Ярилцлага

Л.Батцэнгэл: Цэдэнбал Филатова надаар Брежневт тэмдэг хийгүүлснийх нь хариуд Хүүхдийн ордонг бэлэглэсэн

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нэхэмжлэлтэй, А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2021.06.07/ хянан хэлэлцлээ. Улмаар түүнийг цагаатгасан юм. Үүнтэй холбогдуулан урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Батгэнгэлтэй хийсэн ярилцлагыг сэргээн нийтлэв.

-Л.Брежневт зориулан “Хүндэт иргэн” тэмдгийг зохиож өгөхөд баярласандаа Хороолол, Хүүхдийн ордонг Монголд бэлэглэж билээ-

“Л.Брежневт зориулан “Хүндэт иргэн” тэмдгийг зохион, түүнд зүүж өгч билээ. Төрийн дээд одон медалийг тийм том албан тушаалтанд гардуулна гэдэг яах аргагүй ховор хувь заяа. Брежнев баярласандаа Хороолол, Хүүхдийн ордонг Монголд бэлэглэсэн. Хороолол, Хүүхдийн ордонг миний зохиосон тэмдгийн ачаар үнэгүй авсан юм шүү дээ, монголчууд” хэмээн даруухан өгүүлэх түүнийг Лувсандамбын Батцэнгэл гэдэг.

88 настай тэрбээр Ардын, Гавьяат цолтны, Төрийн шагналын тэмдгийг зохиосон. Төрийн дээд 34 одон, медалийн 14-ийг нь Л.Батцэнгэл гуай бүтээсэн гэж бодохоор бахархахгүй байхын аргагүй. Түүгээр ч үл барам “Хүндэт иргэн”, “Шударга журам” зэрэг нийт 718 одон, медалийн загварыг гарган, зохиосон гавьяа түүнийх. Үүний сацуу хос бүхэн хурим хийхдээ эрхэмлэн дээдэлж зүүдэг хаан бугуйвч, хатан сүйхийн загварыг зохиосон эрхэм бол Л.Батцэнгэл гуай.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны нарийн бичиг, туслахаар 15 жил ажилласан, ахмад дипломатч тэрээр сар шинийн босгон дээр, уржигдар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн юм. Гавьяатын тэмдгийг бүтээсэн эрхэм Гавьяат цол авч, энгэрээ мялаалгасан нь яах аргагүй ховор үйл явдал. Гавьяат болсондоо итгэж ядан, баярлаж суугаа Л.Батцэнгэл гуайтай ярилцлаа.

ЕРӨНХИЙЛӨГЧ НАМАЙГ ОНЦЛОН БАЯР ХҮРГЭХЭД НЬ СЭТГЭЛ ИХ ХӨДӨЛЛӨӨ

-Гавьяатын тэмдгийг урласан эрхэм Гавьяат цол хүртэн, өөрийнхөө бүтээлийг энгэртээ зүүсэн нь яах аргагүй дахин давтагдашгүй үйл явдал. Юуны өмнө Төрдөө “үнсүүлж”, Урлагийн гавьяат зүтгэлтэн болсонд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Ёстой санаандгүй юм боллоо. Ийм өндөр шагнал хүртэнэ гэж үнэндээ бодоогүй. Ер нь хийж, бүтээснээ бодож, жинлэвэл авах болзлыг нь хангачихсан байсан юм, ний нуугүй хэлэхэд. Би Ардын, Гавьяат цолны, Төрийн шагналын зэрэг нийт 718 одон, медалийн загварыг бүтээсэн. Төрийн дээд 34 тэмдэг, одон, медаль байдгийн 14-ыг нь би зохиосон. Пионерын тэмдгээс авхуулаад Ардын, Гавьяат цолтонд шагнал хүртээхдээ миний бүтээсэн тэмдгийг зүүж өгдөгт их бахархдаг. Шагнуулсан хүний энгэрт гялалзаж байхыг харах сайхан.

ӨӨРИЙНХӨӨ ЗОХИОСОН ГАВЬЯАТЫН ТЭМДГЭЭ ЗҮҮН АЛХАЖ ЯВАХДАА БАЯРЛАСАНДАА ХӨЛИЙН ӨВЧНӨӨ Ч МАРТЧИХСАН

-Ерөнхийлөгчөөс шагналаа гардан, өөрийнхөө зохиосон тэмдгийг энгэртээ зүүн зогсож байх мөчид юу бодогдож байв?

-Их бахархах сэтгэл төрлөө. Ерөнхийлөгч намайг онцлон “Гавьяатын тэмдгийг зохиосон Л.Батцэнгэл гуай гавьяат боллоо” гэж хэлэн баяр хүргэхэд нь үнэхээр баярласан. Нулимс өөрийн эрхгүй нүд бүрхээд байлаа. Арай л уйлчихсангүй.

Гавьяатын тэмдгээ энгэртээ зүүн алхаж явахад мөрөн дээрээс юм аваад хаячих шиг санагдсан. Миний хөл өвддөг, таягтай явдаг юм л даа. Юу болсон гэж санана. Сэтгэл хөдлөөд, хөлийнхөө өвчнийг бүр мартчихсан. Нэг мэдэх нь ээ таяггүй, хурдан хурдан алхаж явна лээ. Хүү минь бүр гайхсан шүү. Өвчин чинь хүний сэтгэлээр юм байна аа.

