Ярилцлага

Р.Энхбат: Ерөнхий сайд “Айл бүр номын сантай болъё” гээд нэг удаа хэлчихэд мөнгө орох уу

“Адмон” группийн үүсгэн байгуулагч Р.Энхбаттай ярилцлаа.

Саяхан Соёлын сайд Ч.Номин ном хэвлэлийн салбарынхантай уулзалт хийсэн. Уулзалтад Р.Энхбат ч оролцож, зарим чухал зүйлсийг ярьжээ. Түүнтэй энэ удаа номын хэрэглээ, үүнд холбогдох олон нийтийн хандлагын талаар хөөрөлдөв.

ЯРИЛЦЛАГЫН АГУУЛГА:

  • Сайд  нар уулзалт хийснээ том ажил хийлээ гэж ойлгодог. Үнэндээ уулзаж, санал бодол сонсож, судалгаа хийнэ гэдэг бодит үр дүнтэй ажил биш.
  • Төрийн өндөр албан тушаалтнуудтай бизнес эрхлэгчид уулзахдаа ихэвчлэн хувийнхаа эрх ашгийн төлөө дуугарч, “гуйлга” гуйдаг. Энэ ч тэдний буруу биш. Төр тэднийг ийм болгосон.
  • Дарга нар ажил хийвэл хамгийн их санхүүжилт шаардлагатайг нь барьж авдаг. Үнэндээ ямар ч хөрөнгө зарахгүйгээр хийж болох олон чухал ажил байж болох ч тийм нүдээр хардаггүй.
  • Төрийн өндөрлөгүүдэд нийгмийн оюун санаанд эерэгээр нөлөөлөх асар их хүч байдаг ч ашигладаггүй. Жишээ нь Ерөнхийлөгч “Номыг хэрэглээ болгоё” хэмээн уриалбал их ажлыг эхлүүлнэ, давалгаалуулна.
  • Монголчууд номтой шүтлэгийн хэлбэрээр харьцаж ирснээс хэрэглээ болгож сураагүй. Уг нь хүүхэд ухаан орсон цагаасаа л номтой найзалж, идэж, хэмлэж, уйдахаараа буланд шидэж өсөх ёстой.
  • Монголчууд бага ном уншдаг нь монгол хэл өөрөө хөгжөөгүйтэй холбоотой. Гадаад хэлээр ном уншихад илүү их зүйл үлддэг нь тухайн хэлний агуулга тээх чадвар өндөр байгаатай холбоотой.

-Боловсролын яамнаас Соёлын яам салснаас хойш хоёул ярилцаагүй юм байна.  

-Тийм байна. Хүмүүс Соёлын яам байгуулагдчихвал чухам сайн байна гэсэн байдлаар, их л олзуурхаж хүлээж авсан.

-Тэгсэн.

-Гэтэл, хүний юу төсөөлж байгаа, юу ярьж байгаа, юу хийж байгаа гурав нь дандаа зөрдөг. Тэгэхээр, төсөөлөл бол одоо сайхан байна. Ярьж байгаа юм бол бас муугүй байх шиг байна. Харин хийж байгаа юм юу байна гэдэг дээр л дүгнэж цэгнэх хэрэгтэй байх шиг. Мэдээж Соёлын яам байгуулагдаад удаагүй байгаа болохоор, “Удаагүй юм чинь яваандаа болно доо” л гэж байгаа, олон нийтийн хандлага бол.

-Соёлын сайд Ч.Номин ном хэвлэлийн салбарынхантай уулзсан байсан. Уг уулзалтаар юу яригдсаныг сонирхъё гэж тантай уулзлаа. Уур амьсгал нь ямархуу байв?

-Би С.Чулуун сайдыг байхад айхтар уулзалт зохион байгуулагдаж, дуудаж байсныг санахгүй байна. Харин сая ном хэвлэлийн салбарын эргэн тойронд ажиллаж, амьдардаг хүмүүсийн дунд уулзалт болсон. Манай улс төрийнхөн яаман дээрээ ингээд сүртэй уулзалт хийдэг. Тэгээд дараа нь юу өөрчлөгдсөн нь мэдэгддэггүй. Уулзалтаар баахан хүмүүс стрессээ тайлдаг. Би ямар сайндаа хэлсэн. Их сүүлд ярьсан л даа, нар зөв тойроод ээлжилж явсан. Ээлжилж ярьдаг соёл хаанаас тогтчихсон юм, уг нь нар зөв тойрч биш, асуудал тойрч ярих ёстой. Хэрэгтэй, хэрэггүй хамаагүй бүгд л хүссэн юмаа яриад авбал болоо гэсэн хандлагатай.

-Уулзалтаар хүмүүсийн санал, бодлыг л сонсож авах нь гол гэж үздэг байх. Яг шийдэлд хүрье гэж зорьдог нь цөөн байх шүү.

