Нийгмийн

Ж.Сүхбаатар: Төлөө бүрэн бойжуулчихаад, сэтгэл тэнэгэр суух мөн ч сайхан шүү

Хаврын нар туниа муутайхан ээн, царигтай орсон хонь уулын бэлд тогтуун бэлчинэ. Захаар нь хурганууд хөөцөлдөн тоглож, зарим нь эхийнхээ дэргэд залхуу нь хүрсэн аятай нүдээ анин хэвтэнэ. Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн уугуул, аймгийн сайн малчин Ж.Сүхбаатар ах хонио хариулж яваа нь энэ. Тэднийх ишгээ ялгаж үлдээн, хургаа эхтэй нь хамт бэлчээжээ.

Хэдхэн хоногийн өмнө Завхан аймгийн хүндэт иргэн болсон ах маань Өвөлжөөнөөсөө нүүн, хаваржаандаа буугаад төд удаагүй. Газрын гарц, унд ус, хужир мараа сайтайг нь бодолцон, энд хаваржжээ.

Малчин хүний ажил барагдахгүй. Өнөөдөр хийснийгээ маргааш мөн л ёс мэт давтана. Өглөөнөөс орой хүртэл борви бохисхийх чөлөөгүй зүтгэсээр он цагийг элээдгийг хэн хүнгүй сайн мэднэ.

Нөгөө талаар өдийд мал, малчин хоёр ид зүтгэдэг үе. Байгалийн араншинг урьдчилан таах аргагүй. Хаврын улирал “ааш”-аа яаж ч хувиргаж мэднэ. Олон хоног дараалан цас орж, шуурвал ер нь эвгүйднэ. Үүнд малчин хүн хэзээд бэлэн байх шаардлагатай. Тэгж байж л эрдэнэт малаа энх цагтай золгуулна.

Биднийг очиход Ж.Сүхбаатар ахын эхнэр Т.Цэцэгдэлгэр эгч эх нь эндсэн, голсон ганц нэг ишгээ угжин, малын тэжээл зуурч байлаа. Биднийг ирэх бараанаар Ж.Сүхбаатар ах хонио гэр өөдөө эргүүлчихээд ирэв.

ТӨЛӨӨ БҮРЭН БОЙЖУУЛААД, СЭТГЭЛ ДҮҮРЭН БАЙНА

-Сайхан хаваржиж байна уу, Та. Сүрэг мал тарган, сайн оров уу?

-Сайн орлоо. Өнтэй сайхан өвөл боллоо. Манайх өвлийн улиралд Биндэр хайрхны өвөрт, Чандмань гэдэг газар өвөлждөг. Дөрвөн зүг рүү бэлчээртэй, хужир, ус сайтай, хэр баргийн цаг зүтгэхэд ажирдаггүй сайхан нутаг бий.

Одоо төлөө бүрэн хүлээн авч, бойжуулаад сэтгэл дүүрэн байна. Ирж яваа цаг цаанаа нэг сайхан. Мал тарга тэвээрэг сайтай, сайхан хаваржиж байна.

Хаваржаа сайхан байна, сайхан байна. Төллөсөн малд ус, хужир чухал. Уран, баян хоёр болж байна аа, баян хангай минь.

МАЛЧ УДМЫНХАА ҮРГЭЛЖЛЭЛ НЬ БОЛЖ, ТӨРСӨН НУТАГТАА АМЬДАРЧ ЯВААГААРАА БАХАРХДАГ

-Та удамт малчин хүн. Хэчнээн жил мал маллаж байгаа билээ?

-Ах нь сургуульд сураад сүрхий эрдэм ном сураагүй. Багаасаа хонь хариулан, аав, ээжийнхээ гарын үзүүрт нэмэр болж, хөдөө өссөн.

