Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хэрэглээний хог хаягдлаа ангилж, дахивараа зургаан жил тушааж буй бүсгүй

Бид хог хаягдал байгаль экологид хор хохирол учруулдаг гэдгийг мэддэг ч тэр бүр ахуйн хог хаягдлаа ангилж, дахивараа ялгаж чаддаггүй. Нэг үеэ бодоход иргэд худалдан авч буй бүтээгдэхүүний сав баглаа нь эргэн дахивар болдог эсэх, цаашлаад дууссан бүтээгдэхүүний савыг хэрхэн ангилж, хаана тушаах вэ гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй, цахим орчноос мэдэх боломжтой болсон.

Гэвч дахивар авах нөөцийн цэг, цаашлаад хогоо ангилж хийх хогийн сав хомсоос эхлүүлээд иргэдийн идэвх, санаачилга тэр бүр хангалттай байдаггүй. Тэгвэл энэ удаа бид 2016 оноос хойш өдийг хүртэл хэрэглээний хог хаягдлаа ангилж, дахивар нөөцөө тушаасаар буй Мөнгөнхуягийн Оюундарь бүсгүйг онцолж байна.

Түүний хувьд хоёр хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй бөгөөд гэр бүлийнхнийгээ ч мөн эл хэвшилд сургаж, хамтдаа мэрийх болсон байна. М.Оюундарь бүсгүйтэй холбогдоход Шарга морьтод зусландаа байна гэсэн боловч, зургаан сарын турш цуглуулсан дахиварыг тушаахаар “Төвшин сайхан” дахивар нөөц худалдан авах төвд ирсэнтэй давхцан ирснээр бидний өнөөдрийн сурвалжилга эхэлсэн юм.

Биднийг очиход бүсгүй автомашиныхаа тээшэнд цуглуулсан дахиваруудаа ангилан хийсэн байв. Тэрбээр анх хогоо ангилж, дахивар цуглуулж эхлэхдээ 5-6 төрлөөр ангилдаг байсан бол өдгөө 10 гаруй төрлөөр ангилдаг болжээ. Ийнхүү бид түүнтэй хэсэг ярилцсан юм.

-ХОЁР ХҮҮХЭДТЭЙ ЗАЛУУ ЭЭЖ, ӨРХ ГЭРИЙН ХУВЬД МИНИЙ ХИЙЖ ЧАДАХ АНХАН ШАТНЫ ЗҮЙЛ ДАХИВАРАА АНГИЛАХ БАЙСАН-

-Хогоо ангилах санаа, сэдэл юунаас төрсөн бэ?

-Улаанбаатар хотод маань агаарын бохирдол өндөр, нэлээн бохирдолтой байдаг. Зөвхөн агаарын бохирдол бус хөрс, усны бохирдол ч мөн маш өндөр байдаг юм билээ. Тиймээс “Би юу хийвэл хотынхоо бохирдлыг бууруулахад бага ч болов нэмэр болох бол” хэмээн бодож эхэлсэн л дээ. Хоёр хүүхэдтэй залуу ээж, өрх гэрийн хувьд миний хийж чадах анхан шатны зүйл юу байсан бэ гэхээр дахивараа ангилах байсан.

Бидний хувьд дахивараа ангилдаггүй, цаашлаад Улаанбаатарт цэг хомс, үйлдвэр, систем байхгүй. Гэтэл айл өрхөөс гарч буй дахивар хог хөрс, усыг ихээр бохирдуулж байдаг. Найман настай балчираас 80 настай буурал хүртэл дахивараа ангилах боломжтой. Энэ нь эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэх мэт хүн бүрийн хийж чадах ажил юм билээ.

-Анх дахивар ангилж эхлэхэд ямар бэрхшээлтэй тулгарсан бэ?

-Нэгт дахивараа яаж ангилахаа мэдэхгүй, мэдээлэлгүй, хоёрт хаана аваачиж өгөхөө мэдэхгүй асуудлууд байдаг байсан. Тиймээс анх цуглуулсан дахивараа цэвэрхэн тушаавал, үүгээр амь зуулгаа хийж буй хүмүүст илүү тус дэм болох юм байна гэж бодсон. Яваандаа “Хогоо багасгая”, “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн” ТББ, “Өнгө нэм” хуудас гэх мэт маш олон хүмүүс  энэ тухай санаачилж эхэлсэн л дээ. Тухайн групп, пэйжүүдээс дамжуулан дахивраа хэрхэн ангилах, хаана яаж тушаадаг зэрэг олон мэдээллийг авсан.

-Таны өнөөдөр тушаахаар цуглуулсан дахиварыг хэдий хэр хугацаанд цуглуулсан вэ?

-Өнөөдрийн хувьд 5-6 сар цуглуулсан дахивараа авч ирээд, “Төвшин сайхан” төвд тушаахаар ирсэн.

-МАНАЙ ГЭР БҮЛИЙН ХУВЬД ХҮҮХДҮҮД МААНЬ ДАХИВАРААС ОРЖ ИРСЭН МӨНГИЙГ ХУРИМТЛАЛДАА ХИЙДЭГ, ҮҮНДЭЭ Ч ИХ ДУРТАЙ-

-Дахиврыг тушаахад ойролцоогоор хэчнээн төгрөг болдог вэ?