Шагнуулсан талаараа яриад, аав, ээжийгээ бодсон чинь сэтгэл бүр хөдөлчихлөө. Би нээрэн эх орныхоо төлөө үнэхээр үнэнч хөдөлмөрлөсөн. Манай гэр бүлийнхэн гайхдаг байсан юм. Нэг удаа бүр ээж минь надтай уулзаж чадалгүй жил болж байлаа. Амралтын өдөр, шөнө ирэхэд нь ч би гэртээ байхгүй. Ажил дээр завгүй хөдөлмөрлөж явсан он жилүүд бий. Ээж “Ядарч байна уу” гэж асууна. Би ядарсан ч тоохгүй. Аав “За, иймхэн юманд сөхрөхгүй. Ийм насанд ядарна гэж юу байх вэ, зүтгэ” гэдэг байв.

-Таныг өмнө нь дөрвөн ч удаа Гавьяатад тодорхойлж байсан юм билээ.

-Өө, тэгсэн. Хаана нь очоод гацчихдаг байсан юм, бүү мэд.

ТӨРИЙН ДЭЭД 34 ОДОН, ТЭМДГИЙН 14-ИЙГ НЬ БИ ЗОХИОСОН

-Таны ярианаас харахад та Гавьяат болох сон гэж хүлээж, хөөцөлдөж байгаагүй юм байна, тийм үү?

-Юу гэж тэгэх вэ. Би гавьяа, шагналын хойноос хөөцөлдөх үнэн голоосоо дургүй. Тэрэн шиг дэмий юм үгүй. Гавьяатын болзол хангалаа, хэзээ шагнах бол гэх хүлээлт надад огт байгаагүй. Хийж, бүтээснээ, хөдөлмөрөө үнэлүүлэх сэн гэж бодож явсангүй. Би гудиггүй хүн. “Гавьяат болох юм сан” гэж шунаж, хөөцөлдөж байсангүй. Хийсэн, бүтээсэн минь л намайг өдий зэрэгт хүргэсэн.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас гэнэт өмнөх орой нь хэлэхэд их сандарч, балмагдлаа. Гавьяат болж магадгүй гэх бодол, таамаг, сураг үнэндээ байгаагүй. Ямар нэгэн таамаг, сураг байсан бол ядахдаа өмсөх хувцсаа зэхэн, хэлэх үгээ бодохгүй юу.

Би хийж, бүтээх, хөдөлмөрлөх үнэхээр дуртай. Би нийт 718 тэмдэг, одон, медалийн загварыг зохиосон гэж түрүүн хэлсэн. Ямар нэгэн албан байгууллага, бусдын захиалгаар нэгийг нь ч хийгээгүй. Бүгдийг нь өөрөө санаачлаад, сайн дураараа бүтээсэн. Пионерын тэмдгийн өмнөх загвар нь дундаа соёмботой байсан юм. Төрийн эмблемийг тэгж хийсэн нь зохимжгүй байсан тул би өөрөө сайн дураараа шинийг зохиогоод, өгсөн юм. Одоо миний зохиосон загвараар шагнаж байгаа.

-Жилд хэчнээн Ардын, Гавьяат цолтон, Төрийн шагналтан, ойн, хүндэт медалийн эзэд төрдөг билээ. Тэр бүхэн таны зохиосон бүтээлээр шагнуулдаг, бусдад баяр, бахдал бэлэглэдэг гээд бодохоор өөрөөрөө бахархмаар санагдах юм уу?

-Бахархалгүй яах вэ. Өөрөө шагнуулсан юм шиг баярладаг шүү дээ. Гадуур явж байхад шагналын эзэд энгэртээ тэмдгээ зүүчихсэн явахыг харах сайхан. Монголын төр хамгийн шилдэг хүмүүстээ миний бүтээсэн одон, тэмдгийг гардуулдаг, хөдөлмөр, бүтээлийг нь үнэлдэг гэж бодохоор үнэхээр сайхан.

ӨӨРТ НЬ ЗОРИУЛЖ ЗОХИОСОН “ХҮНДЭТ ИРГЭН” ТЭМДГЭЭ БРЕЖНЕВТ ЗҮҮЖ ӨГЧ БИЛЭЭ

-Ю.Цэдэнбал дарга даалгасны дагуу та “Хүндэт иргэн” тэмдгийн загварыг хийлгүүлж, Брежневт бэлэглэсэн гэдэг. Үүнийх нь хариуд Брежнев баярласандаа Монголд Хороолол, Хүүхдийн ордонг бэлэглэсэн юм билээ. Сайн бүтээлийн үнэ цэнэ эндээс харагдаж байна. Тухайн үед юу болсон талаар ярихгүй юу?

-1974 оны нэгэн орой ажил дээр сууж байтал гэнэт утас дуугарав. Авах нь ээ И.Брежнев дарга Бал даргатай холбоо барих гээд залгаж. Москватай шууд холбогддог утас байсан юм. Бал дарга ярьсныхаа дараа Л.И.Брежнев Монголд ирэхээр болж гэлээ. Тэгснээ “За, байз яах вэ. Одоо түүнийг шагнаагүй одон, медаль үлдээгүй. Шагнал давхардах гээд байна. Дархан хүн бурхан ухаантай. Чи ерөөсөө нэг тэмдэг зохиогоодох” гэв. Тэр шөнө нь суугаад нэг загвар зураад үзүүлэхэд Бал дарга зөвшөөрөв.

