Ярилцлага

Л.Энхрийлэн: “Их дуулга”-ын анхны түрүүгээрээ эргэн ирэлт хийлээ

Монголын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын бөхчүүд дэлхийд алдартай. Энэ л жинд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нэгэн цагт эх орныхоо нэрийг дэлхийд тахалсныг уншигчид андахгүй. Тэгвэл өдгөө түүний шавь, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа багшийнхаа амжилтыг буухайлж, Монголын жүдочдын нүүр царай болж буй. Үүний сацуу багш, шавь хоёрын амжилтыг буухиалах ирээдүйтэй цөөнгүй тамирчин торниж, тэднээс суралцаж буйн нэг нь Лхагватогооогийн Энхрийлэн.

Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин тэрбээр Монголынхоо дэвжээнээс “Их дуулга” ангиллын тэмцээний анхны түрүүгээ хүртсэн юм.

ОУХМ Л.Энхрийлэн одоогоос зургаан жилийн өмнө “Чингис хаан” гран прид 17 насандаа түрүүлж, шуугиулж байв. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь түүнтэй ярилцлаа. Тэрбээр бэртэл гэмтэл, сэтгэл зүй гээд олон зүйлийг ялаад эргэн эрэлт хийхдээ ийнхүү алтан медаль хүртлээ.

-Монголынхоо дэвжээнд түрүүлж, “Их дуулга”-аас алтан медаль хүртсэнд нь баяр хүргэе. Энэ ангиллын тэмцээнд өмнө нь түрүүлж байсан бил үү?

-Баярлалаа. Монголынхоо дэвжээнээс “Их дуулга”-ын тэмцээний анхны алтан медалиа хүртсэндээ баяртай байна. Одоогоос таван жилийн өмнө “Чингис хаан” гран прид түрүүлж байлаа. Түүнээс хойш Монголд жүдогийн олон улсын тэмцээн болоогүй байсан юм. Эх орондоо болсон “Их дуулга”-д түрүүлж, монгол түмнээ баярлуулахын төлөө барилдсан. Ямар ч байсан зорилгодоо хүрч чадлаа. “Их дуулга”, гран при ангиллын тэмцээний анхны түрүүгээ Монголынхоо дэвжээнээс авсандаа их бэлгэшээж байна.

-Өөртөө их итгэлтэй, сэтгэл зүй сайтай байгаа нь анзаарагдсан. Монгол түмнийхээ өмнө барилдсан болохоор бүр ч их итгэлтэй, урам зоригтой байв уу?

-Тэгсэн. Мэдээж “Их дуулга”-ын тэмцээнд Монголдоо өрсөлдөхийн давуу тал олон. Тэмцээний зохион байгуулалт, уур амьсгал үнэхээр гоё байсан. Монголчуудынхаа, гэр бүл, хамаатан садан, багш нарынхаа, найзуудынхаа өмнө барилдах сайхан байлаа. Үүнийг эс тооцвол Монголдоо “Их дуулга” барилдаж байгаа юм шиг санагдаагүй. Яг гадаадад тэмцээнд оролцож байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Монголын минь дэвжээ намайг ивээлээ.

-Төрийн дуулал эгшиглэн, алтан медаль хүртэх мөчид юу бодогдов?

-Би 2019 онд бэртсэн. Бэртэл маань бүр хүндрээд мэс засал хийлгэхээс өөр арга байгаагүй. Тиймээс тэр жил мэс засал хийлгэсэн. Түүнээс хойш өмнөх шигээ эрэмгий дайчин, галтай цогтой, өөртөө итгэлтэй барилдаж чадахгүй байсан. “Бэртлээ сэдрээчих вий” гэж айгаад ч юм уу.

Бэртлээс эргэн ирэхэд надад амар байгаагүй. Хүнд хэцүү, шантрах үе зөндөө байсан. Ямар ч байсан тэр бүх хүнд үеийг давлаа, ялалтын бахдал, аз жаргалаар солигдсонд үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан санагдаж байна.

-Ээж, эмээ нь охиноо дэмжиж, тэмцээн үзсэн. Өөрийгөө ялсан охиндоо юу гэж хэлсэн бэ?

