НийгмийнЯрилцлага

О.Одгэрэл: Шавиа өмөөрсөндөө ч бус, Н.Батсуурь аварга допинг хэрэглэх бөх биш

Увс аймгийн Хяргас сумын харьяат, Гавьяат тамирчин, улсын заан, самбо бөхийн дэлхийн аварга, “Увс нуур” дэвжээний ахлах дасгалжуулагч Очирын Одгэрэлтэй ярилцлаа. Сүүлийн жилүүдэд Увс нутгийн бөхчүүд улсын наадмын үзүүр, түрүүнд хүрч барилдан, тогтмол өндөр амжилт гаргасаар байгаа нь түүнтэй салшгүй холбоотой. О.Одгэрэл заан зөвхөн Увсын төдийгүй өөр олон, олон аймгийн хүчтэнүүдийг дасгалжуулан, амжилтад хүргэхийн төлөө зүтгэж явна. Биднийг очиход тэрбээр “Заан” фитнестээ шавь нарынхаа бэлтгэлийг хийлгэж байв.

ШАВЬ НАРАА БЭЛТГЭЛИЙН БАЙРТАЙ БОЛГОХЫН ТУЛД ЭХНЭРЭЭСЭЭ ЗӨРӨН БАЙЖ ОРОН СУУЦАА ЗАРСАН

-Хувийн амьдрал, шавь нарын бэлтгэл гэсээр тун завгүй явдаг хүмүүсийн нэг нь та. Шинэ өглөөг хэрхэн угтдаг вэ?

-Би “Заан” клубээ есдүгээр сарын 1-нд нээлээ. Манай “Увс нуур” дэвжээний бөхчүүдийн бэлтгэл есдүгээр сарын 14-нд эхэлсэн. Өнөө жил манай гал бүтэц, зохион байгуулалтын нэлээд өөрчлөлт хийн, ерөнхий дасгалжуулагчаар нь О.Балжинням аварга бид хоёр ажиллаж байна. Галынхаа бөхчүүдийн үндэсний бөхийн бэлтгэлийг “Сүлд” спорт хорооны зааланд, хурд, хүчний бэлтгэлийг нь энд хийдэг.

Ер нь өглөө бүр 05.30 цаг хавьцаа босдог. Ундаа уучихаад бага охиноо сургуульд нь хүргэж өгдөг. Манайх Майхан толгойд байдаг. Тэндээс наашаагаа ирдэг.

-Хотын утаа, замын түгжрэлээс зайдуу гээд тэнд амьдарч байгаа юу?

-Нэг талаараа тийм. Би өмнө нь “Хүч” спорт хорооны дасгалжуулагч байлаа. Шавь нар маань бэлтгэлээ тэнд хийдэг байв. Намайг цагдаагийн байгууллагаас гарснаас хойш шавь нар маань бэлтгэл хийх газаргүй болов. Би хүүхдүүдээ дасгалжуулмаар байдаг, тэд маань намайг хараад байдаг. Бэлтгэл хийлгэх газаргүй нэг хэсэг тэгж явлаа. “Яах вэ” гэж гаргалгаа нэлээд эрэлхийлж байгаад Хороолол дахь дөрвөн өрөө байраа энүүгээр сольчихсон юм. Тэгээд фитнессийн клубийн зориулалтаар тохижууллаа.

-Та гэнэт тийм шийдвэр гаргаж. Эхнэр нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Мэдээж яаж хүлээж авсан нь тодорхой. Танай эхнэр гэнэт нэг өдөр ирснээ “Шавь нар бэлтгэл хийх байргүй хэцүүдээд байна. Орон сууцаа зарчихъя” гэвэл чи яах вэ. Дургүйцэх нь тодорхой. Яг л тийм зүйл болсон. Хань минь намайг хэчнээн ойлгож, дэмждэг, спортод элэгтэй ч эсэргүүцсэн. Би зөрсөөр байгаад орон сууцаа солиод энэ клубийг байгуулсан юм. Хэдийгээр энд бэлтгэлийн байртай болсон ч ханиа, хоёр охиноо нэлээд зутраасан. Тухайн үед өөр байр авчихна гэж бодсон ч санаснаар болоогүй. Тэгээд Майхан толгой дахь зуслангийнхаа байшиндаа нүүж очсон. Одоо тэндээ амьдардаг.

-Тэгэхээр та шавь нарынхаа төлөө хувийн амьдралаа, гэр бүлээ хоёрдугаарт тавьж.

-Би л шавь нарынхаа төлөө тийм зүйл хийсэн, ийм шийдвэр гаргасан гээд ярих дэмий. Өөрийгөө магтсан, хариу нэхсэн юм шиг сэтгэгдэл төрүүлж мэднэ. Дасгалжуулагчийн жаргал, зовлон их. Бөх байх, дасгалжуулагч байх тэс өөр. Тамирчин хүн зөвхөн өөрийнхөө төлөө санаа зовдог. Бэлтгэлээ хэрхэн хийвэл амжилтад хүрэх вэ, жингээ, мэхээ хэрхэх талаар боддог. Гэтэл дасгалжуулагч хүн тийм биш. Энэ олон шавь нарын бэлтгэл, барилдаан, амжилт, хувийн амьдралд нь санаа зовно. Шавиа амжилтад хүрэхэд нь баярлана. Ялагдахад нь хамтдаа харамсана.

-Өнөөдөр клубт нь хэдэн бөх бэлтгэл хийж байна вэ?

-Даваа, лхагва, баасан гаригт энэ клубийнхээ бэлтгэлийг хариуцдаг. Бусад өдрүүдэд “Увс нуур” галынхаа бөхчүүдийн бэлтгэлийг Балжаа аваргатай хамт хийлгэдэг. Шавь нарынхаа бэлтгэлийг энд базаадаг, 20-40 хүүхэд өдөр нэг удаа. Өнөөдөр манай клубт улсын харцага Т.Баасанхүү, Золбоо нарын 30-аад бөх бэлтгэл хийж байна.