80 грамм алтаар урласан юм. Яг зохиосон загвараараа хийх гэтэл оосор нь даахгүй байв. Алт ямар хүнд билээ дээ. Эхийг нь хийж байсан орос мэргэжилтэн урам нь хугараад сэтгэлээр уначихав. Маргааш өглөө нь бэлэн болгоорой гэсэн үүрэгтэй, бид хоёр. “Яах вэ” гэж нэлээд бодлоо. Тэгээд зүүг нь гуулиар хийв. Тэгэхгүй бол алтаар хийвэл яагаад ч даахааргүй, уяраад тасрахаар байсан юм. Маргааш өглөө нь аваачаад даргад өглөө. Таалагдаж байгаа нь илт. Бал дарга “Хоёулаа хамт очъё” гэдэг юм байна. Брежнев дээр очтол “Энэ тэмдгийг зохиосон хүн нь энэ. Миний туслах байгаа юм. Танд бүтээсэн тэмдгээ зүүж өгнө” гэдэг юм байна. Би сандралгүй яах вэ. Тийм том албан тушаалтай хүнд Монголынхоо хүндтэй шагналыг зүүж өгнө гэдэг чинь ёстой ховор хувь заяа байхгүй юу.

Брежнев дарга “Алтан гартай залуу байна. Баярлалаа” гээд надад бугуйн цаг бэлэглэсэн юм. Ард нь “Брежнев” гэсэн бичигтэй. Тэгээд баярласандаа монголчуудад Хорооллыг бэлэглэсэн юм. Хорооллыг миний зохиосон тэмдгийн ачаар үнэгүй авсан юм шүү дээ, монголчууд. Монголдоо том гавьяа бүтээсэн хүн гэж өөрийгөө боддог юм. Цэдэнбал Флатова гуай Брежневт зориулж надаар өөр нэг тэмдэг хийлгүүлсэн юм. Тэгснийх нь хариуд Хүүхдийн ордонг Монголд бэлэглэсэн юм шүү дээ.

-Тэгэхээр таны хоёр бүтээлийн ачаар Монгол Улс Хороолол, Хүүхдийн ордонтой болсон юм байна шүү дээ.

-Тийм ээ. Худалдаж авбал овоо хэдэн төгрөг болно шүү дээ. Тэгж “Хүндэт иргэн” тэмдэг бүтсэн түүхтэй. Үнэ цэнтэй тэмдэг шүү. Тухайн үед бусад орнууд “Монголчууд ийм айхтар. Брежневийн хөлд суучихаж” гэж бодсон байх.

ХУРИМЫН ОРДОНГ МОНГОЛЧУУДАД БЭЛЭГЛЭХЭД ХАРИУД НЬ ХААН БУГУЙВЧ, ХАТАН СҮҮХИЙГ ЗОХИОЖ БАЙЛАА

-Та мөн хаан бугуйвч, хатан сүйхийг зохиосон эрхэм. Хос залуус, гал голомтоо бадрааж буй гэр бүлд зориулж бус өөр зорилгоор анх бүтээсэн юм билээ. Брежнев Монголд “Хуримын ордон”-г бэлэглэхэд хариуд нь бэлэг барихын тулд танаар хийлгүүлсэн гэдэг үнэн үү?

-Үнээн, үнэн. Цэдэнбал Филатова гуай нэг орой намайг дуудав. “Брежнев Монголд Хуримын ордон бэлэглэхээр боллоо. Хариуд нь юу бэлэглэвэл зүгээр вэ. Чи нэг сайн бодоодох” гэв. Буцаж явах замдаа бодож байгаад ерөөсөө Хуримын ордон бэлэглэж байгаа юм чинь холбогдолтой зүйл хийгээд бэлэглэе гэж бодов.

Хуримын бөгжийг бүтээснийхээ Бал даргад аваачиж өгөхдөө “Монгол Улс хуримын бөгжтэй боллоо.Та хоёр бие биендээ хийлгээд, зүүгээрэй” гэж билээ. Тэгэхэд Бал дарга “Тэгье ээ” гэсэн юм. Хаан бугуйвч, хатан сүйх Цэдэнбал Филатова гуайд их таалагдсан. Хуримын ордны нээлтэн дээр хоёр хосыг хуримлуулан, анх удаа зүүлгэсэн юм. Тэр үед Цэдэнбал Филатова гуай “Хуримын бөгжийг бүтээсэн уран бүтээлч нь энэ хүн” гээд намайг танилцуулж, талархал илэрхийлж билээ.

-Та ер нь хэр хугацаанд хийсэн бэ?

-Өөрийгөө магтсан болох вий дээ. Ер нь би нэг юм хийе гэж бодонгуут надад шууд төсөөлөгддөг, ерөнхий санаа нь төрдөг. Тэгээд л хийчихдэг юм. “Юуг, яаж хийх вэ” гэж ер толгойгоо гашилгаж үзээгүй. Цэдэнбал Филатова хэлэхэд л надад хаан бугуйвч, хатан сүйхийн ерөнхий санаа нь шууд төсөөлөгдсөн юм.

-Хуримаа хийн, гал голомтоо бадрааж буй гэр бүл бүхэн таны зохиосон хаан бугуйвч, хатан сүйхийг зүүдэг. Та ер нь өөрөө зүүж байв уу?

-Би зүүж байгаагүй (санаа алдав). Ах нь энэ талаар үнэндээ ярьж чадахгүй нь, уучлаарай. Монголын бүхий л хос хуримаа хийхдээ миний бүтээсэн бөгжийг зүүн, амьдралаа холбож буйгаар бахархдаг.

АРДЫН, ГАВЬЯАТ ЦОЛНЫ ТЭМДГИЙГ 1975 ОНД БИ БҮТЭЭСЭН

-Та 1975 онд Ардын, Гавьяат цолны тэмдгийг зохиосон. Анхандаа гавьяатнуудыг шагнах бус энгэрийн тэмдэг бүтээх зорилгоор урласан юм билээ. Дараа нь Ардын, Гавьяат цолтнуудыг шагнахаар шийдсэн юм уу?

