СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

“Хөлийн тавиурын од” буюу ШИНЭ МАЯГИЙН ДЭЭД АМЖИЛТ

Уран зохиолын шүүмж – С.Батзориг

ХХI зууны эхний хагас дундаа орж буй өнөө үед, өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн эрийн цээнд хүрсэн энэ цаг үед дэлхий нийтийн утга зохиолд сонгодог (классик), олон нийтийн (массовый) гэдэг ангилал тогтоод нэгэнт хэвшсэн бөлгөө. Манай утга зохиолын хүрээнд ч сүүлийн жилүүдэд энэ талын маргаан, мэтгээн нэлээд өрнөж одоо хаа хаанаа үүнийг ойлгохтойгоо болжээ.  

Гэтэл саяхан Facebook-ээс “#Бахархал Орчин цагийн утга зохиолын урлагийг өнгөлөгч” гэсэн гарчиг бүхий товч ярилцлагыг үзэв. Огт танихгүй гэхэд бараг болохуйц, зохиолыг нь ганц ч удаа уншиж байгаагүй эрэгтэй хүн ярьж байна (Би тэгтлээ хоцрогдож байсан юм байх даа гэсэн бодол төрөв. С.Б) ОРЧИН ЦАГИЙН УТГА ЗОХИОЛЫН УРЛАГИЙГ ӨНГӨЛӨГЧ. Бүхэл бүтэн утга зохиолыг шүү! ГАЙХАЛТАЙ.  

Нээрэн л Монголын орчин үеийн уран зохиолын түүхэнд урьд өмнө дуулдаагүй нэгэн “гайхалтай, жигтэй” дээд амжилтыг нэгэн зохиолч тогтоогоод байгаа аж.  Манай улсад номын дэлгүүрийн соёл бүрэн утгаараа дэлгэрч, хамгийн их борлуулалттай ном буюу bestseller хэмээх ойлголт тогтсоноос хойш 20-иод он  улирчээ. Чухам bestseller гэдэг нь л дээр дурдсан “гайхалтай, жигтэй” дээд амжилттай холбогдон  бидний сонирхлыг маш их татаж байна. Учир юун гэвээс яг одоо цохилон буй цаг үед нэг зохиолчийн  бүхэл бүтэн таван ном “Уран зохиолын bestseller” хэмээх тавиурын дээд эгнээг ханайтал дүүргэж, цог залиа мандуулж байна. гурав бол яах вэ гэх санж, дөрөв бол хараад өнгөрөх сөн, тавын таван ном шүү дээ. Гайхалтай! Жигтэй!  

Энэхүү агуу амжилтыг тогтоосон субьект болон обьект бол Todko Samson буюу Мягтартогтох, түүний “Чамд хэн итгэх юм бэ?” роман билээ. “Чамд хэн итгэх юм бэ?” роман нь “Вангийн нулимс”, “Харь хэлээр яригсад”, “Сүрэг” хэмээх үндсэн гурван дэвтэр, “Миний хайрт, миний хуримын гэрч”, “Дээд айл” гэсэн “мөчир бүлэг”-үүдээс бүрдэнэ (Ташрамд дуулгахад энэхүү “мөчир бүлэг” хэмээх нэр томьёог зохиолч өөрөө “зохиосон”. С.Б).  Ном бол “соёлын бараа” учраас борлох, борлуулах, их зарагдах, бага зарагдах, худалдах, худалдан авах нь хувь хүний хэрэг боловч муугаар хэлбэл үгэнд дурлаж явдаг, сайнаар хэлбэл уран зохиолыг сонирхол, итгэл үнэмшлээ болгосон (ядаж байхад МУБИС-ийг энэ мэргэжлээр төгссөн С.Б) над мэтэд тун хачирхалтай санагдаж ном хэвлэлийн салбарын “оны шилдэг борлуулагч” цолыг өрсөлдөгчгүйгээр үмхлэн залгигч аварга мангас, их зохиолч Todko Samson-ы үлэмж романы “Вангийн нулимс” хэмээх нэгдүгээр дэвтэр дор уг өчүүхэн бичвэрээ ивж байна. 

