НийгмийнЯрилцлага

МУГЖ С.Саянцэцэг: “Хөөх, энэ хүмүүс ямар агуу юм бэ” гэж бодон, хөгжмөөс өөр ертөнцөд орох ёстойгоо ойлгосон

Төгөлдөр хуурын аялгуу. Хоолойн эрчим. Гарын хөдөлгөөн. Хөлийн цохилт…Энэ бол төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэгийн шавьтайгаа бэлтгэл хийж буй дүр зураг. Биднийг орж ирснийг ч анзаарах сөхөөгүй тэд бэлтгэлээ хийсээр. Тэрбээр “Боловсролгүй хүн сайн тоглодоггүй. Дотроо дуул. Унш” хэмээн шавьдаа хэлнэ.

Төгөлдөр хуурын дээр өнгө, өнгийн амьд цэцэг өрөөстэй. Тэдгээр цэцгийн дээр төгөлдөр хуурын зураг өлгөөстэй. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан билээ. Бид түүний хөгжмийн өрөөнд хөөрөлдлөө.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

-ШАГНАЛ ГАРДАЖ АВАХДАА ЯАЖ ЗОГССОНОО, ХААШАА ХАРСНАА Ч САНАХГҮЙ БАЙНА-

-Юуны өмнө МУГЖ цолоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Эл шагналыг хүртэж байхдаа та чухам хэнийг бодож, цаг хугацааны альхан оройн зайг нэхэн дурсаа бол?

-Баярлалаа. Тухайн үед яг үнэндээ юу ч бодогдоогүй. Хэлгүй, хөлгүй болчихсон хүн шиг л байсан. Маш их баярласан. Тэр өдөр бол амьдралд минь тохиосон хамгийн гайхамшигтай өдөр. Яг миний өмнө гайхамшигтай хүмүүсийг шагналаа. Тэр мөчид нулимс цийлгэнэсэн. Нэг хүнийг би говьд мод тарьсан гэхээр нь гайхсан. Тэгээд “Хөөх, энэ хүмүүс ямар агуу юм бэ” гэж бодож, биширсэн. Ямар гавьяатай, юу хийсэн хүмүүс шагнал авч буйг зарлахад ном уншаад байгаа юм шиг санагдсан. Хүмүүс их сонин, сонин юм хийдгийг ойлгож, хөгжмөөс өөр ертөнцөд орох ёстой юм байна гэдгээ ойлгосон. Харин шагнал гардаж авах ээлж ирэхэд өвдөг чичирсэн. Тайзан дээр гарахаас аймаар. Ер нь тэгээд хүн тийм булгилсан эрчимтэй, жаргалтай байгаа үедээ хаашаа харахаа ер боддоггүй юм билээ. Хэсэг уужраад тэнгэрт суугаа аавыгаа, багш нарыгаа дурссан. Ээжийгээ баярлуулж байгаадаа маш их баярласан.

Би 2011 онд “Алтан гадас” одон авч байсан. 10 жилийн дараа Төрийн ордонд орлоо. Их өөрчлөгдсөн байна. Цаг хугацаа асар хурдан өнгөрч. Тэгээд тэр танхимд сууж байхдаа арван жилийн дотор юу хийж, бүтээснээ бодлоо. Юу хийхээ бодсонгүй.

-Өнгөрсөн арван жилд юу, юу хийж амжуулсан байна вэ?

-Цаг хугацааг эргүүлэн бодоход юу ч хийгээгүй юм шиг санагдсан. Гэхдээ бас юу ч хийгээгүй юм уу гээд бодохоор ямар нэгэн зүйл хийсэн байгаад байгаа юм. Олон оронд тоглож, олон улсын тэмцээнүүдэд шавь нарыгаа оролцуулж, шүүгчээр ажиллажээ. Мөн хандивын тоглолт ч хийж. Гэхдээ би тэр болгоныг ярих дургүй. Хүний хийдэггүй юмыг хийчихсэн юм шиг ярих муухай.

-Шагнуулах болсноо хэзээ мэдсэн бэ?