-Угаас манай бүх уулзалт ийм санал авч буй гэх нэрээр явагддаг. Би хэллээ, “Санал авч юм хөгждөггүй юм аа. Тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж, байр сууриа хамгаалж байж хөгждөг юм. Түүний дагуу дараагийн ажил өрнөх ёстой” гэж. Гэтэл тэгдэггүй. Юм ярихаар л өөдөөс нэг судалгаа танилцуулдаг. Ер нь ард түмнийг хуурч байгаа хэлбэр бол ийм санал авсан, тийм судалгаа хийсэн гэдэг зүйл. Би одоо ингээд саналаа өгье, юу ч өөрчлөгдөхгүй, чимээгүй л байна шүү дээ. Тэгэнгүүт, “Олонхын санал” гэж байгаа юм. Олонх тэнэг юм чинь яах юм бэ. Олонхыг дагавал тэгээд л буруу замаар явна. Олонхын санааг эргүүлж, дэвшил рүү авч явах нь цөөнх л байдаг. Тэгэхээр, саналаа өг гэж байгаа бол зүгээр л доромжлол. Ганцхан Соёлын яамны тухай ярьж буй юм биш, бүх яаманд л тогтсон жишиг энэ.

-Нөгөө талд уулзалтад оролцож буй хүмүүсийн хандлага бас хэт үжирмэл хэв маягтай болчихсон шиг санагддаг?

-Уулзалтад орж буй хүмүүс бол өөрсдийн хувийн ашиг сонирхлын юмыг л ярьдаг. Би тэгээд хэлсэн л дээ, “Энд нэг л их ядуу хүмүүс, ядарсан хүмүүс цугласан юм шиг байна” гэж. Ерөөс л тэндээс юу авч болох вэ, төрөөс ямар юмыг салгаж болох вэ гэсэн тийм л зорилготой ярианууд байдаг. Бүгд.

-Коронавирусээс авхуулаад тоочих зовлон бишгүй л дээ?

-Өө, коронавирус хэцүү байна, бүх юм хэцүү байна гээд л. Ерөөсөө л төр засгаас гуйлга гуйсан, ийм хүмүүс болчихжээ. Гэхдээ би тэднийг буруутгахгүй. Ийм болгочихсон юм чинь яах юм. Энэ хүмүүст өөрөө өөрийгөө аваад явах боломж алга байна шүү дээ, төр хүмүүсээ ийм болгочихсон. Үнэндээ яам, тамгын газар зөв зүйтэй санаачилга гаргаж, тодорхой юм хийе гэж зорьсон бол ёстой дэмжмээр байна. Гэвч ямар ч үр дүнгүй, нөгөө л нэг уулзалтуудын жишгээр болоод өнгөрвөл ямар нэмэр байх вэ.

-Шинэ Засгийн газар уулзалт хийдэг моодыг дахиад анхаарлын төвд оруулаад ирсэн нь ч үнэн шүү. Тэдгээрийгээ дандаа Фэйсбүүктээ мэдээлээд л?

-Харин тийм ээ. Салхи татуулаад л хүнтэй уулзаад яваад байх юм. Уулзаад л байвал их ажил хийгээд байна гэж ойлгоно гэж боддог байх. Ерөөсөө л сурталчилгаа. Аягүй бол өөрсдөө ажил биш сурталчилгаа хийгээд байгаагаа мэддэггүй байх л даа, ингэж л ажиллах ёстой гэж боддог байх.

-Танай салбарынхны уулзалт ч нэг их үр өгөөжтэй болж шалиагүй шиг байна. Гуйлга, түүлгийн хэв маягтай л өрнөж гэж ойлголоо.

-Гуйхад гутамшиг, гуйлгахад гайхамшиг гээч л болно шүү дээ. Ч.Номин гэдэг бүсгүй бол хааны алба халаатай, би энд насаараа байхгүй нь тодорхой. Байгаа үедээ тодорхой юм хийнэ ээ гэж ярина билээ. Түрүүлээд хэлчихээр буруутдаг, хараад суухаас өөр яах вэ. Нэг ийм л уулзалт болсон.

-Та юу ярив?

-Би бол, “Гуйсан юм болгоныг энэ төр өгч чадахгүй байх аа” гэж хэлсэн. Гол нь нэг асуудал хөндсөн. Тэр нь төр засаг, яам тамгын газарт хэн нэг сайд ирээд дандаа нэг тийм санхүүжилт ярьдаг. Ерөөсөө л санхүүжилт яриад давхичихдаг. Тэр агуулга биш, мөн чанар биш. Иймд би хэдэн санал тавья, ерөөсөө мөнгө зарахгүй. Энэ хэдийг л хийгээд үзье гэж хэлсэн.

-Мөнгө зарахгүй ажил гэхээр их хөндлөн сонсогдож байна. Ямар санал хэлсэн юм бэ?