Улс орон даяар ийн их “борлосон” номын агуулгыг бичнэ гэдэг ичгэвтэр боловч миний мэт алмай лэнсий нөхөд байх болуужин гэж сэтгээд  зохиолыг товч танилцуулъя. “Вангийн нулимс” 557 нүүр урсана. Урсахдаа зохиолчийн ихэнхэд нь очиж үзсэн газрууд болох Хятад, Австри, Герман, Швейцарь зэрэг улсууд мөн Монгол улсын УБ, Эрдэнэт, Дархан зэрэг газраар тойрох ба зохиолч бүгдэд нь бус ихэнхэд нь очиж үзсэн гэдгээ өөрөө улайж буй учир Эрдэнэт, Дархан хэмээх газруудад яг очиж үзсэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Юун түрүүн зохиолын дүрүүдийг сайн хүн, муу хүн гэж ялгавал зохино. Уг зохиол, хүнд мөнх хутгийг ч өгч чадах, хүний амийг тэр дор нь бүрэлгэж ч болох “үүдэл эс” хэмээх гайхамшигтай нээлтийг ороон үргэлжилнэ. Энэ эсийг Доктор Ван гэдэг хятад хүн нээсэн (Энэ нээлтэндээ “Вангийн нулимс” гэж нэр өгсөн юм. Зохиолын нэрний учир энэ. С.Б) бөгөөд үүнийхээ эсрэг ерөндгийг ч мөн адил бүтээсэн байна. Ван бол их сайн хүн. Харамсалтай нь энэ ганцхан дусал нь л дэлхийг захирах хүч бүхий бүтээлийг муу хүмүүс өөр зорилгоор ашиглах гэнэ. Муу хүмүүс нь их мөнгөтэй. Тэгээд л сайн муу талууд хоорондоо үзэж тарж, үсэрч наалдана. Сайн тал нь алуулаад л, бүлүүлээд л, хүлүүлээд л байна. Гэтэл нэг л өдөр сайн  сайны дундаас онцгой сайн хүн бууж ирсэн нь зохиолын гол дүр Улсболд (Улсаа гэж дуудна). Муу хүмүүс үүдэл эсийг ашиглан вакцин хийж ядуу буурай орны иргэдэд туршиж аюул тарьж байсныг нь Улсаа мэдээд хамаг л зовлон зүдгүүрийг туулан улсаа авраад зохиол төгсөнө өө.  

Эрэлхэг, баатарлагийн туйл болсон энэ зохиолыг хэд хэдэн кинотой холбон тайлбарлахыг минь зөвшөөрнө үү!  

Нэгдүгээрт: Нэгэн баатрын гайхамшиг  

Детектив зохиол учир Холливудын мөн жанрын кинонуудтай адилхан байх нь дамжиггүй. Хамгийн олны танил жишээ бол Liam Neeson  гол дүрд нь тоглодог “Хулгайлагдсан нь” гэдэг кино. Уг кинонд гол дүр ганцаархнаа л ямар ч гал руу чармай нүцгэн дайрч орсоор байгаад дайснаа дарж дархан цолоо мандуулдаг (Ер нь энэ ганц хүний баатарладаг онцлогийг манайхан дуурайхыг ихээхэн оролдож “Үргээлэг”, “Босуул” зэрэг бүтэлгүй хуулбарууд хийсэн. С.Б). Романд ч мөн Улсаагийн эсрэг бүхэл бүтэн Хятад улс цаашлаад зүүн өмнөд Ази тэр чигээрээ байхад л мань эр гайхамшигт эрдэм чадал, хурц гүйлгээ ухаанаараа даван туулж чаддаг үнэнхүү “баатар” билээ. Үүний хажууд “Хулгайлагдсан нь” киноны баатар Bryan Mills байтугай хурмаст тэнгэрээс заяагдсан Гэсэр, Жангар ч багадна. Улсаа бол агуу хүн учраас агуу оюун ухаан, агуу сэтгэл, агуу хүч чадал, агуу арга заль, бас агуу хүүхний тэнгэртэй (Хүүхний тэнгэртэй байтугай тэр өөрөө “хүүхний тэнгэр” гэмээр. С.Б). Түүнд лав Агиа, Өглөөсайхан, Хулан, Лин Лин гэсэн хүүхнүүд ухаанаа алдтал дурласныг зохиолд бичсэн байдаг. Улсаа ч өөрөө эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйг бодно.  Улсаа, Ван докторын охин Лин Линтэй амраглан байхдаа “шинэ бичвэрийн хуудас нээж цагаан дэлгэцийг цоолдох мэт удаан ширтсэнээ хоёр гараа хагас зангидан хооронд нь нудрагалан тулгаж, ног ногхийлгэн дуугаргаад “ЧАМД ХЭН ИТГЭХ ЮМ БЭ?” гэсэн гарчиг тавиад нүдээ анилаа” гэснээр зохиол төгсөж байгаагаас үзвэл Улсаа бол зохиолч Todko Samson-ы идеал дүр, туйлын хүслэн, сэрүүн зүүд юм. Яагаад гэвэл “Чамд хэн итгэх юм бэ?” романыг Улсаагийн оюун санаа, Todko Samson-ы махан бие бүтээж байгаа мэт төгсгөлтэй. “ГАЙХАЛТАЙ”. Түүний бүтээсэн төгс дүр, түүний оюун санааны төгс дүр, түүний оюун санааны дээд хэмжүүр.  

