ДЭЛХИЙ

ТАНЫ МЭДЛЭГТ: “Halloween” баяр бий болсон түүх

“Halloween”-ий баярыг дэлхийн улсууд аравдугаар сарын 31-ны өдөр тэмдэглэдэг билээ. Тэгвэл уг баярын түүхээс зах зух өгүүлье.

Судлаачид уг “Halloween”-ийг “Samhain” гэх Селтик үндэсний баяраас үүсэлтэй гэж үздэг аж. Селтикчүүд 2000 жилийн өмнө одоогийн Ирланд, Англи, Хойд Францын нутагт амьдардаг байжээ. Тэд арваннэгдүгээр сар эхлэхэд шинэ он тоологддог байсан гэнэ. Ийн Селтикчүүд “Samhain”-ы баяраа аравдугаар сарын 31-нд буюу шинэ жилийн өмнөх өдөр тэмдэглэдэг байсан бөгөөд уг өдөр нөгөө ертөнц болоод энэ ертөнцийн хил сарниж, үхэгсдийн сүнс дэлхийд эргэж ирдэг хэмээн үздэг байж.

Нөгөө ертөнцийн сүнснүүд дэлхийд ирснээр Дрүйдүүдэд (Селтик санваартан) ирээдүйг зөгнөхөд хялбар болно гэж тэд итгэдэг байв. Тийм учир Дрүйдүүд мөргөлийн гал асааж бурхаддаа өргөл өргөдөг байжээ. Энэ үеэр тэд амьтны арьсаар хийсэн хувцас сэлт өмсдөг байсан аж.

МЭ 43 онд Ромын эзэнт гүрэн Селтикчүүдийн ихэнх газар нутгийг эзэлж авсан юм. МЭ 6-р зууны үед Пап гуравдугаар Грегори “All Saint’s Day”-ын баярыг үүсгэж арван нэгдүгээр сарын 1-ны өдөр тэмдэглэхээр товложээ. Уг баярын үеэр хүмүүс гэгээнтнүүд, буг чөтгөр эсвэл сахиусан тэнгэрийн дүрд хувиран хувцаслаж ил гал асаан тэмдэглэдэг байсан юм.

“All Saint’s Day”-г мөн All-hallows, All-hallowmas гэж нэрлэдэг байсан учир арван сарын 31-г All-Hallows Eve гэж нэрлэж цаашдаа Halloween гэх болжээ.

Ташрамд дурдахад энэ жилийн “Halloween”-ээр “цэнхэр” гэгддэг бүтэн сар гарах юм. 19 жилд нэг удаа “Halloween”-ээр бүтэн сар гардаг, харин “цэнхэр” бүтэн сар 1944 оноос хойш Сүнснүүдийн баяраар шөнийн тэнгэрт үзэгдээгүй ажээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button