Шавь гэснээс өнөө жил улсын цол хүртсэн найман бөхийн тав бил үү зургаа нь ямар нэгэн хэлбэрээр надтай холбоотой. Над дээр бэлтгэл хийдэг байсан, мэх заалгадаг байснаас авхуулаад ямар нэгэн сэжүүрээр холбоотой байсан. Би шавь нараа Увсынх, өөр аймгийнх гэж ер боддоггүй, тэгж ялгадаггүй. Өнөөдөр л гэхэд “Заан” клубт маань Увс, Өвөрхангай, Булган, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан гээд аймаг, аймгийн бөхчүүд миний удирдлагад бэлтгэлээ хийж байна. Монголын хаанаас ч миний шавь больё гээд ирсэн хүнд би татгалзахгүй.

100 ЖИЛИЙН ОЙД “УВС НУУР”-ЫНХАА БӨХИЙГ ТҮРҮҮЛГЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ

-Өнөө жил та төдийгүй “Увс нуур” галынхан, увсчууд их сайхан наадлаа. Таны шавь, Увс нутгийн хоёр хүчтэн түрүү булаалдлаа. Галынх нь хоёр бөх төрийн наадамд түрүүлж, үзүүрлэнэ гэх багцаа танд байсан уу?

-Байлгүй яах вэ. Багцаа надад байсан. Наадмын өмнө МҮОНРТ-д ярилцлага өгөхдөө би хэлсэн. 2018, 2019 оны улсын наадмын өмнө нь мөн ийм багцаатай яваагаа хэлсэн. Би сүүлийн гурван жил “Увс нуур” галын бөхчүүдийг дасгалжуулж байна. Гурвууланд нь шавь нараа түрүүлгэсэн гэж би боддог. Яагаад гэвэл, 2019 оны түрүү бөхөөс допинг илэрсэн. Тэгэхээр Н.Батсуурь түрүүлсэн гэж тооцогдохоор болсон нь тодорхой. Даян аваргаа нөхөж авах тухай асуудал хөндөгдөнө. Тийм болохоор сүүлийн гурван жилийн түрүүг “Увс нуур” галын бөхчүүд хүртсэн гэж тодотгосон юм шүү.

Би барилддаг байхдаа ЦЕГ-ын “Хүч” спорт хороонд бэлтгэлээ хийдэг байлаа. Бэлтгэлээ “Увс нуур”-ын бөхчүүдтэй хийх боломжгүй байсан юм л даа. Сүүлд галаас маань надад санал тавиад би зөвшөөрсөн. Ямартай ч Увс нутгийн бөхчүүд сүүлийн гурван жил улсын наадамд түрүүлж, үзүүрлэлээ. Ирэх онд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор “Увс нуур” галынхаа бөхийг дахин түрүүлгэхийн төлөө зүтгэнэ.

Өнөө жил хоёр аварга (П.Бүрэнтөгс, Н.Батсуурь) их өнгөтэй байсан. Тийм болохоор ер нь дээгүүр барилдана, шөвгийн дөрөв, цаашлаад түрүү, үзүүрт гэх багцаа надад байсан. Хоёр шавь минь улсын наадмын түрүү булаалдаад зогсохыг харах их сайхан юм билээ. Шавь нараараа бахархах, өөрөө бардамнах сэтгэл төрсөн. Гэхдээ түүнийгээ юу гэж ил гаргах вэ.

-Хоёр шавь тань төрийн наадмын түрүү булаалдахаар гарахынх нь өмнө танд юу бодогдож байв?

-Ёстой эвгүй юм билээ. 2018 оны улсын наадмын долоогийн даваанд Н.Батсуурь аварга улсын харцага Н.Золбоотой барилдсан. Яалт ч үгүй хоёулаа миний шавь. За, ёстой хэн нь ч давсан яах вэ гэж бодсон. Тэг, ингэ гэж зөвлөх хэцүү. Тэрний оронд цэнгэлдэх тойроод, холхон алхаж явсан нь дээр.

Энэ жил улсын наадмын түрүүг “Увс нуур” галын хоёр бөх, хоёр шавь минь булаалдсанаараа их онцлог байлаа. Манай галын, Увс нутгийн хүчтэн түрүүлэх нь тодорхой боллоо гэж бодоход сайхан, сэтгэлд өег, айдасгүй. Нэг нь давбал даян аварга, нөгөө нь өвдөг шороодуулбал улсын аварга цол хүртэнэ. Хань минь Бүрнээ (П.Бүрэнтөгс)-г улсын наадамд түрүүлээсэй гэж сүүлийн зургаан жилийн турш өдөр бүр бурхандаа залбирсан. Бүрнээ над дээр бэлтгэлээ зургаан жил хийгээд аварга боллоо. Догдолсондоо ч тэр үү, шавь нарынхаа барилдааныг зурагтаар үзэж чадаагүй. Хань минь “Тэглээ, ингэлээ” гэж бидэнд шуурхай мэдээ дуулгасан.

“Увс нуур” галын бөхчүүд, шавь нар маань сүүлийн жилүүдэд дээгүүр барилдаад, амжилттай, өнгөтэй байгаа. Гэхдээ би жил жилийн улсын наадамд заавал шавиа түрүүлгэнэ, улсын цолд хүргэнэ гэж улайрдаггүй. Мэдээж тэгж зорилгүй яах вэ. Өнөөдөр хүний амьдралд юу ч тохиолдож болно. Дийлдэшгүй мэт барилдаж байгаа шавийн минь бэлтгэл наадмын өмнө “цөмөрчихвөл” яах вэ. Хуруу нь туллаа гэхэд л өмнөх шигээ барилдаж чадахгүй шүү дээ.

НААДМЫН БЭЛТГЭЛ ДУУСАНГУУТ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН, МЭС ЗАСАЛД ОРЛОО

-Улсын наадмын үеэр та эмнэлэгт хэвтэж байсан уу?