Хоёрдугаарт: Өөрөө тодорсон хувилгаан  

Алдарт “Simpson’s” анимэйшны олон хэсэг ирээдүйд болох явдлуудыг зөгнөсөн мэт байдаг тухай жишээ баримтууд бий. Нээрэн л “Хоёр өндөр”-ийг мөргөсөн, Трампын ерөнхийлөгч болсон зэргийг үзүүлчихсэн л байдаг. Ийм болсон явдлуудыг нь тоолж бүртгэдэг youtuber-үүд хүртэл бий.  

Орчин үеийн дэлхий ертөнцийг тэр чигээр нь айлгаж буй аймшиг бол “корона вирус”. Тэгвэл цар тахал дэгдэнэ гэдгийг “Вангийн нулимс” зөгнөчихсөн гэж үзэх үндэслэл байна. Энэ үндэслэлийг хэн нэгэн нотлон яриагүй гагцхүү зохиолчийн ирээдүйг таамаглах хувилгаан эрдэм өөрөө тодорсон билээ. “Simpson’s”-оос илүү ач холбогдолтой, ноцтой ирээдүйг зөгнөсөн учир өнөөдөр өргөн олон түмэн бишрэн сүсэглэж, бараг л номынх нь өмнө зул барин, арц хүж уугиулж, сан тавиад оройн дээд болгон залж “заавал унших ном”-ын тоондоо оруулах нь зүй ёсны хэрэг. “Вангийн нулимс” романд 2018-2022 оны хоорондох үйл явдлыг лавтай дүрсэлсэн. Тэгвэл удаах дэвтрүүдэд сүнс зайлмаар “мэргэ төлгө”-үүд байхаас зайлахгүй бөгөөд бидэнд гагцхүү бүү биелээсэй гэж хичээнгүйлэн залбирах л үлджээ. Гэвч хувилгаан бээр ямар нэгэн шижмээр зөгнөл нь биелсэн гэдгийг айлтгасаар, хэдэн муу сүсэгтнүүдээ айлгасаар байх нь ч мөн гарцаагүй.   

Зохиолын зохиомж нь нэлэнхүйдээ хоёрдугаар биеэс буюу хөндлөнгөөс хүүрнэж байгаа маягтайг халтихан анзаарваас дараах сонин сонин онцлогтой.  