-Эмээ, ээж, гэр бүлийнхэн маань бүгд намайг маш их дэмждэг, жүдо үздэг. “Охиноороо бахархаж байна” гэсэн. Намайг өмнөх шигээ барилдаж чадахгүй байхад эмээ, ээжид маань ч мөн хэцүү байсан. Өөрийгөө ялж, эргэн ирэлт хийхэд бүгд уйлсан, сэтгэл нь хөдөлсөн.

Улаанбаатарын “Их дуулга”-д барилдахаасаа өмнө өөртөө нэлээд дүгнэлт хийлээ. “Өөртөө итгэлтэй барилдъя. Би чадна” гэж өөрийгөө зоригжууллаа. Үүнийхээ хүчинд түрүүлж чадлаа.

-Бэртлийн улмаас багагүй хугацаанд тэмцээнд барилдаагүй. Хамгийн сүүлд ямар тэмцээнд зодоглосон билээ?

-Хамгийн сүүлд Парис, Абу Дабигийн “Их дуулга”-д барилдсан. Парисын “Их дуулга”-ын медалиа саяхан нөхөж авсан байгаа.

-Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа сүүлийн үед тэмцээнд төдийлөн оролцохгүй байгаа. 57 кг-ынхны амжилтыг үргэлжлүүлэх үүрэг залуу тамирчдад ирлээ. Энэ хэрээр хариуцлага улам бүр мэдрэгдэх юм уу?

-Тийм ээ. Улаанбаатарын "Их дуулга"-д түрүүлэхэд Х.Эрдэнэт-Од багш, Д.Сумъяа эгч хоёр 57 кг-ын медальтнуудад шагнал гардуулсан. Монголын 57 кг-ын түүхэн амжилтын эзэд, бахархал болсон тамирчдаас медалиа авсандаа их бэлгэшээлээ. Би цаашид улам хичээнэ. Монголын 57 кг-ын жүдочид дэлхийд ямар их хүчтэйг харуулахыг хүсэж байна.

-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?

-Унгарын Их дуулгад оролцоно. Намайг дэмждэг Монголын жүдо бөхийн холбоо, Х.Баттулга ерөнхийлөгчдөө, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороонд, шигшээ багийн дасгалжуулагч нартаа, Ц.Шийрэв, Ч.Болдбаатар багшдаа, Сэлэнгэ аймагт, эмээдээ, ээждээ, гэр бүлийнхэндээ, Ажирахгүйдорж ахдаа, Болор эгчдээ, монгол түмэндээ баярлалаа.

ЭМЭЭГИЙН АМЬ ИХ СПОРТОД ХӨЛ ТАВЬСАН НЬ

Багаасаа эмээ, өвөөтэй хамт өссөн Л.Энхрийлэн 2011 оноос хойш Ц.Шийрэв багшийн удирдлагад жүдо бөхөөр барилдаж буй. Багаасаа бөхөд хорхойтой, жүдогоор барилдах сонирхолтой байсан ч эмээ нь анхандаа эрс дургүйцсэн гэнэ. Сав л хийвэл жүдогийн бэлтгэлийн танхим руу дэгдчихдэг охиноо өрөвдөөд ч тэр үү, гэнэт нэг өдөр бэлтгэл хийхийг зөвшөөрч, Ц.Шийрэв багшид шавь оруулжээ.

Л.Энхрийлэнгийн талаар Ц.Шийрэв багш “Хөөрхөн ааштай, хөдөлмөрч. Хүний үгнээс зөрнө гэж үгүй. Нэг удаа суниа гэсэн бол яг л хэлсний дагуу гүйцэтгэнэ. Бусдад тусархаг. Бэлтгэл дээр зөвхөн өөрөө юм суръя гэх бус бусдад мэдүүлэхийг хичээдэг. Д.Сумъяаг залгамжилж яваа шавиараа бахархаж байна. Шавьдаа жүдогоор барилдсан эхний жил нь дан техник заасан. Багаасаа амьдралын хатуу, хүтүүг үзчихсэн, тэвчээртэй. Авьяасыг хөдөлмөрөөр тордоод байхад амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг. 16 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртэхэд хэчнээн их баярласан гэж санана. Шавийн минь нас залуу, амжилт нь бүр ч залуу. Л.Энхрийлэнг эмээ нь их дэмждэг.

