Top StoriesЯрилцлага

Ц.Отгонбаяр: Монголын төр хууль, хил гаалиар үйлдвэрлэгчдээ дарамталж, БНХАУ-ын зах зээлийг хамгаалдаг

Монголд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр дагнасан компани маш ховор байдаг. Eguur.mn тэрхүү нарийн, ховор төрлийн бизнесээр дагнаж, үндэсний үйлдвэрлэгчдийг төрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа нэгэн эрхэмтэй уншигч таныг уулзуулж байна.

Зочныг маань Цэгмэдийн Отгонбаяр гэдэг. “MJD” компанийн үүсгэн байгуулагч, захирал. Ц.Отгонбаяр захирлын үүсгэн байгуулж, хөл дээр нь босгохоор зүтгэж яваа компани МАА-н гаралтай түүхий эд боловсруулах тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр дагнаж ажилладаг.

“MJD” компани малын арьс шир боловсруулах тоног төхөөрөмж үйлдвэрлэн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн боломжит нөхцлөөр нийлүүлэхийн зэрэгцээ засвар үйлчилгээг нь хариуцдаг. Өөрсдөө мөн монгол хонины ноосоо боловсруулан өндөр чанартай хөнжил, аяны хөнжил  үйлдвэрлэдэг.

Үйлдвэрлэсэн хөнжил тэсгим хүйтнээрээ алдартай ОХУ-ын Сибирь, Якутын хэрэглэгчдийн шалгуурыг даван байнгын хэрэглээ нь болсон бол ноос ноолуур, арьс шир боловсруулах чиглэлээр дагнаж буй айл өрх, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ихэнх нь тоног төхөөрөмжөө эднийхээр хийлгэжээ.

Малын гаралтай бүтээгдэхүүнээр Монгол Улс ямар хэмжээнд байсан, цаашид ямар том боломж байсныг юуны учир алдсан, одоо төр засаг үйлдвэрлэл, нэмүү өртгийг дэмжиж хэрэглэгчээс экспортлогч улс болох зорилт тавьсан ч хөгжих боломж яг бодитой байгаа юу гэх мэт олон асуултын хариуг та түүний ярилцлагаас ойлгох болов уу.

Бизнесийн “Алтан үе” буюу гутлын шир, шеврогоор ОХУ-д танигдаж, Европыг хангах зорилт тавьж явсан 1990-ээд он

-Бизнесийн салбарт хэрхэн хөл тавьснаас тань ярилцлагаа эхэлье?

-Монгол улсад ардчилсан хувьсгал ялснаар иргэд хувийн өмчтэй байх боломж бүрдэж, бизнест хөл тавьцгаан Монголд хувийн хэвшил бий болж байлаа. Тэр үед би бусдын жишгээр бизнес хийж эхэлсэн юм. Тэр үеийн бизнесмэнүүдийн ихэнх нь гадаад худалдаа эрхэлж байсан. Бүх юм дутуу гуцуу болсон тул дотоодын хэрэгцээгээ хангахыг чухалчилсан нь арга ч үгүй байх. Харин би анхнаасаа МАА-н гаралтай түүхий эд боловсруулах, мөн энэ төрлийн аж үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл суурилуулалт буюу экспортын чиглэлийг сонгосон.  

Анх 1989 онд “Үслэг эдлэл” хоршоо байгуулж бизнесээ эхэлж байлаа.

-Үслэг эдлэл гэхээр арьс боловсруулдаг гэсэн үг үү?

-Тийм. Хонь ямаа, тарваганы арьс элдэж боловсруулан ОХУ руу гаргадаг байв. Тэр үед хөл дээрээ босоод арьс, шир боловсруулъя, савхи, шевро хийе гээд хийж эхэлсэн. Булигаар, хромыг гэхэд манайх хамгийн сайн хийдэг, хойно зах дээр “МJD”-гийн арьс гэхээр бужигнадаг байлаа шүү дээ.  

-Хоршоогоо хэзээ компани болгосон бэ?