-Тийм ээ. Би долдугаар сараас мэс засалд олон удаа орлоо. Шавь нар маань надад туслах хандивын аяныг санаачлан, зохион байгуулсан. Бүрнээ маань төрийн наадмын түрүү бөхийн шагнал болох 15 сая төгрөгийнхөө 15-ыг нь надад өгсөн. Хандиваар олон сая төгрөг цугларсан байна лээ. Бөхөд хайртай монгол түмнийхээ, шавь нарынхаа ач, буянаар хөл дээрээ бослоо. Бүх шавь нар маань эрвийх, дэрвийхээрээ зүтгэлээ. Зүрхний мэс засал амжилттай болсон. Бөөрний аппаратанд орохдоо бэлдээд судас тавиуллаа. Хэд хоногийн өмнө би нүдний мэс засалд орсон. Одоо бие овоо дээрдэж байна. Долдугаар сарын 12-ны орой хоёр шавь маань эмнэлэг дээр ирж, баярт мөчөө надтай хуваалцлаа.

-Одоо мэс засалд дахиад орох шаардлага бий юү?

-Одоо хоёр нүдэндээ тус бүр нэг мэс засал хийлгэх шаардлагатай. Тэгээд диализын аппаратанд ор гээд л байгаа. Гам барьж байгаад, бүр муудахаар оръё гэж бодоод байна.

-Анзаараад байхад таны хараа нэлээд муудаж. Өрөөсөн нүдээрээ харж байгаа бололтой.

-Харин тийм ээ чи зөв анзаарч. Чихрийн шижний улмаас ноднин нүдэнд харвалт өгсөн. Тэгээд нэг нүд маань харахаа болив. Нэг нүдээрээ хараад явж байтал өнөө жилийн яг наадмын маргааш нь эрүүл нүдэнд мөн харвалт өгөөд, харахаа больсон юм. Ингээд хараагүй болох шахав. Тиймээс мэс засалд ороод, одоо өрөөсөн нүдээрээ овоо харж байгаа. Гэхдээ тод бус бүрсгэр харагддаг. Ирэх долоо хоногт харахгүй байгаа нүдэндээ мэс засал хийлгэнэ. Би одоо гуравдугаар эмнэлгийн Оюунзаяа гэдэг эмчид бүхнээ даатгачихаад сууж байна. “Тэгэх, тийм эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай” гэхээр нь “За” л гэдэг.

-Одоо гайгүй дээр нь диализын аппаратанд орвол зүгээр биш үү?

-Харин энэ талаар судалж л байна. Нэг эмч “Бөөр бага хэмжээгээр болтугай ажиллаж байгаа тохиолдолд диализын аппаратанд орох дэмий” гэж зөвлөсөн. Тиймээс гүрийгээд байгаа юм.

БИЕ ХЭЧНЭЭН ӨВДӨЖ БАЙСАН Ч ШАВЬ НАРЫНХАА ТӨЛӨӨ ГЭЭД Л ГҮРИЙЧИХСЭН

-Таны бие ер нь хэдийнээс өвдөж эхэлсэн бэ?

-Би чихрийн шижинтэйгээ эрт мэдсэн ч тоохгүй яваад хүндрүүлчихсэн юм. Бие арай ч ингэж дордоно гэж бодоогүй юм л даа. Мөнхийн залуугаараа, эрүүл байх юм шиг эндүү явсан нь миний алдаа. Чихрийн шижин хүндэрснээс болоод бөөр, зүрх муудлаа. Ер нь миний бие 2020 оны нэгдүгээр сараас илт муудаж эхэлсэн юм. ӨМӨЗО-ы Ордост, “Алтан бүс” барилдаанд монгол бөхчүүдээ ахалж очих үеэр бие гэнэт муудсан. Тэгэхэд БНХАУ-д очсон бөхчүүд бүгд надад туслаад тэнд мэс засалд орсон юм.  

-Тэгэхээр “Увс нуур” дэвжээний бөхчүүдийн наадмын бэлтгэл дээр таны бие тэнхээрхсэн байж. Заавал галынхаа бөхчүүдийг наадмын бэлтгэлийг дуусгана гээд гүрийчихсэн юм уу?

-Ёстой тэгсэн. Тухайн үед миний уушиг устчихсан, алхаж явахад их хэцүү байв. Гэхдээ би шавь нартаа хэлээгүй. Бие хэчнээн өвдөж, бөхчүүдэд бэлтгэл ороход хэцүү байсан ч тэр бүхнийг орхиод ирж би зүрхлээгүй. Надад итгээд галынхаа дасгалжуулагч болгосон олон хүн, бөхчүүдийнхээ итгэлийг алдвал нүүрийг нь дахин яаж харах вэ. “Увс нуур” дэвжээний хамт олон, бөхчүүд, Увсын зон олны маань бүтэн жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл надаас болж цалгардах учиргүй. Тиймээс шүдээ зуугаад л гүрийчихсэн. Анхандаа ёстой хэнд ч хэлээгүй. Сүүлдээ яалт ч үгүй мэдэгдсэн л дээ, шавь нар намайг анзаарсан.

Уушги устчихсан болохоор хол алхаж чадахгүй. Байрласан гэрээс бэлтгэлийн талбай хүртэл 100 метр хүрэхгүй шахам зайтай. Тэр хооронд би амрахгүй очиж чадахгүй байв. Тэгж гүрийсээр долдугаар сарын 7-нд бэлтгэл дуусангуут хотод ирээд хоёрдугаар эмнэлэгт хэвтлээ.

-Хөөх, тэгэхээр та ёстой эцсийн хүчээ шавхартал гүрийжээ.

-Тэгэхээс өөр аргагүй. Шавь нар маань, олон хүн надад ингэж их итгэж байхад “Бие өвдөж байна” гээд алгуурлан суух эрх надад байхгүй. “Увс нуур” дэвжээний, Увс нутгийн маань хоёр бөх төрийн наадмын түрүү булаалдлаа, үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Тэгж зүтгэсний үр дүн гарч, шинэ аваргатай, үзүүр бөхтэй, улсын начинтай (Ц.Мөнхбаяр) боллоо. “Увс нуур” галынхан бүгдээрээ атгасан гар мэт нэгдэж, ажиллаж яваагийн үр дүн ингэж гарсан нь хамгийн сайхан.

Хоёр шавь минь улсын наадмын түрүү, үзүүр булаалдан, Бүрнээ аварга болоход би эмнэлэгт байсан. Зурагтаар л үзлээ.

