СПОРТЯРИЛЦЛАГА

Г.Хандсүрэн: Өвөө, аавынхаа нэр хүндээр бус өөрийнхөө хүчээр л амжилтад хүрэхийг хүсдэг

Монгол волейболчин Японы дээд лигт анх удаа хөл тавьж, гэрээ байгуулсан нь яахын аргагүй бахдам, бахархам үйл явдал. Эл түүхэн амжилтын эзэн бол Гантогтохын Хандсүрэн. 24 настай тэрбээр Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргын ач, улсын гарьд Б.Гантогтохын охин нь.

Спортын гэр бүлд төрж, өссөн, удамт тамирчин Г.Хандсүрэнд Японы дээд лигийн дөрвөн багаас санал иржээ. Улмаар нэлээд бодож, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад “Брийт Хамамацү” багийн саналыг хүлээн авч, гэрээ байгуулсан юм. Ингэснээр Японы дээд лигт өрсөлдөж буй Монголын анхны волейболчин болж, анхны жимийг нь гаргалаа. Түүнтэй цахим хуудсаар нь холбогдон ярилцлаа.

Юуны өмнө Японы лигт тоглохоор болж, гэрээ байгуулсанд нь баяр хүргэе. Тус лигт өрсөлдөх гарцыг хэрхэн олов?

-Баярлалаа. Япон Улсад волейболын лигийн клубүүд “Try out” зохион байгуулж, тэндээс тамирчдаа сонгож авдаг. “Try out” дээр очиход дивизион I-ийн хоёр, дивизион II-ийн мөн хоёр баг надад санал тавилаа. Бэлтгэл дээр нь очиж үзэхэд гоё санагдсан. Тэгээд нэлээд бодож байгаад “Брийт Хамамацү” багийг сонголоо.

Тус багийг бусдаас онцлон сонгоход юу нөлөөлөв. Хэдэн жилийн гэрээ байгуулсан бэ?

-Бэлтгэл дээр нь анх очиход манай баг хамгийн өндөр амжилт гаргахыг хүсэж байгаа нь анзаарагдсан. “Брийт Хамамацү” багийн менежер, дасгалжуулагч нар маань “Тэр амжилтад хүрэх замд хамтдаа гарцгаая Хандаа. Манай багт ирээч” гэж хэлсэн нь надад маш сайхан дотно санагдсан.

Хүн хүнтэй чин сэтгэлээсээ харилцах хамгийн гоё. Дургүйд хүчгүй гэж үг хүртэл бий. Багтаа бүх хүчээ зориулахад бэлэн байгаа. Гэрээний тал дээр хугацаагүй гэрээ гэж хэлж болно.

Ямар үед гэрээгээ дуусгах, цуцлах нөхцөлтэй вэ?

-Намайг өөр багтай шинэ гэрээ хийх хүсэлтэй, спортоо орхихоор шийдсэн, эсвэл гэрээг цуцалбал энэ гэрээ дуусгавар болно. Хоёр талын харилцан гэрээ байгаа.

-Гэрээ байгуулах мөчид төрсөн сэтгэгдлээсээ хуваалцана уу. Тухайн мөчид юу бодогдож байв?

-Маш гоё байсан, үгээр илэрхийлэх аргагүй мэдрэмж төрсөн. Хүн хүсэж, тэмүүлж чадвал болохгүй юм, арга нь олдохгүй зүйл байхгүй гэж итгэж ирсэн маань зөв байж гэж дотроо бодсон. Үнэндээ намайг легионер тамирчнаар авна гэхэд маш их баярласан. Үүний цаана манай баг санхүүгийн маш том зарлага гарган байж намайг авч байгаа тул урмыг нь л хугалахгүй байхыг хүсэж байна. Давхар том хариуцлага ирэх шиг болсон.

-Баярт мэдээгээ гэр бүлийнхэндээ хэлэхэд юу гэсэн бэ?

-Би гэнэт л нэг өдөр тамирчин болчихоогүй, их удаан хугацаанд олон шат дамжлагыг дамжин, давж явсаар эцэст нь Японы дээд лигийн тамирчин болсон. Тиймээс гэрийнхэн маань ерөнхийдөө мэдэж байсан байх. “Ингээд тамирчин болчихлоо шүү дээ” гэхэд манай гэрийнхний нүдэнд нь оч гэрэлтээд л надаас илүү баярласан. Ээж минь магнайгаа хагартал баярлахыг нь хараад би их баярласан шүү. Миний ээж их хөөрхөн. Хайртай шүү, ээж ээ.