-1996 онд компани болгож, арьс шир, ноос боловсруулахаас гадна энэ чиглэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээгээр дагнадаг болгосон. Манай компанийн үйлдвэр нэг үе Монголын хамгийн том арьс шир боловсруулах үйлдвэр гэгдэж байв. Орос, Хятадаас гадна олон улс руу бүтээгдэхүүнээ гаргах зорилго надад байсан учраас үйлдвэртээ хөрөнгө мөнгө харамгүй зардаг байсан.

Тэр үедээ Украинаас бохир ус цэвэршүүлэх үйлдвэр оруулж ирснийг Мэргэжлийн хяналтынхан ирж үзчихээд “Гарч байгаа усыг нь бараг ууж ч болох юм байна” гэж хэлж байлаа. Тийм цэвэршүүлэх байгууламж суурилуулсан үйлдвэр одоо ч Монголд байхгүй.   

Хятадууд үйлдвэрийн эздийг урхидаж, Монголын арьс шир боловсруулах салбарыг унагасан

-Гайгүй явж байсан бизнес нь яагаад уначихав. Хятадууд бодлогоор унагасан гэсэн яриа байдаг, үнэн юм уу?

-Ганц хоёрхон байсан том үйлдвэр нь зогссон ч тоног төхөөрөмжүүд нь өөр газар ажиллаж, жижиг үйлдвэрүүд өндийж байсан. Булигаар, хром, шевро, савхиа өөрсдөө  боловсруулж, чанар нь сайжирч, хойд, урд хөршид танигдан “МЖД-гийн булигаар, хром хамгийн сайн” гэсэн үнэлэмжтэй болоод байв. Зөвхөн материалаар биш, загвар гаргаад савхиар куртка хийж зарах зэргээр нэмүү өртөг шингээж байлаа. Энэ хэрээр ашиг орлого ч нэмэгдээд ирсэн.

Яг тэр үед манайхаас арьс, шир авдаг байсан хятадууд “Хамтаръя. Танай тоног төхөөрөмжүүд хуучин байна. Бид хөрөнгө оруулалт хийе, шинэ тоног төхөөрөмж оруулж ирье” гэсэн санал тавьсан юм. Би ч тэр үед “Сайхан тоног төхөөрөмжтэй болчихъё, хамтраад хийчих юм байна” гэсэн бодолтой байлаа. Тэгээд хуучин тоног төхөөрөмжөө бүгдийг нь гаргаж төмрийн хогонд ачуулаад шинэ тоног төхөөрмж суурилуулсан юм. Гэтэл нөгөө төхөөрөмжүүд нь маш муу, ажиллагаа нь доголддог байсаар жил хүрэхгүйн дотор ажиллагаагүй болсон.

-Тэгээд хамтрахаа больсон уу?

-Нөгөө хятадууд чинь “Шархаа нөхье, одоохондоо Монголд ашигтай юм ерөөсөө түүхий эд зөөх юм байна” гэж санал гаргасан. Түүнээс хойш үндсэндээ дөрвөн жил Хятад руу арьс шир, ноос ноолуур зөөсөн. Манай компанийн нэр дээр, хятадууд өөрсдөө мөнгөө гаргаж цуглуулаад ачуулдаг. Надаас бланкаа авч, сул цалин өгнө.

Манайд ямар ч үйлдвэрлэл явагдахгүй, хэдэн ачигчаа цалинжуулахаас өөр ямар ч ашиггүй болж хувирсан. Үйлдвэрээ дөрвөн жил цоожтой байлгаад сүүлдээ дургүй хүрч, “Та нар үйлдвэрээ ажиллуул, эсвэл больё” гэсэн чинь “Өө тэгье, бид нар тэгвэл тоног төхөөрөмжөө авчихья” гээд зарим нэг нарийн тоног төхөөрөмжөө аваад манайхыг бүр зогсоочихож байгаа юм.