-Яг тэгсэн. Эхэндээ зүгээр 1975 оны ойд зориулсан энгэрийн тэмдэг бүтээх зорилгоор зохиосон юм. ЗХУ-д захиалгаар хийлгээд, Монголд авч ирсний дараа харахад үнэхээр гоё харагдав. Ерөөсөө алдар, цолтнуудыг шагнадаг тэмдэг болговол ямар вэ гээд Бал даргад хэлэхэд дуртайяа зөвшөөрсөн. Тэгээд тогтоол гаргаад, Гавьяат цолтнуудыг шагнахаар шийдвэрлэсэн юм. Гэтэл Ардын цолтонд ямар тэмдэг өгөх вэ гэдэг асуудал ургав. Ардын цолтонд Гавьяатын хоёр тэмдэг өгөх асуудал ч яригдлаа. Тэгэхээр нь тэр шөнөө өөр загвар бүтээж билээ. Тэр нь одоогийн Ардын цолтнуудыг шагнаж буй тэмдэг. Ардын, Гавьяат цолны тэмдгийг тэгж 1975 онд бүтээсэн түүхтэй.

-Төрийн дээд одон, тэмдгийн загвар гаргах амаргүй. Бэлгэдэл талаас нь судална, загварыг нь гаргана, урлуулна гээд ажиллагаа ихтэй. Тэр хэр хугацаа зарцуулав?

-Ний нуугүй хийхэд хэлэхэд Ардын, Гавьяат цолны тэмдгийг хийх ганцхан минутийн л ажил. Төсөөлөөд, ерөнхий санаагаа л олчихвол зурах юухан байх вэ.

БИ НИЙТ 718 ОДОН, МЕДАЛИЙН ЗАГВАРЫГ БҮТЭЭСЭН

-Та төрийн дээд 14 одон, медалийн загварыг гарган, бүтээсэн эрхэм. Өөрөөрөө бахархмаар, онгирмоор үе заримдаа гарах юм уу?

-Ёстой тэгж үзээгүй. Би ер нь маанаг хүн. Өвдөж, зовсон ч ёолдоггүй. Би Ардын, Гавьяат цолны тэмдэг, Төрийн шагнал, “Шударга журам”-ын шинэчилсэн хувилбар зэрэг 718 одон, медалийн загварыг бүтээсэн. Төдийгөөс өдий хүртэл хугацаанд төрсөн бүхий л эдгээр шагналын эзэд миний зохиосон тэмдгийг энгэртээ зүүж яваа.

-Одоо танаар төрийн дээд одон, тэмдэг, ойн медаль, салбарын шагнал хийлгүүлэх санал хэр их ирдэг вэ?

-Одоо надтай дуугарах ч хүн алга. Ний нуугүй хэлэхэд би 1964 онд Алтан гадас одонгоор шагнуулсан. Тэрнээс хойш хэдэн жил болсон байна.

-57 жил

-“Алтан гадас” одонтой өнөөг хүрсэн гээд бодохгүй юу. Энэ хооронд би зүгээр суугаагүй. Хамаг шилдэг бүтээлээ энэ хугацаанд зохиосон.

ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД “МОНГОЛЫН ТӨР НАМАЙГ МАРТЧИХАЖ” ГЭЖ БОДОЖ ЯВЛАА

-Та ярилцлагынхаа эхэнд “Гавьяат цолоор шагнах болов уу гэсэн хүлээлт  байгаагүй” гэсэн. Ингэж их хөдөлмөрлөж, бүтээгээд байхад төр засаг яагаад үнэлэхгүй байгаа юм бол гэж гомдож байв уу?

-Сүүлийн үед энэ талаар бодогдох болсон юм. Гавьяа, шагнал авч буй хүмүүсийн хийсэнтэй өөрийнхийгөө харьцуулахаар үнэндээ инээд хүрмээр. Үнэнийг хэлэхэд “Төр намайг мартчихаж” гэж бодож явлаа.

-Үүнд таны даруу, төлөв байдал нөлөөлсөн юм биш үү. “Би ийм юм хийсэн, бүтээсэн” гэж та ярихгүй. Тэр хэрээр хийж, бүтээснийг тань өнөө цагийнхан сайн мэдэхгүй.

-Харин тийм ээ, тэгж нөлөөлсөн байх.

718 ОДОН, МЕДАЛИЙН ЗАГВАРЫГ ЗОХИОХДОО НЭГ Ч УДАА БУСДААС ХӨЛС АВЧ ҮЗЭЭГҮЙ

-Та 718 одон, медалийн загварыг бүтээсэн. Ер нь хөлс авч байв уу?

-Тийм юм хүний урамд авч үзээгүй. Байгууллагууд хийлгэчихээд л зугтаагаад алга болчихдог шүү дээ. Чи бод доо, 718 одон, тэмдгийн загварыг бүтээсэн гэдэг их тоо. Бүгдийг нь би сайн дураараа, хөлсгүй хийж өгсөн.

-Ажлынхаа хажуугаар тэмдэг, одон медалийн загварыг зохиодог байв уу. Хэрхэн зохицуулж, амжуулдаг байв?

-Энэ бүх бүтээлээ ажлынхаа хажуугаар зурсан. Ажил таран, дарга явсны дараа би яах вэ зураг зурах бөөн хорхойтой хүн чинь шөнөжин зурдаг байлаа. Сүүлдээ Бал дарга надад ийм тэмдэг бүтээгээдэх гэж үүрэг өгдөг болов. Би шөнөжин суугаад ч хамаагүй хийнэ. Би загварыг зохиохоор ОХУ-д юм уу Монголд захиалгаар хийлгэдэг байлаа.

-Аав тань нисэгч байсан юм билээ. Та ер нь багын гарын дүйтэй, авьяастай байв уу. Эсвэл уйгагүй хичээл, зүтгэлийн үр шимээр өөрийгөө хөгжүүлсэн үү?

