БОЛОВСРОЛУРЛАГ

Япон яруу найргийн дайны сэдэвт шүлгүүдийг тайлал зүйн аргаар задлах нь

Зохиолч, сэтгүүлч, орчуулагч Ж.Лхагва “Японы яруу найраг” номыг анх 1974 онд орчуулжээ. Эл номд япон шүлгийн гурван төрөл (хайку, танка, гэндайси) –ийг төлөөлж чадах наян таван яруу найрагчийн бүтээл багтжээ. Танка, хайку хоёр нь японы эртний уламжлалт яруу найраг бол, гэндайси шүлэг нь Японд XIX зууны эцсээр Европ болон Америк яруу найргийн нөлөөгөөр үүссэн байна. Гэндайси нь байгалийн болон хайр сэтгэлийн уянга төдий байсан танка, хайку шүлгийг шинэ агуулгаар баяжуулж, нийгмийн амьдралын өнгө төрхийг илүүтэй тусгасан байдгаараа онцлог. 

Хэл гэдэг хүний мэдлэгийн хүрээг тодорхойлж байдаг байна. Ойлгохгүй бол төсөөлөхгүй, мэдлэг болох боломжгүй. Тайлал зүйн арга нь эхлээд мэдрэх, дараа нь ойлгох, улмаар судлах гэсэн дарааллын дагуу явагдана. Хэн нэгний аливаа зүйлийг илэрхийлэх илэрхийлэмж дотор тухайн хүний зан төрх, ертөнцийг харах үзэл, сэтгэлгээ цаашлаад тухайн орны соёл, онцлог, аж амьдрал, түүх зэрэг багтаж байдаг ажээ. Японы хайку, танка, гэндайси шүлгүүдээс дээр дайн тулаанд эмзэглэсэн, дайныг жигшсэн, энх тайвныг үнэнхүү хүссэн агуулга бүхий хэд хэдэн шүлгүүд байна.

1945 оны VIII сарын 06 хэмээх мөчлөгөөс 

Чихний хэнгэрэг хагарам 

Чимээ гарах үед 

Будаа агуулах 

Амбаарын хана 

Бут үсрээд салсан байна -Мунэтоси Фукагава

1945 оны VIII сарын 06-нд АНУ Японы Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хаясан нь дэлхийн түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй явдал болсон юм. Хүн төрөлхтний түүхэнд байлдааны зорилгоор цөмийн зэвсэг ашигласан цор ганц тохиолдол байв. Ойролцоогоор 20 мянган тонн килотонн бөмбөг дэлбэрэхдээ 350 мянган хүн амтай тус хотын хүн амын тал хувь болох 140 мянган хүний аминд хүрчээ. Нас барагсдын 60 гаруй хувь нь түлэгдэж, 30 орчим хувь нь дарагдаж, 10 хувь нь өөр бусад шалтгаанаар нас баржээ. Харин амьд үлдсэн хүмүүсийн тал хувь нь дэлбэрэлтийн улмаас түлэгдсэн шарх, химийн хордлого, өвчний улмаас хожим амьсгал хураасан гэдэг. 

Уг шүлэгт “будааны агуулга” хэмээн дурьджээ. Будаа бол Японы үндэсний хоол. Япончууд аягандаа нэг ч ширхэг будаа үлдээлгүй иддэг гэдэг. Японд будааны тариалангийн талбайгүй газар гэж бараг л үгүй. Тиймээс ч будааны холбогдолтой маш олон дуу, шүлэг, зохиол байдаг байна. 

Тариан талбай 

Дайныг эсэргүүцэж

Цагаан далбаа шиг дэглий хөөргөв – Фурусова Тайхо

Дайныг эсэргүүцсэн шүлгүүддээ ч бас энэ л ахуйгаа бичжээ.

Гадаа өчүүхэн ч сүүдэргүй

Ганц охин зогсоод гаслан чарлан ээрч: 

Халуун, Халуун гэх нь 

Хараалын үг шиг сонстоно 

Зохиолч “Гадаа өчүүхэн ч сүүдэргүй” хэмээсэн нь дайн дууссан, бүх зүйл болоод өнгөрсөн гэдгийг илтгэж байх шиг байна. Гэсэн хэдий ч дайны хор уршиг, дэлбэрэлтийн хор уршиг арилаагүй гэдгийг “Халуун!, Халуун! хэмээн үглэх охины үйлдлээр илэрхийлсэн байх шиг байна. Хирошимагийн дэлбэрэлтийн улмаас маш олон хүмүүс түлэгдсэн шархдсан, хордсон.