-Ном тойрсон ажлууд. Ер нь бол монголчуудын номтой харьцах харилцаа шүтлэг хэлбэртэй. “Ном бол ертөнцийг харах цонх мөн”. “Ном дор мөргөмү”. Ерөөс номын тухай бэлгэдэлтэй олон сайхан үг бий. Тэгсэн мөртлөө номыг уншдаггүй, уншаад ойлгодоггүй. Номд дурлагсдын холбоо ч гэх шиг. Номонд дурлаад байхдаа яадаг юм. Ном бол оюуны талх юм ч гэх шиг. Үнэхээр талх юм бол өдөр тутмын хэрэгцээ биз дээ. Аваад хүнд бэлэглэдэг юм биш байх ёстой. Хүн өдөр тутмынхаа хүнсийг тахиад, шүтээд байх уу. Чи одоо үхрийн маханд ингээд мөргөөд байхгүй биз дээ, үхрийн маханд ч юм уу. Эсвэл шүтдэг бурхнаа хэрэглээд, хүүхдээрээ тоглуулаад байдаггүй биз дээ. Тэгэхээр шүтлэг гэдэг юм чинь хүнийг хэрэглээнээс холдуулдаг. Шүтдэг уулынхаа нэрийг хэлж болохгүй, эмэгтэй хүн гарч болохгүй, тэндээс юм зулгааж, тастаж болохгүй. Тэгэхээр шүтлэг гэдэг маань ерөнхийдөө тэр чигт нь байлгах, холоос мөргөх, ийм л юмыг хэлээд байна шүү дээ. Манай Төв номын сангийн номын санч ингэж ярьж байсан. “Манайд ёстой аягүй сайн номнууд байдаг”. Ямар ном гэсэн чинь “Зарим нь баринтагнаасаа ч задраагүй номнууд” /Инээв, Сурв/. Бид нэг ийм соёлоор харьцсаар ирсэн шиг байгаа юм.

Харин яг номын хэрэглээтэй орнуудад бол, хүүхэд төрсөн цагаас эхлээд л дэргэд нь насных нь онцогт таарсан номнуудыг байлгаж байдаг.

/Босож, шүүгээнээс хүүхдэд зориулсан багц ном авчирч үзүүлэв, Сурв/.

-Энэ ингээд есөн сартай хүүхдийн ном. Яг өөрийнх нь хэрэглэдэг юмнууд энэ номонд гардаг. Угж нь байна, аяга нь байна. Гарт нь баригддаг, ойр хэрэглэдэг ийм юмнуудыг нь дүрсэлсэн гэсэн үг. Энгийн юм шиг мөртлөө энэ чинь хүүхдэд бол ингээд эргүүлээд л гараад ирдэг, нэг хавтгай дээр дүрслэгдчихсэн, барьж болдоггүй болчихоор маш сонин. Нэг л хачин, ер бусын. Тэгээд үүнийг нэг хэсэг үзээд, хэрэглээд, хааяа ингээд /амандаа зуув, Сурв/. Магадгүй хоёр сарын дараа нэг буланд хэвтэж байна. Энэ номтой харилцаад дуусчихсан гэсэн үг. Дараа нь ийм ном руугаа орно /Дараагийн насны ангилалд зориулсан номыг дэлгэж үзүүлэв, Сурв/.  Хөргөгч байна, дотор нь юу байдаг вэ болоод явчхаж байгаа юм. Цонхоор харахаар тэнд байшин байна, тэр хүн явж байна. Ингээд оо, сойзноос авхуулаад агуулга нь насны онцогтойгоо таараад өөрчлөгдөөд явдаг.

Манай найзын ач охин нэг настай байхдаа ингэсэн гэж байгаа юм. Тэднийх нэг хар нохойтой. Гэтэл энэ номон дээрх шал өөр зүсний нохойг нохой гэж таньж байна гэж байгаа юм. Тэгэхээр нэг настай хүүхдийн төсөөлөл ямар байгаа нь харагдаж байна. Бас тэр номон дотор бид нэг бөмбөг зурчихсан байсан юм. Бидний багад зарагддаг байсан, гурвын, есийн гэгддэг орос бөмбөгнүүд л дээ. Гэтэл тэрийг бөмбөг гэж танихгүй байсан. Тэгээд бид бөмбөгөө шинэчилж зурсан.

Бид яах вэ дээ, хүүхдийн юмыг яаж ч хийсэн яах вэ гэж боддог. Яг тулаад хийхээр маш нарийн юм.

-Есөн сартай хүүхдэдээ ном авч өгнө гэхээр их л харь холын санагдах байх даа?

