УЛС ТӨР

Намуудын хэлэлцүүлэг: "Сонгогчдын 60 хувийг авлигадахад ₮70 тэрбум л хангалттай"

Улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгосноор шударга сонгууль явуулах, авлигын сүлжээг таслах агуулгаар намууд хуралдлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намуудын удирдлагуудын асуултад хариулт өгсөн юм.

А.Отгонбаатар: Та олон нийт дэмжвэл хийе гэж их ярих юм, бид дэмжихэд бэлэн байна, хуулийн төслөө оруулаад ир

МАН-ын авлига арай хэтэрхий байгаа. Ард түмэн босоход бэлэн байна. Гэтэл яагаад босохгүй байгаа юм бэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та зөв юм яриад байгаа учраас горьдлого тээгээд босохгүй байгаа юм. Нам боловсон хүчнийг өмчилдгөө болимоор байна. Нэг нам ялахаар нөгөө ялагдсан намын боловсон хүчнийг гудамжинд лааз өшиглүүлдэг. Хувааж талцдаггүй бол энэ улсыг чинь аваад явчих боловсон хүчин Монголд хангалттай байна.

Та олон нийт дэмжвэл хийе гэж их ярих юм. Бид дэмжихэд бэлэн байна. Гэхдээ хэзээ хийх юм бэ. Сайн юм хийе гэхээр та нараас асууя гээд, авлига авахдаа хэнээс ч асуудаггүй. Авлига улс төрийн намаас тусдаа гээд байна. Тийм биш үү.

Тиймээс авлигын системтэй нь тэмцэхийг дэмжиж байна. Зоригтой хиймээр байна. Хуулийн төслөө хэзээ оруулж ирэх юм бэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Мөнгөний сонгуулийг үгүй болгох том алхам хийе гэж бодож байгаа

Хэрвээ иргэд зөвшөөрвөл ирэх Хаврын чуулганаар пропорциональ, мажоритар тогтолцоог Парламентад 50, 50 хувь байлгах өөрчлөлтийг хийж болно. Харьцааны хувьд 50, 50 хувь байхаас өөр аргагүй. Яагаад гэвэл, аль нэг нь бага байхаар "Тойргоос сонгогдсон", "Намын нэрээр сонгогдсон" гэсэн маргаан яваад байдаг. Мажоритар тогтолцоо байгаа тохиолдолд нутгархах үзэл байхаас аргагүй. Улаанбаатарт төв зам тавихаас илүү жижигхэн хэсэг газарт зам тавих асуудал нь гол болчихож байгаа юм.

Тэгэхээр, Засгийн газраас дэвшүүлсэн таван Ш үсэгний эхний дөрөв нь хууль шүүхийн байгууллага, хуультай холбоотой учраас засагдаад явчихна. Харин гол эх сурвалж болсон, төр бүрдэж байгаа процессыг засахын тулд бид ийшээ орхоос өөр аргагүй. Тийм учраас бид энэ удаа нам байгуулагдсан түүхэн өдрөөр энэ асуудал руу орж байна.

Тиймээс хамтдаа Авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлээд, олон жил яригдсан энэ мөнгөний сонгуулийг үгүй болгох том алхам хийе гэж бодож байгаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Улс төрийн нам дагасан авлигал хамгийн хүндрэл үүсгэж байгаа

-Засгийн газар 2023 оны авлигатай тэмцэх жил болгон зарласан, нөгөө талаар улс төрийн намын хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой нь үнэн. Судалгаа үүнийг баталж байгаа. Нам дагасан авлига бол манай авлигын индекс ухрахад гол нөлөөлөл үзүүлсэн. АТГ 2018-2019 онд судалгаа хийж, улс төрийн нам дагасан авлигал хамгийн хүндрэл үүсгэж байгааг харуулсан. Иймд эдгээр асуудлыг сууриар нь цэгцэлж байж Монгол Улс авлигаас салахад дөхөм болно.

“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ын дарга Ш.Төмөрсүх: Бүх иргэд санал өгдөг систем бүрдүүлэх хэрэгтэй

-Бүх иргэд санал өгдөг систем бүрдүүлэх хэрэгтэй. Аравдугаар сард ээлжит сонгууль болох гээд байна гэж шуугьж буй, үүнд хариулт өгөөч. Мөнгөний сонгууль болгохгүйн тулд: Арилжааны телевизүүдийг сонгуулийн үеэр хаах хэрэгтэй. Төлбөртэй нэвтрүүлэг явдаг байвал байдал засрахгүй.