"MJD" компанийн хөнжлийн үйлдвэр. Эдний хийсэн цэвэр ноосон хөнжлийг ОХУ, БНХАУ-ын хэрэглэгчид дуртай худалдаж авдаг.

Гэсэн ч буцаад булигаар, хром, гутлын том арьсаа бас хийсээн, хийсэн. Ингээд байж байтал чейнжүүд орж ирээд, дотоодод үйлдвэрлэдэг арьс, савхийг Солонгосоос зөөчихсөн. Бид өрсөлдөх ямар ч вариантгүй болчихож байгаа байхгүй юу.

Бусад үйлдвэрүүд ч яг л энэ замаар явсан. Бүгд хятадуудтай нийлээд, тоног төхөөрөмжөө гаргаж хаяад, төмрийн хогонд тушаагаад, үйлдвэрийн байр нь агуулах болоод, чейнжийн дамжлага л болж хувирсан. Манайх үйлдвэргүй болчихсон. Уг нь хуучны ч гэсэн сайн тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүд ажилладаг байсан юм.

Тэгээд бид нар арьс ширээ дийлэхээ байгаад эндээ нэг эсгий мэсгийхэн рүү л ордог юм. Эсгийний тоног төхөөрөмж өөрөө хийгээд. Тэгсэн нөгөө хятадууд чинь орж ирээд ноос аваад эхэлчихсэн. Бид ноосоо авч дийлэхгүй. За нэг ахар махар, хурга мургаханы ноосоор жижиг сажиг эсгий хийнэ. Бараг өрхийн үйлдвэрлэл болчихож байгаа юм.

-Бодлогоор хийчихсэн юм биш үү. Хөрөнгө оруулалт хийнэ гэж хуурч, тоног төхөөрөмжүүдийг нь хаяулаад?

-Бүгдийг нь хаягдал төмөрт тушаалгасан шүү дээ. Тэр үед бид бас анхаарал сул байсан уу, их сонин сонин юмнууд оруулаад ирсэн. Тэр тоног төхөөрөмжүүдээр юм хийсэн компани бараг байхгүй дээ.

Одоо бол хятадуудтай хамтраагүй компани байхгүй болж. Хамтрахгүй бол угаасаа борлуулах зах зээл байхгүй. Нэг хятад мөнгө барьж орж ирнэ, бид ноосны падаанаа бичнэ. Тэрүүгээр нь хятадууд ноосоо аваад хагас боловсруулах юм уу түүхийгээр нь урагш нь гаргадаг. Боловсруулдаг нь ер нь бараг байхгүй дээ. Зарим нэг нь л лаборатори маягийн жижиг, жижиг цехтэй. Тэндээ савхиа хийнэ. Зурагтаар “Манайх ийм юм хийж байгаа” гэж гарна, гэхдээ бас цаанаасаа дэмжлэгтэй явна аа.

Өөрсдийгөө том, том гээд л байна. Яг гаднаас том захиалга орж ирлээ гэхэд бүтээгдэхүүн хийгээд гарчих чадалтай үйлдвэр нэг ч байхгүй. Хамтарсан үйлдвэрүүдийн ихэнх нь анхан шатны боловсруулалт хийх л тоног төхөөрөмжтэй.

-Эцсийн бүтээгдэхүүн хийх тоног төхөөрөмжийг нь оруулаад ирж болдоггүй юм уу?

-Арьс ширний үйлдвэрийн тоног төхөөрөмж гэдэг чинь заавал ч үгүй урт хугацаатай, хүү багатай байх шаардлагатай байдаг. Арьс шир гэлтгүй, ер нь үйлдвэрлэл дэмжиж байгаа бол тийм л зээл өгөх ёстой юм. Тэрнээс биш, банкны зээлээр бол бидэнд өндийх ямар ч вариант байхгүй. Жилийн гурван хувийн хүү ахдахаар шахуу байгаа шүү дээ, бидэнд бол. Үйлдвэр, барилга байшингаа барьцаанд тавиад зээл авсан хүмүүс гэхдээ бий, бий. Тэгээд өндөр хүүтэй зээл авсан хүмүүс чинь зээлээ бушуухан төлөхийн тулд юм, юм л болно.  

