НИЙГЭМ

“Коронавирус туссан хүүхдүүдэд туслахын тулд олимп үзэхээр цуглуулсан мөнгөө хандивласан”

А.Чингүнжав, А.Чин-Очир гэх ах дүү хоёр "Токио-2020” зуны олимпын наадам үзэхээр цуглуулсан 500,000 төгрөгөө Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандивласан тухай бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл энэ удаа А.Чингүнжавтай утсаар холбогдож ярилцлаа.

-ДҮҮ БИД ХОЁР 2018 ОНООС ХОЙШ ОЛИМП ҮЗЭХЭЭР МӨНГӨ ЦУГЛУУЛСАН-

-Яагаад цуглуулсан мөнгөө хандивлах болсон бэ?

-Дүү бид хоёр 2018 оноос хойш олимп үзэхээр мөнгө цуглуулсан юм. Даанч энэ удаагийн олимп үзэгчгүй болох болсон учир явж чадахгүй болчихсон. Тиймээс ч энэ нь мөнгөө хандивлах нэг шалтгаан болсон. Гэхдээ гол нь бидэнтэй л адилхан хүүхдүүд коронавирусээр өвдөж хүнд байгаа гэсэн бодол их нөлөөлсөн. Тэгээд л орон нутгийн эмнэлэгтээ хэвтэж буй халдвар авсан хүмүүст тусалъя гэж бодсон юм.

-Мөнгөө хэрхэн цуглуулсан бэ?

-Бид 20 литрийн саванд мөнгөө хийж хадгалдаг байсан. Анх зөвхөн аав, ээжийн дэлгүүр явахад өгсөн задгай мөнгүүдийг хийдэг байлаа л даа. Тэгээд дараа нь хүмүүсийн бэлэглэсэн, өгсөн мөнгийг ч хийдэг болчихсон байсан. Мэдээж би 14 настай, дүү маань ес хүрч байгаа. Тэгэхээр ажил хийж мөнгө олох боломжгүй байсан.

-Дахиад нэмж цуглуулж байгаад дараагийн олимпыг үзэж болох байсан шүү дээ?

-Бид дараагийн олимпыг үзэх төлөвлөгөөтэй хэвээр байгаа. Зорьсон зорилго маань байхгүй болчихсон биш өөр зорилго нэмж гарч ирсэн гэх үү дээ. Тэр нь өвдсөн хүүхдүүдэд туслах. Бид хоёр дараагийн олимп үзэхээр дахиж мөнгөө цуглуулаад эхэлчихсэн. Ер нь олимп үзэхээр явахад нэлээн мөнгө хэрэгтэй. Бидний цуглуулсан мөнгө арай хүрэхгүй учир ихэнх мөнгийг аав, ээж маань гаргана. Гэхдээ бүгдийг нь биш юм аа гэхэд өөрсдийн хэмжээндээ цуглуулж, ээж аавдаа нэмэр болохыг хүссэн юм.

-2021 ОНЫ ЗУНЫ ОЛИМПЫГ ЗААВАЛ ҮЗЬЕ ГЭЖ ШИЙДСЭН-

-Хэрвээ энэ удаа олимп хэвийн болох байсан бол та хоёр үзсэн бол ямар спорт үзэх байсан бэ?

-Миний хувьд усан сэлэлтийн спортыг үзэх дуртай. Мөн энэ зуны олимпоор жүдо үзэх их хүлээлттэй байсан. Дээрээс нь Япон улсаар далимд нь аялах хүсэлтэй байсан л даа.

-Олимп үзэхээр зорих болсон шалтгаан бий юу?

-Манайх гэр бүлээрээ 2018 онд өвлийн олимп үзэж байсан юм. Аав, ээж, дүүтэйгээ дөрвүүлээ явж үзэхэд их гоё санагдсан. Тэгээд л 2021 оны зуны олимпыг заавал үзье гэж шийдсэн. Одоо манайх бүл нэмээд би дахиад нэг дүүтэй болсон учир дараагийн олимпд тавуулаа явна гэж бодож байна.

-Гэр бүл тань спортод их сонирхолтой юм байна. Өөрсдөө ямар нэг спортоор хичээллэдэг үү?

-Би усан сэлэлт, газрын теннис, гар бөмбөгөөр хичээллэдэг. Гар бөмбөгийн спортоор Баянзүрх дүүргийн тэмцээнд хоёрт орж байсан. Ер нь хобби хэлбэрээр хичээллэх дуртай. Дүү маань бас усан сэлэлт, газрын теннист сонирхолтой.

-Энэ удаад олимп үзэгчгүй явагдах болоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Үзэхээ больчихоор сэтгэл дундуур байсан. Гэхдээ болих шалтгаан нь зөв байсан болохоор тэгж их шаналаагүй. Мэдээж дэлхий даяар хүнд хэцүү байгаа үед яаж болох вэ дээ л гэж бодсон. Ер нь цар тахал ихсээд эхлэхэд олимп болохгүй юм байна даа гэж таамагласан гэх үү дээ.

Тэд подкаст контентоор олонд танигдсан хүүхдүүд. А.Чингүнжавын блог анхны хүүхдийн подкаст гэгддэг. Тэрбээр уншсан номоо бусадтай ярилцая гэж бодож анх подкаст хийж эхэлсэн гэнэ. Одоо бол дан хүүхэд гэлтгүй бүх насныхантай ярилцдаг болжээ. Тэрбээр 23 ярилцлага хийгээд байгаа аж. 

                                                                                                            О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хайр
Хайр
7 сар 20, 2021 11:06

БИдний ирээдүй өгөөмөр, хүнлэг болж байгаад баяртай байна. Мундаг хүүхдүүд байна.

Холбоотой мэдээ

Back to top button