ХОЁР ШАВЬ МИНЬ УЛСЫН НААДМЫН ТҮРҮҮ БУЛААЛДАХЫГ ХАРАХ БАХАРХМААР ЮМ БИЛЭЭ

-Өмнөх жилүүдэд дэргэдээс нь зөвлөөд, ялалт, ялагдалд нь та хамт байсан. Энэ удаа хүссэн үедээ уулзаж, санасныгаа хэлж чадахгүй эвгүй байв уу?

-Тэр тал нь харьцангүй гайгүй. Учир нь би наадмын үеэр шавь нартаа юу ч хэлдэггүй, заадаггүй. Тэгэх дургүй. Тэр байтугай ам авахад нь ч оролцдоггүй. Яагаад гэвэл жилийн турш хүүхдүүдээ бэлдээд, хэлэх юмаа хэлээд, захьчихсан болохоор наадмын үеэр юугаа хэлэх вэ. Шавь нар маань өөрийнхөөрөө барилдсан нь дээр. Амжилт гаргахад нь баярладаг. Улсын наадмын дараа л шавь нартаа алдаа, оноог нь хэлж өгдөг.

Дасгалжуулагч мэргэжил хэцүү. Багш, шавь хоёр хэчнээн хөдөлмөрлөж, хичээсэн ч амжилтад хүрч чадахгүй байвал яах вэ. “Би буруу бэлтгэл хийлгээд байгаа юм болов уу. Миний дасгалжуулалтын арга барилд алдаа байна уу” гэж бодно, өөрийгөө чамлана. Хүн бэлтгээд, барилдуулна гэдэг өөрөө нарийн шинжлэх ухаан болтлоо хөгжчихөөд байна. Хэрвээ тухайн дасгалжуулагч шавиа буруу бэлтгэж байвал яана. Амжилтад хүрэх залуу нас, оргил үе тамирчинд дахиж олдохгүй. Гэтэл тийм боломжийг нь салхинд хийсгэх эрсдэл дасгалжуулагчид бий. Энэ мэт олон шалтгааныг уялдуулаад бодохоор дасгалжуулагч хүн маш нарийн мэдрэмжтэй, ухамсартай байх чухал. Хэн нэгний шүүмжлэлийг зөв тусгаж авдаг байх хэрэгтэй. Өөрийнхөө алдаа, оноог сайн цэгнэж, дүгнэж байх чухал. Үргэлж Одгэрэлийн зөв байх албагүй. Би алдаж болно.

УЛСЫН НААДАМД АМЛУУЛСНААСАА ХОЙШ ДАХИЖ БАРИЛДААГҮЙ

Би 11 настайгаасаа барилдсан. Их спортоор нэлээд олон жил хичээллэсэн ч сүүлдээ бие жаахан эвгүйрхээд ирэхээр нь больчихсон. Үндэсний бөхөөр барилдах хугацаандаа 2001 онд улсын заан цол хүртсэн, түүнээс хойш цолоо батлах, ахиулахын төлөө зүтгэсэн ч зорьсондоо хүрч чадаагүй. Би амьдралдаа ганцхан удаа амлуулсан. Нэг жил улсын наадмаар гурвын даваанд амлуулж унаж билээ. Өвдөг шороодчихоод алхаж явахдаа “За, аливаа юм цаг хугацаатай. Спорт намайг “Боль” гэж байгаа юм байна. Бяр нь харьчихсан, хүүхэд нь үнсдэг бөх болоод дэмий” гэж бодсон. Түүнээс хойш дахиж барилдаагүй, дахиж зодог, шуудаг өмсөөгүй.

-Өнөө цагт тань шиг тийм шийдвэр гаргасан бөх цөөн. Бяр, тэнхээ нь харьсан, цолоо баталж чадахгүй нь ойлгомжтой болсон ч улсын наадмаар барилдаад шинэ цолтон төрүүлж, хэдэн төгрөг олох нь шинэ төрлийн “бизнес” боллоо гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Аливаа зүйл хоёр талтай. Би барилдахаа болиод дасгалжуулагч болсон. Надад сонголт байсан учраас тийм шийдвэр гаргахад арай амар байсан. Гэтэл хүссэн бөх бүхэн дасгалжуулагч болж чадахгүй. Дасгалжуулагч болох хүсэлгүй нь ч бий.

Үндэсний бөх мэргэжлийн спортын хэмжээнд хүртлээ өндөр хөгжсөөр байгаа. Бөхчүүдэд жилд ганцхан удаа цол олгодог. 365 хоногийн хөдөлмөрөө хуруу дарам нь л ганцхан өдөр үнэлүүлдэг. Эрүүл мэнд, бэлтгэл, сэтгэл санаа гээд маш олон зүйл нөлөөлнө. Жилийн турш дийлдэшгүй мэт байсан ч тэр өдөр бэлтгэл нь таараагүйгээс болж санасан амжилтаа гаргаж чадахгүй байх нь ч бий.

1024, 512 бөхөөс хоёр бус ганцхан бөх түрүүлнэ. Жилд хэдэн шинэ цолтон мэндэлдэг билээ. Хэчнээн бөх “Дараа жилийн наадам даанч хол байна даа” гэж санаа алдсаар гэртээ харьдаг билээ. Үүгээрээ үндэсний бөх харгис, өндөр босготой. Ийм өндөр босгыг давахын тулд зөвхөн тухайн бөх бус маш олон хүн хамтдаа хичээдэг, зүтгэдэг. Улсын цол хүртсэний дараа л бөхчүүдэд амьдралын баталгаа нь тодорхой хэмжээнд бий болдог. Улсын цол хүртэнгүүтээ л байр, машинаар шагнуулаад тасархай амьдраад байгаа гэвэл өрөөсгөл. Тиймээс чухал даваанд тунаанаас гаргаж өгөх, нутгийн, ирээдүйтэй бөхөө дэмжих бол байх зүйл. Үүнийг буруутгаж, цолны найраатай андуурч болохгүй.