-Үйлдвэрлэгчдийн холбооны нэг хүн “Арьсыг гэмтэлтэй эсэхийг шууд хараад мэдэх боломжгүй, заавал хөрөнгө зарж, анхан шатны боловсруулалт хийж байж мэдэгддэг, гэтэл заримдаа 40, 50 хувь нь шаардлага хангахгүй байх тохиолдол бий” гэж ярьсан. Малаа эмчлэх, эрүүл болгох гэх мэтээр асуудлыг цогцоор нь шийдэж байж энэ салбар өндийнө гэсэн утгаар ярьсан л даа. Үнэхээр тэгдэг юм уу?

-Технологийн нарийн асуудлыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ би хятадуудтай хамтарч байсан. Арьсаа цуглуулаад үзэхээр тэр шивээ, нүхжилт энэ тэр чинь гараад ирдэг юм. Тэр арьсыг хятадаад авч явж боловсруулчихаад “Монголоос авсан арьс ийм болсон” гээд бариад аваад ирдэг байхгүй юу. Нимгэхэн панс шиг болтол нь боловсруулсан байгаа юм.

Тэгээд ч аль нутаг шивээ ихтэй байдаг вэ гэдгээ бид мэддэг болчихсон шүү дээ. Гэмтэл их гардаг аймгуудын арсыг авахгүй, ер нь тийм л байдаг юм. Нүхжилт нь ил харагдах нь ч байна. Тэгээд ашиг өндөртэй учраас гурван арсны нэг нь гэмтэлтэй гарлаа гэхэд үлдсэн хоёроос нь алдагдлаа нөхөөд явах бололцоо уг нь байгаа. Хамгийн гол нь бидэнд хийсэн юмаа зарах зах зээл, лангуу хэрэгтэй.

-Тэр тал дээр одоо харин том боломж нээгдчихсэн юм биш үү?

-Манайх Орос, Хятад гэсэн том зах зээлийн хажууд байна гэж их ярьдаг. Гэтэл үнэндээ үзэсгэлэн худалдаа болоод явья гэхээр Орос нь ч, Хятад нь ч оруулдаггүй. Бид жишээ нь аяны хөнжлөө аваачъя гэхэд нэг ижил бараа гурван ширхгээс илүүг оруулахгүй шүү дээ. Бид үзэсгэлэн худалдаанд ороцохоороо бүр нэлээд хэдэн хоногоор түрүүлж явж, юм хулгайгаар гаргадаг хүүхдүүдээр зөөлгөнө. Тэгээд цагдаа магдаагаас нь бултуулаад үзэсгэлэн худалдааных нь лангуун дээр нэг юм аваачаад тавьж байгаа юм. Үзээд авья, барья гэсэн хүмүүс уг нь гарч ирдэг. Даанч манайх ярьж чаддаггүй юм болов уу, хил гаалийнхаа асуудлыг шийдээгүй байдаг.

Манайх Хятадаас тонн, тонноор нь л юм оруулдаг, заримдаа ч “За, тэдэн тонн юм уу” гээд шалгах ч үгүй л оруулдаг шүү дээ. Гэтэл манайх юмаа гаргах гэхээр худалч хүнд гар цүнх ухаад тал хиамыг хүртэл оруулахгүй буцаадаг биз дээ.

-Манайхан энд, тэнд үзэсгэлэнд оролцлоо гэсэн мэдээ их явдаг. Тэнд нь очоод, бүтээгдэхүүнээ үзүүлж харуулаад их хэмжээгээр нийлүүлэх тохироогоо хийчихээд ирдэг гэж ойлгодог, үгүй юм уу?