-Шөнийн арван цагт утас дуугарсан. Тухайн үед нөхөр маань өөр хүнтэй андуураагүй байгаа гэж гэсэн. Гэтэл утсаар ярьсан хүн хоёр удаа давтан хэлсэн. Түүнийг сонсоод үнэн юм байна гэж итгэсэн.

-Ерөнхийлөгч шагнал гардуулж байхдаа танд юм хэлсэн үү?

-Хүн болгонд өөр, өөр үг хэлдэг байх. Надад бол “Танд баяр хүргэе” гэж шивнэж хэлсэн. Тэр үг их хөгтэй сонсогдсон. Би ч хариуд нь “Танд маш их баярлалаа” гэсэн. Яг үнэндээ бол тэр үед юу болсныг би санахгүй байна. Яаж зогссоноо ч, хаашаа харснаа ч санахгүй байна. Миний хажууд жүжигчин Д.Ганцэцэг сууж байсан. Бид хоёр тэнд танилцаж, амны хаалтны цаанаас ярилцсан. Би зарчмаа барьсан болов уу гэж асуухад би яасан бол санахгүй байна гэж хэлсэн. Тэр өдрийг үгээр илэрхийлэхэд хэцүү. Ээж ааваараа бахархаж байна. Сайхан багш нарын шавь болж, өдий зэрэгтээ яваа өөрийгөө азтай л гэж бодож байна. Тэгээд би өөрөө хөгжимд жаахан авьяастай юм бололтой. Хэчнээн сайхан багштай, хэчнээн мундаг сургуульд сураад төгссөн ч огт сурдаггүй хүмүүс байдаг. Харин зарим нь сурсан ч өөр чиглэлээр суралцаад алга болдог. Би бол эсрэгээрээ мэргэжлээ солиод юу ч хийж чадахгүй. Миний толгойд өөр юм хийх юмсан гэсэн бодол багтдаггүй. Яахав аав минь амьд сэрүүндээ миний охин хөгжимчин биш байсан бол хуулийн хүн байх байсан гэж хэлдэг байсан.

-Яагаад тэгж боддог байсан бол?

-Аав миний ааш, занд тохирно гэж бодсон байх.

-Аав тань таван настайгаас тань таныг хөгжимчин болгохоор бэлтгэж эхэлсэн. Танд хувь заяагаа бусдын гараар шийдүүлчихсэн юм шиг санагддаггүй юу?

-Үгүй ээ. Аав маань бол чиглүүлж өгсөн. Харин би өөрөө хувь заяагаараа үнэхээр сайн багш нартай учирсан. Багш нар, аав, ээж хоёр гээд ер нь хэн ч намайг хөгжмөө давтаач гэж гуйж байгаагүй. Болиоч ээ, хэсэг амраач ээ л гэж хэлдэг байсан. Тиймдээ ч би өөрийгөө энэ мэргэжилд төрсөн байх гэж боддог.

-Хамгийн сүүлд хэзээ өндгөө хагартал бэлтгэл хийсэн бэ?

-Тийм ээ. Одоо бол гар хагарахгүй. Оюун ухаанаараа илүү тоглоно. Хоёроос дөрвөн цаг тоглоход л хангалттай. Харин гэнэтийн концерт гарвал маш их давтана. Үүнийг бол нуухгүй.

-Анги дэвшиж, нас ахих үедээ төгөлдөр хуураас өөр хөгжим сонирхож байв уу?

- Дуучин болох юмсан гэсэн бодол байсан. Соёл-эрдэнэ хамтлагийн дууг сонсчхоод энэ хоолой хаанаас гараад байдаг юм бол гэж бодно. Тэгээд гэртээ дуурайж дуулдаг байсан. Түүнээс бол хэзээ ч өөр хөгжим тоглох тухай бодож байгаагүй. Харин миний зүрх сэтгэлд П.И.Чайковскийн нэрэмжит их сургуульд орж, төгөлдөр хуурч болно гэсэн бодол байсан. Аав минь багаас минь л П.И.Чайковскийн нэрэмжит сургуульд сурна шүү гэж захидаг байсан. Тэгээд надад П.И.Чайковскийн хөгжим хүртэл сонсгоно. Араас нь өөрөө тайлбарлана. Хоол идэж байхад зүгээр суулгахгүй. Бүгдээрээ хоолны ширээний ард сууж байхад босож ирээд хөгжим тоглоно. Бид хэд  цочно.Ээж маань “Хүүхдүүддээ тайван хоолыг нь идүүлчих” гэж хэлэх ч аав “Миний хүүхдүүд үүнийг очоод хийчих. Тэгвэл би нэг бууз, банш нэмж өгье гэж хэлнэ. Тэгээд л бид нэг нэгээрээ хийж үзнэ. Мэдээж хүүхдүүд тул шууд тоглочихгүй. Олон удаагийн оролдлогоор сурна. Аав минь энэ мэт бага, багаар урлагт дурлуулж, биднийг урлагаар хүмүүжүүлсэн юм.