Шавиа амжилтад хүргээд эмээг нь баярлуулчих юм сан гэж хичээж явдаг” хэмээн тодотгов. Харин Л.Энхрийлэн жүдоч болсон тухайгаа “Өвөө минь 2006 онд бурхан болсон. Арайхийж жүдоч болохыг эмээгээрээ зөвшөөрүүлтэл кимоно худалдан авах мөнгө байдаггүй ээ. Эмээгийнхээ тэтгэврийн мөнгөнөөс илүүчилж байгаад өмсгөл аван, магнайгаа хагартал баярлаж байсан маань санаанаас ер гардаггүй юм. Бэлтгэл хийчихээд гэртээ ирэнгүүтээ л угаана, индүүднэ. Анхандаа бэлтгэл, хичээл хоёроо зохицуулах амар байгаагүй ээ. Бэлтгэл, тэмцээнтэй давхацсан үед хичээлээсээ чөлөө авна, заримдаа яалт ч үгүй сууж амжихүй байх энүүхэнд. Тэр үед “Монгени” цоцголбор сургуулийн захирал Н.Лхагва, анги даасан багш Пүрэвдулам маань их дэмжиж, тусладаг байсан. Жүдогоор хичээллэж эхэлснээсээ хойш зургаан сарын дараа Улаанбаатар хотын АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, анхны амжилтаа гаргасан” гэлээ.

НЭГ ТЭМЦЭЭНЭЭС ХОЁР ТҮРҮҮ ХҮРТЭВ

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын харьяат Л.Энхрийлэн 2013 оны “Боржин кап”-д өрсөлдсөнөө дурсах дуртай. Учир нь тус тэмцээнээс анхны түрүүгээ хүртсэн юм. Тэгэхдээ бүр нэг бус хоёр алтан медаль авсан нь түүний сэтгэлд их тод үлдэж. Яаж нэг тэмцээнээс хоёр түрүү хүртсэн юм бол гэж уншигч та бүхэн гайхаж байгаа болов уу.

Тэрбээр тэмцээний эхний өдөр өсвөр үеийн ангилалд, маргааш нь залуучуудынхад эгч нартайгаа хүч сорин, түрүүлжээ. Түүгээр ч үл барам тэмцээний шилдэг тамирчнаар шалгарсан юм. Л.Энхрийлэн өдгөө Азийн өсвөрийн АШТ-ий мөнгөн медаль хүртэн, УАШТ-ий өсвөрийн ангилалд нэг, залуучуудынхад гурван удаа түрүүлээд байна. Үүний сацуу улсынхаа дэвжээнээс насанд хүрэгчдийн ангилалд өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн. Сууж үүрэх, хөл тавих дархан мэхтэй тэрбээр ДАШТ-ээс өсвөр, залуучуудын ангилалд мөнгөн медаль авсан.

Азийн АШТ-д өсвөрөөс бусад насны ангилалд өрсөлдөж амжаагүй яваа Л.Энхрийлэн “Зөв сэтгэлтэй, бодолтой явбал зөв замаар л явна. Зөв бүхэн хүнийг зөв чигт хөтөлнө” гэж хэлэх дуртай гэнэ.

17 НАСАНДАА “ЧИНГИС ХААН” ГРАН ПРИД ТҮРҮҮЛЭВ

Спорт сонирхогчдын хоног тоолон хүлээдэг, шимтэн үзэх дуртай тэмцээний нэг нь яахын аргагүй “Чингис хаан” гран при байсан. Эх орондоо дэлхийн шилдгүүдийн барилдааныг үзэнгээ монгол жүдочдынхоо дээлийнх нь захыг мушгин, дэмжихээс илүү жаргал гэж юу байх вэ. Тэр ч утгаараа эх орныхоо дэвжээнд түрүүгээ алдахгүйг зөвхөн тамирчид бус бөхийн хорхойтнууд хичээдэг.

