаргал зэрэг багш нар маань “Аливаа зүйлд тууштай байгаарай. Амьдрал шагнадаг юм шүү. Нэг зүйлээс өөр юм руу үсчээд байвал юу ч сурахгүй, хүний амьдрал, ажил төрөл дардан байдаггүй” гэж захиж билээ. Ачит багш нарынхаа заавар, захиасыг амьдралынхаа зарчим болгосоор өдий хүрлээ. Техникчин, кабельчин, кабелийн техникч, инженер, ахлах инженер болтлоо өсөн дэвшин, ажиллаж байна.

Тэгэхээр багш нарын тань захиас таны амьдралд их нөлөөлж.

-Тийм шүү. Ёстой тэгсэн. Яалт ч үгүй миний ажил, амьдралын замналд маш чухал нөлөөлсөн.

ГУРВАН ҮЕИЙН ХОЛБООЧИН УДМААРАА БАХАРХДАГ

Таны аав, хоёр охин тань холбоочин юм билээ. Энэ мэргэжлийг сонгоход аавын тань нөлөө хэр их байв?

-Би Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрж, өссөн. Нийслэлийн 42 дугаар сургуулийг төгссөн, эхээс зургуулаа. Айлын дөрөв дэх хүүхэд. Хоёр охин, нэг хүүтэй. Хоёр охин маань холбоочин. Нэг нь манай станцад ажилладаг, Одгэрэл шүү дээ. Нөгөө нь “Unitel” группт ажилладаг. Хоёр охин маань удам дамжсан холбоочин болоход би нэг их нөлөөлөөгүй. Өөрсдийнхөө хүсэл, сонирхлын дагуу л энэ мэргэжлийг сонгосон.

Аав минь холбоочин. Галсанжав гэдэг хүн Завхан, Говь-Алтайд агаарын баганат шугам байгуулахад тэдний бригадад ажиллаж байсан юм билээ. Сүүлд нь “АТС-32”-т сувагчин хийж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Тэгэхээр бид гурван үеийн холбоочид. Үүгээрээ их бахархдаг. Намайг энэ мэргэжлийг сонгоход аав минь их нөлөөлсөн. Аав минь инженер болохыг надад зөвлөсөн юм. Би аавынхаа үгнээс юу гэж зөрөх вэ. Дархан-Уулын техникумийн хуваарь авсныгаа солиод Холбооны сургалтын төвд сурч, инженер болсон түүхтэй. Төгсөөд л мэргэжлээрээ ажиллаад өдий хүрлээ.

Байгууллагадаа завсаргүй 40 жил ажиллаж байгаа болохоор МЦХны өдий хугацааны амьд түүх нь Та. Байгууллага, хамт олныхоо юугаар та хамгийн их бахархдаг вэ?

-Ийм олон жил нэг байгууллагад ажиллана гэдэг их сайхан. Ерөөс намайг байгууллагадаа 40 жил завсаргүй хөдөлмөрлөхөд манай хамт олон, удирдлага их нөлөөлсөн. Тэдний маань дэмжлэг, туслалцаа, амь халуун уур амьсгал л намайг өдий хүргэсэн юм шүү дээ. Манай хамт олон бүгдээрээ залуу үедээ нэг ч гэсэн юм хэлээд өгье, заая, сургая, ахмад ажилчдаасаа суралцъя гэсэн хүсэл, эрмэлзэл дүүрэн байдаг. Ажлынхаа хамт олон, шавь нараараа бахархдаг.

Хамт олныхоо хүчинд өдий зэрэгтэй явж, хүндлэлийг нь хүлээж яваа нь л надад хангалттай. Их сайхан хувь заяа шүү дээ. МЦХ ХК-ийн 100 жилийн ой ирэх онд тохионо. Ийм сайхан байгууллагын эд эс болж, түүхийг нь бичилцэж яваагаараа бахархдаг.