-Монгол волейболчин мэргэжлийнх нь лигт өрсөлдөхөөр болсон талаар танай багийнхан, япончууд юу гэж байна вэ?

-Одоогоор сайн хэлж мэдэхгүй л байна. Сурагч үеийн минь багш нар болох Сайто Кантог, Нэмото багш, Нонака дасгалжуулагч гээд олон зүйл зааж намайг өдий хүргэсэн дасгалжуулагч нар маань их баярласан.

Би мэргэжлийн лигтээ ёстой хөөрхөн япон фэнүүдтэй болоод амжсан. Тэд маань сошиалаар амжилт хүсэн, дэмжиж буйгаа илэрхийлээд авсан зурагнуудаа над руу фэйсбүүкээр илгээсэн. Ер нь ямар ч спортод фэн их чухал. Машинаар бол сайн чанарын моторын тос л гэсэн үг. Тэд маань маш их баяртай байгаа. 

-Танаас өмнө Японы лигт тоглосон монгол волейболчин бий юү?

-Одоогоор яг гэрээ хийн, өмсгөлийг нь өмсөөд, гараанд тоглоод явж байгаа нь анхных гэж бодож байна.

-Багийнхан нь таныг хэрхэн хүлээж авав?

-Би ер нь хаана ч өөрийнхөөрөө байж, бусдад инээд бэлэглэе гэж боддог. Тэгэх тусам надад их гоё мэдрэмж өгдөг л дөө. Тийм болохоор ч тэр үү байнга л инээгээд, юм яриад байж байдаг болохоор манай багийнхан намайг их дотноор хүлээж авсан. “Хан чян” гэдэг өхөөрдөм нэр хүртэл аваад амжсан шүү.

-Шинэ багтайгаа хийх анхны тоглолтоо хэрхэн төсөөлж байна вэ?

-Хожиж байгаагаар л төсөөлж байна даа. Зөвхөн хожихын төлөө манай багийнхан өдөр бүрийн бэлтгэл дээр нэгнээ илүү сайн мэдэрч, ойлголцох хэрэгтэй. Багтаа хурдан дасаж, багийнхантайгаа халуун дотно харилцаа үүсгэхийг хичээж байгаа. Волейболд итгэлцэл гайхамшгийг бүтээдэг гэж би боддог.

-Багтайгаа дасах, уусахад хэр хугацаа орох бол. Шинэ багийнхаа тухай ярихад?

-Багтайгаа дасах, уусах маш чухал. Дээр хэлсэнчлэн итгэлцэл гайхамшгийг бүтээдэг гэдэгт би итгэдэг. Хэр хугацаанд ойлголцох, дасах нь надаас л шалтгаална. Тэгэхээр өдөр бүр ярилцаж жижиг зорилгууд гаргаад түүндээ хамтдаа хүрээд явахад аяндаа нүдээ ирмэхэд л довтолгоо, хамгаалалтын ямар хувилбар явахыг хүсэж байгааг нь мэддэг болчихдог. Үүнд гадаад, дотоод, монгол, япон тоглогч эсэх огт хамаагүй. Хүн л бол хүн. Манай багийнхан их сайхан хүмүүс. Зөв сонголт хийсэн гэдэгтээ итгэлтэй байна.

Япон улсад хэзээ очсон бэ. Эндээс анхнаасаа лигт өрсөлдөх зорилготой очсон уу. Эсвэл сурах зорилго тээн наран улсыг зорьсон уу?

-Би Япон улсад 2014 онд ирсэн. Гол зорилго маань волейбол сурах байсан. Мэдээж давхар хэл, соёл, нийгэм, урлаг, спортын тал дээр суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийг зорилгүй яах вэ. Өөрийгөө хөгжүүлэх том боломж гэж харсан учраас Япон улсад ирэхээр шийдсэн юм. Энд ирээд Японы оюутны нэгдүгээр лигт дөрвөн жил тоглосон.

