ДЭЛХИЙНийгмийн

Америкийн хэдэн зуун компани цахим халдлагын золиос болов

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо (FBI)-ноос олон улсын програм хангамжийн “Kaseya” мэдээлэл технологийн компани руу чиглэсэн кибер буюу цахим халдлагын хэргийг шалгаж эхлээд байна. “Kaseya” компани нь АНУ-ын 200 орчим аж ахуйн нэгж, пүүс компаниудын программ хангамжийг хариуцан ажилладаг олон улсын томоохон компани юм.

Кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүд халдлагыг ОХУ-ын хакерууд үйлдсэн хэмээх дүгнэлтийг хийгээд байгаа юм.     

“Kaseya” компанийн сүлжээ рүү хийсэн анхны кибер халдлагуудын нэгийг кибер аюулгүй байдлын “Huntress Labs” компаниас мэдээлсэн аж. Тус компани ч энэ үйл явдалд ОХУ-тай холбоотой гэгддэг “Revil” хэмээх хакерын бүлэглэлийг буруутгалаа.

“Kaseya” компанийн зүгээс өөрийн сайтаараа дамжуулан сүлжээнд нь халдсан халдлагыг мөрдөн шалгаж байгааг батлан мэдээлсэн байна. Мэдээлэлд хакерууд корпорацийн сервер, компьютер, сүлжээний төхөөрөмжийг хянах программуудыг эвдсэн байж болзошгүй гэжээ. Тиймээс “Kaseya” компанийн программыг ашигладаг бүх үйлчлүүлэгч байгууллагуудыг серверүүдээ даруй хаахыг уриалжээ.

Кибер халдлагад цөөн тооны үйлчлүүлэгч өртсөн аж. Албан ёсны вэб хуудсанд мэдээлснээр Дэлхийн 17 улс оронд нийтдээ мянга орчим компанийн сервер өртсөн байх магадлалтай гэжээ.  

“Huntress Labs” компаниас зөвхөн Америкийн “Kaseya” компанитай харилцагч үйлчлүүлэгчдэд халдсан тоог гаргасан бөгөөд 200 орчим компани халдлагад өртөөд байгаа аж. Энэ тоо улам бүр нэмэгдсээр байгааг ч онцлов.

“Huntress Labs”-ийн мэдээлснээр “Kaseya” компани нь “Ransomware” хэмээх компьютерийн аюултай вирусийн золиос болсон байна. “Ransomware” вирус бол бидний мэддэг “Трожан” (Trojan) эсхүл бусад өөр төрлийн компьютерийн хорлонт программуудтай огт адилгүй, аль хэдийнэ Дэлхий дээр хэдэн сая төхөөрөмжүүд дээр тархсан, улам аюултай түгшүүр дагуулж байгаа вирус. “Ransomware” вирус нь компьютерийн системд чимээгүйгээр удаан байршиж, хувь хүний болон албан байгууллагын амин чухал файл, программуудыг хулгайлж, маш нарийн кодоор бизнесийн эсхүл хувийн файлыг тань цоожилдог аюултай.

Кибер халдлагыг  үйлдсэн хакерууд хохирогчдоос 45 мянган америк долларыг криптовалютаар шилжүүлэхийг шаардсан талаар “Huntress Labs” онцлон тэмдэглэсэн байна. Энэ мэдээллийг нь кибер аюулгүй байдлын бусад мэргэжилтнүүд ч нотолсон байна.

АНУ-ын Кибер Аюулгүй Байдал, Дэд Бүтцийн Агентлагаас ч халдлагын талаар нотолж, хэргийг шалгаж байгаа гэдгээ мэдэгдэв.

“REvil” бол кибер халдлага үйлддэгээрээ Дэлхийд хамгийн идэвхитэй, хамгийн “алдартай” бүлэглэлүүдийн нэг. Тодруулбал, энэ оны тавдугаар сард АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо тус бүлэглэлийг Дэлхийн хамгийн том мах нийлүүлэгч “JBS” компанийн үйл ажиллагаанд хохирол учруулсан хэрэгт буруутгаж байсан удаатай. Нэмж дурьдахад, “REvil” нь Техас мужийн орон нутгийн засаг захиргааны сүлжээ рүү ч халдлага үйлдсэн гэж буруутгагддаг. Бүлэглэлийн нэг онцлог нь хохирогчдоос төлбөр мөнгө төлөхийг шаарддаг ба зөвшөөрөөгүй тохиолдолд “хакердаж” олж авсан баримтуудаа интернет сүлжээнд байршуулна хэмээн сүрдүүлдэг гэдгээрээ алдартай.

АНУ руу удаа дараа кибер халдлага үйлдэж, хохирол учруулдагт ОХУ-ын хакеруудыг буруутгасаар ирсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден өчигдөр бямба гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр: “Саяхан болсон кибер халдлагад Орос улс оролцоогүй. Энэ бүх халдлагын цаад эзэн нь чухам хэн болохыг бид мэдэхгүй, үүний цаана оросууд байгаа гэдэгт итгэлгүй байна”, – хэмээн мэдэгдсэн юм.

О.АНАР

(Эх сурвалж: ТАСС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button