НЭГ: “Гэнэт яншигч” буюу зөнөгрөх өвчтөн 

Зөнөгрөх өвчин гэдэг нь энгийндээ бол ярьж байсан сэдвээсээ хадуурах, хийж буй болоод хийх үйлээ мартах гэх мэт ухамсар түр зуур сарних эмгэгийг хэлдэг. Яг ийм эмгэг зохиолд нүүрлэжээ. Жишээлбэл, үүдэл эсийг алах, хядах зорилгоор ашиглаж буй муу хүмүүс буюу Хятадууд Дорноговь аймагт шүлхий өвчинтэй төстэй шинж тэмдэгтэй мөртлөө шүлхийгээс хэд дахин хурдан тархаж, үхүүлэх аюул учруулдаг вирус “тараагаад” мал хуй тэр дороо л сүхдүүлсэн юм шиг үхэж, хоёр ч хүн вирусээс шалтгаалсан байх магадлалтай талийгч болоод “Онц байдал” зарлачихсан газар ХӨСҮТ-ийн захирал Самбуу доктор тахлыг даралцахаар ажиллаж байгаа юм л даа. Хилийн цэргүүд ажлын хэсгийнхэнд “их найман ханат гэр” барьж өгнө. Гэтэл! саяхан л гамшгийн байдалтай, аймшигт уур амьсгалтай байсан зохиол дундуур “зөнөгрөх өвчтэй хүн” тэс хөндлөн орж ирээд “гэнэт яншиж” эхлэв. “Тарлан цастай нүцгэн газар шал ч зулалгүй монгол гэрийн хэрээсэн модон хана тойрог татан гортиглоход, луун сийлбэр, үүлэн хээтэй хоёр улаан багана нь тооно өргөн сэрийн бослоо. Бараг унь бүрийг нэг цэрэг барин зогсож, тоононы нүх тааруулан хатгахад, өөр хэдэн цэрэг дээвэр туургыг нь барин гүйлдэж, цаваг, бүрээс, өрх гэхчлэн байх ёстой бүхэн хэдхэн хормын дотор нэгэн цул болж, үзэмж төгс, танан цагаан монгол гэр дүнхийн сүндэрлэлээ. Хэдэн цэрэг гэрийн доторх юмсыг хоёр, гурваараа дамжлан зөөж байхад бадируун биетэй, салхи наранд холцруутан хүрэн улаан туяа нүүрэнд нь суусан, мөрдөс дээрээ товхгор хоёр шар зураастай нэг цэрэг “нээг хоёр, нээг хоёр” хэмээн хүнгэнэсэн хоолойгоор хэмнэл өгөхөд, арав гаран байлдагч дөрвөн үе гэрийн бүслүүрийг нэгэн дуугаар чивчиртэл чангалав.  

Хагас цагийн дараа гэхэд гэрийн голд байрлуулсан төмөр зууханд хуурай хар мод чад падхийн дүрэлзэж, чандмана хээт цоолбор бүхий хаалтнаас нь галын дөл үе үе цухалзахад, халсан төмрийн үнэртэй халуун агаар гэрээр нэг тархав” (Вангийн нулимс. XIII хэвлэл 2020. 315-316 тал) гэж яншиж байгаа юм. Үүнийг үнэхээр зөвтгөж харвал монгол гэрийн бүтэц бүрэлдэхүүн, гэр барих арга дараалал зэргийг нэгд нэгэнгүй мэддэг гэдгээ ний нуугүй яншсан нь сайшаалтай ч юм шиг. Харин эрүүл ухаанаар  харах юм бол халдвар, тахлын үед шуурхай штабын байрлах гэр зөөж буулгахад амар хялбар, жижигдүү ядаж зургаан ханатай байх нь зүйтэй ч юм шиг. Лав л луун сийлбэр, үүлэн хээтэй хоёр багана “сэрийгээд” баймааргүй л байх юм. Энэ хэсэгт зохиолч бодвол дүрийн гадаад шинжийг дүрсэлж, орчны дүрслэл оруулах санаа агуулсан байна. Зохиолч магадгүй XX зууны хэдэн хүүрнэл зохиол, тэр дундаа Эрдэнэ баавайгаас уншсан байх. Тэгээд л заавал ингэж газар орон дүрслээд, хүний гадаад шинжийг бичвэл “гоё юм байна” гэж бодоо биз. Энэ онцлог үнэхээр монголын хүүрнэл зохиолын баримтад нэн түгээмэл (гоц сайхан дүрсэлсэн нь ч бий, дээрх шиг яншсан нь ч бий. С.Б). Гэхдээ дүрслэх дүрээ, дүрслэх орчноо онож дүрслэх хэрэгтэй. Зохиолын үйл явдалд огтхон ч хэрэгцээгүй нэг хөөрхий цэргийг сайран хацартайгаар нь дуудаж, тахлын газарт огт зохимжгүй “үзэмж төгс, танан цагаан найман ханатай монгол гэр” сүндэрлүүлэх хэрэг байна уу? Шулуухан бич л дээ! “Цэргүүд гэр барьж, удалгүй шуурхай хурал эхэллээ”. Ингээд л хангалттай байхад тархиных нь нейрон холбоос гэнэт тасалдаж байгаа юм шиг “луун сийлбэр, үүлэн хээ”.  