“Монгол консерватив” намын дарга Н.Дашдаваа: Авлига энэ хэлэлцүүлгийн хойморт сууж буй намуудад л хамаатай

 -Авлига ард түмэнд юм уу парламентад суудалгүй намуудад байхгүй. Өнөөдөр хэлэлцүүлгийн хойморт сууж буй намуудад л хамаатай. Эрх баригч нам үүнийг ухамсарлаж эхэлсэн бол талархаж байна. Үүнийг бид маш олон жил хүлээж буй. АН өөрийнхөө авлигачдыг гаргаад шударга шүүхийн өмнө шүүлгэх хэрэгтэй, өөрсдөө. Л.Оюун-Эрдэнэ дарга, Т.Доржханд гишүүн сууж байна. Мөн адил жагсаалт гаргаж, шүүх рүү явуул. Бүх намын санхүүжилт хэн ч харах боломжтой, нээлттэй болох ёстой. Дараагийн сонгуульд бүх улс төрийн намуудын төлөөлөл дэвшээсэй, олон жил мөнгөний сонгууль болсныг саруул ухаантай бүхэн мэдэж байгаа.

ХҮН намын удирдах зөвлөлийн дарга Э.Үүрцайх: МАН-д итгэхгүй байгаа

-Улс төр мөнгөнөөс хамааралтай байх нь тусгаар тогтнолын асуудал. Сонгогчдын 60 хувьд нь 200 мянган төгрөг өгье гэвэл ердөө 70 тэрбум төгрөг. Үүнийг олигархиуд, гадаадын хоёр компани л гаргачихна. Гэхдээ МАН-д итгэхгүй байгаа. Суурь алдаагаа засахгүйгээр урагшлахгүй. ҮХНӨ-ийг яаралтай хийж, цэгцлэх асуудал руу шууд ормоор байна. Нууж байгаад хоёр өдрийн дотор баталж болохгүй. Нээлттэй тавь, олон нийтээр хэлэлцье. Улс төрийн намын тухай хуулийн төслийг яаралтай ил болгооч, ҮХНӨ-ийг түргэлээч.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тогтолцоог өөрчилье, намар сонгууль хийе гэвэл татгалзахгүй

-Энэ асуудлыг цэгцлэхгүй бол улс төрийн шийдвэр Төрийн ордонд биш, түүнийг тойрсон өндөр байшингуудад, архины ширээний ард гардаг байдал тасрахгүй. Ийм байсаар ирсэн. ҮХНӨ-ийг хийх гол агуулга сонгуулийн холимог тогтолцоо. Мажоритар тогтолцоо үргэлжилснээр Улаанбаатар хотын түгжрэл хоёрдугаар, тойрогтоо зам барих нь нэгдүгээр асуудал болсоор байна. Төр өөрөө бохир мөнгөөр бүрдээд байвал энэ лоббигоо бид дийлэхгүй, эдийн засаг тэлэх тусам эрсдэлтэй болж эхэлнэ. Улс төрийн намаас нэр дэвшигчдийг гадаад, дотоодын бүлэглэл худалдаж авч байгааг болиулахын тулд хамгийн хямд зардлаар сонгууль явуулдаг байх хэрэгтэй. Ухуулагчдыг ямар байдлаар хязгаарлах вэ. Хаврын чуулганаар яригдах улс төрийн намуудын болоод сонгуулийн тухай хуулийн хүрээнд үүнийг ярих ёстой. Илүү санхүүжилт гаргасан тохиолдолд авлигатай холбох, үүний тулд эрүүгийн хуультай уяж болно. Улс төрийн намуудын тухай хуулийг аль ч намаас өргөн барьж болно. МАН-ын хувьд энд хүч түрэхгүй, аль болох олон намын оролцоог хангана.

Хэрэв Үндсэн хууль өөрчлөгдөж, холимог тогтолцоонд орвол аравдугаар сард сонгууль болж болно. Ер нь сонгууль цагтаа явж хэвших нь зүйтэй. Өөрөөр хэлбэл та бүхэн дэмжиж, тогтолцоог өөрчилье, намар сонгууль хийе гэвэл татгалзахгүй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-02 08:21

Оюунэрдэнэ бол Женко Херо 2-ын гар хөл... Ард түмнийг м�##� гэж бодож хуурна гэж итгэдэг Америкийг шүтэн бишрэгч худ�##�ч пиху

Холбоотой мэдээ

Back to top button