-Үгүй ээ, хүүхдэд бол ерөөсөө ухаан орсон цагаас нь л ном хамт явж ирэх ёстой. Нас, насанд нь тохирсон номууд. Хүүхэд номоор дамжуулж эргэн тойронтойгоо танилцах боломжтой. Жишээлбэл манай ач охин байна, таван настай. Зун бид нар салхинд гарсан юм. Хээр очоод хоол унд хийж байхад мань хүн нэг ном аваад явчихсан. Тэгээд түүнийгээ дэлгэж хараад, бариад яваад байна. Хэн ч түүнийг ном унш гэж хэлээгүй. Тэгээд тодорхой хугацааны дараа өөр ном барьж авдаг. Тэгээд саяхан надад хэлж байна лээ, “Одоо үнэн зүйлийн тухай ном та олж өгөөч” гэж. Эрт урьдын цагт, эмгэн өвгөн хоёр... гэдгээс уйдчихаж. Тэр чинь ямар ч орон зай байхгүй, өөрт нь мэдэх юм байхгүй зүйл шүү дээ. Хүүхэд бол нүдээрээ харж, гараараа барьж байгаа зүйлтэй нь холбоотой агуулгыг сонирхдог. Яагаад гэвэл мэдрэмжтэй нь холбогддог учраас. Эрт урьдын цагт гэж хэзээ юм, бүү мэд. Тэгээд амар сайхандаа жаргажээ гэж дандаа ялаад дуусдаг, ямар ч проблем байдаггүй. Үлгэр яг үнэндээ хүүхдэд тийм ч хэрэгтэй биш.

Тэгэхээр, жинхэнэ номын хэрэглээтэй болъё оо гэж хэлсэн юм. Хэрэглээтэй болно гэдэг ном гоё, ном сайхан гэж ярихаас өөр шүү. Үүний төлөө яам үйл ажиллагаа явуулъя аа гэж хэлсэн юм.

-Гэхдээ тан шиг номыг хэрэглээ болгох чиглэлд ажиллая гэж ярьсан хүн үнэхээр байгаагүй гэж үү?

-Үгүй ээ, угаасаа дуудахаар хүрээд ирдэг тийм хэдэн хүмүүс байдаг байхгүй юу. Жишээлбэл Зохиолчдын холбооны дарга гэж нэг хүн байнга л явж байдаг. Нэг том уралдаан зарлаж, төр мөнгө өгч байгаа юм гэнэ. Би хэллээ, уралдаанаар юу ч хөгждөггүй юм билээ гэж. Бөөн атаархал, жөтөөрхөл, сүүлдээ зохион байгуулсан хүмүүс ад болоод дуусдаг. Би олон удаа уралдаан зохион байгуулсан. Юу ч хөгждөггүй юм билээ. Ер нь бид уралдаанаар, өрсөлдөөнөөр дутаагүй ээ. Хувь хүмүүс уралдана гэдэг маш утгагүй асуудал юм. Багаараа уралдана, тэгж байж утга учиртай болно. Чи бид хоёр уралдаад яах юм бэ, чи надаас илүү бол чи л түрүүлнэ шүү дээ. Тэгээд миний жаахан уур хүрнэ. Өөр юу ч байхгүй. Тэгэхээр хувь хүмүүсийн хооронд уралдаан байна гэдэг тийм гоё юм биш. Бид аль болох хамтарч ажиллах, хамтын сэтгэхүйтэй байх ёстой гэдгийг хэлсэн.

-Гэтэл хүүхдийн хүмүүжил ерөөсөө өрсөлдөөн дунд л өрнөж байгаа шүү дээ. ЕБС-д олимпиадад бэлдээд л?

-Харин тийм, энэ өөрөө ямар аймшигтай үр дагавар авчирдаг гэдгийг, бидний хамтарч чаддаггүй, энэ бүх юм тэндээс л эхэлдэг гэдгийг уг нь ойлгох цаг болсон. Тэр айлын хүүхэд тийм байна, тэгэхэд чи гээд хүүхдээ загнаад эхэлдэг шүү дээ.

-Өөр мөнгө орохгүй ямар ажил хийе гэсэн юм бэ?