Жишээлэн авсан “яншаа” бол хамгийн богино яншааны л нэг. Шинэ хот гарч ирвэл тэрний тухай, түүх домог сэлтээс өгсүүлээд, Мосе гэдэг хүний намтар гэх мэтээр аян замын тэмдэглэл, сурах бичиг эсвэл детектив зохиол алин болохыг мэдэхээ байтал яншина. Хэрэв урт урт зөнөгөрсөн яншаануудыг хассан сан бол наанадаж хэдэн боодол цаас, цаанадаж уншигчийн цаг зав, бүүр цаашилбал зохиолчийн нөр их хөдөлмөрийг өчүүхэн ч атугай хэмнэх байсан биз ээ. Энэ бол манай мундаг зохиолчийг хар массын эрээчигчдийн л нэг, утга зохиол шинжээчдийн дурдаад байдаг Мухар, Шүүдэрцэцэг, Сарантуяа нарын л өрөөсөн дугуй гэдгийг бэлхнээ илтгэх аж. Нэг зүйл анхааруулан  хэлэхэд таны яншаад байгаа юмс худалдан авагчдын сэтгэл ханамжийг бууруулж, борлуулалтанд сөргөөр нөлөөлж ч болох юм шүү! 

 ХОЁР: “Шог гараа”  

Хошин шог гэдгийг 90-ээд онд “шог гараа” гэж нэрлэдэг байсан юм билээ. Энд буй “гараа” гэдэг үг нь “гаралт” гэсэнтэй утга дүйж байна. Харин “гараа”-ны өөр нэг “аливаа юмны эхлэх газар” гэсэн утга нь “Вангийн нулимс”-ын бас нэгэн “гайхамшиг” болсон нь “гайхамшигтай”. Зохиолч өөрөө ч энэ “гайхамшгаа” мэддэг байх. Зохиол ихэнхдээ харилцан яриа, үйл явдлуудын ээдрээ өөрөө тайлагдах маягаар өрнөх боловч бараг бүх бүлэг, хэсгийн эхлэлд ямар хэрэгцээтэй нь мэдэгдэхгүй уянгаар халина аа. Үүнийг л “Шог гараа” гэж хэлээд байгаа юм.  

Тухайлбал нэгэн хэсгийн эхэнд “Цас улам бүр уулгалан бударсаар… Машины шил арчигч хоёр тийш нэг хэмнэлээр гулгана. Тэгэх бүрдээ салхины шилэн дээр буух төдий хайлах цасыг хоёр тийш яран арчсаар, салхины шилний хоёр хажууд бөөгнөрсөөр цул болон овойн тогтжээ” (Вангийн нулимс. XIII хэвлэл 2020. 92 тал) гэснээ шууд л Улсаагийн хэрэг явдал руу явж орж байх юм. Яах гэж энэ цас цул болон овойгоод байгаа юм бэ? иймэрхүү жишээ уг зохиолд нэн их, бишгүй олныг ч дурдаж болно. Дахиад л зөвтгөж бодох юм бол зохиолч өөрийнхөө эх хэл, найруулгын эрдмээ үзүүлэх гээд байгаа ч юм уу?! Үнэндээ тухайн зохиолч хэр “том” зохиолч вэ? гэдгийг эх хэлнийхээ мөн чанарыг хэр ойлгосон, эх хэлээ хэр эзэмшсэн, эх хэлнийхээ хөгжилд хэр зэрэг хувь нэмэр оруулсан зэргээр тодорхойлох нь бий. Зохиолч энэ л жам зүйгээс өчүүхэн төдий ч хоцрохыг хүсээгүйдээ ингэж хэсэг, бүлэг бүрээ “шог гараатай” бичсэн  ч юм бил үү? Даанч уг зорилгод энэ зохиолынх нь хэл тэнцсэнгүй. Уран зохиолын найруулга гэдэг маш индивидуал шинжтэй нэг үгээр бол зохиолчийн авьяас голлох үүрэгтэй. Тиймдээ ч Д.Нацагдоржийн найруулга, С.Эрдэнийн найруулга, Ж.Лхагвын найруулга, Гүр.Нямдоржийн найруулга, П.Баярсайханы найруулга, Аюурзанын найруулга гэж тус бүрдээ давтагдашгүй хэв маягтай, уран зохиол судлал шинжлэлийн хэрэглэгдэхүүн болж чадах  индивидуал оршихуй байдаг билээ. Мэдээж “Вангийн нулимс”-ын найруулгаас ийм чанар хайгаад хэрэггүй. Дээр дурдсан жишээний нэгэн адил хийсвэр, зохиомол, хүчилсэн, хэрэггүй “уянгын халил”-ууд, “шог гараа” л байгаа.  