-Японд амьдраад, оюутны лигт өрсөлдөж байсан нь танд дээд лигт өрсөлдөх, томоохон багуудын хараанд өртөх том боломж байв уу?

-Мэдээж тэгсэн. Хэрвээ би Японы оюутны дээд лигт тоглоогүй байсан бол надад “Try out”-ийн урилга ирэхгүй. Надад санал тавих талаар яриа ч гарахгүй байсан юм шүү дээ. Бүр оюутын дээд лигт өрсөлдөөгүй байсан бол энэ хэмжээнд юм сурахгүй, өөрийгөө хөгжүүлж чадахгүй ч байсан байж магадгүй. Дээд лиг гэдэг утгаараа ширүүн өрсөлдөгч их байдаг.

Хандаа одоо сурч байгаа юу?

-Тийм ээ. Амьдралын их сургуульдаа элсэн ороод явж байна даа (инээв). Хүн ер нь сурч дуусахгүй, хэзээ ч сурахад оройтохгүй гэж боддог шүү. Одоогоор их сургуулиа төгсөөд удаагүй байна. Энэ оны гуравдугаар сарын 15 нд хонхны баяраа хийсэн. Коронавирусийн халдварын улмаас дэлхий даяар айдас хүйдэстэй, хүнд байгаа энэ цаг үед хонхны баяраа хийсэндээ их баяртай байна.

-Монголчууд “Баянаа аваргын ач, Гантогтох гарьдын охин Японы мэргэжлийн лигтэй гэрээ байгуулж” гээд баяр хүргэсээр байна. Танд ч мөн сайхан санагдаж байгаа нь мэдээж.

-Тийм ээ, маш сайхан санагдаж байна. Саяхан “Club house” дээр “Спорт бол тухайн хувь хүний амжилт. Улс оронд хамаагүй. Тиймээс тэгж хөөргөж, дэвэргэж болохгүй” гэж нэг хуульч хүн ярихыг сонссон юм л даа. Би их гайхсан. Спорт бол энэ нийгмийг, дэлхийн нийгмийг цогцлоох гол хүчин зүйлүүдийн нэг.

Спорт хөдөлмөр, тэсвэр тэвчээр, ур ухаан, чадал чансааг хамгийн ихээр шаарддаг. Спортоор түлхүү хичээллэсэн хүний сэтгэн бодох чадвар буюу IQ энгийн хүнийхээс хамаагүй илүү байдаг. Тиймээс спортоор хичээллэдэг, тамирчид бол тусгай, онцгой, ялгарсан хүмүүс гэсэн судалгаа хүртэл бий.

Тамирчин хүнийг хүндэтгэж, дэмжин сайшаах нь маш зөв. Харин тамирчин хүн тэр том нэр төрийг хариуцлагатайгаар авч явах үүрэгтэй гэж боддог. Энд тэнд асуудал гаргаад ялих, ялихгүй юманд хутгалдаад яваад байж болохгүй.

-Волейболын спорттой амьдралаа холбосон дурсамжаасаа хуваалцана уу. Хэдэн настайгаасаа хойш тоглож байгаа вэ?

-Энэ талаар мэдэх хүмүүс нь мэдэж байгаа байх аа. Би Волейбол тоглохгүй гээд нэлээн зугтаасан нөхөр (инээв). 2013 онд буюу 16 настайдаа энэ спортоор анх хичээллэн, амьдралаа холбож байлаа.

-“Тэнүүн-Огоо” клубт тоглож байсан юм билээ. Одоогоор ямар, ямар амжилт гаргаад байгаа вэ?

-Манай “Тэнүүн-Огоо” баг тогтмол амжилт гаргасаар ирсэн. Олон улсын хэмжээний мастер А.Батжаргал, Ч.Халиун, Б.Буянжаргал гээд Монголын волейболын спортод хувь нэмрээ оруулсан мундаг эгч нар маань мөн ур чадвараараа олонд алдаршсан, олон, олон тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан, ухаалаг найз Ууганчимэг, өсвөр залуучуудын тэмцээнүүдэд удаа дараа аварга, шилдэг тоглогч болсон хайртай дүү Б.Цолмон, мөн адил өсвөр залуучуудын хүчтэй багийн ахлагч, шилдэг тоглогч дүү С.Будсүрэн гээд ерөнхий  бүрэлдэхүүнтэйгээр 2018 оноос хойш тэмцээнд оролцож ирсэн.

