Нийгмийн

Байргүй болсон “Байгалийн түүхийн музей”-н үзмэрүүдийн 60-70 хувь нь сүйдэх аюул нүүрлэжээ

Монголчууд эвдэж сүйтгэж, нурааж буулгахдаа гаргууд сайн гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Ерөөс зөвхөн бидний бус хүн төрөлхтний хамгийн сайн чаддаг зүйлсийн нэг нь энэ л дээ. Засч сэлбэж, барьж сүндэрлүүлэхдээ үүн шигээ биш нь харамсалтай. Одоогоос яг жилийн өмнө “Байгалийн түүхийн музей”-г 400 сая төгрөгөөр нураасан. Олон түмэн хэчнээн эсэргүүцэж, “Музейгээ аваръя” гэдэг хөдөлгөөн өрнүүлээд ч дийлээгүй. “Шинэ байрыг нь “Их тэнгэрийн ам”-нд барина” гэж итгэхэд бэрх амлалт өгч байгаад хотын чимэг, Монголын түүхийн охь болсон музейгээ нэг л өглөө нураасан, газартай нь тэгшилсэн.

Хотын төвд байхад нь хэчнээн хүн үзэх вэ. Хаа байсан тийшээ очоод үзэх боломж, бололцоотой нь хэд байгаа билээ. За, тэр ч яах вэ. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэнэ” гэгчээр баригдах нь битгий хэл ганц тоосго ч тавиагүй байгаа музейн шинэ байрлалын талаар одоо ярихад эрт. Гол асуудал нь “Байгалийн түүхийн музей” байхын гол шалтгаан болсон, түүхийн ховор үзмэрүүд одоо юу болж байна вэ. Бүрэн, бүтэн байгаа юу. Музейн шинэ байр барих гэж дунших хугацаанд түүхийн ховор үзмэрүүд дутах, устах аюул нүүрлэлээ. Дутахгүй юм гэхэд хадгалалт, хамгааллын стандартыг алдсаны улмаас, шинэ байр руу нь нүүлгэх явцад нийт үзмэрийн 60-70 хувь нь эвдэрч сүйдэх, устах эрсдэлтэй тулгарсныг мэргэжилтнүүд халаглаж сууна.

Үүдэнд нь байсан хоёр арсланг ачиж байгаа нь.

Жилийн өмнө “Музейгээ аваръя” гээд эсэргүүцэн, жагсаж байсан ард түмэн өнөөдөр ажин түжин. Юун тэгж эсэргүүцлээ илэрхийлэх нь битгий хэл музей гэж дурсаж буй хүн хуруу дарам. Музейг нураасны дараа үүдэн дээр нь байсан хоёр арсланг энд тэнд авааччихлаа гэдэг асуудал, хэл ам байсхийгээд л гарсан. Хэн дуртай нь өвөртлөөд явчих боломжгүй, гэртээ аваачаад тавьчихааргүй том хэмжээтэй тул хаана байгаа нь бидэнд мэдэгдээд, харагдаад байгаа хэрэг.

Байгалийн түүхийн музейн цахим хуудаснаас ашиглав. “Соёлын цаг” -ийн үеэрх зураг.

Соёлын яамнаас зохион байгуулсан “Соёлын цаг” арга хэмжээг энд тэнд зохион байгуулахад “Байгалийн түүхийн музей”-н үзмэрүүдийг бороотойд, нартайд ч хамаагүй гадаа дэлгээд л байсан. Түүхийн ховор үзмэр, бидний гэсэн зүйлдээ тийм гамгүй, сэтгэлгүй ханддаг “амьгүй албатууд” байх гэж. Зориулалтын байранд, тодорхой стандартад хадгалах учиртай үзмэрүүдийг тэгж хаа хамаагүй газар дэлгэсэнд мэргэжилтнүүд их шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн.