-Мэдээж энэ бол өөр асуудал. Үүнийг буруутгаж боломгүй. Гэхдээ тэгж боддоггүй, улсын цолд горилж яваа бөхийг шууд мөнгө гэж хардаг хүчтэн байгаа юм биш үү?

-Би түрүүн аливаа зүйл хоёр талтай гэж хэлсэн, тийм ээ.

-Тэгсэн.

-Энэ асуудлын нэг тал нь ийм. Нөгөө тал нь юу вэ. Нэг залуу бөх улсын цол хүртээд дэмжсэн бөхдөө баярласнаа илэрхийлээд хэдэн төгрөг өглөө гэж бодъё. Авсан, өгсөн аль алиныг нь би буруутгахгүй. Тэр бөх задарсандаа, мөнгөө үрж ядсандаа тэгээгүй. Тэр бөхийн ард амьдрал бий. Үндэсний бөхөөр амжилт гаргаад, гэр бүлээ, үр хүүхдээ тэжээе, хүнээс дутахгүй сайхан амьдруулъя гээд л хөдөлмөрлөж яваа шүү дээ.

-Иймэрхүү хандлага цолны найрааг улам өөхшүүлээд байх шиг?

-Мэдээж тэгж харагдана. Тэгэхээс ч аргагүй. Сүүлийн жилүүдэд улсын цол хүртсэн бөхчүүдийг нэг сайн анзаараарай. “Энэ ёстой хэзээ ч улсын цол хүртэж чадахааргүй бөх байсан” гэж хүмүүс үнэлдэг бөх ганц ч байхгүй. Үүнийг нэг дүгнээд үзээрэй. Хэрвээ тийм бөх байгаа бол хэлээрэй. Бөх хүн улсын цол хүртэхийн төлөө бүхнээ зориулдаг. Сурсан сургуульгүй, эзэмшсэн мэргэжил, боловсролгүй, мөнгөгүй.

Багаасаа үндэсний бөхөөр барилдаад, амьдралынхаа утга учрыг ерөөсөө бөх л болгочихсон. Улсын цолд хүрэн, амьдралын тодорхой хэмжээний баталгаатай болохын төлөө бүхнээ зориулдаг. Улсын наадмаар амжилт гаргах, цол авах боломж бөхчүүдэд жилд ганцхан удаа тохионо. Амжилт гаргавал гэр бүл, нутгийн зон олон, найз нөхөд нь дэмжээд унах унаа, орох оронтой болгочих болов уу гэсэн итгэл л бөхчүүдийг хөглөдөг. Үүний төлөө л амьдарч байна. За, тэгээд нэг компанийн нэр дээр барилдаад, цалинжчихвал амьдралд нь том нэмэр болно.

ӨӨР ТӨРЛИЙН, ХҮЧТЭЙ БОДИС Н.БАТСУУРИАС ИЛЭРСЭН БОЛ БИ ИНГЭЖ ӨМӨӨРӨХГҮЙ, ҮНЭХЭЭР ИЧНЭ

-Наадмын дараа олон зүйл боллоо. Та мэс засалд орлоо, улсын наадамд шөвгөрсөн гурван бөхөөс допинг илэрлээ. Тэдний нэг нь таны шавь, улсын аварга Н.Батсуурь. Аварга “Хориотой бодис хэрэглэх хүн би биш” гэж мэдэгдсэн. Үнэхээр допинг хэрэглэхгүй гээд бүрэн итгэх хүн аварга мөн үү?

-Н.Батсуурь аваргын тухай олон юм ярихгүй. Би ганцхан юм хэлье. Одоо Монгол Улсын аварга цолтой, цаашид даян аварга, дархан аварга цол хүртэхийн төлөө хөдөлмөрлөж яваа бөх допинг хэрэглэх үү. Өнөөгийн амжилт, алдар нэрээ эмийн санд 400 төгрөгөөр зардаг, зүрхний үйл ажиллагаа дэмждэг эмээр солих уу. Тийм эрсдэлтэй алхам хийх үү. Энэ л логик нь.

Шавь маань үндэсний бөхөөс гадна сүмо, жүдо гээд их спортоор хичээллэдэг. Олон улсын тэмцээнд оролцоод допингийн шинжилгээ тогтмол өгдөг. Допингийн хор хохирлыг мэдэхийн дээдээр мэднэ. Н.Батсууриас үнэхээр хүчтэй эм, бодис илэрсэн юм бол би юу ч хэлэхгүй, өмөөрөхгүй. Би шавийнхаа өмнөөс үнэхээр ичнэ.

Би допингоос хол байдаг хүн. Би шавьдаа өгөөгүй, шавь маань санаатай хэрэглээгүй. Өмөөрсөндөө бус Н.Батсуурь аварга допинг хэрэглэх бөх биш. Үүнийг би нүүр бардам хэлж чадна. Шавь маань надад “Багш аа, би Монгол Улсын аварга хүн шүү дээ. Даян, дархан аварга болохын төлөө зүрхний тийм хямдхан эм уух уу” гэж хэлсэн.

-Аварга санамсаргүй хэрэглэчих шиг боллоо гээд монгол түмнээсээ уучлалт гуйсан.

-Гашуун үнэн нь юу гээч. Санамсаргүй байдлаар ч хэрэглэх ёсгүй байхгүй юу. Ялангуяа аварга цолтой бөх бүр ч алдаа гаргах эрхгүй. Монголын үндэсний бөхийн холбоо байгуулагдсан цагаасаа допингтой тэмцэхгүй яасан юм бэ. 2003 онд баталсан үндэсний бөхийн дүрмийг өнөө хүртэл баримталж байна. Бүхэл бүтэн 17 жилийн хугацаанд огт шинэчлэлгүйгээр. Энэ дүрэмд допингтой холбоотой ганц ч заалт байхгүй. 2000 оноос хойш хэчнээн бөх допингтой холбогдоод байгаа билээ. Наадмын дараа “Тэдэн бөхөөс допинг илэрлээ, илэрсэнгүй” гэж зарласнаас өөр юу ч хийгээгүй. МҮБХ допингийг яагаад өөхшүүлээд, хяналт тавихгүй байгаа юм бэ.