-Өвөө минь их сайхан зурдаг, эмээ зүү ороох гойд авьяастай хүн байсан. Өвөөгийнхөө авьяасыг би өвлөсөн байх. Өвөөгөө амьд сэрүүн байхад нь ийм зүйл хийж, бүтээсэн бол их баярлах байсан даа.

Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГЫН ТУСЛАХААР 15 ЖИЛ АЖИЛЛАСАН БИ ИХ АЗТАЙ ХҮН

-Та Орос хэлний багш мэргэжилтэй. Ажлын гараагаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас эхлүүлсэн. Орон нутагт багшилж байсан та Ю.Цэдэнбал даргын хараанд өртөн, туслахаар ажиллах болсон дурсамжаасаа хуваалцана уу?

-Намайг их сургуулиа төгсөхөд аль аймагт очиж ажиллах вэ гэж асуув. Хувьсгалтай холбож бодсоноо Тосонцэнгэл суманд ажиллахаар шийдсэнээ хэлэхэд ээж нэлээд эсэргүүцэв, аав харин дэмжлээ. Тэгж ажил, амьдралын гараагаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас эхлүүлсэн юм. Отгонтэнгэр хайрхны өлгий нутаг Завханаас ажлын гараагаа эхлүүлснээрээ бахархдаг. Тосонцэнгэлд долоон сар ажиллаад байхад намайг Завхан аймгийн Улиастай хот руу татав.

Юм гэдэг их учиртай. Тэнд ажиллаж байтал миний хоолой өвдөв. Бүр амьсгалж, дуугарч чадахаа болилоо. Онгоцоор Улаанбаатарт шуурхай ирээд нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлсэн юм. Буцах замын зардал авах гээд Гэгээрлийн яаман дээр очив. Гэтэл намайг Гадаад яаман дээр очоод, Цамба гэдэг хүнтэй уулз гэлээ. “Очоод Орос хэлний шалгалт өг. Тэнцвэл тэнд үлд, тэнцэхгүй бол дахиж хотод ирнэ гэж ярилтгүй шүү, нөхөр минь” гэдэг юм байна. Очих нь ээ чамбай хөгшин сууж байна. Оросоос монгол руу, Монголоос орос руу хэдэн өгүүлбэр орчуулуулж үзсэнээ нэг их удалгүй ирээд “Чамайг ажилд авлаа. Маргаашнаас энд ажил. Хувцсаа солиорой. хослол, ёслолын хувцас бий юү” гэдэг юм байна. Хөдөөгийн багшид юу байх вэ. 600 төгрөгийн цалин өгөхийг нь сонсоод бөөн баяр. Хариад аав, ээждээ хэлэв. Ээж их сандарч байна. Аав жоорноосоо хэдэн төгрөг гаргаж өгснийг нь аваад, ээжтэй хамт яван хослол, пальто, гутал худалдан авч билээ. 

-Тэр жилээ Цэдэнбал даргын туслах болсон бил үү?

-Энэ тухай ярих гээд баахан хэрэгтэй, хэрэггүй юм ярьчихлаа (инээв). Тэгсэн, тэр жилээ Бал даргын туслах болсон. Бал даргатай ажил, амьдралаа холбосон түүх ийм. Нарийн ёс, дэгтэй Ёслолын хэлтэст хөдөөгийн багш миний туршлага, мэдлэг дуталгүй яах вэ. Нэг удаа алдаа гаргачихав. Цэдэнбал дарга “Энийг буруу хийсэн хүнийг авчир” гэж тушааж л дээ. Манай дарга “Чи ер нь шүүхэд л шилжих байх. Хувцсаа бэлдээд очоорой. Шоронд орчихож ч магадгүй” гэдэг юм байна. Би ухаан алдчихалгүй яах вэ, их сандарлаа.

Эмээж, эмээж байгаад Бал даргатай уулзахад шууд “Би чамайг нарийн бичгийн даргаараа ажиллуулахаар боллоо. Маргааш 09.00 цагт ирээрэй” гэхэд гайхах, баярлах зэрэгцэж билээ. “Шоронд орж ч магадгүй” гэж хэлүүлээд очсон хүн чинь гайхалгүй яах вэ. Бал даргын нарийн бичиг болсноо аавд хэлэхэд “Тэр дэмий. Тийм нарийн дэг, журамтай газар чамд тохирохгүй” гээд эсэргүүцэв. Ээж харин “Бусдын чадаад байгаа юмыг миний хүү чадна аа. Дахиад орон нутаг руу явуулчихвал яах юм бэ” гэсэн. Түүнээс хойш Бал даргын нарийн бичиг, туслахаар 15 жил ажилласан би их азтай хүн. Даргатай хамт ажиллаж, нөхөрлөсөн бүхий л үе хамгийн сайхан дурсамжтай.

БАЛ ДАРГЫН ТУСЛАХААР АЖИЛЛАСАН ҮЕЭ НЭГ БҮРЧЛЭН ТЭМДЭГЛЭСЭН ДЭВТЭР НАДАД БИЙ

-Бал дарга ер нь ямархуу зан ааштай хүн байв. Хамтарч ажиллахад ямар байв?

-Үнэхээр сайхан. Ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхдээ надтай багагүй зөвлөнө. Дарга бид хоёр хамтрагч, үй зайгүй найз байлаа.

Энэ үеэр тэрбээр ширээн дээр байсан нэгэн дэвтрийг нээв. Эл дэвтэртээ Бал даргын туслах байх үеийнхээ бүх зүйлийг нэг бүрчлэн тэмдэглэжээ. Бал дарга хэдний өдөр хэн, хэнтэй уулзсан, утсаар ярьсныг хүртэл нарийн тэмдэглэж. Түүнийгээ үзүүлээд “Энэ өдөр л гэхэд Бал дарга 120 хүнтэй уулзаж” гэв.