-Анх аавынхаа хөгжмөөр тоглодог байсан байх. Яг өөрийн гэсэн хөгжимтэй болсон үеэ дурсвал?

-Ёстой гоё асуулт. Бид гэртээ нэг л хөгжимтэй байсан. Аав маань хүүхдүүдээ бүгдийг нь төгөлдөр хуурч болгоно гээд л давтуулдаг байсан. Хөгжим давтуулах бүрдээ түүх ярьж өгнө.  Хажууд сууж байгаад уйгагүй давтуулна. Болохгүй байна, болохгүй байна гэнэ. Би уйлна. Чи уйл, уйл. Уйлж байж юм сурна гэнэ. Мэдээж хүүхэд л болсон хойно гадаа тоглож, телевиз үзэж, хоол идмээр санагдана. Долдугаар анги хүртэл намайг яг энэ шаардлагаараа сургаж, чиглүүлсэн.

-Та миний асуултад хариулалгүй өнгөрөх нь. Хэдэн настайдаа өөрийн гэсэн хөгжимтэй болсон бэ?

-Өө тийм. Би Москвад дунд сургуульд сурч байхдаа мэргэжлийн багшийнхаа гэрт очиж хөгжмөөр нь тоглодог байлаа. Хөгжимд нь мөргөж байгаад л тоглоно. Тэгээд ямар гоё юм бэ, би хэзээ ийм хөгжимтэй болох бол, хаанаас авдаг юм бол хэмээн бодож явсаар Испанид амьдарч байхдаа бүх тоглолтынхоо мөнгөөр энэ хөгжмийг авч байсан. Би мөрөөдлөө биелүүлсэн. Энэ миний хамгийн хайртай хөгжим. Хүүхдүүд ирэхээрээ “Багшийн хөгжим өөр” гэдэг.

Харин би тэдэнд “Миний хөгжим өөр биш. Та нар өөр байхгүй юу” гэж хэлдэг. Ер нь тэгээд ч сайн хөгжимчин хүн ямар ч хөгжим дээр тоглох ёстой” гэж агуу төгөлдөр хуурч хэлсэн байдаг. Тиймдээ ч би шавь нартаа “Энэ хөгжим муу тоглоод байгаа биш чи муу тоглоод байгаа байхгүй юу” гэж хэлдэг. Энэ мэт шавь нартаа орос багш нарынхаа хэлсэн үгийг хэлж, хүмүүжүүлдэг.

-Та амьдралыг төгөлдөр хуургүйгээр төсөөлж үзсэн үү?

-Үгүй ээ. Төсөөлж байгаагүй. Ноднин ээж амралтад явъя гэхэд нь өөрийн эрхгүй “Төгөлдөр хуур байгаа юу?” гээд асуучихсан. Тэгэхэд ээж минь “Энэ хүүхдийг яах вэ. Амаръя гэж байхад чинь урдаас төгөлдөр хуур яриад байх юм” гэсэн л дээ. Тэгэхэд л би нээрэн юу асуучих ваа гэж бодсон. Тэгээд ээжтэйгээ хамт хөгжимгүйгээр амралтад явсан. Маш сайхан байсан. Түүний дараа багш нартайгаа мөн явсан. Тэгж л би анх удаа хөгжимгүйгээр 4-5 хоног амарч үзсэн.