Монгол Улсын анхны нэгдэл “Партизан Чойбалсан” нэгдэл манай Өгөөмөр багт байгуулагдсан түүхтэй. Ц.Тогтохбаяр өвөө минь тус нэгдлийг анх байгуулалцсан, түүхэн хүмүүсийн нэг нь. Т.Сэрээнэн өвөө минь төрийн дээд олон одон, медалиар шагнуулсан, улсын сайн малчин хүн байлаа.

Аавыг минь С.Жамбалдорж гэдэг. Аав минь ч мөн аймаг, орон нутагтаа нэр хүндтэй, олонтой, сайхан малчин хүн байсан. Ёстой нэг морины сайныг унаж, хүний сайнтай нөхөрлөдөг, хийморьлог эр хүн байлаа, аав минь. Малч, хөдөлмөрч, хүнлэг ийм сайхан өвөг дээдсийнхээ үргэлжлэл нь болж, малч удмыг нь залгамжлан төрсөн нутагтаа мал маллан амьдарч буйгаараа бахархдаг. Мал малласныхаа үр шимийг хүртэн, хөдөлмөрөө Төр засагтаа үнэлүүлж, аймгийн сайн малчин болоод би их баярласан.

-Мал маллахын хамгийн сайхан нь юу вэ?

-Малчин хүний, мал маллахын жаргал ихээ их. Намар бүтэн хүчийг нь хийлгэж, таргалуулчихаад байж байх нэг сайхан. Төлөө бүрэн хүлээн аван, урин цагтай золгочихоод сууж байх мөн ч сайхан шүү.

МАЛЧИН ЗАЛУУС ЦӨӨРЧ, ХӨДӨӨ НУТАГ ЭЗГҮЙРЧ БУЙД ЭМЗЭГЛЭДЭГ

-Өнөөгийн залуус хэдэн малаа аав, ээж дээрээ тавьчихаад, хот суурин газар амьдрахыг чухалчлах болсон. Хөдөө нутаг эзгүйрч, малчдын залгамж халаа тасарж мэдэх нь гэж халаглаж явдаг хүн олон. Танай нутагт ямархуу байна вэ?

-Хаа газар адилхаан. Залуу малчин манай нутагт ч мөн адил цөөхөн. Ёстой хуруу дарам. Гэнэт л нэг өдөр хэдэн малаа зарчихаад, төв суурин бараадаад явчихдаг.

Залуу малчин цөөрсөөр байгаад эмзэглэж явдаг. Залуу малчдаа, залуусыг урамшуулж, төрийн зөв бодлогоор дэмжихгүй бол малчдын залгамж халаа тасарч мэдэх нь.

-Төрөөс яг ямар бодлого хэрэгжүүлж, хэрхэн дэмжвэл хамгийн зөв гарц, гаргалгаа байх бол?

-Хамгийн гол нь тухайн хүний хүсэл сонирхол, эрмэлзэл чухал. Мал маллах хүсэлгүй, дургүй хүнийг хэчнээн дэмжиж, урамшуулаад нэмэргүй. Хэсэг хугацаанд маллачихаад л явчихна. Малд хайртай, мал маллаад сайхан амьдаръя гэсэн сэтгэлтэй байх юу юунаас илүү чухал.

Хотод өссөн, малын дөргүй хүн хэзээ ч мал маллаж чадахгүй. Би хотод очоод эмч, программист ч юм уу нарийн мэргэжлээр ажиллаж чадахгүйтэй адил. Тиймээс малчдын залгамж халааг бодлогоор бэлтгэн, малжуулах төсөл гэх мэт үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрөөр дэмжвэл зүгээр санагддаг.

-Хөдөө, мал маллаж амьдрах амаргүй. Өнөөг хүртэлх хугацаанд бусдын адил төв суурин бараадъя гэж бодогдож байв уу?

-Ёстой тийм бодол төрж байгаагүй. Хүндрэл, бэрхшээлтэй, шантармаар үе гарахыг алийг нь тэр гэх вэ. Мал, хүн хоёр чинь тэнгэрийн аясаар байдаг. Малчин хүн малынхаа аясыг даган, хаана өнтэй, өвс ногоотой байна, тэнд л нутаглаж явдаг.