Допинг гэдэг бол ерөнхий нэршил нь. Дотроо олон төрлийн эм, бодис бий. Хэмжээнээсээ шалтгаалан бөхчүүдэд оноох шийтгэл нь өөр, өөр. Одоо нэг ийм буруу жишиг тогтох гээд байна. Н.Батсуурь аварга өөрөөс нь допинг илэрснийг шударгаар зарлаад уучлалт гуйлаа. Дараа нь Р.Пүрэвдавга арслан гуйсан. Үүнээс хойш баахан бөхийсөн улс болвол яах вэ. Тэгээд допинг илэрснийгээ бэртэл рүү чихээд. “Тэгж бэртэхдээ ийм эм уусан чинь илэрчихлээ” гээд унавал яах вэ.

Допингийг зохицуулах механизм Монголд алга. “Өнөөдөр Н.Батсууриас допинг илэрлээ. Энэ нь ангиллаараа тэдэд ордог, тийм шийтгэл ноогдуулдаг” гээд бүх юм тодорхой байх ёстой. Гэтэл Монголд тийм бус, бүх юм тодорхойгүй. Ийм төрлийн бодис илэрвэл тийм шийтгэл ноогдуулна гээд бүх зүйл тодорхой, мэдээлэл сайтай байх учиртай. Энэ бол Допингийн эсрэг үндэсний төвийн үүрэг. Энэ байдлыг ойрын хугацаанд өөрчлөх хэрэгтэй.

БӨХЧҮҮД ДОПИНГИЙГ ХЭЗЭЭ ХЭРЭГЛЭХ, БИЕЭСЭЭ ХЭДИЙД ГАРГАХАА НАРИЙН ТООЦООЛДОГ БОЛСОН

Үндэсний бөхийн спортод допингийн хэрэглээ өндөр түвшинд хүрсэн. Сонсоод байх нь ээ. Өнөөдөр бөхчүүд допингийг хэзээ хэрэглэх вэ, хэзээ биеэсээ, цуснаасаа гадагшлуулах вэ гэдгээ нарийн тооцдог болсон гэж дуулдах юм. Жилжингээ хэрэглээд улсын наадмаас өмнө яаж биеэсээ гадагшлуулах, цэвэр болгохоо нарийн тооцоолдог гэсэн үг. Өнөөдөр хэдэн бөх ингэж тохируулаад баригдахгүй яваа нь таашгүй. Бөхчүүдийн гал тогоон дотор байгаа болохоор би янз бүрийн л юм сонсох юм. Допингийг тэр, тэр бөх ингэж хэрэглэдэг, ийм, ийм хүмүүс Монголд оруулж ирдэг гээд цуу яриа их бий. Шавь нараа хол байлгадаг зүйлсийн нэг нь допинг.

Интернетээс допингийн талаар би тогтмол судалдаг. Өнөө цагт шээснээс допинг илрэхээ больсон. Учир нь допингийг хүний биенээс гадагшлуулдаг бодисных нь үйлчилгээ аймар болсон гэнэ. Мэргэжлийн дугуйны тамирчнаас энгийн үед, уралдааны дараа шээс, цуснаас нь шинжилгээ аваад ер допинг илэрдэггүй. Уралдаж байх үед цуснаас нь шинжилгээ авч байж допинг хэрэглэсэн эсэхийг нь тогтоодог гээд бодохгүй юу.

-Ямар ч спортын тамирчнаас допинг илэрвэл шууд шийтгэл оногдуулдаг. 2019 оны түрүү бөхийн допингийн асуудал өнөө ч шийдэгдээгүй яваа нь хэр зохистой зүйл вэ?

-Би түрүүн хэлсэн шүү дээ. Үндэсний бөхийн дүрмийг 2003 оноос хойш шинэчлээгүй гэж. Яагаад гэвэл Их эеэ хийж чадахгүй, сандал, ширээний хойноос хөөцөлдсөөр байгаад өдий хүрсэн. Үүнээс болж үндэсний бөхийн спортын, бөхчүүдийн нэр хүнд унасаар байгаа. Бөхийн өргөөнд болж буй барилдаан үзэгчгүй болчихоод байна. Анхнаас нь зөв зохицуулалт хэрэгтэй байна. Наадмын дараа бөхчүүдийн допингийн шинжилгээг яагаад тэгж удаадаг юм бэ. Э.Оюунболдын асуудлыг одоо хүртэл яагаад шийдэхгүй яваад байна вэ. Үүнээс болж үндэсний бөхийн нэр хүнд унаж байгаа нь харамсалтай. Үүнээс гадна Э.Оюунболдод унасан бөхчүүдэд үнэхээр харамсалтай. Ялангуяа, улсын цолны төлөө барилдаад 3-5 даваанд унасан бөхчүүдэд бүр ч илүү. Дараагийн даваануудад өвдөг шороодсон бөхчүүдэд ч мөн харамсалтай. Э.Оюунболдыг давсан бол түрүүлэх ч байсан юм бил үү.

-Улсын харцага Ганзоригийн Ганхуягтай ярилцахад “Э.Оюунболд Хэнтийгээс өөр аймгийн бөх байсан бол энэ асуудал аль хэдийнэ шийдэгдчихсэн байгаа” гэж хэлсэн. Та түүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Монгол Улс бүх юмаа улс төржүүлдэг. Бүх юманд УИХ-ын 76 гишүүн оролцдог. Улсын наадмын цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Тэгэхээр заавал Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг нь хураах учиртай.

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ДҮРЭМД ДОПИНГИЙН АСУУДЛЫГ МАШ ТОДОРХОЙ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Бөхийн галаар зочилсон тэмдэглэл

-Допингтой холбоотой маргааныг Баяр наадмыг зохион байгуулах хороо, МҮБХ бие бие рүүгээ бухдаг, асуудлаас зугтдаг. Үүнийг хэрхэх нь зөв гаргалгаа вэ?