Ер нь би шавь нартайгаа амралтад явахдаа цахилгаан хөгжмөө авч явдаг. Хамтдаа давтана. Түүнээс бол хүүхдийг зовоож байгаа зүйл огт биш. Зарим хүмүүс үүнийг ойлгохгүй хүүхдийг зовоож байна гэж ойлгож магад. Гэхдээ энэ бол зовлон биш. Энэ бол хүмүүжил. Хөгжимчин болох хүмүүжил байхгүй юу. Тэгээд энэ дотроос цөөн хэд нь ялгарна. Ер нь бол хүүхдийг багаас нь хүмүүжүүлэх ёстой. Цэцэрлэгээс нь. Түүнээс биш арван найман нас хүрчхээд хийлч болох уу, төгөлдөр хуурч болох уу гээд зогсож байж болохгүй. Үнэхээр амьдралын боломж нь л байвал эрт эхэл. Тэгвэл хүүхэд сонгосон замаараа тууштай алхана.

-Сая биднийг орж ирэхэд бэлтгэл хийж байсан охин ямар тэмцээнд оролцох гэж байгаа вэ?

-Бид Финляндын тэмцээнд бичлэгээ явуулчихсан. Одоо Тайванийн нэг тэмцээнд орох төлөвлөгөөтэй байгаа. Мөн Москвагийн нэг тэмцээнд оролцоно.

Ер нь би шавь нарыгаа ямар тэмцээнд оруулахаа сайн судалдаг. Ямар ч хамаагүй тэмцээнд хүүхдүүдээ оролцуулаад байж болохгүй. Тухайн хүүхдийн онцлогийг харгалзан үзэж, тэмцээнийг шүүх шүүгч нарыг нь сайн судалдаг. Тэгж байж л бид төлөвлөгөөгөө гаргаж, ажилладаг.

-Багш нарынхаа тухай яриач. Та өөрөө багшаа сонгож очдог уу. Эсвэл аав тань хөтөлж аваачиж өгч байв уу?

-Би ер нь их азтай хүн. Сайхан багш нартай. Заримыг нь өөрөө сонгож байсан. Харин заримтай нь заяа төөргөөр учирсан. Миний эхний багш тоглогч биш. Харин дараагийн багш бол тоглогч байсан. Тэгээд Т.Цолмон багштайгаа учирсан. Т.Цолмон багш маань байнга л хөгжмөө давтаад сууж байдаг. Би дэргэд нь очиж их харна. Заримдаа багш тоглож байгаа хөгжмөө хэлнэ. Харин заримдаа харж, харж байгаад гэртээ хариад ааваас асууна. Тэгээд л гэртээ багшийгаа дуурайж тоглоно доо.

Бид нар чинь тэр үед концерт үздэггүй. Багш нарынхаа тоглохыг, өөрсдийнхөө тоглохыг үздэг байсан. Тэгээд гэрт очихоор аав бас давтана. Аав маань “И.С.Бах байхгүй бол энэ ертөнц байхгүй” гэж хэлээд л тоглоно. Тэр үед чинь интернет байхгүй. Гэрээр дүүрэн пянзтай. Пянзаа л сонсоно.  Хааяа орос телевизүүдээр П.И.Чайковскийн тэмцээн гарахаар үзэж, аягүй их юм үзчихсэн юм шиг түүндээ бардам явна. Ер бол цаг харахгүй бэлтгэл хийнэ. Бэлтгэлээ сайн хийж багшийгаа баярлуулахыг л их эрмэлздэг байсан. Заримдаа ч ээж “Миний охин хоол идээд өгөөч” гэж гуйна. Салхинд гэр бүлээрээ гаръя гэнэ. Тэгэхэд нь “Намар боллоо. Би юмнуудаа хийх ёстой. Гэдэс өвдөөд байна” гээд жорлонд ороод ном уншаад суучихна. Тэгээд явдаггүй л байсан.

-Одоо таных шиг ийм гал халуун тэмүүлэл шавь нараас тань цухалзаж байна уу?

-Их хэцүү асуулт. Өнөөдөр би Т.Цолмон багштайгаа уулзаад энэ тухай ярьсан юм. Багш харин “Тийм хүүхэд олон байдаггүй. Гэхдээ битгий санаа зов. Нэг л өдөр гарч ирнэ” гэж хэлсэн. Би итгэж байгаа. Хүүхэд болгон өөрийн гэсэн авьяастай. Миний шавь нар маш сайн давтдаг. Мэдээж хүүхэд юм чинь залхуурна. Гэхдээ аргыг нь олоод заавал хийлгэнэ.