Намайг МЦХ ХК-д анх ажилд ороход ажлын нөхцөл тийм ч сайн байгаагүй. Тосон шахалттай, тугалган бүрээстэй кабельтай байлаа. Шилэн кабель нэвтэрснээр тэр бүхэн ард хоцорсон. Намайг эндээс ажлын гараагаа эхлүүлэхэд манайх 5000 орчим ажилтантай, том бүтэцтэй байлаа.  Манайхаас өөр үүрэн оператор байхгүй байсан, бид олон зүйлийн анхдагч. Одоо цаг үеэ дагаад манайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллага олон болсон. Тэдэнтэй хөл нийлүүлж, юм юмаараа илүү л байхын тулд ажиллах ёстой. Тийм зарчим баримталдаг.

ШИЛЭН КАБЕЛИЙН ИНЖЕНЕР БОЛСОН МААНЬ МИНИЙ БАХАРХАЛ

Та ажлын хамт олон, шавь нартаа ихэвчлэн юу гэж захиж, зөвлөдөг вэ?

-Ажил эхлэхээс 20 минутийн өмнө ажилдаа ирсэн байх учиртай. Ажлын багаж, хувцас бүх зүйл бэлэн, хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулчихсан байх ёстой. Эрт босвол нэгийг сонсоно гэдэг яг үнэн. Ажлынхаа бэлтгэлийг маш сайн бэлдвэл ажил аяндаа бүтдэг.

-Мэргэжил бүхэн сайхан, өөр өөрийн гэсэн онцлогтой. Инженер мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Би шилэн кабелийг Монголд анх оруулж ирэхэд мэргэшсэн анхны инженерүүдийн нэг гэдгээрээ бахархдаг. Шилэн кабелийн инженер болсон маань миний бахархал.

МОНГОЛЫН ШИЛЭН КАБЕЛИЙН АНХНЫ ТАВАН ИНЖЕНЕРИЙН НЭГ

Шилэн кабелийн анхны таван монгол инженерийн нэг нь та. Та бүхнийг ямар шалгуураар сонгон, бэлтгэв?

-Район бүхний хамгийн сайн ажилладаг, ур чадвартай таван хүнийг сонгож, бэлтгэсэн юм. Би тухайн үед төвийн район буюу АТС-32-т хэмжүүрчин байсан. Тэндээс би, АТС-36-гаас Баярмөнх, АТС-63-аас Болд, АТС-45-аас Энхбаяр, АТС-34-өөс Энхтүвшин нар сонгогдсон юм. Тэгж бид шилэн кабелийн Монголын анхны таван инженер болон бэлтгэгдсэн юм. Одоо Баярмөнх бид хоёр яг нэг тасагт хамт ажиллаж байна.

Аливаа зүйлд анхдагч байх амаргүй. Монголд шилэн кабель нэвтрээд, анхны инженерүүдийн нэг нь байхад ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байв?

-Шинэ багаж, тоног, төхөөрөмжтэй харьцах амар байгаагүй. Тухайн үед бидний хэлний мэдлэг ямар байсан нь тодорхой. Өнөөх багажнуудын заавар англи хэл дээр. Шинэ технологитой хөл нийлүүлэн алхахын тулд гадаад хэл сурахаас авхуулаад дахин дахин шинээр өөрийгөө хөгжүүлэх шаардлага гарч билээ. Бид хамгийн анх буюу 1993 онд Нисэх рүү 17 км шилэн кабель татсан. Тухайн үед сургуулийнхныг хүртэл кабелийн утас суурилуулах, зориулалтын газар ухахад дайчилж байлаа. Олны төдийгүй компанийнхаа хүчээр тэр бүхний ард гарсан даа.

Монголын цахилгаан холбооны хөгжилд таны оруулсан хувь нэмэр гэвэл та юу, юугаа онцлох вэ?

-Ер нь ганцхан би мундагтаа бус хамт олноороо нэгэн цул болон ажиллаж, хөдөлмөрлөсний үр дүн юм шүү дээ. 2015 он гэхэд бид бүх аймгуудаар явж, NGN станцыг барьсан. 2012 онд кабелийн телевизүүдийг суурилуулахаар аймгуудаар явж байлаа. Тэгэхэд таван хүнтэй багийг Цэрэнтогтох инженер ахласан. Тоон телевиз байгуулагдах эхлэл, суурь тэгж тавигдсан түүхтэй.