Нэмж хэлэхэд “Вангийн нулимс”-ыг үлээдэг бөмбөлөгтэй зүйрлэлтэй. Бөмбөлгийг үлээгээд байхаар хагарах нь тодорхой байдагчлан зохиолч айдас жихүүдэс төрүүлэм адал явдлууд 557 нүүрийн 550 хүртэл урсгаж байснаа гэнэтхэн л өөрөө бүх гогцоог нь тайлж өгөөд уншигчийг “халуун будаагаар түлж” байгаа нь бөмбөлөг хий хоосноор дүүрч байгаад хага үсэрдэгтэй л адил үнэ цэнгүй хэрэг (Детектив зохиол ийм л байх ёстой, ийм байхад нь худалдан авагчид дуртай. С.Б). Зохиолч хэмээгч монгол гадаад нэрийн холимог маань “ ажаам, авай, буй за” гэхчлэн зохиолынхоо уур амьсгалд тохиромжгүй бичгийн хэлний баймж ашиглаад том зохиолч болж чадахгүйтэй адил, бас “боловсруулалтад оруулах, хувиралтад орсон, алдаа явагдаагүй” (боловсруулах, хувирах, алдаагүй. С.Б)  гэх мэтээр (маш олон жишээ бий. С.Б) үйлийг нэршүүлэхгүй байхыг анхаарвал “алдаа явагдах” нь арай багасах “буй за”!  

“Уран зохиолын bestseller” гэдэг тавиур дээр байхаараа л ямар ч хавтас шилдэг болчихдог юм биш. Уран зохиолд эрэмбэ дараалал гэж бий. Уран зохиолыг: 

  1. Сонгодог буюу классик уран зохиол  
  2. Элит уран зохиол  
  3. Хөнгөмсөг цагаан буюу беллетристка зохиол  
  4. Олон нийтийн буюу массовый уран зохиол гэж эрэмбэлдэг бөгөөд яагаад ингэж эрэмбэлдэг? Аль эрэмбэд ямар зохиол ордог? тухай манай нэрт шүүмжлэгч Ч.Билигсайхан, Д.Галбаатар, С.Энхбаяр, Г.Батсуурь  нар олон шүүмж бичсэн бөгөөд ялангуяа “олон нийтийн” гэдгийг уран зохиол бус “бараа” эсвэл бүр “хог новш”, “эрээчсэн цаас” төдий юм болохыг сануулан хэлсэн байдаг.  

Массын уран зохиол бол “уран сайхны соёлд хамаарагддаггүй буюу бага хэмжээгээр хамаарагддаг, эрэлт хүсэлт багатай, уран сайхны нарийн нандин таашаал өгөх чадваргүй, тийм хүсэл сонирхолгүй, зохиолыг үнэлэх гол шалгуур нь гол дүрийн баатрын үйл явдлаар зугаацуулсан, орлого олох зорилготой хэвлэлийн бүтээгдэхүүн төдийхөн шинжтэй” (С.Энхбаяр, Г.Батсуурь “Уран зохиолын тухай яриа-3” 2018, 86-87 тал) оюун санааны доод түвшний зугаа юм. Энэ эрэмбэд адал явдалт, шоронгийн, эмэгтэйчүүдийн, порнограф гэх мэт олон төрөл багтана. “Вангийн нулимс” гэдэг адал явдалт зохиолорхуу юманд аль аль шинж нь бий. Утга зохиолыг өнгөлөгчийн шоронгийн элдэв балиар жаргон ашиглаж порнограф дүрслэл бичсэн жигшүүрт жишээг үзвэл: “Орилвол үхнэ. Элдэв үйлдэл хийвэл үхнэ. Над руу муухай харвал бас үхнэ. Дуугарвал хоолойг чинь хэрчинэ. Дайрвал гар хөлийг чинь тасдана. Эсвэл” гээд хутгаа түүний яг эрүүн доор нь аваачиж чичлээд” гэснээ Улсаад дурласан, бас мэдээлэл дамжуулсан Өглөөсайхан бүсгүйг гаж донтой алуурчин хүчирхийлэн амийг нь бүрэлгэж байгааг: “Өглөө түүний хэлсэн үг бүрийг дагах нь нэн өрөвдөлтэй. Залуу түүний цавин тушаа нь, үтрээнээс хоёр хуруу зайтай газар хутгаараа жижигхэн зүссэнд цайвар улаан цус шүүрэн гарч ирэв. Залуу амныхаа маскийг хамар луугаа сөхөөд, цусыг шүлэнгэтэн долоолоо. Тэгээд бүсгүйг түрүүлэг нь харуулан хэвтүүлээд өмднийхөө тэлээг сугалан авч хоолойг нь ороогоод хүчирхийлж эхлэв. Түүний энэ үйлдлийг хүнээс төрсөн бүү хэл, араатнаас төрсөн араатан харсан ч элэг эмтрэм хэрцгий аж. Өглөө жигшүүрт энэ хэрэг хэрхэн төгсөхийг төсөөлж ч чадсангүй. Түүний хоолой нь боогдон ухаан нь балартан ирэхэд нүдэнд нь ээж нь бас Улсаагийн төрх булингартан харагдаад… тас харанхуйлав” (“Вангийн нулимс” XIII хэвлэл, 254-255) гэж дэндүү эрээ цээргүй, ёс суртахууны өчүүхэн ч хэлтэрхийгүй “заваан” бичсэн байна. Энэ мэтийг нь яах вэ зохиогчийн биелээгүй сексийн хүслийн илрэл, эсвэл сонгодог бүтээл туурвиж чадахгүй байгаадаа өширсөн дотоод либидогийнх нь түлхээс хэмээн цагаатгалаа гэхэд энэхүү зохиолорхуу юмыг нь сонирхон худалдан авагчдын ихэнх нь залуу эмэгтэйчүүд байдгийг дурдахгүй өнгөрч боломгүй.   