-Уул уурхайн том компаниуд бол магадгүй, тэгдэг байх. Харин миний мэдэх жижиг үйлдвэрүүдэд тийм зүйл байдаггүй. Уг нь ЖДҮ хөгжүүлэх жинхэнэ эзэд нь эд нар шүү дээ. Уул уурхайгаас мөнгө орж ирж байгаа ч цөөхөн хүнээр дамжина. Гэтэл ЖДҮ ажлын байр олноор бий болгодог. Гэсэн ч таван хүн тэжээдэг өрхийн үйлдвэрлэгч хилийн чандад очоод гэрээ байгуулаад явна гэж хэзээ ч байхгүй.

-Гэтэл манайд ЖДҮ хөгжих ёстой шүү дээ. ААН-үүд нь томрох хэрэгтэй байна?

-Манайд Арьсны, Ноос ноолуурын гээд жижиг холбоод өчнөөн бий. Тэд нар дээр гаднаас захиалга орж ирдэг. Тэгээд үйлдвэрлэгчдээ дуудаж цуглуулаад “За, та нар маань нэг стандартаа бариад яг ижилхнийг нийлээд хийчихье“ гэхэд 40, 50 ААН цугласан ч хүчин чадал нь хүрдэггүй. Уг нь гайгүй том захиалгууд орж ирдэг юм. Гэхдээ гуравдагч хөрш рүү. Түүнээс биш манайхаас Орос ч юу ч авахгүй, Хятад ч юу авахгүй.

Хэрвээ хил гаалийнхаа асуудлыг шийдээд юм гаргадаг болчихвол жижиг үйлдвэрүүд маш хурдан хөгжинө.  

-Хятадууд яагаад авахгүй байна. Манайх гологдоод байна уу?

-Ноосон бүтээгдэхүүн дээр тийм юм байхгүй шүү дээ. Хятадууд сүүлийн үед чадамжтай болсон. Манай хөнжлийг жишээ нь “Монголынх” гэж мэдээд “Эд ямар хуурамч ноос хийж чадах биш” гэж боддог юм уу, шууд авдаг.

Дорнодод нэг ААН байсан юм аа. Тэднийх Хятад руу гурав, гурваар нь зөөж оруулаад зарахад “Монголчууд жинхэнэ ноос, жинхэнэ цэвэр хөвөн даавуугаар хийдэг” гээд шууд авдаг гэж байгаа байхгүй юу. 1000 юань гэж дуугараад 800 юаниар өгсөн гэж байсан. Манайхаас жишээ нь ОХУ, Казахстан авдаг, голж шилэх нь гайгүй.

Монголын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ шошго хадах эрхгүй болтлоо чейнжүүдэд дээрэлхүүлдэг

-Танайх үйлдвэрлэсэн хөнжлөө ОХУ, Казахстан руу гаргадаг гэсэн. Ямар шугамаар гаргадаг юм бэ?

-Чейнжүүд л зөөнө шүү дээ. Бид өөрсдөө гаргая гэхээр хил гааль дээр ямар хүндрэл учирдгийг түрүүнд ярьсан. Гарсан хойноо тэднээр дамжуулж зардаг болохоор бид бүтээгдэхүүн дээрээ шошго хадах ч эрхгүй байдаг. Хэрвээ хадчихвал өөр нэг хүнд дундуур нь орж ирээд зөөчихнө, эсвэл худалдан авагч нь шууд харьцчихна гэж болгоомжилдог учраас зөвшөөрдөггүй. “Надтай ажиллавал энэ зарчмаар л ажилла” гэж тулгадаг. Утасны дугаар, хаягаа өгчихвөл уурлаад, бөөн хар хэрүүл болно шүү дээ. Монгол бараан дээр зарахад тэндээс авч байгаа орос, казахстан нөхдүүд хаяг мэдчих гээд үздэг гэж байгаа юм. Тэнэг улс биш шүү дээ, тэд чинь.

-Уг нь бол худалдан авагч нь наашаа шууд хандаад тоогоо өгчихдөг, бид энд үйлдвэрлээд явуулчихдаг болчихвол үйлдвэрлэгчид илүү хурдан босмоор. Яагаад гэвэл ашгаа хувааж авдаг мөртлөө чейнжүүд татвар төлдөггүй. Гэтэл та нар хүн цалинжуулах, татвар төлөхөөс эхлээд зардал ихтэй шүү дээ?     