-Мөнгөгүйгээр хийж болох ямар их юм байна аа. Жишээлбэл уламжлалт ёс заншлын тухай. Бидэнд уламжлал, ёс заншил яг яагаад хэрэгтэй юм бэ, үүнийг л ярья. 30 жил социализм “Ба ба”, уламлжлал, ёс заншил “Гоё” гэлээ. Окей, тэгвэл яагаад бидэнд хэрэгтэй гэж. Би үүгээр олон юм хийсэн, сонирхдог хүн ер нь байдаггүй шүү дээ. Тийм учраас яг яагаад хэрэгтэй юм, түүнийг л ярья гэсэн. Би ярья, өөдөөс нь харж байгаад ярья. Үүн дээр л ажиллая гэсэн, мөнгө орохгүй. Түүнээс биш уламжлалт ёс заншлаа хайрлая, хамгаалъя, дээдэлье, өвлүүлье, дархлаажуулъя, бараг л авсалъя гэж хэлэх нь холгүй байгаад байж болохгүй. Энэ бүх үгнүүд чинь илүү юм аа, зүгээр л хөгжүүлье. Инноватив болгоё гэх хэрэгтэй. Энэ дотор чинь бүгд багтчихдаг юм. Түүнээс 800 жилийн өмнөх соёлоор амьдарна гэвэл хачин юм болно шүү дээ. Энэ хүмүүст цаг хугацааны ямар ч мэдрэмж алга. 800 жилийн өмнөх амьдрал гэдэг чинь үхэх үү, байх уу гэдэг дээр л байсан шүү дээ. Өнөөдөр чамайг өглөө ажилдаа гараад явахад чинь үхчих болов уу гэж хэн ч бодохгүй биз дээ. Амьдрал их өөр болсон шүү дээ. Тэгэхээр л тэр үед их сайхан байсан, эргэж очъё гэж байна. Тэгээд яах вэ, Чингисийн нэрээр л явж байгаа юм. Үгүй одоо, Чингисийн нэрээр хэчнээн жил амьдрах юм бэ. Чи Чингис гэдэг аавтай төрсөн бол баярлах уу?

-Заяагдсанаар нь л хүлээж авахаас өөр яах билээ.

-Надад бол ёстой таалагдахгүй, Чингис гэж аавтай баймааргүй байна. Хэрвээ чи Чингис гэж аавтай бол чиний тухай хэн ч ярихгүй, дандаа аавын чинь тухай ярина. Яваандаа шал дургүй хүрнэ. Чи бас хүн шүү дээ. Тэгэхээр Чингис гэдэг аавтай баймаар байна уу, баймааргүй байна уу /инээв, Сурв/.

-Тэгэхээр номыг хэрэглээ болгоё, уламжлал ёс заншил яагаад хэрэгтэйг ярья, үүнд мөнгө хэрэггүй гэж ярьсан гэсэн үг үү?

-Үгүй харин хэлж байна шүү дээ. Ном бол хэрэглээ болох ёстой гэдгийг хүмүүст ойлгуулъя аа. Энэнд чинь одоо ямар мөнгө хэрэгтэй юм бэ.

-Ийм нөлөөллийн ажилд маш их мөнгө хэрэгтэй шүү дээ.

-Ямар мөнгө хэрэгтэй гэж. Өөрөөр хэлбэл зүгээр л зохион байгуулаад хийчих асуудал байхгүй юу. Тийм машин оруулж ирье, тийм цаас оруулж ирье гэх ажил биш. Мөнгөтэй хийнэ гэвэл зөндөө мөнгө гарна, судалгаа мудалгаа гээд зөндөө мөнгө гаргачихна. Энэ дотор мөнгөгүй хийж болох зөндөө ажил байхад гагцхүү мөнгө болгож л хардаг байхгүй юу.

Жишээлбэл Ерөнхий сайд, “Ном бол бидний өдөр тутмын хэрэглээ байх ёстой. Айл бүр номын сантай байя” гээд нэг удаа хэлчихэд мөнгө хэрэгтэй юу. Хэрэггүй. Хэлчихвэл хүмүүс юм бодно оо доо. Энэ мэтээр тэдэнд ямар их хүч байна вэ. Яагаад үүнийг ашиглаж болохгүй гэж.

-Нийгмийн оюун санаанд нөлөөлөх хүч байна гэж онцолсон тань таалагдлаа?

-Ямар их хүч, ямар их боломж байна. Нийгмийг дандаа материаллаг юмаар хөгжүүлдэггүй юм шүү дээ. Хүн гэдэг өөрөө объектив биш субъектив. Материаллаг юм нь урдаа юм уу, субъектив юм нь урдаа байдаг юм уу. Эцсийн эцэст нүдэнд харагдахгүй, чихэнд сонсогдохгүй тэр ухаан, тэр субъектив зүйл чинь л энэ бүх материаллаг ертөнцийг бий болгож буй шүү дээ. Тэгэхээр хэрэв хүсэх юм бол нийгмийг өөрчлөх аягүй амархан. Ялангуяа эрх мэдэл нь байгаа хүмүүст. Түүнээс би эндээс гараад, хэчнээн хашгираад юу ч өөрчлөгдөхгүй. Хүмүүс “Аа тэгээд, жаахан жаахнаар явж байгаад болно доо” гэдэг юм. Жаахан жаахнаар явбал миний ч нас хүрэхгүй, чиний ч нас хүрэхгүй. Тэгээд нөгөө “Алсын хараа” гэдэг шиг л юм болно. “Алсын хараа” гэнэ ээ. 30 жилийн дараа одоо байгаа хүмүүсийн гуравны нэг нь байхгүй болчихсон байна шүү дээ.

