НИЙГЭМ

“Гоожингийн өндрийг яаралтай цагдаагийн хамгаалалтад авч, музей болгоно”

Өнөөдөр /2021.12.29/ Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Гоожингийн өндрийг Нийслэлийн хамгаалалтад авч, 2022 оны дөрөвдүгээр улирлаас өмнө музей болгон сэргээн засварлах захирамж гарсан талаар мэдээллээ. Мөн Гоожингийн өндрийн газрыг эзэмшдэг иргэний зөвшөөрлийг цуцалсан байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар“Өчигдөр Улаанбаатар хотын захирагчийн А1032 тоот захирамж гарсан. Уг захирамжаар 1914 онд баригдсан эл байшинг цагдаагийн хамгаалалтад шуурхай авахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргалд үүрэг болгож буй.

Мөн анхны хэлбэр хийцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах ажлыг Нийслэлийн Соёл, урлагийн газрыг дарга Ж.Дамдинцэрэнд, Гоожингийн өндрийг музейн чиглэлээр ажиллуулах бэлтгэл ажлыг Улаанбаатар хотын музейд тус тус даалгасан. Эдгээр ажлыг 2022 оны дөрөвдүгээр улирлаас өмнө хийж гүйцэтгүүлэх захирамж гарч байна.

Үүний дээр Гоожингийн өндрийн ойролцоо газар бичил цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Түүнчлэн эл газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй иргэн Б.Мөнх-Эрдэнэ гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчиж буй тул зөвшөөрлийг нь цуцалж байна. Нөгөөтээгүүр түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хууль зөрчиж, бусдын өмчлөлд шилжүүлсэн асуудлыг шалгаж, хүчингүй болгуулах ажлыг хуулт хяналтын байгууллага гүйцэтгэнэ” гэлээ.

Харин Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх н.Мөнх-Эрдэнэ “Цаашид Улаанбаатар хотын зүгээс өв соёлоо хадгалж хамгаалах, өвлүүлэн үлдээхийн төлөө идэвхтэй ажиллана. Хариуцлагагүй, хайхрамжгүй бидний алдаа энэ болж байна. 50, 100 жил, түүнээс цаашихыг харж ажиллах хэрэгтэй. Европ хийцийн анхны энэ барилгыг үр хойч маань харж, түүх соёлтойгоо танилцах боломжийг хадгалж үлдэх ёстой” гэлээ.

Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Газрын эзэмшлийг нь цуцалсан гэлээ. Хувь иргэний өмчид ингэж хандах ямар хууль эрх зүйн зохицуулалт байгаа юм бэ?

-Газрын тухай хуулийн дагуу цуцлах шийдвэр гаргасан. Энэ бол хэн нэгний өмчид биш улсын өмч байх ёстой объект. Анхны өмчлөгчөөс худалдаж авсан иргэд хэрэв хохирсон бол хохирлыг нь төлүүлнэ. Нэг л өдөр шатчихвал, нураад уначихвал шогшроод үлдэнэ.

-Музейн чиглэлээр тохижуулахад хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Ирэх оны төсөвт багтсан уу?

-Улаанбаатар хотын музей болон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тооцоо судалгаа хийж, шаардлагатай хөрөнгийг гаргана. Энэ чиглэлд зориулж тусгагдсан байдаг тусгай төсвөөс гаргана.

Тодотгоход, үүнээс цааш шүүх дээр хоёр төрлийн маргаан үүсгэх юм байна. Нэг нь зөвшөөрлөө цуцлуулснаар хохирсон бол тухайн хувь өмчлөгчийн хохирлын хэмжээг шүүхээр тогтоож, нөхөн олгох аж. Нөгөө нь хамгийн анх Гоожингийн өндөр хувь иргэнд шилжсэн процесс хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгах үйл ажиллагаа юм байна.

Энэ сэдвээр бидний бэлтгэж байсан сурвалжилга, нийтлэлүүд:

СУРВАЛЖИЛГА: Нураана гэгдээд буй 100 жилийн настай соёлын өв дотор хүн амьдарч байна

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

107 ЖИЛИЙН ТҮҮХ: Гоожингийн өндрийг өмчлөгчид “500 саяд ч хамаагүй аваач, нураасан ч байршил нь ашиггүй” гэж гуйжээ

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Гоожингийн өндрийг ӨМЧЛӨГЧ: Нураах зорилгоор худалдаж авсан бидэнд ЗАСВАРЛАХ ҮҮРЭГ байхгүй

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-12-29 14:24

циркээ ингээд авахсан

Холбоотой мэдээ

Back to top button