2016 онд “Чингис хаан” гран при олимпын өмнө болсон тул “Рио-2016”-д зодоглосон Д.Сумъяа тэргүүтэй шилдгүүд тус тэмцээнийг өнжсөн. Хөдөлмөрийн баатрын эзгүйд түрүүгээ гадны бөхөд алдах вий гэх айдас бөхийн хорхойтнуудад байсан нь лавтай.

Харин бидний итгэлийг Л.Энхрийлэн хөсөрдүүлээгүй. Жингийнхээ шилдгүүдийг өвдөг шороодуулсаар эх орныхоо дэвжээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Олон улсын тэмцээний анхны түрүүгээ хүртсэн тухай “Эхний тойргоос авахуулаад л их хүнд барилдаан хийсэн. Аваргын төлөө барилдахын өмнө “Гэр бүлийнхэн, монголчуудынхаа өмнө ялагдвал яана” гээд нэлээд сандарсан.

Дэвжээнд гарах мөчид түрүүлсэн бөхийг шагнасан Цонжин болдогийн хөшөөний хэлбэртэй цомыг харахад их гоё санагдсан, “Японы тамирчныг заавал ялна” гэж өөрийгөө хурцалсан. Алтан медалиа энгэртээ гялалзуулан, шагналын тавцанд зогсож байхад Төрийн дуулал эгшиглэх мөчид өөрийн эрхгүй уйлчихсан” гэлээ.

Д.СУМЪЯАГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ

Бөхийн хорхойтнууд түүнийг монгол жүдочдоос Д.Сумъяатай хамгийн эн тэнцүү, сайн барилдаж байгаа нь гэж үнэлдэг. Тэрбээр 2017 онд болсон Д.Цэрэнханд гавьяатад хүндэтгэл үзүүлэх барилдаанд залуу жүдочдоо төлөөлөн өрсөлдсөн нь цөөнгүй жилийн өмнөөс олны анхааралд өртөж эхэлснийх нь илрэл болов уу. Мэдээж Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтнуудын багийн 57 кг-д Д.Сумъяа өрсөлдсөн.

Л.Энхрийлэн Хөдөлмөрийн баатартай хоёр дахь удаагаа учраа таарсан нь тэр. Үзэгчдийг суудлаас өндөлзүүлэн, чамгүй сайн барилдсаар цаг сунгасан ч Д.Сумъяагаас яалт ч үгүй туршлага, ур чадвар дутан дийлдсэн.

Тэрбээр өмнө нь буюу 2016 оны насанд хүрэгчдийн УАШТ-д дийлдэхдээ мөн цаг сунгасан хүнд барилдаан хийж ялагдсаныг бөхийн хорхойтнууд сайн мэднэ. Тэрбээр Д.Сумъяатай нэг жинд өрсөлдөж яваадаа олзуурхаж явдаг гэнэ.

Энэ тухай “Сумъяа эгчтэй хамт бэлтгэл хийж, нэг жинд барилдан, арга туршлагаас нь хуваалцан, үлгэрлэж яваагаараа бахархдаг. Өөрийгөө дэлхийн шилдгүүдтэй хэрхэн өрсөлдөх бол гээд төсөөлөх, баримжаа авахад амар байдаг. Туршлагтай, ур чадвартай бөхтэй барилдах тусам миний ур чадвар хурдан ахина. Сумъяа эгч дэлхийн шилдэг бөхчүүдийн тухай болон тэдэнтэй хэрхэн барилдвал дийлэх боломжтой талаар бидэнд үргэлж зөвлөгөө өгдөг. Надад бэлтгэлээ алгуурлах эрх байхгүй. . Зүтгэлтэй, хөдөлмөрч хүнийг амьдрал шагнадаг, амжилт дагадаг гэдэгт итгэдэг. Бэлтгэл, тэмцээн гээд бүхий л үед эмээ, багш хоёр минь надад тусладаг, урам өгдөг. Ирээдүйд Д.Сумъяа эгч шиг мундаг жүдоч болж, эмээ, багш хоёроо баярлуулахыг мөрөөддөг” хэмээн өгүүлэв.