Би Холбооны цомын АШТ-ий мөнгө, Үндэсний дээд лигийн хүрэл медальтай. Мөн 2018 онд Зүүн Азийн АШТ-д “Тэнүүн-Огоо” клубээс миний бүх зардлыг даан, TG компаниар жигдрэлийн хувцасаа урлуулан шигшээ багаа төлөөлөөд оролцсон. Намайг үргэлж дэмждэг, тусладаг “Тэнүүн-Огоо” компанийн удирдлага, хамт олонд, багийнхандаа баярлаж явдгаа илэрхийлье.

-Хандаагийн өндөр хэд билээ?

-Надаас хүмүүс ингэж асуухаар нь 181 см гээд хэлчихдэг юм. Анх Монголд байхад миний өндрийг лав 185 см хөнгөхөн байгаа гэдэг байв. Тэгсэн чинь үгүй юм байна лээ шүү, найзууд аа (инээв).

-Таны тоглолтын гол онцлог юу вэ. Ямар байрлалд тоглодог вэ?

-Голын хаагч буюу “Middle blocker”. Монголчууд энэ байрлалыг “Нам Хагас” гэдгээр нь андахгүй дээ (инээв).

-Өвөө, аав нь монгол түмний бахархал болсон удамт бөх. Таныг бөх болгоно гэдэг байв уу. Бөх болох, жүдо, чөлөөтөөр ч юм уу барилдах бодол танд байсан уу?

-Юуны түрүүнд миний сонирхол, хүслийг их сонсдог байсан. Бас охин хүүхэд бөхөөр барилдаад дэмий, хичээллүүлэхгүй гэдэг байсан юм. Би хоёр бил үү гурван жилийн өмнө “Хасу Мегаватт” компанийн зааланд бэлтгэл хийж байсан юм. Гэтэл “чөлөөтийн шигшээ багийн бэлтгэл дээр ороод ирээрэй” гэлээ. Яваад ортол дэлхийн аварга, Монголын бахархал болсон тамирчид байв. Тэдэнтэй дэвжээн дээр гарч үзэв ээ. “Тэнцвэр сайтай юм” гэж багшдаа магтуулаад амжсан удаа бий шүү (инээв).

-Домогт Х.Баянмөнх аваргын ач, монгол түмний бахархал Гантогтох гарьдын охин гэдгийг нь танай багийнхан, япончууд мэдэх үү?

-Мэддэг шүү. Энэ тухай хэлэхэд их сайхан найрсгаар хүлээж авсан. Шизүока мужид харьяалагддаг юм л даа. Саяхан мужийн засаг дарга, спорт хорооны тэргүүн, Монгол Японы найрамдлын ажилтан гээд манай клубийн төлөөлөгч менежерүүдтэй цуг хүлээн авч, уулзалт хийсэн байгаа.

-Өвөөг нь мэдэхгүй, танихгүй хүн үгүй. Ач охин нь гэхээр тэд юу гэдэг вэ. Ямар гоё юм бэ гээд гайхдаг уу?

-“Өө, мундаг хүний үр мундаг явах нь аргагүй” гэж их хэлдэг. Бас “Яг аав, өвөө байна шүү дээ” гэдэг юм (инээв). Гэхдээ тийм мундаг хүний ач охин нь гэхээсээ өмнө өөрийн хийсэн, бүтээснээрээ танигдахыг, амжилтад хүрэхийг хүсдэг. Зарим хүн “Аваргын ач юм бол хүссэндээ хүрнэ биз” гэж хэлэх нь ч бий. Сэтгэл өвтгөм үгийг хэнэггүй хэлдэг хүмүүс бас бий шүү (инээв). Зөв шударга, ариун цагаан хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдгийг би гэр бүлийнхнээсээ сурсан. Гэр бүлийн хүмүүжил намайг өнөөдөрт хүргэсэн байж ч болох юм.

Та Монголд гурав дугаартай тоглодог байсан. Японд тав дугаартай тоглохоор болсон гэсэн. Тав дугаарыг яагаад онцолж, сонгов?