-Энэ асуудлыг шийдэх гарц, гаргалгаа нь их амархан. Үндэсний бөхийн дүрэмд допингийн асуудлыг маш тодорхой оруулах хэрэгтэй. Тийм бодис илэрвэл ийм шийтгэл оногдуулна, эрхийг нь тэдэн жил хасна, цолыг нь хураана гээд. МҮБХ-ны дүрэмд тэгээд тусгачихвал бөхчүүд тэнэг биш. Цагаан дээр хараар бичсэн зүйлийг уншаад хэн ч эрхээ, цолоо хасуулахыг хүсэхгүй. Тийм юм байхгүй болохоор л одоо ийм болчихоод байна. Жилд ганц удаа цуглардаг комисс үндэсний бөхийн спортын, бөхчүүдийн асуудлыг шийдэж байгаа нь өөрөө инээдтэй. Тэгээд Хууль зүй, дотоод хэргийн яам руу шилжүүлээд л. Ийм утгагүй юм байж болохгүй.  Түрүүн хэлсэнчлэн допингийн асуудлыг шийдэх, оновчтой тэмцэх гарц, гаргалгаа нь ийм амархан, тодорхой. Тэгэхэд ийм шинэчлэл хийхийг хүсдэггүй, үндэсний бөхчүүдийг нутаг, жалгаар нь хуваах сонирхолтой хүмүүс байх шиг. Тэгээд бөхчүүдийг доторт нь хагаралдуулаад, Бөхийн өргөөний байшингийн төлөө алалцуулаад л. Ингэх ямар шаардлагатай юм бэ. Тэгэх ер хэрэггүй.

Нэг бөх асуудалд оронгуут олны амны зугаа, олз болчихдог. Тэрбум, тэрбумаар нь идэж, уучихсан, цөлмөчихсөн нөхдүүдийг тэгдэггүй мөртлөө жижигхэн хариуцлага алдсан бөхийг газар доогуур ортол нь шүүмжилдэг. Бүх бөхийг хамруулаад л. Бөхчүүдээ хайрлах хэрэгтэй. Хайрлахдаа бас учиртай хайрлах нь чухал. Хариуцлагын тогтолцоог нь бий болгоод хайрлахынхаа хажуугаар хариуцлага нэхдэг байя. Өнөөдөр 2003 оны дүрмийг баримтлаад, Бөхийн өргөөний байшингийн төлөө алалцаад допингтой хэзээ ч тэмцэж чадахгүй. Үр дүн нь гарахгүй. Дүрэмдээ ямар ч засвар, шинэчлэл хийлгүй 17 жил явчихлаа гээд бод доо. Энэ хөгжил мөн үү. “Монгол бөхийн малгай, тэмдгийг гоё болгосон” гэж яриад, үүнийгээ үндэсний бөхийн хөгжил хэмээн тодотгож яваа нь инээдтэй.

Бөхчүүд өнөөдөр дүрмэнд тааруулж барилддаг болчихлоо. Бөхчүүд уран хурц барилдахаа больчихлоо гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Энэ бол үндэсний бөх мэргэжлийн, өндөр түвшинд хүрсэнтэй холбоотой. Өрсөлдөгчөө аягүй нарийн юмаар, олон угсраа мэхээр л унагаана. Дээхнэ үеийн мэх давтаж байгаа юм шиг унадаг үе ард хоцорсон. Одоо баргийн мэхэнд захын сумын заан унахгүй. Яагаад гэвэл тийм мэдрэмж, ур чадвар тухайн бөхөд суучихсан. Бөхчүүдийн ур чадвар ийм өндөр түвшинд хүрчихлээ. Үүнийг цааш нь яаж хөгжүүлэх вэ, үзэгчдээ хэрхэн татах вэ гэдэг дээр МҮБХ-ны удирдлагын толгой ажиллах хэрэгтэй.

Өнөөдөр өвөр монголчууд өөрсдийн бөхөө яаж хөгжүүлж, дэлхийн сая, сая жуулчдыг татаж байгаа билээ. Монголчуудад тэгэх боломж бий. Тиймээс ойрын хугацаанд “Их эе”-ийг хуралдуулан, МҮБХ-ны тэргүүнийг сонгох хэрэгтэй.

-МҮБХ-ны “Их эе” хуралдах сураг гараад л байгаа.

-Тийм сураг гаргаснаа л больчихдог шүү дээ. Хэдэн жил л ийм байгаа. Албан тушаалын төлөө алалцсан, балиар юм болдог байхгүй юу. Тэргүүн болох хүсэлтэй хүмүүс нь баахан хор хутгаж яваа.

МҮБХ-нд ШИНЭ САЛХИ СЭВЭЛЗЭХЭЭ БОЛИОД УДАЖ БАЙГАА, ДЭЛБЭЛВЭЛ ТААРНА

-МҮБХ-ны Удирдлагын багт багтах, Цэцдийн зөвлөлийн гишүүн болох бодол танд бий юү?

-Надад хүсэл байсан ч намайг оруулахгүй. Яагаад гэвэл би Увс хүн. Би хэчнээн зөв юм ярьж, шинэ санал, санаачлага гаргасан ч намайг Увсын бөх, Х.Баянмөнх аваргын гар, хөл л гэж харна. Зөв хүн, зөв юм ярьж байна гэж хэн ч харахгүй, хүлээж авахгүйд л гол асуудал нь байгаа юм. Ийм тогтолцоотой, тийм газар би очоод яах вэ дээ. Би шударга талдаа хүн. Эсвэл тэдэнтэй санал нийлэхгүй, баахан маргалдана.

-Тэгэхээр МҮБХ-нд шинэ салхи оруулах зайлшгүй шаардлагатай болчихож дээ.

-Өө, тэгж салхи сэвэлзэхээ болиод удаж байгаа. Бүр вакумжчихсан. Хонхны дуу, ардчилал МҮБХ-нд сонсогдохоо болиод удаж байна. Одоо зүгээр дэлбэлвэл таарна.

-МҮБХ-г нэг хэсэг улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар удирдаж байгаа. Саяхан Б.Сайнбаяр заан ажлаа өглөө. Удирдлагын багт залуу хүмүүс ирлээ гээд их хүлээлт байсан. Тэд хэр сайн ажилласан гэж та бодож байна вэ?

