Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хил хааж, хятадууд орж ирэхгүй байгаагаас ченжүүд арьс, ширэндээ “дарагджээ”

“Эмээлт” захыг зорилоо. Хашаан дотроо, арьс, шир хураагаагүй газар эндээс олоход бэрх бололтой. Хаашаа л харна, хураалттай арьс шир харагдана. Бид хаалга нь онгорхой нэгэн хашаа руу орвол гурван хүн тэмээний шир хяргаж байлаа. Арьс ширний илжирч, муудсан үнэр ханхийж, ялаа шавааралдаж байсан ч тэд тоолгүй ажилласаар. Ийнхүү ченжүүд урин дулаантай уралдан өвөл, хавар авсан түүхий эдээ хүн хөлсөлж, давслуулан ноосыг нь хяргуулж буй ажээ. Бид тус складыг түрээсэлж буй ченж Р.Энхжаргалтай цөөн хором ярилцлаа.

Р.ЭНХЖАРГАЛ: ҮЙЛДВЭРҮҮДИЙГ Л ЖИГД АЖИЛЛУУЛМААР БАЙНА

–Танайд худалдаж авсан хэр олон арьс, шир байгаа вэ?

-Арваннэгдүгээр сараас хойш авсан арьс, нэхий, шир зөндөө байна. Адууны арьс, үхрийн шир маш ихийг авсан. Хонины нэхий гэхэд 10 тонн байна. Нэг хонины нэхийг 1000 төгрөгөөр, адууны арьсыг 18 мянгаар, үхрийн ширийг 65 мянгаар авч байсан. Харин тэмээний ширийг 65 мянгаар авсан. Одоо нэгийг нь 10 мянгаар хайчлуулж байна. Хайчлаад, гэсэхээс нь өмнө давслахгүй бол үнэр ороод хаягдал болно. Өнөөдөр гурван хүн хөлслөөд ноосыг нь хайчлуулж байна. Дараа нь хонины нэхий болон тэмээний ширээ давсална.

Сая хоёр хоногийн өмнө гурван машин арьс, нэхий хаясан. Адууны арьсыг урагш нь гаргахгүй бол цавууны үйлдвэр авахгүй болохоор хэцүү л байна. Одоо надад 10 гаруй адууны арьс байна.

-Одоо та арьс, шир авч байгаа юу?

 -Авч байгаа. Орон нутгийн түншүүд 5-10 арьс, ширтэй ирж байгаа юм чинь авахгүй гээд яах ч билээ. Хонины нэхийний үнэ уг өссөн. 1300 төгрөгөөр авч байгаа. Гэхдээ цаашдаа үйлдвэрүүд нээгдэхгүй бол хэцүү. Бид үйлдвэр нээнэ гэж итгэж л түүхий эдээ авч байгаа шүү дээ. Бид өдөр бүр хүн хөлслүүлж арьс, ширээ давслуулж байна.

-Хэдэн хүн арьс, шир давсалж байгаа вэ?

-Нэг хүн өдрийн 40 мянгаар ажилладаг. Өнөөдөр гурван хүн давсалж байгаа. Хоёр хоногийн өмнө нэг тонн давс авсан. Коронавирусийн халвар гарсантай холбогдуулаад орон нутгаас давс орж ирэхээ болилоо. Нэхийгээ давслуулах гээд бас нэг скалад түрээсэлж авсан. Ер нь бол үйлдвэрүүд нээчихвэл бид давс авч, хүн хөлслүүлж, склад хайж явахгүй шүү дээ.

-Хяргасан тэмээний ширээ яах вэ?

-Уг цавууны үйлдвэр авдаг юм. Килограммаар нь авдаг юм билээ. Чухам хэдээр авдаг юм бүү мэд. Би ер өгч үзээгүй. Өмнө нь Өвөрмонголчууд тэмээний хөл авдаг байсан. Одоо авах хүн алга. Шууд л хаяж байна. Тэмээний ноос муудахгүй болохоор бас ч гэж учиртай. Ханш нь хараахан гараагүй байна. Гарахаар нь зарна даа.

Харин адууны дэлийг хайчлаад хураачихсан байгаа. Угаадаг үйлдвэрүүдэд килограммыг нь 15 мянгаар өгдөг юм.  

–Танай ширийг Цавууны үйлдвэр авахгүй бол цаашид хэрхэх вэ?

-Үйлдвэр нээгдэнэ л гэж итгэж байна. Нээгдэхгүй бол бид ахиад л хохирол амсах нь байна шүү дээ. Хэрэв үйлдвэрүүд нээгдэхгүй бол ахар нь ургачихсан нэхийнүүдээс ноосыг нь ч болов хяргаж авах байх. Тэгээд арьсыг нь шууд хаяна. Гэхдээ бас л хүн хөлсөлж хяргуулна шүү дээ.

-Өнгөрсөн жил та хэчнээн төгрөгийн хохирол амссан бэ?