-Оны эцэст тайлан тавихад хэрэг болж магадгүй гээд тухайн үед ингэж нэг бүрчлэн тэмдэглэж авдаг байсан юм. Одоо чухал баримт болж үлдсэн. Бал дарга тухайн өдөр хэн, хэнтэй уулзсан, юу хийснийг нь хүртэл нэг бүрчлэн тэмдэглэсэн.

МОНГОЛЫН ТӨЛӨӨ ӨДӨР, ШӨНӨГҮЙ ЗҮТГЭСЭН УДИРДАГЧИЙНХАА ГАВЬЯАГ ХОЙЧ ҮЕ НЬ УМАРТАНА ГЭДЭГ БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛ

-Ю.Цэдэнбал даргын талаар хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг нь та. Өнөө цагт монголчууд бид, залуус Бал даргын талаар хэр зөв ойлголттой явдаг вэ?

-Монголчууд Бал даргын талаар үнэхээр ташаа ойлголттой. Нэг үл бүтэх нөхөр худлаа ярихад үнэмшээд, буруу ойлголт авчихдаг шүү дээ. Их муухай. Овоо сүүлийн хэдэн жил Бал даргын талаар элдэв юм яригдахаа больчихлоо. Улсаа ингэж хөгжүүлэн, бүтээн байгуулсан удирдагчаа хойч үе нь муугаар хэлнэ, хөдөлмөр, зүтгэл, гавьяаг нь умартана гэдэг санаанд багтамгүй зүйл.

Миний энэ тэмдэглэлийг үз. Бал дарга Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө ёстой өдөр, шөнөгүй зүтгэсэн шүү дээ. Тэгэхэд монголчууд өөд болоход нь ч олигтой хүндэтгэл үзүүлэлгүй шороонд булчихсан, ёстой муухай. Үүнд би их харамсдаг, эмзэглэдэг.

-Та ер нь Бал даргатай хамгийн сүүлд хэзээ уулзав?

-ОХУ-д байхад нь нэг удаа уулзсан. Даргыг ОХУ-д байх үед би Чехийн ЭСЯ-нд ажиллаж байлаа. Дахиад уулзъя гэж зөндөө хөөцөлдсөн. Бид хоёрыг дахиж уулзуулаагүй. Би Бал даргын туслах байсан, нөхөрлөж байсан цаг хугацаагаа үргэлж нандигнана.

Би Даргын тухай ном бичсэн, “Миний мэдэх Ю.Цэдэнбал” нэртэй. Зарим хүн “Чи Даргыг магтчихаж, муулчихаж” гэдэг. Би зөвхөн үнэнийг л бичсэн.

ХЭН НЭГНИЙГ ХЭРЭГ БОЛЖ МАГАД ГЭЖ БУС ХҮН ХҮНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛЭЭР ХАРИЛЦАЖ, НӨХӨРЛӨЖ БАЙГААСАЙ

-“Буурлаас үг сонс, болсноос ам хүр” гэдэг. Өнөөгийн залууст хандаж юу хэлэхийг, захихыг хүсэж байна вэ?

-Монгол Улс хөгжиж байгаа ч алдаа дутагдал их байна. Хөгжлийн ямар ч бодлого, чиг баримжаа алга. Ултай, суурьтай хөгжүүлэх хэрэгтэй. Улс төсвөө үйлдвэрлэж бүрдүүлэх чухал. Гэтэл манайх татвараас л ихэнх төсвөө бүрдүүлж байна.

Хоёрдугаарт, монголчуудын сэтгэл үнэнч байгаасай. Ханьдаа, нөхөрлөлдөө, ажилдаа, хийж буй зүйлдээ үнэнч, чин сэтгэлээсээ ханддаг байгаасай. Хараад байхад нэг л учир дутагдалтай байна. Намайг ажилтай, залуу байхад манайхаар хэчнээн олон хүн ирдэг, хөл ихтэй байв. Одоо нэг нь ч бараа сураггүй. Бүгд намайг ашигладаг байсан байгаа юм, эргээд бодоход.

Би ч гэж би. Таних, танихгүй хүмүүс тусламж хүсэхэд, юм гуйхад үгүй гэж хэлж үзээгүй. Хүүхдээ гадаад руу сургуульд явуулах гэсэн юм гээд намайг хоргооход Боловсролын яам руу гарын үсэг зураад явуулна. Миний гарын үсэгтэй байхад ногоон гэрлээр. Бал дарга намайг алдаа гаргахгүйг мэддэг, би ажилдаа хариуцлагатай ханддаг байв.

Өмнө нь долоочих гээд байдаг байсан хүмүүсийн нэг нь ч одоо байхгүй, холбоогүй. Мөн ч олон хүнд би тусласан даа. Намайг мартсан хүмүүс энэ ярилцлагыг үзээд санаарай.

-Хүмүүс хэн нэгнийг хэрэг болж магадгүй гэж бус хүн хүнээ гэсэн сэтгэлээр харилцдаг, ханддаг байгаасай.

-Харин тийм ээ. Энэ бол ерөөсөө өнөө цагийн хүмүүсийн гол алдаа. Ашигтай хүнтэй найзлана, ашиггүй бол хаяад явна. Ийм байж болохгүй ээ.

За, тэгээд Сар шинийн босгон дээр зочноор урьж ярилцсанд баярлалаа. Удахгүй гарах гэж буй сар шинэдээ монгол түмэн маань сайхан шинэлж, эрүүл энх байхыг ерөөе.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Батцэнгэл гуайтай хоёр цаг гаруй хийсэн ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Түүнтэй ярилцчихаад буцаж явахад “Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг, ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй” хэмээх дууны үг аманд өөрийн эрхгүй аялагдан, бахархах, бахдах зэрэгцэв.

