Нийгмийн

Дээд шүүхээс АН-ынханд зориулж мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид рүү чиглэсэн, олон нийтийг зориуд төөрөгдөлд оруулах мэдээ, мэдээллийг Ардчилсан намын зарим гишүүд, нэр бүхий улс төрчид түгээж, намын дотоод маргаанаа шийдвэрлэхийг эрмэлзэхийн оронд энэхүү маргаандаа шүүхийн байгууллагыг хамаатуулж, шүүхийн үйл ажиллагаанд урьдчилан нөлөөлөх зорилготой аливаа оролдлогыг удаа дараа гаргаж байгаа тул энэхүү мэдэгдлийг хийж байна.

Шүүхийн тухай хуулийн 25.8.8-д “Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 26.1-д ”Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргана.” гэж заасны дагуу Улсын дээд шүүх нь намуудаас ирүүлсэн хүсэлтийг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргаж, улс төрийн намын бүртгэл хөтлөх асуудлыг шийдвэрлэдэг.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Шүүхийн тухай хуулийн 42.5-д “Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж заасныг  сануулж байна.

Иймд Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэж, шүүхээс хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүйгээр асуудалд ухамсартай, ёс зүйтэй, хариуцлагатай хандана уу.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button