Тэнгэр хангай үргэлж дулаахан, урин байхгүй. Зуд болно, цаг зүтгэнэ. Өнөөдөр нарлаг, дулаахан байлаа гэхэд маргааш цасаар шуурч, хүйтрэхийг хэн ч урьдчилан таахын аргагүй. Саараасаа сайхан цаг нь их. Тэнгэр, хангай сайхан болж, хүнд бэрх зүйлийн ард гарсны дараа мартчихдаг. Хэчнээн ядарч, шантарсан ч хэдэн малаа хараад сэтгэл сайхан болчихдог, улам сайхан хөдөлмөрлөөд, зүтгээд баймаар санагддаг.

Байгалийн хатуу хөтүү, хүндрэл бэрхшээлийг малчин хүн нугарахгүй даван туулах л хэрэгтэй. Тэгж байж л малаа эсэн мэнд онд оруулна, юм, юмтай сайхан амьдарна.

ЖИЛЭЭС ЖИЛД БАЙГАЛИЙН ЗОХИЛДЛОГО АЛДАГДАЖ БАЙНА

-Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтрэн, зуд болох давтамж нь нэмэгдсээр байгаа. Танай нутагт бэлчээрийн даац хэр байна вэ?

-Урьдны юм алгаа, алга. Байгалийн араншин өмнө нь байсан шигээ байхаа байлаа.  Жилээс жилд газрын гарц муудан, байгалийн зохилдлого алдагдаж байна. Одоогоор жишээ татахад, өдий чинь дөрөвдүгээр сарын дунд үе. Цаг наашилж, нар, ногоо хоёртой золгох дөхчихсөн байдаг үе. Гэтэл хавар нь хавар шиг байхаа байлаа. Өвөл нь өнтэй болчихоод хавар нь өвлөөсөө илүү зүтгүүлдэг боллоо.

Яагаад ийм зүйл болж, байгалийн зохилдлого алдагдаж байна вэ. Адаглаад, үүл рүү буудаж, албан хүчээр бороо оруулж байгаа нь хэр зохистой зүйл вэ. Энэ мэт шалтгаанууд зуд турхан болох давтамж нэмэгдэх, байгалийн зохилдлого алдагдахад нөлөөлөөд байна уу даа гэж боддог.

Эхээс нь ялгаж үлдээсэн ишигнүүд жижиг толгойн өөд уралдан тоглоно. Тэгснээ уруу нь уралдан бууж ирээд, хотондоо хэсэг хэвтэнэ. Жаахан байж байснаа дахиад уулын өөд өгсөн, хад асга дамжина. Хэдийгээр эхээсээ мэндлээд хэдхэн хонож буй ч ишиг цаанаа нэг адтай амьтан. Сүүндээ сайн цадаагүй ганц нэг ишиг Т.Цэцэгдэлгэр эгчийг гэрээс гаравч, оровч дагана. Амьхандаа сүү өгч, угжиж магад гэсэндээ тэр.

Т.ЦЭЦЭГДЭЛГЭР: МАЛЫН БУЯНААР САЙХАН АМЬДАРЧ ЯВНА АА, АХ, ЭГЧ ХОЁР НЬ

Цэцэгээ эгч тэднийг подхийтэл нь угжчихаад “Ханьтайгаа ханилан, гал голомтоо бадраагаад 30 жил болж байна. Мал маллан амьдарч яваагаараа бахархдаг. Малын буянд аз жаргалтай, сайхан амьдарч байна аа, ах, эгч хоёр нь.

Манайх гурван сайхан охинтой. Одоо 13-уулаа болоод байгаа. Хоёр хүнээс тэгээд ёстой өсдөг юм байна. Удахгүй дунд охин минь амаржина, шинэ хүнээ хүлээж авах гээд догдлон хүлээж сууна. Үр хүүхэд минь аз жаргалтай, байгаадаа сэтгэл хангалуун, зөв түвшин амьдарч байвал тэгээд бол оо.