Бидний хэлэлцэж буй “соёлын бараа” аль ч талаараа уран зохиолын доодын доод эрэмбийн буюу юун яасан бестселлер, зүй нь “хөлийн тавиурын од” хар массын уран зохиолд бахархалтайгаар хамаарах тул уран зохиол задлалын дэг сургуулиудын үүднээс тайлан тайлбарлаж, шүүмжлэх ямар ч бололцоогүй. Гэсэн хэдий ч уран зохиол бол нэг талаасаа тухайн үндэстний сэтгэлгээний хэмжүүр, гоо зүйн боловсролынх нь нэгэн шалгуур байдаг, нөгөө талаасаа уран зохиолд дур сонирхолтой гэдэг даруухан үгэнд багтаадаг боловч үнэн хэрэгтээ түүнийг эрхэм дээд хүсэл мөрөөдөл, үнэт зүйлээ болгосон бид мэтэд түүнийгээ хайрлах харамлах, цэвэр ариун байлгах гэсэн чин хүсэл байдаг тул энэ мэтийг бичихээс аргагүй байна. Яг таны, та бүхний мөнгөний зохиол бичихгүй бол сууж чадахгүй байгаа шиг л зовлонтой юм..,  

“Вангийн нулимс” гэдэг “соёлын бараа” болбоос орчин цагийн утга зохиолын бест биш, харин арилжааг өнгөлөх хөлийн тавиурын од гэдгийг зүрхлэн дурдъя. Хэрвээ зохиолчийн авьяас билиг нь гэнэт л “өөрөө тодорч”, төрөл арилжин гийгүүлдэггүй л юм бол дараагийн цувралууд нь ч гэсэн хөлийн тавиурыг “өнгөлөх” нигуураас хэтрэхгүй гэдгийг уншаагүй ч гэлээ хэлж чадах байна. Уран зохиолд нэмэлт цагийн хөлс, бүтээмжийн нэмэгдэл, хөдөлмөрийн нөхөн олголт гэж байдаггүй юм. Учир нь энэ бол асар их хөдөлмөрөөс илүү авьяасын өчүүхэн цучлыг илүү үздэг шударга бөгөөд харгис орчин гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу хэмээн найдна. Ингээд та бүхнийхээ инфлүэнсэр, менторын ажилд амжилт хүсэхийн хамт улам олон дээд рекорд тогтоосоор л байхыг ерөөмүй! 

2021.01.21

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

  1. Хичээнгүйлсэн шүүмж байна. Цөөн үгээр ил тод, ойлгомжтой бичсэнд баярл####аа. Олон хүний шүтээн болсон байна лээ кк. Масс зохиол удахгүй мартагдана. Яг сери#### шиг.