-Миний хувьд мөнгөн дүн гэхээсээ илүү байгаль экологидоо хувь нэмэр оруулж байгаа гэдгээрээ үнэ цэнэтэй байдаг. Ойролцоогоор 5.000-20.000 төгрөг болдог. Хотоос хол байдаг хүмүүсийн хувьд зуслангаасаа хот руу орох, хотын төвд ойролцоо ажлаа амжуулах зэрэг ажлаа амжуулангаа зам дагуух, өөртөө ойрхон дахиварын цэгт түр зогсоод тушаах боломжтой.

Ингээд цуглуулсан дахивараа тушаагаад тодорхой хэмжээний мөнгө авчихвал, тухайн өдрийн түлшний зардалдаа ч мөн нэмэрлэж болдог. Манай гэр бүлийн хувьд хүүхдүүд маань дахивараас орж ирсэн мөнгийг хуримтлалдаа хийдэг, үүндээ ч их дуртай. Ингэснээр дахивар ангилж байгаль экологидоо хувь нэмэр оруулахаас гадна, тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж байгаа юм.

-Тэгэхээр бид худалдан авсан бүтээгдэхүүнүүдээсээ 5.000-20.000 төгрөгийг хаяад байдаг гэж ойлгож болох нь?

-Тийм ээ.

-Дахивар тушаасан мөнгийг хүүхдүүд хуримтлалдаа хийдэг гэлээ. Гэр бүлийн гишүүд нь хэр оролцоотой байдаг вэ?

-Хүүхдүүдийн хувьд надад маш их тусалдаг. Дээр нь дахивар ангилах анхан шатны мэдэгдэхүүнтэй болчихдог юм билээ. “Ээж ээ энэ энгийн хог уу, дахивар уу. Аль руу нь хийх вэ” зэргээр өдөр тутамдаа асуудаг. Мөн цуглуулсан дахиварынхаа овор хэмжээг багасгах ажилд хүүхдүүд дуртай оролцдог.

-ДАХИВАРАА ТУШААХААР ИРЭХ БҮРТЭЭ СУРАЛЦАЖ БАЙДАГ-

-Хүүхдүүд нь хэдэн настай вэ?

-Манай хоёр харьцангуй том болчихсон. Бага нь 9, том нь 12 настай.

-Зарим дахиварыг цэгүүдэд авдаггүй юм шиг байна. Ихэвчлэн ямар хаягдлыг дахивараар авч байна вэ?

-Бид суралцаж байгаа л хүмүүс юм. Тиймээс ангилж мэдэхгүй тохиолдлууд цөөнгүй бий. Гадна савлагаа дээрээ тэмдэглэгээ байхгүй гэх мэт асуудлууд олон. Энд дахивараа тушаахаар ирэх бүртээ л ерөнхийдөө суралцаж байдаг гэхэд болно.

Түүнчлэн хөл хорионоос болоод дахивар тушаах цэгүүд ажиллахгүй байх, мөн тухайн дахивар авах үйлдвэр хаасан зэргээс  шалтгаалаад асуудлууд гардаг. Иймд цуглуулсан дахивараа буцаагаад аваад явах нь бий. Гэртээ хадгалж байгаад, ирэхээсээ өмнө лавлаж ирдэг. Яг ангилаад ирэхээр хаягдал маш бага гардаг юм билээ. Өдрөөс өдөрт суралцаад л явж байна даа.

-Дахивараа ангилдаг ижил санаа зорилготой хэр олон залуус байдаг вэ?

-Анх ямар ч мэдэгдэхүүнгүй байсан л даа. Гадаадад сурч ажилладаг иргэдийн хотдоо ирээд санаачилсан группууд болон “Хогоо багасгая” зэрэг бүлгүүдээс их зүйлийг сурч авсан. Тиймээс хэрэв хогоо ангилж, дахивар тушаах хүсэлтэй иргэд маань тухайн пэйж, группуудэд идэвхитэй нэгдэж, цахим орчноос мэдээ мэдээллийг сайн авах хэрэгтэй. Яваандаа нүдэнд дасал болоод суралцаад эхэлдэг.

Миний хувьд ч мөн эзэгтэй нарт зориулсан групп хөтлөн явуулдаг. Тухайн группынхээ эзэгтэй нараас ч мөн их зүйлсийг судалдаг. Наанадаж гялгар уутны хэрэглээг багасгах, хаяхаар болсон ч овор хэмжээг нь багасгаад зангидаад хаявал салхинд хийсэхгүй зэргийг мэдэж авсан. Ер нь цуглуулах тушаах явцад их зүйлийг суралцдаг.

-ЖИМС НОГООНЫ ХАЯГДЛАА ХАЯХГҮЙГЭЭР ТҮҮНИЙГЭЭ БОРДООШУУЛАГЧ САВАНД ХИЙГЭЭД, ТАСАЛГААНЫ ЦЭЦГҮҮДЭЭ БОРДОЖ, УРГУУЛДАГ-

-Дахивраа ангилж эхэлснээр таны амьдралд ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?