Хөгжимчин бол хамгийн хэцүү мэргэжил. Би хорвоогийн хамгийн хэцүү мэргэжил гэж боддог. Яагаад гэвэл бидэнд баярын өдөр гэж байхгүй. Ер нь бол тууштай зүтгэе, хийе гэсэн хүний дэргэд түших сайн хань байх хэрэгтэй. Учир нь бид маш амархан сэтгэлээр унах магадлалтай хүмүүс. Гэхдээ түүнээсээ амархан гарч чаддаг.

-Та гэр бүлийнхээ хүнийг манай уншигчдад танилцуулаач? Мэргэжил нэгт, испани хүн гэж сонссон.

-Тийм ээ. Намайг хамгийн хүчтэй шүүмжлэгч бол миний хань. Мөн хүү маань. Нөхөр маань дөрвөн хэлтэй. Монголд зүрхний угаас хайртай. Ер нь бол буцахгүй л гэж яриад байгаа. Энэ зун Баян-өлгий, Хөвсгөл аймгаар аялана гээд төлөвлөчихсөн байна лээ. Тэр тусмаа Хөвсгөлийн Цаатангууд очиж, үзнэ гэсэн. Бид хоёр уг нь хоёр жил болчхоод явъя гэсэн юм. Тэгээд нэг мэдсэн чинь арван жил болчхож. Цаг хугацаа маш хурдан өнгөрж байна. Гэхдээ энэ хугацаанд олон юм хийлээ.

Угаасаа энэ миний ажил. Энэ бол миний амьдрал. Түүнээс биш би хүний хийдэггүй юмыг хийгээгүй. Би мэргэжилдээ үнэнхүү хайртай. Үргэлж дурладаг. Өглөө болгон хөгжмөөр босдог.

-Одоо хоёулаа аавын тань тухай ярья. П.И.Чайковскийн их сургуульд сураарай гэж захидаг байсан. Та захиасыг нь биелүүлсэн. Аав хүн үр хүүхдэдээ ганц зүйл захихгүй нь лавтай. Ч.Сангидорж гуай охиндоо өөр юу гэж захидаг байсан бол?

-Миний охин дэлхийн тайзнаа тоглоорой гэдэг байсан. Түүнийг нь ч биелүүлж яваа. Мөн миний аав нууцаа хэлсэн. “60 наснаас эхлээд хүн өөр болдог юм байна. Маш ухаантай болдог юм байна лээ шүү.  Аав нь хорин хэдтэйдээ зохиосон дуугаа сонсохоор хайр хүрээд байдаг юм. Залуу хүний уран бүтээл гэдэг ёстой гоё, гэнэн. Одоо бол тийм дуу зохиож чадахгүй юм шиг надад санагддаг. 60 нас хүрэхээрээ хүн аягүй сонин болчихдог юм байна. Ямарваа нэгэн зүйлд маш шүүмжлэлтэй хандаж, өөрийгөө маш их шүүмжилдэг юм байна” гэсэн. Энэ үгийг би ер мартдаггүй. Заримдаа хурдхан хөгшрөх юмсан, тэгээд хурдан ухаантай болох юмсан гэж бодно. Мөн заримдаа би төгөлдөр хуурч болоогүй юм байна шүү гэж боддог. Гэхдээ миний өөрийн гуншин бол төгөлдөр хуурч. Энэ зарчмаараа мэддэг боловч настай, нэртэй төгөлдөр хуурчдын дэргэд би өөрийгөө хэзээ ч төгөлдөр хуурч гэж хэлэхгүй.

This image has an empty alt attribute; its file name is %D0%A1%D0%B0%D1%8F%D0%BD%D1%86%D1%8D%D1%86%D1%8D%D0%B3-sayantsetseg-10-1024x683.jpg

-Аавын захиасыг биелүүлж, П.И.Чайковскийн их сургуульд элсэх амаргүй байсан тухай сонссон. Тэр тухай яриач?