Уг дэлбэрэлтэд даруй 140 мянган хүн нас барсан бол, цацраг идэвхит бодист хордож хожим өчнөөн хүн нас баржээ. Тэдний нэг нь Хирошима хотод амьдарч байсан Садока Сасаки охин юм. Азаар тэр дэлбэрэлтээс амьд үлдсэн ч 10 жилийн дараа цусны хорт хавдартай болсон нь оношлогдсон бөгөөд түүний өвчин нь цацраг туяаны нөлөөнөөс болж үүсчээ. Япончууд цаасан шувууг эрүүл энх урт амьдралын бэлгэдэл гэж үздэг. Хэрэв мянган цаасан шувуу хийж чадвал өвчин зовлон хурдан эдгэрдэг гэх домог байдаг байна. Тийм ч учраас Садока Сасаки 1000 ширхэг цаасан шувуу хийхийг хичээсэн ч 644-ийг хийж амжжээ. Харамсалтай нь охин 1955 онд буюу 12 настайдаа хорвоог орхиж, ангийн хүүхдүүд нь түүнийг нас барсны дараа үлдсэн 356 ширхэг цаасан шувууг хийж түүнтэй хамт оршуулсан аж. Хирошима хотод буй Энх тайвны паркийг Садако Сасаки охины дурсгалд зориулан барьсан бөгөөд тэнд түүний гартаа цаасан шувуу барьсан хөшөөг ч мөн босгожээ. 

Гал халуун дэлбэрэлтэд

Газраас арчигдсан 

Хүмүүсийн дуу 

Олныг үзсэн бидний сэтгэлд 

Одоо ч гэсэн чарласаар байнам. 

Гал халуун дэлбэрэлт гэж өнөөх л Хирошима, Нагасакийг дэлбэрэлтийг хэлж байна. 

Ганц хоромын хугас төдийд 

Гучин мянган амь бусниулсан 

Найман сарын зургааны дүрэлзсэн их галыг 

Насандаа мартаж чадна гэж үү... 

Үдэш болтол тэнгэрт түймэр оволзож

Үнсэн товорго болгож 

Балгас дамжин ноцно 

Нурсан балгасын шавар дор

Амьдаараа булшлуулж 

Ээж дүү хоёр минь 

Ор сураггүй болжээ...-Санкити Тогэ

Тоге Санкичи (1917-1953) нь Хирошимад атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүн юм. Түүний хамгийн алдартай бүтээл бол 1951 онд хэвлэгдсэн (原爆詩集) "Атомын бөмбөгийн шүлэг” яруу найргийн түүвэр бөгөөд тэрээр хоёр жилийн дараа 36 насандаа таалал төгсжээ.  Эл гэндайсэ хэлбэрийн шүлэгт цаг хугацаа, үйл явдлын баримт, цаашлаад зохиолчийн эмзэглэл зэрэг илхэн байна. 

Бузар дайныг эсэргүүцсэн 

Булт олны жагсаал руу 

Зургийн аппарат чиглэв 

Гэрэл зургийн хальснаа би 

Гэмтэн болж оржээ – Хори Мисами 

Зөвхөн Япон ч гэлтгүй дайн самууныг хүсдэг хүмүүс байдаггүй биз ээ. Дайн, тэр дундаа Хирошимагийн дэлбэрэлт нь Япончуудын нэгэн эмзэглэл болж үлдсэн бөгөөд түүнийгээ шүлэг яруу найрагтаа ч бичиж үлдээсэн нь эдгээр шүлгүүд юм. Тэрхүү аймшигт өдрийг “халуун”, чих дөжрөм дэлбэрэлт”, хашхираан  гэх мэтээр дүрсэлжээ. Эл номыг орчуулагч Ж.Лхагва “Хайку, танка шүлгүүд эхэн үедээ дүрслэлийн хувьд тогтмол байсан байна. Жишээлбэл: Зуны тухай дүрслэхдээ интоорын цэцгийг, харуусал гунигийг дүрслэхдээ нойтон ханцуй зэргийг дурьддаг байжээ” хэмээн дурьдсанчлан дайныг дүрслэхдээ дээрх үгс, дүр дүрслэлийг түлхүү ашигласан байгаа нь ажиглагдаж байна. 

Хүн болгон бурхан шиг болох

Тэр цагийг 

Хүлээж байна

Түүх хүлээж байна – Санкити Тогэ

Ном зүй: 

  • Лхагва.Ж, 2022, Япон яруу найраг, УБ, Монгол 
  • Монсудар, 2014, Философи, УБ, Монгол 

Э.ДОРЖСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x