Цахилгаан, шилэн кабелийн инженерүүд орон нутагт ажиллах нь олонтаа. Жилд хэдий хугацааг томилолтоор явж өнгөрүүлдэг вэ?

-Харилцан адилгүй. 2012 онд томилолтоор хөдөөгүүр 120 гаруй хоног явсан удаа бий. Идэр ес эхэлчихсэн, жавар тачигнаж байхад бид Хэнтийд кабелийн телевизийн шугам угсраад зогсож билээ.

ӨӨР ОЛОН БАЙГУУЛЛАГААС САНАЛ ИРСЭН Ч АЖЛАА СОЛИОГҮЙ

Салбартаа тэргүүлээд, бусдыгаа манлайлан, олон жил ажиллаад ирэхээр бусад байгууллагын хараанд өртдөг. Өнгөрсөн хугацаанд танд ажлын санал хэр их ирэв. Тэднээс байгууллагаа чухалчлан, үлдэхэд тань юу нөлөөлөв?

-Үнэнийг хэлэхэд цөөнгүй газраас ажлын санал ирсээн. 1996 онд “Монголын төмөр зам”-аас надад ажлын санал тавиад, орон сууц амлав. Мэдээж амьдрал болсон хойно байр хэрэгтэй байлгүй яах вэ. Тэглээ гээд шууд зөвшөөрчихөж чадаагүй. Юу ч гэсэн даргатайгаа зөвлөлдөхөөр шийдлээ. Тэгээд уулзахад Алтан-Очир дарга надад ганцхан юм хэлсэн. “За, яах вэ. Шинэ байгууллагад очиж болно. Байр амлаж. Чи тэнд очоод дахиад шинэ хүн шүү дээ” гэсэн. Тэр үг надад их юм бодогдуулсан. Нээрэн л дассан газрын даавуу зөөлөн л дөө. Дараа нь хэд хэдэн газраас ажлын санал тавихад нь зөвшөөрөөгүй. Байгууллагадаа үлдэх хүсэл минь түүнээс ч хүчтэй байлаа. Амьдралын минь хамаг сайхан дурсамж МЦХ-той салшгүй холбоотой, энд бий. Ерөөс энэ байгууллага, хамт олон маань намайг өргөж яваа шүү дээ. Тийм болохоор л би бусад байгууллагын саналаас татгалзсаар өдий хүрсэн.

Шинэ өглөөг хэрхэн угтдаг вэ. Байгууллагадаа, өрөөндөө орж ирэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Өдөр бүр би ажилдаа яарсаар ирдэг. Бүр тэгж ирээд сурчихдаг юм билээ. Ажилдаа ирэнгүүтээ бэлтгэлээ хангана. Ажлаа хуваарилна. Шинэ өглөө нэг тиймэрхүү эхэлдэг. Байгууллагадаа, өрөөндөө орж ирэхэд хамт олноосоо эрч хүч мэдэрдэг. Ёстой залуужсан юм шиг санагддаг шүү дээ. Шижигнэсэн залуустай ажиллах тийм сайхан. Мэргэжил бүхэн өөр, өөрийн онцлогтой гэж чи түрүүн хэлсэн, яг үнэн. Бид гэмтэл гарлаа гэхэд хэзээ ч хамаагүй дуудагдана, ирээд засна. Нойртой нойргүй, хоолтой хоолгүй явна. Тэглээ гээд шантарч болохгүй.

ГЭМТЭЛ ГАРСАН ҮЕД ХЭЗЭЭ Ч ШУУРХАЙ ИРЭЭД ЗАСАХ ҮҮРЭГТЭЙ

Онцгой байдлын алба хаагчид утсаа унтраах эрхгүй, шөнө, үүрээр гээд хэзээ л бол хэзээ дуудлага ирэхэд бэлэн байх үүрэгтэй. Яг тэдэн шиг таны ажил бэлэн, шуурхай байдлыг шаарддаг юм байна, тийм үү?