-Би анхандаа 11 дугаартай тоглодог байсан юм. Тухайн үед ОХУ-ын шигшээ багийн домогт тамирчин Гамова 11 дугаартай тоглодог байсан юм л даа. Түүний тоглолт, сэтгэл хөдлөл намайг огшоосон.

Монголд 11 дугаартай тамирчин мэр сэр нэмэгдсээр байлаа. Дугаар давхцах заримдаа төвөгтэй (инээв). Тэгээд хувийн дугаараа солихоор шийдсэн. 2015 онд Азийн АШТ-д оролцохоор явахын өмнө ижил үүрэгтэй тоголдог эгч маань мөрөндөө гэмтэл аваад тэмцээнд явахаа больсон юм. Тэр үед яагаад ч юм бэ “Эгчийнхээ оронд хичээх ёстой гэдэг бодол л миний толгойд эргэлдэж байсан. Тэгээд гурав дугаартай тоглоно гээд тухайн үед багийн голын хаагч байсан, “Том Пүүжээ” эгчийнхээ тоглолтын дугаарыг авч байсан түүхтэй. Түүнээс хойш Японд иртлээ гурав дугаартай тоглосон юм. Өмнө нь энэ талаар огт ярьж байгаагүй юм байна шүү.

-Аварга, гарьд хоёр охиндоо юу гэж захиж, зөвлөдөг вэ?

-Монголдоо очих бүрт олон сайхан түүх ярьж өгдөг. Тэд маань тайван сайхан, гайхалтай хүмүүс шүү. Буурал аав маань “Тамирчин хүн хөл сайтай байх ёстой” гэж захьдаг юм. Нэг зун гэр бүлийн наадам дээр надад “Хөл муутай байна шүү. Хөлөө сайжруулан, машин шиг л байх хэрэгтэй” гэж хэлж байсан юм. Би харих замдаа уйлаад (инээв). Буурал аавдаа гомдож, эрхэлсэндээ уйлаагүй. “Тэгж их бэлтгэл хийгээд байхад яагаад сайжирдаггүй хөл вэ” гэж дотроо бодон, эморч билээ. Аав минь “Тамирчин хүн иймхэн юманд уйлж болохгүй” гээд аргадсан юм. Одоо эргээд бодоход ёстой инээдтэй, дурсамжтай санагддаг.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Дэлгүүр хэсэх ч юм уу, сошиалаар аялдаг даа.

-Гэрээсээ хол Японд амьдраад, лигт нь өрсөлдөхөд хэцүү зүйл гарч байна уу. Гэрээ санадаг уу?

-Өө амархан зүйл гэж юу байх вэ. “Гэдсээ илээд хэвтэж байсан чинь легонер тоглогч болчихсон байсан” гэвэл балрав аа (инээв).

Би хамгийн сүүлд 2019 оны үндэсний дээд лигийн үеэр очсон. 2019 оны арванхоёрдугаар сард юм байна. Тэрнээс хойш Монголдоо, гэртээ очоогүй байгаа.

Японд ирсний дараах эхний 2, 3 жил гэрээ санах манатай, завгүй байсан. Ойрд гэрээ их санаад байгаа. Ээждээ, аавдаа, агаадаа, дүүдээ эрхлээд гэртээ хэвтэж байх ч бас л жаргал шүү дээ. Хайртай хүмүүстээ хайртай гэдгээ хэлж мэдрүүлэхийн тулд бүхнээ зориулдаг байгаарай хүмүүс минь. Санана гэдэг ээ дээ мөн ч хэцүү зүйл шүү.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

  1. Өвөө шигээ аав шигээ олны хүндэтгэл хайрыг хүлээсэн тамирчин болоорой. Тэд бол Монголын бахарх####. Тэр хүмүүсийн үр сад гэдгээ үргэлж хичээж яваарай дүү минь

  2. Сайн муу элдвээрээ хэлүүлж явсан ч муу хар аварга тэргүүтэй энэ хэд маань хаа очиж монголоороо байгаа шүү. Монголын иргэншлээ өөр зүйлээр өдийг хүртэл солиогүй яваа шүү

  3. спортод өөрийн ур чадвар л гаргаж ирнэ ямар хүний үр хүүхэд байнав гэдгээс үл хамаарах нь үнээн

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button