УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: "Хилийн цэсийн маргаантай асуудлыг УИХ-аар шийднэ"

УИХ-ын үдээс хойших чуулган 42 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Үдээс хойших чуулганаар Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслийг Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Ажлын хэсгийнхнээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Хэд, хэдэн зүйлийг хууль санаачлагаас асууя. Нэгдүгээрт, газрын кадастрыг тогтоохдоо ил тод нээлттэй байх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд энэ хуулийн төсөлд юу орж байгаа вэ?

Хоёрдугаарт, кадастрын давхцалууд маш их байдаг. Үүнээс болоод иргэд хохирдог. Цаашдаа кадастраар нь газар олгодог байдлыг энэ хуульд тусгаж өгсөн үү?

Гуравдугаарт, 1960-иад онд аймаг, сумдын газар нутгийг тогтоохдоо өндөрлөг цэгээр нь тогтоочихсон. Сүүлийн 10-аад жилд кадастрын зураглалаараа үүнийгээ тогтоосон. Баталгаажуулалт хийснээс маш их маргаан гаргасан. Шинэ хууль батлагдсаны дараа кадастрын маргаан арилах уу?

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Кадастрын нэгдсэн сантай болж байгаа тул маргаануудыг шийдвэрлэнэ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай: Монгол Улсын кадастрын нэгдсэн системд 1155 мянган нэгж талбарыг бүртгээд, түүн дээр үйл ажиллагааг хэрэгжүүлээд явж байна. Улсын хэмжээний газрын бүртгэл тооллого, газар олгох харилцаануудыг кадастрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан. Энэ хуульд зааснаар бид долоон үндсэн системд суурилж газар олгох, түүнийг бүртгэх, хаягжуулах асуудлуудыг шийднэ. Мөн үнэлгээ, төлбөр тогтоох ажлууд энэ системээр дамжиж хэрэгжинэ. Газрын кадастрын систем улсын хэмжээнд нээлттэй. Энэ системээс өөрсдийн газар болон бусдын газар эзэмшиж, ашиглаж буй асуудлыг чөлөөтэй харж, тэндээс мэдээлэл авах бололцоог бүрдүүлж өгсөн.

Кадастрын давхцал, зөрчлийг цаашид гаргахгүй байх зохицуулалт орж ирсэн.

Хилийн цэсийн асуудал дээр бол: Нийт сумын 226 нь 1977 оны ардын их хурлаар тогтоогдсон байна. Үүнээс хойш УИХ, ардын их хурлын 24 удаагийн тогтоол шийдвэр зарлигуудаар Монгол Улсын сумдын хилийн цэсийг тогтоосон. Түүний дараа 2002 онд УИХ-аар газар зүйн нэр батлагдсан. Тодруулан хэлэх юм бол, хилийн цэс тогтоосноос хойш газар зүйн нэр батлагдсан. Энэ үеэр зарим нэг газар нутгийн нэр өөрчлөгдсөн. Эндээс болж зарим иргэдийн хооронд маргаан үүсдэг. Мөн тогтоосон хилийн цэсийг газар зүйн нэрийг иргэд буруу ойлгосноос болж, иргэд хоорондоо буруу ойлгосноос болж маргадаг. Улсын хэмжээнд 400 гаруй маргаантай асуудал байгаа. 100 гару нь суманд хамаарна. Бид ажлын хэсэг гарган шийдээд явж байгаа. Цаашдаа кадастрын тухай хууль болон газрын тухай хуульд зааснаар бид бүхэн газар зүйн нэрийг нэг мөр УИХ-аар шийдүүлэх. Хилийн цэсийн маргаантай асуудлыг УИХ-д оруулж ирээд шийдэх боломж нөхцлийг бий болгож өгч байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button