Хань бид хоёр хоёулаа айлын том. Дүү нартаа аль болох зөв үлгэрлэж, ноён нуруу, түшиг тулгуур нь болж явахыг хичээдэг. Дүү нараасаа суралцах юм их гардаг. Харилцан суралцаад л амьдарч байна даа” гэлээ.

Т.Сүхбаатар ах яриаг нь үргэлжлүүлэн, ханиараа бахархан ийн ярив.

-Хань минь ноён нуруутай, түшиг тулгууртай. Хөдөлмөрч, юманд ёстой тууштай. Ямар нэг юм эхлүүлбэл заавал дуусгадаг. Хоёр талынхаа аав ээжийг, ах дүүсийг их сайхан хүндэлдэг. Дүү нартаа үргэлж үлгэрлэж явдгаар нь бахархдаг. Ханьдаа их хайртай.

Би мал маллах хэчнээн дуртай, хүсэлтэй байлаа ч хань минь “Хот руу нүүе, төв суурин бараадъя. Мал маллахаа больё” гэсэн бол юу болох вэ. Өнөөгийн амжилтад хүрэхгүй, мал маллаад өдийг хүртэл амьдрахгүй нь тодорхой. Хоёулаа мал маллах дуртай болохоор ямар нэгэн үл ойлголцол гардаггүй. Намайг дэмждэг, ойлгодог сайн ханийн буянаар 30 жил сайхан амьдарч байна.

-Та хоёр маань цаашдаа ч мөн нутагтаа  амьдарч, мал маллах бодолтой байгаа юу?

-Тийм ээ. Төрсөн нутагтаа, нутгийнхаа олон ах, дүүсийн дунд амьдрах шиг жаргал гэж юу байх вэ. Өвөг дээдэс минь энд нутаглан, амьдарч байсан. Би хэдэн сайхан дүүтэй хүн. Дүү нар маань амьдрахын эрхэнд хот суурин бараадсан. Бүгд очсон газраа хөлөө олж, нэр хүндтэй, олонтой яваагаар нь ахын хувьд бахархаж явдаг. Аав, ээж хоёр маань ч мөн тэнгэрээс харж, үр хүүхдүүд биднээрээ бахархаж байгаа байх.

Би төв суурин бараадаад явчихвал төрсөн нутаг минь эзгүйрнэ. Малч удам минь тасарна. Тиймээс цаашид ч төрсөн нутагтаа малаа маллан амьдарч, өвөг дээдсийнхээ үргэлжлэл нь болж явахыг хүсдэг.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-25 08:26

M#lchid maani ajilsag saihan setgeltei uls shuu

Зочин
Зочин
2022-04-25 08:26

Myngat m#lchin bolooroi

Зочин
Зочин
2022-04-25 09:04

Төлөө бүрэн авч бойжуулан, ирэх цагтай энх золгоно гэдэг чинь л м##ч түмний жарг## шүү дээ

Гоёл бол..хөдөлмөр
Гоёл бол..хөдөлмөр
2022-04-25 11:03

Сагсуу хулгайч дарга нарийн биш...ажилсаг зөв хүний үг сонсоод уйлах ШАХЛАА.СЭТГҮҮЧДЭЭ...ЗАВ ШУДАРГА ..АЖИЛСАГ уудаас гоё яриа авч байгаарай..хүмүүст хүрнэ Шүүү

Зочин
Зочин
2022-04-25 12:09

Ах эгч хоёртоо баяр хүргэе мундаг шүү ????????

Зочин
Зочин
2022-04-25 12:10

Сайхан хууч хөөрчээ...Сүхээгийнхээ гэр бүлд аз жарг##ын дээдийг хүсэн ерөөе...

Зочин
Зочин
2022-04-25 19:04

Дүү нартаа аз жарг## сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе та 2 минь мундаг ажилсаг хүмүүс шүү

Холбоотой мэдээ

Back to top button