ДЭЛХИЙНИЙГЭМ

Нохойны тусламжтайгаар хорт хавдрыг илрүүлнэ

Нохойны үнэрлэх чадварын тусламжтайгаар хорт хавдар өвчнийг олж илрүүлэх гар утасны аппликэйшн бүтээх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Төслийг боловсруулахад АНУ-ын эрдэмтэн судлаачид оролцох юм байна.

Их Британи, АНУ-ын эрдэмтэд шээсний үнэрээр нь тухайн хүн хорт хавдартай эсэхийг нь илрүүлэхээр нохдыг тусгайлан сургасан бөгөөд олж авсан мэдээллээрээ хиймэл оюун ухааныг ашиглан хорт хавдрыг илрүүлэх боломжтой гар утасны программ бүтээхэд ашиглах ажээ. Энэ чиглэлийн төсөл ажлыг Их Британийн зүүн өмнөд хэсэгт орших Милтон-Кинс хотын “Medical Detection Dogs” компанийн эрдэмтэд удирдан явуулах юм.

Нохойны үнэрлэх гайхалтай чадварын ачаар хүний бие дэх хамгийн нарийн органик дэгдэмхий нэгдлийг илрүүлэх юм. Учир нь, нохойны хувьд тийм чадвар нь өндөр хөгжсөн байдаг. Нарийн органик дэгдэмхий нэгдэл нь хорт хавдрын эхний үе шатанд тохиолддог хэмээн Жон Хопкинсийн Их Сургууль, АНУ-ын Массачусетсийн Технологийн Хүрээлэнгийн мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм. мэдэгдэв.

Үүнтэй холбоотой бас нэгэн сайн мэдээ бол ОХУ-ын Нижний хотын арьсны эмгэг судлалын эмч нар меланома болон арьсны хорт хавдарыг түргэн шуурхай тодорхойлох гар утасны өвөрмөц аппликэйшн бүтээжээ. Меланома гэдэг нь хүний арьсанд байх меланоцит хэмээх эснээс үүссэн хорт хавдар. Маш ховор тохиолдолд нүдний торлог бүрхүүл, уураг тархи мөн салст бүрхэвч зэрэгт меланома илэрдэг. Хүний биен дээрх мэнгэ, үү, ургацаг нь даамжирсаар (өвчлөлийн бараг 70 хувь нь) меланома болох тохиолдол цөөнгүй бий. Меланома хавдар нь эрэгтэй, эмэгтэй гэж хүйс ялгалгүй илэрдэг боловч эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдтэй харьцуулахад 1,5-аас 2 дахин их тохиолддог аж. Насны хувьд авч үзвэл меланомагаар өвчлөгсдийн дундаж нас нь ойролцоогоор 40-45 нас. Гэсэн ч, сүүлийн үед энэ өвчин улам л залуужин 15-25 насныхан хүртэл өртөх болсон тооцоо судалгаа бий.

Тэгвэл одоо гар утасны ухаалаг программын ачаар таны биен дээрх мэнгэ, үү, ургацагын зургаар тань меланома эсхүл арьсны хорт хавдар туссан эсэхийг тодорхойлох боломжтой боллоо. Программаар хэрэв мэнгэ биш меланома гэж гарвал та цаг алдалгүй эртхэн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Мэдээж энэ тохиолдолд гар утасны программд давхар хяналт тавих ба арьсны өвчин судлалын эмч мэргэжилтнүүд танд шинжилгээ хийж, үнэхээр хорт хавдартай эсэхийг дахин нягтлан шалгах юм.

Эрдэмтэн судлаачид хорт хавдар илрүүлэгч гар утасны программыг даруй гурван жил боловсруулжээ. Тэд хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн ирүүлсэн 6 мянга гаруй гэрэл зурганд шинжилгээ хийсэн аж. Хамгийн гайхалтай нь бүгд л үнэн, зөв оношлогдсон байна.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button