-Тийм хүлээлт байсан нь үнэн. Би ч бас залуу улс арай өөр байх болов уу гэж хүлээсэн. Гэтэл юу хийв. Нөгөө л допингийн асуудалдаа дарлуулчихсан. Бөхийн өргөө нь ч үзэгчгүй. Ямар ч байсан тэгж байгаад Их эе хуралдах байх. Үндэсний бөхийг хөгжүүлэх ур чадвартай, мэдлэгтэй, боловсролтой, сэтгэлтэй хүн л тэргүүнээр нь сонгогдоосой. Мэдээж тэгэх байх гэсэн итгэл надад бий. Тэгээсэй ч гэж хүсэж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сүүнээ
сүүнээ
2020-10-19 12:48

допингиин бүх эм тариаг бодибилдинг пауэр лифтингиин тамирчид олноор нь оруулж ирж зардаг нь нууц биш

Иргэд
Иргэд
2020-10-20 20:57
Reply to  сүүнээ

Энэ нэг хэдэн амьтныг хэнд хэрэгтэй гэж бөөн шуугиан болоод байдаг байнаа. Үндэсний бөхийн холбоо энэ тэр гэсэн хэнд ч хэрэггүй холбоодыг татан буулгаач. Наад хэдэн хоолны савнуудаараа ажил хийлгээч. Урьдаа ядуур�##� нэмэгдэж байхад хэдэн допинг хэрэглэсэн ажилгүй юмнуудад зарцуулж байдаг хайран мөнгө байгаа даа. Шинжилгээний төлбөрийг нь өөрсдөөр нь төлүүлдэг юм байгаа биз дээ. Арай улсын зардлаар хийлгэж тэнэгтдэггүй байлгүй дээ. Хэнд хэрэгтэй юм бэ наад бөхчүүд чинь. Хоолны савнууд

muu ats
muu ats
2020-10-22 02:01
Reply to  Иргэд

chi tgd ooroo hend heregtei mahan shavar we

зочин
зочин
2020-10-19 15:05

Допинг хэрэглэчихээд тэр нь шээсээр нь гараад байна м�##�нуудаа,,, юу хэрэглэх бөх биш гэж,,,,
Дандаа тэнэг юм ярьж байдаг м�##�нууд шүү
Цолыг нь хурааж:, барилдах эрхийг хасах хэрэгтэй,,,

unen
unen
2020-10-19 16:18
Reply to  зочин

bitii huts g###g uu

Зочин
Зочин
2020-10-19 17:46

ХЭРЭГЛЭЭГҮЙ БАЙХАД ИЛРЭЭД БАЙГАА ЮМАА ДАА ЯНЗ ГЬ ЭНЭ ДОПИНГ НОХОЙ

Зочин
Зочин
2020-10-19 18:15

Z##la

Зочин
Зочин
2020-10-19 21:04

ШИНЖИЛГЭЭНИЙ БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ НЬ ОЛЖ АВААД ТЕХНООГИЙГ НЬ ОРУУЛЖ ИРЭЭД БАРИЛДААН БОЛГОНЫ ӨМНӨ ШИНЖЛЭЭД, ХУУРНИН ШУУГИГЧААС ЭХЛЭЭД ХУВЬСГАЛЫН ОЙ ХҮРТЭЛХ БҮХ НАСНЫ АНГИЛАЛД НЬ ЦОЛ ХАРГАЛЗАХГҮЙ ТЭР АЯАР НЬ ХАМРУУЛААЧЭЭ. БӨХИЙН ҮР УДАМ НЬ БҮГДЭЭРЭЭ ТАРХИ, БӨӨР, ЗҮРХ, УУШИГ, ТӨМСӨГГҮЙ БОЛЖ ГҮЙЦЭХ НЬ ...

Зочин
Зочин
2020-10-20 09:50

Гоё ярилцлага болсон байна. Маш зөв зүйлүүд ярьж байна. Дээр дурдсанчилан бүх зүйлийг тодорхой болгож шударга шийдэх нь чух�##�. Ямар төрлийн хориотой бодис, ямар хэмжээгээр илэрснээс ш�##�тга�##�ж, ямар шийтгэл оногдуулах нь тодорхой, маргах шүүхдэлцэх шаардлагагүй болгох хэрэгтэй.

ууцгаая
ууцгаая
2020-10-20 19:17
Reply to  Зочин

ХОРИОТОЙ БОДИСЫН ЖАГСААЛД ЖИЛ БҮР ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙДАГ ТУЛ ДҮРМЭНД ТЭГЭЖ ТУСГАХ БОЛОМЖ МУУ ДЭҮТӨВ ЖИЛ БҮР ТАНИЛЦУУЛГА ГАРГАЖ БӨХИЙН ГАЛААР ТАРААДАГ ГЭСЭН. ЗААН ЖААХАН МЭДЭЭЛЭЛ МУУТАЙ ЦЭЭЖНИЙ БАНГААР Л ХУСАЖ БАЙНА БАС УВС ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ ДЭМИЙРЧ БАЙХ ЮМ

Зочин
Зочин
2020-10-22 01:23
Reply to  ууцгаая

Өөрөө тариа тун их хэрэглэдэг байсан даа. Онжаваа. Биеэ бодохгүй дэ. МҮБХ-ны үймээнийг хэн гаргаж байна, танай увсынхан. Удахгүй ил болох байлгүй дэ, хөгшөөн

zochin
zochin
2020-10-20 12:12

batsuuri avarga ulger jisheeg haruulj,zuv soyoliig ulgerlesen

Иргэн
Иргэн
2020-10-27 03:41

Оюунболд допинг хэрэглэсэн нь худ�##� гүтгэлэг. Батсуурь допинг хэрэглэсэн нь үнэн шт. Оюунболдыг хэрэглээд түрүүлсэнг үгүйсгэх бол Батсуурийг адилхан тооцохгүй байх. Худлаа ж�##�га довны үзлээр хандахаа болиосой. Батсуурь биеэ авч явж байгаа байдлаараа Оюунболдын чигчийд ч хүрэхгүй ухамсартай

Холбоотой мэдээ

Back to top button