-Ахуйн талаасаа цэвэр цэмцгэр байдалд их нөлөөтэй. Мөн худалдан авалт, хэрэглээндээ хяналт тавьж эхэлсэн. Наанадаж энэ бүтээгдэхүүн сайн чанарынх, савлагаа дахиварт авдаг гэхчлэн сав баглаан дээрх тэмдэглэгээнүүдийг таньж эхэлсэн. Миний хувьд жимс ногооны хаягдлаа хаяхгүйгээр түүнийгээ бордоошуулагч саванд хийгээд, түүнээс гарсан органик бордоогоор тасалгааны цэцгүүдээ бордож, ургуулдаг.

-Хүмүүсийн энд тэнд замбараагүй хаясан хаягдлыг хараад эмзэглэх үе бий юу?

-Маш их эмзэглэдэг. Хүмүүс яагаад дахивараа ангилахгүй байгаа юм бол гээд бодоод үзэхээр миний хувьд би 2012 оноос хойш эзэгтэй нарын групп ажиллуулж эхэлсэн. Тухайн группээрээ дамжуулж эерэг мэдээллийг түгээхийг зорьдог. Тиймээс иргэдийн энэ талын мэдээ мэдээлэл маш бага юм байна гэдгийг анзаарсан.

Мөн мэдээлэл авч байгаа ч энгийн хүн харахад ойлгомжтой байх нь чухал гэдгийг ойлгосон. Өчигдөр /2021.03.30/-ийн хувьд гэрийн эзэгтэйн хувьд өөрийн цугуулдаг дахивараа зургийг нь аваад, тайлбар бичихэд олон хүнд хүрсэн. Хүмүүст илүү ойлгомжтой олон талаас мэдээлэл хүргэвэл олон хүн ангилдаг байх гэж бодсон.

-“ТҮВШИН САЙХАН” ДАХИВАР, НӨӨЦИЙН ТӨВИЙН ЗАХИРАЛ С.ЦЭРЭНЖАВ: ДАХИВАР ХАЯГДАЛ БИШ МӨНГӨ ГЭДГИЙГ ХҮМҮҮС ОЙЛГОДОГ БОЛСОН-

-Оруулсан пост мэдээлэл тань олон хүнд хүрлээ. Хүмүүсийн хандлага, сэтгэгдэл нь хэр байсан бэ?

-Хүмүүс маш сайхнаар хүлээж авсан. Пост маань тийм олон хүнд хүрч, урам талархлын үгсийг авна гэж бодоогүй.

Ийнхүү М.Оюундарь бүсгүй цуглуулсан дахивар бүтээгдэхүүнийг тушаахаар цэг рүү орлоо. Биднийг дотогш ороход 3-4 хүн дахиварыг задлах, эмхэтгэх ажлыг хийж байлаа. Харвал компьютерийн эвдэрсэн процессороос эхлүүлээд машины эд анги, хашааны сараалжин төмрүүдээс эхлээд олон зүйлсийг эмхэтгэн хураасан байлаа. Бид бүсгүйг дахивараа тушаасны дараа “Түвшин сайхан” дахивар, нөөцийн төвийн захирал С.Цэрэнжавтэй хэсэг ярилцсан юм.

Түүний хувьд эл цэгийг ажиллуулаад 11 жил болжээ. Хоёр газарт дахиварын цэгтэй бөгөөд эл газрыг түрээслэн ажилуулдаг байна. Коронавирусээс шалтгаалан ажлын цагаа багасгасан гэх бөгөөд ажиллах хүч, ажилд орох залуус бага байгааг онцлов.

-Дахивраа тушаах иргэд хэр идэвх санаачилгатай байдаг вэ?

-Маш санаачилгатай. Нэг үеэ бодоход залуусын идэвхи, санаачилга сайжирсан. Хаягдал биш мөнгө гэдгийг ойлгодог болсон. Хүүхдээс эхлүүлээд хөгшид хүртэл ирж дахивараа өгдөг.

-Танай цэгийн хувьд хэчнээс төрлийн дахивар авдаг вэ?

-30 гаруй төрлийн дахиварыг авдаг.

-Нэг хүн дунджаар тушаасан дахивраасаа хэдийг авч байна вэ?

-Хамгийн багадаа 4.000 төгрөгөөс эхлүүлээд 200.000-300.000 мянга хүртэл дахивараа тушаадаг.

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр

Видеог: С.Боргил

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-04-01 09:03

Энэ эмэгтэйг хотын дарга болгох ёстой

irgen
irgen
2021-04-01 23:29
Reply to  иргэн

mash zuv iiml hvmvvs turd hetegtei

Зочин
Зочин
2021-04-01 09:20

Манай хүүхэд гялгар уут цуглуулаад уд�##�гүй гараж дүүрч , тэрэг маань гадаа өвөлжсөн.Эхнэр маань цуглуулаагүй нь яамай хи хи

Зочин
Зочин
2021-04-01 10:44

Хог авдаг газар байдаг юмуу

Холбоотой мэдээ

Back to top button