-Маш их хохирол амссан. Тэрийг хэлээд яахав ээ. Бид чинь зээл аваад, 20 сая төгрөгийн түүхий эд авлаа гэхэд талыг нь хаядаг.

-Төр засаг энэ асуудлыг хэрхэн шийдэж, анхаараасай гэж хүсэж байна?

-Халдвар хамгааллын дэглэмийг нь сайн сахиулаад үйлдвэрүүдээ л жигд ажиллуулмаар байна. Үйлдвэрүүд нээгдчихвэл ядаж хог болохгүй шүү дээ. Өөр хүсэх зүйл алга. Ганц хүсэх юм маань л энэ байна.

Биднийг ийн ярилцаж байх зуур нэхий ачсан маш орж ирэв. Тэрбээр хүлээж авч, тооцоо хийх ажилтай болсон тул бидний яриа энэ хүрээд өндөрлөв.

Хажуу талын склад руу орвол гурван хүн үхрийн шир давсалж байлаа. Тэдний нэг бол ченж А.Батхуяг. 28 жил малын түүхий эд авч буй тэрбээр өнгөрсөн жил авсан арьс, нэхийгээ борлуулж чадаагүй байна.

А.БАТХУЯГ: ХЯТАДУУД ОРЖ ИРЖ АВАХГҮЙ БОЛ ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮД ЭНЭ ОЛОН ТҮҮХИЙ ЭДИЙГ АВЧ ДИЙЛЭХГҮЙ

Тэрбээр “Мөнгөө түгжүүлээд л сууж байна. Ямааны арьс 28 мянгаар авсан ч зарагдахгүй байна. Одоо надад 10 мянган үхрийн шир байгаа. 12 мянгаар авч байсан. Үйлдвэрүүд нээгдэж байгаа ч энэ олон түүхий эдийг авч дийлэхгүй байна. Хятадууд орж ирж авахгүй бол дийлэхгүй. Би нэг үйлдвэрт түүхий эд өгдөг юм. Долоо хоногт 70 ширхгийг л авдаг.

Өнгөрсөн жилийн авснаас адууны арьс л зарагдлаа. Сая хэд хоногийн өмнө зарж дууссан. Харин дэлийг нь хадгалчихсан байгаа. Муудахгүй учраас хадгалж байгаад зарна. Харин үхрийн ширээ амийг нь бариулаад зарсан. Огт зарж чадаагүй юм нь ямааны арьс л байна. Давсалчихсан болохоор муудахгүй” гэлээ.

Түүний хувьд ч мөн үйлдвэрүүдийг нээгдэнэ гэж бодоод л түүхий эд авч байгаагаа учирлалаа. Тиймдээ ч 14 мянгаар адууны арьс, 23-28 мянгаар ямааны арьс, 10 мянгаар үхрийн шир, 65 мянгаар тэмээний шир авч байлаа. Харин тэрбээр хонины нэхий амархан мууддаг тул авдаггүй гэв.

Мөн тэрбээр “Өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллах хүн олдохгүй байна. Хүмүүс ажил хийх дургүй болжээ. Ямар сайндаа л хүүхдээ авчирч ажиллуулж байхав дээ” хэмээлээ.

Л.ОТГОНБАЯР: АДУУНЫ ШИРЭЭ ЭНДЭЭ БОЛОВСРУУЛЖ ЧАДАХГҮЙ Л БАЙГАА ЮМ ЧИНЬ ХЯТАД РУУ ГАРГАЯ

Харин Зэмүүн ХХК-ийн менежер Л.Отгонбаяр “Дотоодод боловсруулж байгаа үйлдвэрүүдэд арьс ширээ нийлүүлдэг ч боловсруулах үйлдвэрүүд маш дутмаг байна. Ажиллаж байгаа нь оочер ихтэй байна лээ. Тиймээс бид ХААЯ-наас ганц зүйл л хүсмээр байна л даа. Адууны ширээ эндээ боловсруулж чадахгүй л байгаа юм чинь Хятад руу гаргая.

Одоо манайх 40 гаруй хүн өдрийн 50 мянган төгрөгөөр цалинжуулан ажиллаж байна. Гэсэн ч дийлэхгүй, эхнээсээ өмхийрч байна. Тэглээ гээд малын түүхий эд авахгүй гээд суултай нь биш. Бид авч байгаа. Авснаа давсалж, складад хурааж байгаа. Давсалж дуусахаас өмнө бороо орвол гадаа байгаа нэхийнүүдийг бүгдийг нь хаяхаас өөр аргагүй болно.

Өнгөрсөн жил бид дийлэнхийг нь хог руу хаясан. Ганцхан манайх биш олон компани ачуулж хаясан.  Үйлдвэрүүдийг л жигд ажиллах юм бол арьс шир муудаж, хаягдахгүй. Ингэж үнэгүйдэхгүй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button