-Ерөнхий сайд бол эрт босъё, гүзээгээ багасгая гээд уг нь уриалаад л байгаа.

-Би ер буруутгахгүй ээ. Гэхдээ суурь өөрчлөлт гэж нэг юм бий.

Номыг хэрэглээ болгоно гэдэг бол суурь өөрчлөлт. Хүн ном уншихынхаа хэрээр илүү чадварлаг амьдардаг болно гэсэн үг. Чи нэг ном уншаад, чиний сэтгэлийг хөдөлгөсөн бол чам руу орж байна. Нэгэнт орсон бол тэр чиний энерги, хүч болно гэсэн үг. Тэгэхээр дараа нь чамаас гарах ямар нэг үйлдэл илүү ухаалаг, чадварлаг болох нөөц бий болно. Номын ач холбогдол үүнд л байгаа. Уран зохиолын ном уншвал олон хүний амьдрал дотор орж үзнэ. Хэчнээн сайхан бэ. Авъяас чадвараараа шигшигдсэн, дэлхийн түүхэнд гайхагдсан хүмүүсийн зохиолыг уншаад, өөрийгөө дэргэд нь дандаа хараад, харьцуулаад, мэдрээд явахаар ямар их юм авна гэж бодож байна. Гэтэл уншсан номоо хоорондоо ярилцаж байгаа нэг нэвтрүүлэг үзсэн үү. Үүнд мөнгө хэрэгтэй юу. Номны тухай ярьдаг хүмүүст хэдэн төгрөг өгчихье л дөө, тэгээд улс хонхойх уу. Бараг мөнгө гэж хэлэх үү, тэр зардлыг. Эд нар болохоор хамгийн их мөнгө орох ажлаас л эхэлдэг.

-Тэгэхээр ер нь номыг соёлын бараа биш, өргөн хэрэглээний л бараа болгох хэрэгтэй гэсэн утопи биз дээ?

-Өнөөдөр бол ном соёлын бараа байна. Хөл хорионы үеэр номыг музейн үзмэртэй адилхан гэж үзээд номын дэлгүүр нээгээгүй. Гэтэл бусад орнууд хүнсний дэлгүүрээс илүү номын дэлгүүрүүдийг онгорхой байлгаж байсан.

Бид нар улс үндэстнээрээ номыг соёлын бараа болгочихсон, түүнээс хэрэглээ биш.

-Хэрэглээ болгохын тулд төрийн өндөрлөгүүд уриалах, зохион байгуулах хэрэгтэй, үүнд төдийлөн санхүүжилт хэрэггүй гэдэг дээр санал нийлж байна. Нөгөө талд хүүхдийг багаас нь номтой хамт өсгөвөл номыг хэрэглээгээ болгосон бие хүн төлөвшинө гэж та яг итгэлтэй хэлж байна уу?

-Тэгнэ. 100 хүнээс 100 гэж хэлэхгүй л дээ.

Гэхдээ өнөөдөр нэгдүгээрт уншчих ном ховор байна. Уншъя гэхээр орчуулга нь муу, ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл уншъя гэхээр болохгүй юм их байдаг ч чимээгүй тавьчхаад л яваад өгдөг. Тэгээд бүгдээрээ их сургууль төгсчихсөн, тэгсэн мөртлөө номын бараа харахгүйгээр амьдралынхаа төгсгөл рүү явж байна. Зүгээр л цээжлээд, шалгалтаа өгөөд, дүнгээ аваад гарах ийм л процесс их сургуульд өрнөдөг.

-Ном уншдаггүй хүнийг уншдаг болгох шиг хэцүү юм байхгүй санагддаг.

-Ном уншдаггүй хүн муухай гэхчлэн яриад, нөгөө  л шүтэх хэлбэр лүү оруулчихсан болохоор уншаад ойлгохгүй байгаа хүмүүс чинь дуугүй яваад өгдөг. Үгүй ээ, би нэг л ойлгохгүй байна гэж хэлж чаддаггүй. ЕБС-ийн багш нар хүүхдүүдийг юм асуухаар “Иймхэн юм мэддэггүй юм уу” гэж хариулдаг, тэгж өөрсдийнхөө мэдэхгүйг хаацайлдаг. Ээж, аав нар нь хүүхдүүдийнхээ асуусан юманд хариулдаггүй. Эсвэл мэддэггүй ч байсан мэддэг юм шиг хариулдаг. Ингэхээр хүн асуудаг болж төлөвших үү. Тэгэхээр ер нь сургууль гэдэг чинь ямар ч утгагүй байна шүү дээ.

Би үүгээр нэг их хүн доромжлох гээгүй. Туслах гэж ярьж байна. Бид ний нуугүй ярих ёстой, нэг их мундаг царайлаад яваад байж болохгүй.