-Их урт түүх. Өнөөдөр Т.Цолмон багштайгаа энэ тухай ярьж баахан инээлдсэн.Тухайн үед дайнд явж байгаа юм шиг л юм болсон доо. П.И.Чайковскийн дунд сургуульд сурч, төгсөх болсон ч тэр хавар П.И.Чайковскийн их сургуульд гадаад оюутан элсүүлэхгүй болсон. Энэ мэдээг сонсчхоод нус, нулимстайгаа хутгалдсан хүн энэ сургуульд л орж чадахгүй бол цонхноос үсэрнэ гэсэн. Харин захирал багш маань ЗХУ-ын Соёлын яам руу ярьж байж тэр сургуульд оруулж өгч байсан. Сургуульдаа тэнцчихээд үсэрнэ гэж байсан цонхон дээрээ очоод доош тонгойж харсан. Аймшигтай, өндөр байсан. Гэхдээ яг үнэндээ цаг нь тулбал би үсрэхгүй л байхгүй юу.

-Их бадрангуй оюутан байжээ...

-Харин тийм ээ. Одоо ч энэ хэвээрээ. Ээж маань, хань маань мэднэ. Энэ хүн хийнэ гээд шулуудсан бол зам хазайхгүй гэдгийг. Гэхдээ зөвхөн мэргэжилтэй холбоотой зүйл дээр л би шулууддаг.

-Та ингэхэд хэчнээн улсын тайзан дээр монгол гэж дуудуулсан бэ?

-Ерөнхийдөө бол мартаад байгаа юм.

-Тоогоо алдчихсан байх нь ээ...

-Үгүй ээ. Тийм их биш. Москвад бол маш олон удаа тоглосон. Мөн Украйнд, Унгарын нэг жижигхэн хотод, Францад Шведэд, Нью Йоркт, Германд,  Японд тоглосон. Японд бүр 1200 хүний суудалтай маш том зааланд тоглосон. Хятадад бас тоглож байсан. Хөх хотод бүр бие даан концерт хийж байлаа. Мөн Италид тоглож байсан. Өө, бүр Испанийн бүх хотыг дуусгасан. 2012 онд Испанийн Баск мужид хийсэн бүх тоглолтынхоо орлогыг Налайх дүүрэгт байсан хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандив болгон өргөж байлаа.

Тоглосон орнуудаа нэрлэх гэсэн толгой ажилладаггүй ээ. Ийм гоё шагналаар энгэрээ мялаасан болохоор өөр юу ч боддоггүй ээ. Зарим хотод болсон тоглолтод заал дүүрч, гаднаас сандал оруулж ирдэг байсан. Тоглолтод ирсэн бүх монголчууд цэцэг өгнө. Яг л миний хөгжим дээр байгаа шиг ийм их цэцэг ирж байлаа. Бас БНСУ, Мексик, Өмнөд Америкт тоглож байсан. Мөн тэгээд Монголдоо бол зөндөө л тоглосон. Эрдэнэтийн театрт хүртэл тоглож байлаа.

-Эдгээр тайзнаас хэдэд нь таны нэр анхных гэсэн тодотголтойгоор дуурссан бэ?

-Миний өмнө монгол оюутнууд гарсан байж мэдэх юм. Гэхдээ миний тоглосон бүх тайз анхны монгол хүн гэсэн тодотголтой байсан. Хүмүүс ч тоглолтын дараа “Бид энэ тайзан дээр анх удаа монгол хүн харж байна. Та солонгос хүн биш юм уу” гэж асуудаг байлаа.

-Тэгвэл одоо та аль улсын тайзан дээр гарч, хүмүүсийн сэтгэлийг хөглөмөөр байна?

-Тоглож үзэхийг хүссэн тайз байлгүй яахав. Одоо Лондонд очиж тогломоор байна. Мөн Парист очиж тоглохыг хүсэж байна. Ер нь бол жижигхэн хот байсан ч тоглоно. Үзэгчид бүгд адилхан. Миний орос багш “хэзээ ч хөдөөний үзэгч гэж битгий гол. Тэдэн дотор заавал нэг хүн мэргэжлийн хүн бий. Тиймээс маш хариуцлагатай бай” гэдэг байсан. Би энэ үгийг одоо ч шавь нартаа хэлдэг. “Хэзээ ч өөрийгөө би амжилттай тоглосон гэж битгий ярьж яв. Чиний амжилт ирээгүй байгаа” гэж мөн хэлдэг.