БЭРТЛЭЭС АВСАН УХААРАЛ

Тамирчны хамгийн том дайсан болох бэртэл, гэмтэл түүнийг ч бас тойроогүй. Тэрбээр 2016 оны сүүлээр БНХАУ-д болсон Чиндаогийн гран прид зодоглож байхад өвдөг нь бэртсэн. Барилдааны эхний үед хөл нь бэртсэн ч шүд зуун өрсөлдсөөр барилдаанаа дуусгажээ.

Хөл нь бэртэх мөчид түүнд юу бодогдсон талаар “Хөл яг тасарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Өө, тэр хооронд юм юм л бодогддог юм билээ. Хамгийн түрүүнд Түвшээ ах Лондоны олимпод аваргын төлөө барилдсан барилдаан хамгийн бодогдсон. Босож ч чадахгүй, уйлсаар эмчээр үүрүүлээд дэвжээнээс буух хамгийн хүнд байсан. Тэргэнцэр дээр суун, хүнээр түрүүлээд эх орондоо ирснийхээ дараа эрүүл байх л хамгийн чухал, юу ч хийж чадах юм байна гэдгийг ухаарсан. Тиймээс бэлтгэл дээр бүхнээ дайчилдаг, одоо л хичээж, боломжоо ашиглахгүй бол болохгүй гэж өөрийгөө хурцалдаг” гэлээ.

Тэрбээр бэртлийн улмаас 2017 оныУАШТ-ийг өнжсөн. Улмаар дөрвөн сар гаруйн хугацаанд эрчимтэй эмчилгээ хийлгэн, эмчлүүлсний ачаар гуравдугаар сард Германд болсон гран прид зодогложээ.

ДЭЛХИЙН АВАРГАД АНХ УДАА БАРИЛДСАН НЬ

Тэрбээр 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-д Д.Сумъяатай хамт 57 кг-д өрсөлдөхдөө эхний тойрогт Казахстаны А.Казьюлинаг дийлсэн ч удаах даваанд ДАШТ-ий мөнгөн медальт, Японы жүдоч Ё.Цүкасад дийлдсэн, үзэгчийн суудалд шилжсэн.

Д.Сумъяа өмнө нь гурван удаа дийлдсэн, ДАШТ-д 16 минут барилдан байж ялсан тийм лут бөхөд өвдөг шороодсон болохоор сэтгэлд тань арай өег байна уу гэхэд “Харин тийм ээ. Уг нь медаль авна гэж л дэлхийн дэвжээнд өрсөлдсөн юм. Ё.Цүкасатай таараагүй байсан бол санасандаа хүрэх боломж байсан гэдэгт итгэдэг. Бид хоёр анх удаа барилдлаа. Санасан мэхээ зоригтой хийж, эцсийн хүчээ шавхартал барилдсан болохоор харамсахгүй байна. Саяхан Монголд болсон клубүүдийн Азийн АШТ-д түүнтэй дахин барилдахдаа даагаа нэхэхийг зорьсон ч чадсангүй. Дараа таарвал заавал ялна даа” гэв.

ХЭРВЭЭ ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН БОЛ

Л.Энхрийлэн саяхан болсон залуучуудын ДАШТ-д анх өрсөлдөн, мөнгөн медаль хүртсэн.  Тус тэмцээнийдэвжээ Ц.Шийрэв багшийн шавь нарт тун ч ээлтэй. Үүнийг Ө.Дүүрэнбаяр түрүүлж, Ц.Цогтбаатар, Д.Төмөрхүлэг нар хошой мөнгөн медаль хүртсэнээс харж болно. Үүний сацуу түрүү хүртэх босго монгол жүдочдод нэлээд өндөр. Залуучуудын дэлхийн аварга хэмээх алдрын эзэн ганцхан бөхтэй нь үүний илрэл болов уу. Хэрвээ Л.Энхрийлэн түрүүлсэн бол монгол бөхчүүдээс тус тэмцээнд аваргалсан хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны жүдоч болох байв. Харамсалтай нь, алтан медалийн төлөөх барилдаанд 2015 залуучуудын дэлхийн аварга, Японы бөх Ф.Харүкад цэвэр ялагдсан.