Байгалийн түүхийн дурсгал, олдвор гэдэг өөрөө тун эмзэг зүйл. Олон зуун мянган жилийн түүхтэй учир хэлбэр хийц, өнгө, төрхийг нь яг л тэр хэвээр нь хадгална, хамгаална гэдэг ихээхэн арчилгаа шаардсан ажил. Тийм эмзэг үзмэрүүдийг гадаа дэлгээд зогсож байсан гэж бодохоор төсөөлөхөд ч бэрх. Жирийн нэгэн байгууллага бус хамгаалж, хайрлах учиртай Соёлын яам нь өөрсдөө тийм хүний сэтгэлээр хандсан гээд бод доо.

Байгалийн түүхийн музейн цахим хуудаснаас ашиглав. “Соёлын цаг” -ийн үеэрх зураг.

Музейн амин сүнс болсон үзмэрүүдийг одоо хаана хадгалж байна вэ. “Байгалийн түүхийн музей” 12.000 гаруй үзмэртэй. Зөвхөн ан амьтны чихмэл байдаг гэвэл өрөөсгөл. Ан амьтнаас гадна Монгол орны геологи, ашигт малтмал, палеонтологийн олдвор, хүн судлал гэх мэт маш олон төрлийн үзмэр бий. Шинээр барьж буй “Чингис хааны музей”-д газраа алдсан “Байгалийн түүхийн музей”-н үзмэрүүдийг өдгөө “Үлэг гүрвэлийн музей”-д аваачин, төвхнүүлжээ. Тус музей зөвхөн палеонтологийн дурсгал хадгалах, хамгаалах зориулалттай. Тэгэхээр эдгээр үзмэрүүдийг зориулалтын бус газар хадгалж байгаа гэсэн үг. Одоогоор тэнд 323 мкв талбайд 500-гаад үзмэр дэлгэжээ. Бусдыг нь хадгалж байгаа гэнэ, тогтсон стандартын бус орчинд. Хэрвээ стандартыг нь мөрдүүлье гэвэл байшин дотор байшин барихаас өөр аргагүйг мэргэжилтнүүд сануулсаар буй.

Музейн үзмэрийн хадгалалт, хамгааллын стандартыг судалж үзэв. Энэ тухай эрх зүйн баримт бичиг манай улсад байна уу гэвэл байна. Соёлын тухай хууль, Музейн үзмэрийг хадгалж, хамгаалах заавар, Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага MNS 5634:2006 стандартад энэ төрлийн байгууламж хийгээд түүний дотор агуулагдах дурсгалт зүйлсийг ямар орчинд хадгалж, дэлгэж болохыг маш тодорхой тусгажээ. Өрөөний чийг, дулаан, агаарын бохирдол, тоос шороо, цонх нь ямар байхыг хүртэл тусгайлан тусгаж. Энэ бүхнийг бүрдүүлэхгүй л бол музейн үзмэр гэмтэх, сүйдэх эрсдэлтэй байдаг.

Дутахгүй юм гэхэд буруу хадгалсны улмаас, “Харвал хальс, үзвэл үнс болчихно” гэгддэг тийм эмзэг үзмэрүүдийн 60-70 хувь шинэ байр руу нүүлгэх явцад устах аюултайг мэргэжилтнүүд сануулав. Учир нь “Байгалийн түүхийн музей”-н амьтан, ургамлын шилэн хорготой хатаамал, цуглуулгуудын 60-70 хувь нь зөөвөрлөх явцад сүйдэх эрсдэлтэй гэж үнэлгээ гарчээ. Үүний сацуу зориулалтын бус газар хадгалж буйн улмаас, хэн дуртай нь элдэв арга хэмжээ гээд хаана ч хамаагүй дэлгэснээс болж үзмэрүүд сүйдэх эрсдэл үргэлж тулгарч буйг мөн онцлов. Одоо ч хэд нь сүйдээгүй, дутаагүй гэх баталгаа алга.

Мэргэжилтнүүд ингэж сануулсаар байхад хуймгай хандаад устгавал дэндүү харамсалтай. Тиймээс “Байгалийн түүхийн музей”-н үзмэрүүдийг тогтсон стандартын дагуу хадгалж, хамгаалж, мэргэжилтнүүдийн сануулж буй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлд тодорхой арга хэмжээ аваач, Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамныхаан.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button