Үүний сацуу УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү “Хүн чинь дэргэдэх эрдэнээ анзаардаггүй юм байна” гэж хэлсэн нь шоолоод өнгөрөх бус үнэн үг болохыг улам анзаарав. Өнөөг хүртэлх хугацаанд Л.Батцэнгэл гуай “Би ийм юм хийсэн, бүтээсэн” гэж онгирч, олны хараанд өртөхийг хүсээгүй. Нам жим амьдарч байсан.

Хэрвээ энэ удаа Гавьяатаар шагнаагүй бол бүтээсэн гавьяа, хийсэн хөдөлмөр, зүтгэлийг нь монгол түмэн анзаарахгүй, нам жим он жилүүд улирсаар байх байлаа. Амьддаа бие биенээ хайрла гэдэг дээ. Ийм мундаг эрхмийн хөдөлмөр, зүтгэлийг Монголын төр амьд сэрүүнд нь үнэлсэн нь аз. Орчлонгийн жамаар нэг л өдөр өөд болно. Тэр хүртлээ “Гавьяат аа” гэж дуудуулах боллоо, хэчнээн сайхан бэ.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-02-10 08:22

88 настай гэхэд мөн ануухан хүн ээ. Өглөө эрт сайхан ярилцлага уншлаа. Эгүүрт баярл�##�аа.

зочин
зочин
2021-02-10 09:17

Сайхан ажилсаг, ухаантай ,үнэнч буур�##� байна. Өглөө сэрээд л хамгийн түрүүнд уншсан сайхан мэдээ байлаа шагнуулсанд нь туйлын их баярлаж бахархаж байна. Эрүүл энхийг хүсэн ерөөе урт наслаарай

Зочин
Зочин
2021-02-10 09:20

2063 онд сайдын �##�быг хоёр тэрбум төгрөгөөр аваад уд�##�гүй хусагдаж шоронд 10 жил хоригдсон гэж дурсамжаа бичих байх даа. Өнөөдрийнхөн

Болормаа
Болормаа
2021-02-10 09:57

Уншаад сайхан хүнээр бахархах, өрөвдөх, гуних сэтгэл төрчлөө. ийм сайхан хүн ховордсон цаг дор.

Хариу
Хариу
2021-02-10 11:41

Мундаг сайхан одон мед�##�ь бүтээсэн хүн шүү. Баяр хүргэе. Гэхдээ Брежнев дарга ганц мед�##�ийн төлөө хорооллыг бэлэглэсэн гэдэг нь арай ч юу юм бэ. Улс төрийн тоглолтын үр дүн байсан гэхээс сайхан бүтээсэн мед�##�ийн үр дүн бишээ. Тэр үед ажиллаж байсан хүмүүс амьд сэрүүн байгаа, ингэж з�##�ах нь арай хэтрүүлэг болсон байна.

Г
Г
2021-02-10 12:20

Тэмдэгээр ч хороолол өгөөгүй ээ, улс төр л бгаа

Зочин
Зочин
2021-02-10 12:37

Энэ буур�##� худлаа хэлээгүй. “Оросууд шиг байлдаа” гэдэг үг ор хоосон үг биш шүү.

хүннү
хүннү
2021-02-10 12:47

Сайхан буур�##� байна. Танд эрүүл энхийг хүсэе. Тэр үеийн хүмүүсийн яс чанар гэж байнаа. 57 жилиын өмнө Алтан гадасаар шагнуулаж түүнээс хойш сая гавьяат болж. Гэтэл одооны хүмүүс өмнөх шагн�##�аасаа хойш 6 сар ч болоогүй байж дараагийхаа авах гээд хөөцөлдөж эрэлдэг. Төр засаг энэ хүний хийсэн бүтээлийг зах зээлийн үнээр нь бодоод мөнгө өгөх нь зөв.

Мундаг ХҮН:Батцэнгэл ах.
Мундаг ХҮН:Батцэнгэл ах.
2021-02-10 12:49

Монгол Улсынхаа Түүхийн хуудсыг эргүүлж байсан Батцэнгэл гуай их сайхан харьцаатай,ямар их �##�иаа марзан гэж та нар бодно!

Ганц охин нь Ангаах шүдний эмчээр төгссөн,ганц хүү нь - МУИСийн хятад хэлний анги дүүргэж Шанхайд мастерийн зэрэгтэй болж өнгөрсөн жил ирсэн.
Эхнэр нь Батцэнгэл ахыг �##�гандээрээ бөмбөрүүлэн асарж х�##�амжилж өдий ийм сайхан нас хүртэл нь гэр бүлээ авч явж буй миний сайхан найз.

Хуучнаар Микр гэж нэрлэгдэж буй 12-р, Сансарын түннелийн ур т�##�ын 5 давхрын 6-р байр(манайх 3-р:Цогзолмаа гуйан арынх)байрын ард Батцэнгэл ахынхийг байхийг би мэднэ:охинтой нь орос 3-р сургуульд хамт сургуулийнхаа автобусанд явдаг тэднийхээр орж гардаг байхдаа Батцэнгэл ах нээх их сайхан өндөр,том бие хаатай,тас хар үс нь гял�##�зсан хүн байлаа.
1 удаа хүү нь (анхны эхнэр нь өөд болсон,өргөмөл хүү нь,өдгөө АНҮ-д байдаг:дээрхи зугануудын Оросын генер�##�уудтай - Г.К.Жуковуудаа,баруун гарынх? хамт авхуулсан зурагандээр 4-5 насны хүү) шарлаад "эмнэлэгт хэвтмээргүй бн,та гэрээр карантиллуулаад би хүүгээ гэртээ харж асрангаа хэд хоног...амармаар бн" гэж миний ээжээс (миний ээж маань өнөө үеийн ХӨСҮТ тэр үеийн Засанд дахь Х�##�двартын их эмч ) гуйж ээж маань гэрээр нь үзэж эмчилгээ хэд хоног хийж байлгасан чинь Б�##� дарга ёрдөө л 3-5-хан хоногийн дараа "ажилдаа ороо, хөө" гээд Батцэнгэл ах надад өгүүлэн ярьж байсан.
Aжилдаа маш үнэнч,шудрага, маш их ажиллдаг байсан учраас "хэд хоног тэгэж ...амрах гэс нь...т�##�аар 1 боллоо" гээд инээмсгэлэн дурсаж байсан.