  2. өндөрт мандчихсан, өөрийгөө өргөмжилсөн баатарыг ингэж нэг хэлдэг хүн гарч ирэх гэж… гарч ирэхгүй нь л гэж бодож байлаа шүүү

  3. Мэргэжлийн шүүмжлэгч гэх мөртөө 2,3 ш####чигануур нөхөд яг л хов базаж байгаа юм шиг үнэхээр жул гэхэд жул шүүмж байна… “ШҮҮХ гэж шүүмжилжээ” гээд нэг үг байдагдаа… жирийн уншигчийн сэтгэгдэл тэмдэглэл байсан бол жаахан шүүсийг нь шахаад л болохсон… иймд мэргэжлийн шүүмж гэж харахгүй л юм байна…

  4. Бест биш үү гэвэл тийм ээ, биш. Зарим нэг үйл явд#### хэтэрхий нуршаа, хэт уянг####ж нялуурсан. Зарим үйлийн зурагл#### дүрслэл аймар заваан, бохир. Хэт харгис. Харин шүүмж бичигч яг л шүүмж т####аасаа дагнан бичсэн бол зохистой байлаа. Заав#### хэн нэгний нэр дурдан доромжлон харьцуулах хэрэг байхгүй. …… тэр тэрний өрөөсөн дугй ч гэдэг юм уу. Хувь хүн т#### руу дайрахгүй шүүмжээ бичиж уншигчдад зөв уншиж сурахад чиглэсэн өзвөлсж сэлт ч санаа болого хавсаргасан бол гэж харагдав. Шүүмж бол шүүлт, доромжлол биш байхаа.

  5. Уншихад уйдаахгүй ,манай нийгэмд байгаа дутагд####ыг үнэнээр нь оруулчихсан үйл явд#### нь сонирхолтой л зохиол байсан. Дээр үед аваргуудын шинэ гарсан романуудыг
    уншчихаад сүүлд гарсан шүүмжмйг нь уншихад надад төрсөн сэтгэгдэлтэй сайхан таардаг байлаа. Одоо юм өөр болсон юм байлгүйдээ үхэхээс.

  6. Үнэхээр зөв асуудлыг хөнджээ. Бүр нэг од болоод байсан юм аа, гэтэл жинхэнэ уран бүтээлчид чимээгүйхэн бүтээлээ туурвисаар л яваа даа, з####уу шүүмжлэгчид амжилт хүсье, бас нэгэн сайн шүүмжлэгч төрж байгаа юм байна. амжилт

  7. миний хувьд утга зохиол гэдэг нь сурах зүйлтэй уншихад урамтай үлгэр дуурайл#### болсон зүйл гэж ойлгодог энэ зохиолоос авах зүйл ёстой ганц ч байгаагүйдээ ядаж л зовлон жарг####тай үед нь үргэлж өөрийнх нь т####д байж хамгийн их итгэл найдвар тус авсан бүсгүйгээ хаяад хятад хүүхэн сонгож байгаа гэх мэтчилэн , гол нь гадааддаа биш үнэнч зан хариуцлага гэдгийг зохиолч нь юу гэж ойлгодог гэдгийг мэдэхгүй юм хувь хүн т####аас нь шинжвэл их олиггүй хариуцлага хүлээх чадваргүй хүн юмуу даа гэсэн бодол төрсөн

  8. Орчин цагийн сэтгэцийн өөрчлөлттэй зарим хүмүүс өөрийнхөө хийж чадаагүй, үйлдэж үзээгүй бэлгийн гаж донгоо уран зохиолоор дамжуулж бу######д дэлгэж дур тавьдаг болсон гэлтэй. Тодко гэдэг з####уу үүний том тод жишээ. Доржийн Болортуая гэдэг авгай бас дандаа бага насны хүүхдийн сексийн хүчирхийллийн тухай ном орчуулж тавьдаг. Бас л бэлгийн комплекстэй нэгэн.

  9. тодко гуай өөр зүйл хийх хэрэгтэй, вангийн нулимсыг 10 хуудас эргүүлээд л ойлгомжтой бсан.. аймшигтай үг, өгүүлбэрүүдийн нийлэмж.. бичсэн, уншсан ####ь ч хүний хайран цаггг ккк

  10. шүүмжлэл гэдэг энэ юмуу,арай л өөрөөр ойлгодог юмсан, шинэ үеийн сор болсон шинэ з####уу зохиолынхоо бүтээлийг харьцуулаад хэлний утга уянгынх нь ялгаа зааг нь харуулах ёстой биздээ, үнэхээр жул байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button