-Таны орос багш Маргарита Фёдорова 89 насандаа өөд болсон. 90 насных нь ойн концертэд та гэрээслэлийнх дагуу тоглосон. Чухам яагаад өчнөөн олон шавь нараасаа таныг сонгож, тоглуулахаар гэрээслэл бичсэн юм бол?

-Чи бүр намайг сайн судалжээ. Тухайн үеийн агшны тухай сайхан ярья... Багшийн маань бие муудсан байсан. Тэнгэр болохоос хэдэн сарын өмнө уулзсан юм. Тэгэхэд “Саяана чи юу”, гэснээ дараа нь “чи хэзээ ирсэн юм бэ? чи яагаад надад ирлээ гэж хэлээгүй юм бэ” гэсэн. Тэгснээ “чи хэн бэ” гэсэн. Үнэхээр дордсон байсан. Тэгээд удалгүй бурхан болсон.

Оюутан байхад багшийнд хөгжмөө давтаж, орос оюутан бид гурав хоол идээд сууж байлаа. Гэтэл багш “Би саруул байгаа дээрээ хэлчихье. Хэрэв би 90 хүрэхгүй бол та нар миний 90 насны ойг заавал тэмдэглээрэй” гэж хэлэх нь тэр. Бид ч “багшаа та юу яриад байгаа юм. Та болоогүй ээ, байна” гэсэн юм. Багшийг бурхан болсны дараа хөдөөлүүлж, ажил явдлыг нь дуусгаад Монголдоо ирлээ. Бид ч багшийн захиасыг биелүүлнэ хэмээн 90 насных нь ойг тэмдэглэлээ. Гэтэл багшийн хайрт шавь тайзан дээрээс 90 жилийн ойн концертдоо багш намайг тоглуулах гэрээслэл үлдээснийг гэнэтхэн л зарласан. Би маш их цочирдсон. Тэгэхэд л би багшийнхаа надад тийм хайртай байсныг нь мэдсэн. Бурхан болсных нь дараа шүү дээ. Би тэр орос залууд л багшийг хайртай гэж боддог байсан. Өөрийгөө хоёрт тавьдаг байсан. Гэтэл үгүй байсан. Гэхдээ тэр танхимд дандаа оросууд байсан. Би л ганцаараа монгол. Оросууд барагтай л гадаад хүнд гэрээслэл үлдээхгүй. Тэр тусмаа  манай монгол чинь сонгодог урлагаараа одоо хөгжиж яваа улсын нэг шүү дээ. Гэхдээ багшийн минь надад үлдээсэн тэр гэрээслэл миний амьдралд маш том чухал үүрэг гүйцэтгэсэн. Мэргэжлээ битгий орхиорой гэсэн дохио байсан.  

-Ингэхэд та ойрын хугацаанд уран бүтээлийн тоглолт хийхээр төлөвлөж байгаа юу?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд ДБЭТ дээр тоглохоор цаг авчихсан байсан. Гэсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас цуцлагдсан. Цар тахлаас болоод одоо төлөвлөж болохгүй л байна. Гэхдээ төлөвлөгөө бол гарчихсан байгаа. Цаг тайван бол тоглолтын товоо зарлана аа.

-2022 онд болох олон улсын хөгжимчдийн уламжлалт “Amigdala” уралдааны шүүгчээр ажиллах санал ирсэн байсан. Та шүүгчээр ажиллах уу?

-Их сонин. Италийн “Amigdala” хэмээх тэмцээнд би гурван хүүхдийнхээ бүтээлийг явуулсан юм. Гэтэл тус тэмцээнийг  зохион байгуулагчдаас захиа ирсэн. Тус захианд “танд маш их баярлалаа. Бид удахгүй диплом явуулна” гэсэн байсан. Би ч хүүхдүүддээ тэмцээнд оролцуулсан гээд сертификат өгөх нь л гэж болсон. Гэтэл мэйлээр хоёр шавь маань “Абсолют” 1 болон 2 дугаар байрыг 100/100 болон 91/100 оноогоор тэргүүлсэн гэсэн бичиг, мөн надад “Гавьяатай” гэсэн үгтэй диплом ирсэн байсан. Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм шагналыг авахаас хоёр хоногийн өмнө ийм үйл явдал болсон. Их бэлгэдэлтэй. Тиймээс ирэх оны дөрөвдүгээр сард “Amigdala” уралдааны шүүгчээр ажиллана.