-Ном хэрэглээ болоход өөр ямар бэрхшээл байна вэ?

-Манай хэлний асуудал. Одоо гайгүйхэн шиг гадаад хэлтэй хүмүүс монголоор ном  унших ёстой дургүй байдаг. Үүнийг буруугаар ойлгож болохгүй. Яагаад гэвэл манай хэл хөгжөөгүй байна. Монгол хүн юм чинь мэдээж хэрэг монгол хэл дээрээ уншмаар байдаг. Уншигдаад байдаг, сүүлд нь юу ч ойлгогдож үлддэггүй. Гадаад хэл дээр уншихад процесс нь удаан ч гэсэн юм үлддэг. Тэгэхээр хэлэнд тээгдэж байгаа агуулга гэдэг юм нь илүү байгаа байхгүй юу. Манай монгол хэл болохоор сайхан уншигдаад байгаа мөртлөө үлдсэн юм нь бага байдаг. Ийм проблем бас байна. Тэгэхээр эх хэлнийхээ асуудлыг анхаарахгүй бол болохгүй юм.

-Монгол хэл хөгжих, баяжих ёстой гэдэг агуулгыг С.Молор-Эрдэнэ та хоёр их ярьдаг. Би ч хувьдаа санал нийлдэг. Гэхдээ энэ ер боломжтой юм уу?

-Хүсвэл боломжтой.

-Ингэж хүсэх хүн гарч ирэх үү?

-Үгүй, энгийн хүмүүс хүсээд яах юм. Энэ төрийнхөн хүсэх хэрэгтэй, бүр үүрэгтэй байхгүй юу. Гэтэл тэгэхгүй байна шүү дээ. Чи бид хоёр хүсээд яах юм бэ. Аягүй гоё ярилцлага хийлээ, аа нэг юм биччихэж гээд л өнгөрнө. Гэтэл Ерөнхийлөгч нэг үг хэлсэн байхад хүнд хүрнэ шүү дээ. Эхлүүлнэ шүү дээ, давалгаа болно. Энэ их олон телевизүүдийг чинь ийм, ийм нэвтрүүлэг цацаж байх ёстой гээд л бодлогыг нь хийчихэд амархан шүү дээ, үүнд ямар мөнгө хэрэгтэй юм.

-Хэлнээс гадна, хэт завгүй нийгэмд ном унших цаг гарахгүй байгаа бол яах уу?

-Үгүй ээ, хэрэглээ биш болохоор л тэгж байгаа юм. Чи цаг алга гээд юм идэхгүй явдаггүй биз дээ, явуут дундаа идээд л явчихдаг шд. Энэ чинь зугаагаа гаргахын тулд хийдэг ажил биш байхгүй юу. Хобби биш. Хөгжихийн тулд, ажил хийхийн тулд уншдаг процесс.

Бас нэг том проблем нь хүмүүс гадаад хэлгүй байна. Энэ бол номноос хол байх маш том шалтгаан. Монгол хэлээр хэрэгтэй мэдлэг олж авах боломж маш бага. Гэтэл ямар их, ямар гоё, ямар олон ном цаана чинь байна вэ. Хэлгүй бол уучлаарай, хагас дэлхий харанхуй л гэсэн үг.

-Аудио номыг хэрхэн хардаг вэ. Цаасан ном үеэ өнгөрөөж байна гэж яриад удаж байгаа?

-Хэвлэмэл, аудио гээд бүгдээрээ л хэрэгтэй. Машин бариад хөдөө явахдаа нэг зохиол аудиогоор сонсоод явбал хэчнээн гоё. Гоё боломж байгаа биз дээ. Тэгэхээр бүх хэлбэрээр хэрэгтэй.

-Яах вэ, сүүлийн үед цаасан ном уншиж цаг нараа барах хэрэг алга, хураангуйг нь сонсоод явчихад болно гэх хандлага хүчтэй түрж орж ирлээ шүү дээ?

-Худлаа моодорхож байгаа юм. Тэднээс яг “Нээрэн үү?” гэж асуух ёстой.

-Та өөрөө номыг хэрэглээ байлгах асуудлаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Би бол багаасаа ч нэг их ном уншдаг хүн байгаагүй. Миний ажил төрөл номтой ойр учраас яах аргагүй л унших ном дийлдэхгүй байна. Яасан ч гоё юм, яасан ч мундаг юм. Ямар ч их юм хиймээр байна даа. Яасан их ном орчуулах ёстой юм бэ. Ийм юман дунд л байж байна даа. Сайхан л ажил л даа, уг нь. Сая боловсролын чиглэлийн хоёр ном гарлаа. Өөрөө редакторлаад, өөрөө баахан тайлбарлаж ярилаа. Маш их цагийг тэнд зарцууллаа. Хүнд хүрсэн, хүрээгүй хамаагүй, ямар ч байсан хийх ёстой гээд л хийж байгаа. Цаашид ч хийнэ.