Зочин
Зочин
2021-02-10 13:53

Оройтсон ч гэсэн шагнагдсанд баяр хүргье. Олон жил дэргэд нь үнэнчээр ажилласан хүнээ Б�##� дарга нь яанаад үнэлээгүй юм бол.

Ариунаа
Ариунаа
2021-02-10 19:46

Батцэнгэл гуайг сэрүүн тунг�##�аг бгаад нь маш их т�##�архаж сэтгэл минь хөөрлөө.Энэ хүн худлаа ярих хүн бишээ.Брёжнёв гуай д�##�имдуулаад л өгсөн бх.Би энэ хүний эхнэртэйтэй нь хуучилдаг гэрээр нь орж гардаг энгийн андууд .Би нүүгээд холбоогүй болсон бсан.одоо олж уулзанаа.

Зочин
Зочин
2021-02-10 21:18

Сайхан хүн байдаг юм билээ.Хятадын хөрөнгө оруул�##�ттай оёдлын компанийн захир�##� хийдэг бсаныг нь мэднэ.Сүүлд нь Б�##� даргын туслах бсаныг нь номноос уншиж мэдсэн.Эхнэр нь бас сайхан ааш зантай эгч байдаг блаа.

Зэв
Зэв
2021-02-10 21:46

Өнөөдрийн худлаа төмөр зүүж ур�##�дуулдаг болгосон хүн юм бн монголч одонгоороо овоо л хөгжөөд бн одоо таван хошуу м�##�даа зориулсан мед�##�ыг 80сая ширхэгийг хийлгээд зүүлгэвэл гоё доо

Зочин
Зочин
2021-02-10 23:51

Ойрын өдрүүдийн хамгийн сайхан хамгийн гэгээн мэдээ байлаа. Танд эрүүл энхийг хүсье!

Bi bi
Bi bi
2021-02-11 01:24

Ochnoon jil hajuud ny ajillaj baihad yaagaad ajliig ny unelj shagnal ogoogui yum bol? Sonin l yum.

Зочин
Зочин
2021-02-11 01:31

Уг нь тийм. Энэ настан маань буруу ойлголттой явдаг юм байна. Гэхдээ хийсэн юмтай л буур�##� байна

ахмад дипломат
ахмад дипломат
2021-02-11 09:28

Батцэнгэл гуайдаа баяр хүргээд урт нас, удаан жарг�##�ыг хүсэн ерөөе! Сайхан ярилцлага байна.

Зочин
Зочин
2021-02-11 10:58

Сайхан буурайн сайхан ярилцлагыг уншлаа. Урт наслаарай. Эрүүл энхийг хүсье. Таниараа бахархаж бана.

Зочин
Зочин
2021-02-12 07:17

УРТ УДААН НАСЛАХЫГ ЕРӨӨЕ! САР ШИНЭ ДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ. САЙХАН ДУРСАМЖ УНШИХАД ТААТАЙ БАЙЛАА.

Зочин
Зочин
2021-06-09 18:05

Өндөр биетэй, бор царайтай, даруухан мөртлөө буурь суурьтай энэ хүнтэй төрийн ордонд, ГЯЯ-нд хэд хэдэн удаа таар�##�даж байлаа. Даргын туслах том хүн болохоор хүндэтгэн толгой дохих төдий мэндлээд, санаа зовоод ойртохоос зүрхшээдэг байлаа. Олон одон тэмдгийн эхийг зурсан гэдгийг ч мэддэг байлаа. Түүнээс хойш дөчөөд жил улиран оджээ. Сайхан ч нас�##�ж байгаа юм байна. Энэ зэргийн шагн�##� хүртэх гавьяатай эрхэм хүн. Эрүүл саруул байж, урт удаан наслах болтугай.

Зочин
Зочин
2021-06-09 18:22

Бэлэг нэрээр өгөөд бариад байсан тэр газруудаа дараа нь бэлэг гэж байдаггүй юмаа гээд л өрийн дансанд оруулаад хичнээнч их дарамтлаа даа.
Одоо энэ объектууд бэлэг байсан уу өр байсан уу гэдгийг үнэн зөвөөр нь ард түмэн хойч үедээ ялгаж с�##�гаж хэлэх цаг болсон шиг. Ахын дарга нар нэг тэмдэгт хууртаад л өч төчнөөн юм зүгээр өгөөд байдаг нэр �##�дар хөөцөлдөгчид байсан юмуу.
Батцэнгэл гуай үнэхээр авъяаслаг уран бүтээлч байжээ даанч авъяасыг нь хожим үнэлждээ.

Ok
Ok
2021-06-12 09:12

Setguulchid maani uneheer niigmiig emchilie gej bga bol iim saihan eiereg yum bichij bai. Bidnii ergen toirind saihan humuus zunduu shuu dee!

Холбоотой мэдээ

Back to top button