-Тийм ээ. Дамжуулах байгууламжийн тасгийн бүх ажилчид утсаа хажуудаа тавьж унтдаг. Унтраах эрхгүй. Бичигдээгүй хууль. Кабелийн утсанд гэмтэл гарвал шуурхай ирээд засна. Манай ээлж л гэхэд долоон хүнтэй. Намайг шуурхай янзалж чадах эсэхээс манай байгууллагын нэр хүнд, хэрэглэгчдийн сэтгэл ханамж гээд маш олон зүйл шалтгаалдаг. Хэрэглэгчийн эрх ашиг, сэтгэл ханамж юу юунаас илүү чухал. “Монголын Цахилгаан Холбооныхон ч дээ” гэж хэлүүлэхгүйн тулд өдөр бүр мэрийж, бүхнээ дайчилж ажилладаг. Үүнд гэр бүлийн дэмжлэг их чухал. Залуу байхад хань минь гэр бүлдээ хангалттай цаг гаргахгүй, цаг наргүй ажиллаж байна гэж гомдоллох үе гардаг байв. 1993 оны хавьцаа байх. Нэг удаа ханиа ажил дээрээ дагуулж ирэв. Хотын захад гэмтэл засаж байхад Төв аймагт гэмтэл гарч байх жишээний. Тэгж ажиллан, ажлынхаа жаргал, зовлон, хариуцлагатай байхын чухлыг ханьдаа мэдрүүлсэн хэрэг. Түүнээс хойш намайг улам дэмжин, ер үл ойлголцохоо больж билээ.

Өнөө цагт техник, технологийн дэвшилтэй хөл нийлүүлээд гэмтэл, дуудлага хамаагүй цөөн ирж байгаа болов уу. Шилэн кабель анх нэвтрүүлэхэд ямар байв?

-Анхандаа гайгүй байсан. Дунд үед дуудлага их ирж билээ. Учир нь зарим хүн шилэн кабелийг цэсэн голтой гэж андууран, тасдах тохиолдол их гарсан юм. Тэр бүхэнд л очоод засна.

ТАСРАЛТГҮЙ 40 ЖИЛ АЖИЛЛАЖ БУЙ ХҮН МЦХ ХК-д НАДААС ӨӨР БАЙХГҮЙ БАЙХ

-МЦХ ХК-д танаас олон жил ажиллаж буй хүн бий юү?

-Байгаа, Доржсүрэн инженер. Тэтгэвэртээ суучихаад саяхнаас зөвлөх инженерээр буцаж ирсэн.

-Тан шиг завсаргүй 40 жил ажилласан нь хэр олон бол?

-Ээ, дээ надаас өөр байхгүй байх. Үнэнийг хэлэхэд сайн мэдэхгүй. Харилцаа холбооны анхдагч байгууллагадаа ажиллан, түүхийг бүтээлцэж буйгаараа бид бахархах дуртай. Шилэн кабелийн анхдагч байлаа, тоон станц, дамжуулах төхөөрөмжийн анхны суурийг тавилцлаа. Энэ бүхнээрээ бахархдаг.

Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Ууланд алхах дуртай. Өглөөний ээлжийн мэдээ сонсоод, ямар нэгэн дуудлага ирээгүй гэвэл тэгээд л Богд уул руу алхчихдаг.

Гавьяаны амралтад гарахаасаа өмнө ийм л юм хийх сэн, тийм зүйл нэвтрүүлэх сэн гээд зорьж яваа зүйл бий юү?

-Шилэн кабелийг хэрхэн суурилуулж, тавих талаар гарын авлага гаргах хүсэлтэй. Чадвал ном болгочихвол бүр ч башийх нь тэр. Сүүлийн үеийн залуус ажлаас амархан халшрамтгай болсон юм шиг санагддаг. Тэгж анзаарагддаг. Нэг хийсэн юмаа дуусгадаггүй, өөртөө итгэлгүй. Битгий тэгээсэй. Нугарахгүй байж л зорилгодоо хүрнэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button