-Сүүлийн нэг жил лайваар дамжуулж номын хэлэлцүүлэг их хийдэг болсон байна билээ.

-Энэ сайхан боломжийг ашиглаад л явах хэрэгтэй. Сая гурван долоо хоног бид зөвхөн зурагт номын тухай ярилаа. Зурагт ном гэж ийм учиртай, ингэх гэж хийдэг юм гээд. Олон нийт рүү л хандаж, нэг ч гэсэн хүнд хэрэгтэй байх гэж л тэр. Түүнээс энэ номыг аваарай, гоё шүү гэж биш. Гэхдээ хүмүүс ийм ярианд нэг их дуртай биш юм шиг байна. Жишээлбэл, хүүхдийн хүмүүжлийн тухай ном ярьж байхад бэлэн жор л нэхээд байх юм. Яавал хүүхдээ номонд дуртай болгох вэ гэдэг ч юм уу. Хүүхэд гэдэг чинь ямар нэгэн юм аваад хийчихдэг сав, суулга биш. Тэгэхээр бидний яриад байгаа юм бол маш их зүйлийг ойлгох ёстой. Тэр дундаас яах ёстойгоо өөрсдөө мэдэх ёстой гэдэг дээр байгаа юм. Ингэчих, ингэхээр болчихно гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр бид асар их юм унших, уншсанаа ярилцах хэрэгтэй байна.

-Харамсалтай нь үзэлт маш бага байсан. Энэ ажлаа үр дүнтэй болгохын тулд өндөр хандалттай цахим платформуудтай хамтарч ажиллаж болохгүй юу?

-Бид хийж тавиад орхичхож байгаа юм, хэзээ нэгэн цагт хүмүүс үзэж хараад яваг. Харин тэд нартай хамтарч ажиллана гэхээр мөнгө нэхнэ. Ийм чиглэлийн ажлыг бас тусгай мэргэжлийн хүмүүс нь хийдэг юм шиг билээ. Манайд тийм хүн ч алга, тэдэнд төлдөг мөнгө ч алга. Ямартай ч хийх ёстой ажлаа л хийж явна.

Гэхдээ ажиглагдаж байгаа нэг чухал зүйл байна. Уламжлал, ёс заншлын талаар нэлээн юм хийлээ. Өөрөөр хэлбэл уламжлал ёс заншлыг өнөөдөрт авчрах тухай олон юм хийлээ. Сошиал орчинд зөндөө ярилаа. Бид олонхын санаа бодлоос маш эсэргүү зүйлсийг уг агуулгаар ярьж байгаа. Нийгмийн бодол санаанаас өөр. Гэтэл эсэргүүцэл алга. Тэгэхээр зөв явж байна гэсэн үг.

Чи мэдэрсэн хэр нь ээ буруу ойлгочихсон, эсвэл тэр мэдрэмжээ өөртөө буруу тайлбарлачихсан. Эсвэл хүн чамд буруу тайлбарлачихсан байлаа гэж бодъё. Аа, би тэр мэдрэмжийг чинь зөв тайлбарлахад, “Нээрэн тийм ш дээ” гэсэн юм орж ирнэ. Тэр үед чи эсэргүүцэж чадахгүй. Яагаад гэвэл өөрийнхөө мэдрэмжийг эсэргүүцэх нь байна шүү дээ. Тэгэхээр энэ бол урвал явагдаж байна л гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-03-26 10:16

ерөнхийдөө өөрөө дотоод зөрчилтэй байгаа бололтой. их шатаж байгаа бололтой

Зочин
Зочин
2021-03-26 17:20

Би 15 наснаас эхлээд 65 хүртлээ ном уншиж номны цуглуулгатай болсон Гэтэл ном маань сүүлийн үеэд хэсэг хэсгээрээ вандан тавиураараа �##�га болдог болов.Ном зарахгүй байна уу.Хүмүүс номны хулгайг хулгай биш гэх юм.Аль нь болдоо.Номыг минь уншаасай билээ эргүүлж авч ирж өгвөл баярлахсан даа.Өгөхгүй байсанч г�##� битгий асаасай билээ .Үр хүүхдүүд ээ үлдээгээсэй билээ

Зочин
Зочин
2021-03-26 20:07

Роозонгийн Энхбаттай нийлснээс
Ороолонгийн шуламтай нийлсэн нь дээр гээд нэг танил нь хэлж билээ.

Зочин
Зочин
2021-03-27 01:12

Айл болгон номын сантай. Өөрөөсөө бусдыг үгүйсгэх хэрэггүй.

зочин
зочин
2021-03-29 22:15

Чамайг Роозонгийн Энхбаттай нийлүүлэх гээд байгаа хэн байгаа юм, ном уншъя гэж байхад чинь...

Холбоотой мэдээ

Back to top button