Хэдийгээр дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй ч тус тэмцээнд анх удаа зодоглон дэд аварга болсон нь яавч чамлах амжилт биш. Тэрбээр залуучуудын ДАШТ-д хэрхэн оролцсон талаараа “Анх удаа зодоглож байна, аваргын төлөөх барилдаанд 2015 онд түрүүлсэн бөхийг ялж чадахгүй байх гэж өөрийгөө чамлаагүй. Энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-д хүч сорин, цөөнгүй гран при болон олон улсын тэмцээнд оролцчихсон болохоор надад ашигтай, давуу талтай байсан. Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг эгч тэмцээнд оролцохоор явахын өмнө “Насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөн, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөөд үзчихсэн юм чинь миний дүү залуучуудынх нь ангиллаас медаль хүртэж чадна аа” гэхэд гоё санагдсан.

Тус тэмцээнд түрүүлсэн анхны эмэгтэй жүдоч болохыг зорьсон ч санасандаа хараахан хүрч чадсангүй. Аваргалсан бол гэж харамсаж байна. Ер нь мөнгөн медаль надад ээлтэй. Олон улсын тэмцээний ихэнх медаль маань мөнгө. Японы бөх өмнөх тойргуудад бүх өрсөлдөгчөө хэвтээ барилдаанаас ялсан. Хэрвээ би хэвтээ барилдаанд сайн хамгаалж чадсан бол өвдөх шороодулах байлаа. Хэвтээ барилдаанд орохгүйг хичээсэн ч тусыг эс боллоо. Яалт ч үгүй дархан мэхэнд нь ороод цэвэр ялагдчихсан. Тэр даралтнаас л гарчихсан бол аргалж болохоор байсан. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч мөнгөн медалиа чамлахгүй ээ.

Гэмтлээс эргэн ирснээсээ хойш олон улсын тэмцээнээс медаль хүртэж чадахгүй нэлээд удсан. Энэ сайхан мөчийг удаан хүлээлээ. Хүнд, хэцүү үеийг даван туулж, бэлтгэл, формондоо эргэн ороод хүртсэн болохоор бүр ч сайхан санагддаг юм байна. Барилдааны маргаашнаас л гэртээ харих юм сан гэж яарсан” хэмээв.

Р.СИЛЬВАГААС Д.СУМЪАЯАГИЙН ХАРИУГ АВАХ ДӨХӨВ

2017 онд ОУХМ цолны болзол хангасан Л.Энхрийлэн тавдугаар сард болсон Их дуулгын тэмцээнд анх удаа зодоглохдоо хүрэл медалийн төлөөх барилдаанд Р.Сильватай өрсөлдөн, цаг сунгаж барилдаад торгуулиар дийлдсэн. Гэхдээ зүгээр нэг ялагдах бус цаг сунган, эн тэнцүү өрсөлдсөний эцэст торгуулиар ялагдав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 28, 2022 08:52

харахааар л хайр хүрээд байхийн энэ охиныг үнэхээр мундаг шүү

Зочин
Зочин
6 сар 28, 2022 09:04

Hoorhon ohin shvvv mundag

Зочин
Зочин
6 сар 28, 2022 09:04

Энхрийлэн гэдэг охин хүмүүсийн хайрыг ёстой их татлаа даа

Зочин
Зочин
6 сар 28, 2022 09:04

Үнэхэээр мундаг охин шүү

Зочин
Зочин
6 сар 28, 2022 09:05

tomooos tom amjilt hvsiiii

Хэн
Хэн
6 сар 28, 2022 09:36

Сайн байна. Донжтой ял�##�т аваад гаргадаг сэтгэгдэл, реакшн нь лаг шүү

Зочин
Зочин
6 сар 28, 2022 10:05

Ёстой хөөрхөн мундаг байлаа

Зочин
Зочин
6 сар 28, 2022 10:17

Өшөө их амжилт гаргахыг хүсэн ерөөе

Зочин
Зочин
6 сар 28, 2022 10:38

Баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button