ДЭЛХИЙ

Японд хөрсний гулгалтын улмаас 20-иод хүн сураггүй алга болжээ

Япон улсын Шизүока мужид орших Атами хотод маш хүчтэй хөрсний гулгалтын улмаас 20 орчим хүн ор сураггүй алга болсон гэсэн мэдээлэл байна. Энэ талаар өчигдөр долоодугаар сарын 3-ны бямба гарагт Японы төр-олон нийтийн төв телевиз “Эн-Эйч-Кэй” (NHK) агентлагаас мэдээллээ.

Атами хот нь нийслэл Токиогоос баруун урагш 100 км зайд далайн эргийн дагуу байрладаг амралт зугаалгын хот. Тэнд халуун рашаан, Буддын шашны сүм хийд байдгаараа жуулчдын очих дуртай газрын тоонд багтдаг.

Үйл явдал болсон газар дээрээс нь суравлжилсан телевизийн дүрс бичлэгт хөрс, чулуулгийн урсгал хэрхэн барилга байгууламжийг “залгин” авч, шороонд булшилж байгааг харуулжээ.  

Далайн эргийн харуулууд эрэг дээрээс хоёр ч хүний цогцос олсон гэж мужийн Амбан захирагч ярьсан байна.

Тухайн цаг үед байсан нэгэн гэрчийн ярьснаар орон нутгийн сүм хийдийн ажилтан “аврагчид хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийг санууллаа” гэж хэлж байжээ. Түүнийг буцаад ирэхэд нь сүмийн өмнөх орон байр, машин тэрэг нь алга болчихсон байжээ.

Хөрсний гулсалт орон нутгийн цагаар ойролцоогоор 10:30 цагт болсон байна. Токио хотын Цахилгаан Эрчим Хүчний Компани (Tokyo Electric Power (TEPCO))-ийн мэдээлэлд олон байшин барилгууд нурсны улмаас 2800 гаруй байшин тог цахилгаангүй болсон байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Номхон дайлайн эрэгт хүчтэй аадар бороо орсны улмаас үүссэн гамшиг, онцгой байдлын үед ажиллах тусгай ажлын хэсгийг байгууллаа. Тэрбээр Засгийн газрын гишүүдтэй уулзаж, байгалийн гамшиг түүний хор хохирлыг хэрхэн арилгах стратеги төлөвлөгөөний талаар ярилцахаар боллоо. 

Ажлын хэсэг байгуулагдаж, цагдаа, гал сөнөөгчид, цэргийнхэн ор сураггүй алга болоод байгаа хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд оролцож эхэлсэн аж. Атами хотын дарга Сайтоо Сакаэ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа хөрсний гулгалтад 300 хүртэлхи байшин дарагдсан гэв.

Цаг уурчдаас авсан тодруулгаар Атами хотод дээр дурьдсан гамшиг болохоос 48 цагийн өмнө 313 мм-ийн хэмжээтэй хур тунадас орсон аж. Долоодугаар сарын стандарт хэмжээ нь 242,5 мм байдаг юм байна. Долоодугаар сар гарснаас хойш 3 өдөр тасралтгүй бороо орсон нь ийнхүү хур тунадасны хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Жил бүрийн яг энэ үеэр Японд борооны улирал эхэлдэг онцлогтой.

Токио хоттой хөрш зэргэлдээ орших Канагава мужид онцгой байдал зарлаж, 200 мянга гаруй оршин суугчдад нүүлгэн шилжүүлэх удирдамж өгөөд байгаа аж. Түүнчлэн, Шизүока, Канагава, Чиба гэсэн гурван ч мужийн хэдэн зуун мянган оршин суугчдыг нам дор газарт үер усны аюулын сэрэмжлүүлэг өгсөн байна. Тэднийг мөн аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлсэн аж. 

Өнгөрсөн 2020 оны долоодугаар сард үерийн улмаас олон арван хүн нас барж байсан эмгэнэлт үйл явдал болж байсан юм. 2018 онд мөн Японы баруун хэсгийн зарим бүс нутаг үерт автаж 200 гаруй хүн нас барж байжээ.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button