-Москвад 10 жил, Испанид 23 жил сурч, амьдарчээ. Амьдралынхаа 33жилийг хүний нутаг гүний хошууд үдсэн хүний хувьд эх орноо санан гэгэлзэхээрээ ямархан дуу хөгжим сэтгэлдээ их эгшиглүүлдэг байв?

-Москвад сурч байхдаа маш их санадаг байсан. Ялангуяа намар. Москвагийн намар зогсолтгүй бороо орно. Бороотой харанхуй шөнө уйлна. Мөн өвөл нутгаа их санана. Тэгээд утсаар ярих гэхээр их үнэтэй. Гурван рубль. Энэ мөнгөөр бараг л гурван өдөр хоол иднэ. Ядаж байхад хоёр гуравхан үг солив уу үгүй юу өнөөх мөнгө нь дуусчихна. Тэгээд л дотуур байрандаа очоод “нулимсаа нэрнэ” дээ. Харин цааш хөрөнгөтэй орон руу очоод гэрээ маш их санасан. Сүхбаатарын талбай, Хөгжим бүжгийн сургууль л нүдэнд харагддаг байлаа. Мөн гэрийнхээ гал зуухны үнэрийг, монгол хоолоо хачин их санадаг байсан.

Их сонин. Сүхбаатарын талбайгаар явж байна, парад болж байна, Хөгжим бүжгийн сургуулийнхаа үүдээр орж байна гээд л зүүдэлнэ. Мөн ээж аягүй гоё амттай хоол хийж байна гэж их зүүдэлдэг байсан. Хамгийн аймаар зүүд бол би сургуулиа төгсөөгүй байна гэдэг зүүд л байсан. Бүр заримдаа тайзан дээр бэлтгэл байхгүй байхад “Та концерттой шүү дээ. Мэдээгүй байсан юм уу. Та тоглолтоо хийгээч ээ” гээд намайг түлхээд гаргадаг. Ийм зүүд л байнга зүүдэлнэ.  Ийм л он жилүүдийг угтаж, үдлээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-31 09:19

Bayar hurgei ! Mash tsagaahan setgeltei huuhed met ariuhan bodoltoi hovorhon saihan hun shu ! Ter bul jinhene yasni uran buteelch tuunig hugjimguigeer tuguldur huurguigeer tusuuluhiin argagui, Sain saihan buhniog husei !

Иргэн
Иргэн
2021-05-31 10:37

Хөгжимчин хүн сайхан сэтгэлтэй байдаг. Тэд нараас муу энерги ялгардаггүй. Аз жарг�##� хүсье.

Зочин
Зочин
2021-05-31 12:03

Ямар сайхан сэтгэл итгэл ямар их зүтгэл вэ. Хөгжмийн бурхан юму. Таньд сайн сайхэыг хүсэн eрөөe.

Эмэгтэй
Эмэгтэй
2021-05-31 14:11

Сайхан аавын сайхан охин. Монголын нэгэн сайхан эмэгтэй. Баяр хүргэе!

Зочин
Зочин
2021-05-31 16:38

САЙХАН ХҮН САЙХАН ХӨГЖМИЙН ХОСЛОЛ ГАЙХАМШИГ. МОНГОЛЫН САЙХАН ЭМЭГТЭЙ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!

Уншигч
Уншигч
2021-05-31 16:45

Ямар сайхан юм бэ, танд баярл�##�аа, улам ихийг хийж бүтээж, улам олон шавьтай болж эх орныхоо нэр �##�дрыг дэлхийн чихэнд дуурсгаж яваарай, дараа дараагийн гавьяа шагн�##� тань ойрхон байх болиугай

Холбоотой мэдээ

Back to top button