-Шалтгаан нь нөгөө л хил гаалийн асуудал шүү дээ. Манайх чинь 10 гаруйхан хүнтэй, бараг л өрхийн үйлдвэрлэл. Гэтэл эндээс 100 хөнжил ачууллаа гэхэд гаалиар цөөн, цөөнөөр нь цувуулж гаргах гэсээр байтал 10-аад хоног хүлээнэ. Гаргасан хойноо овор ихтэй барааг чинь том тэргэнд ачаад хот дамжаад яваад байх хэцүү. Энэ мэт дамжлага нь дутчихдаг.

Эхэн үедээ зах зээлээ олох гээд би өөрөө явж л байлаа. Гэтэл энд хүмүүс ажиллаад байгаа. 14 хоноод л цалин тавих болдог, би нөгөө юмаа чирээд хойно яваад байлтай нь биш. Гэтэл чейнжүүд мөнгөө бэлэн өгнө шүү дээ.

-Ер нь манайх энэ хоёр хөрш рүүгээ бүтээгдэхүүн зарна гэж бараг худлаа юм биш үү дээ?

-Яг одоогийн нөхцөлд бол худлаа. Энэ өсөөд байгаа экспорт гэдэг нь ерөөсөө л хэдхэн нэр төрлийн ашигт малтмал түүхий эд дээр гарч байгаа юм. Уг нь Засгийн газраас хоёр хөрштэйгөө яриад шийдчихэж болох л асуудал шүү дээ.            

Монголд хөгжүүлчихмээр үйлдвэрүүд зөндөө байна. БНСУ-д зах зээл олох гээд явж байхад “Танайх зэстэй юм чинь зэсээр юм хийдэг жижиг үйлдвэрүүд байна уу хамтаръя” гэсэн олон хүн байсан. Хамгийн наад зах нь аянга зайлуулагч, газардуулгыг дэлхийн 100 гаруй оронд гаргадаг компани хүртэл “Тэр зэсийн том уурхайны чинь хажууд үйлдвэр байдаг бол газардуулгын зэс хоолой хийлгээд авчихмаар байна” гэж холбогдож байлаа. Би зэс сайн мэдэхгүй, гэхдээ ирээд асууж үзсэн, хавтас болгож гарахаас юм хийдэг компани байдаггүй юм шиг байна лээ.

-Уг нь зах зээлийг нь нээгээд өгчихвөл үйлдвэрлэгчид түншдээ бараагаа тээвэр зуучаар явуулчхаад л энд хүчин чадлаа нэмээд сууж байж болмоор?

-Манайд бас нэг зовлон бий. Импортыг орлох үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлнө, тэглэнэ гэдэг. Тэр тэглэж, хөнгөлүүлж болно гэсэн тоног төхөөрөмжүүдийг нь харахаар хэрэгтэй юм нэг ч байдаггүй юм. Жишээ нь ноосон дээр хамгийн чухал нь самнах машин, сэмлэдэг машин. Бусад жижиг тоног төхөөрөмжийг эндээ ч хийчхэж болдог. Гэтэл яг нарийн хэрэгцээтэй чухал тоног төхөөрөмжүүдээс нэг нь байхгүй. Маниусд ямар ч хэрэггүй эсгий нугалдаг, эвхдэг гэх мэт юмнууд нь хөнгөлөлтөд орчихсон.

Төр нь “Энэ урт жагсаалтыг хар, ийм их тоног төхөөрөмжийг хөнгөлөлт, чөлөөлөлтөд орууллаа шүү дээ” гээд байдаг, хэрэгтэй юм нэг ч байхгүй. Төр үнэхээр үйлдвэрлэгчээ дэмжье гэж байгаа бол биднээс “Яг ямар тоног төхөөрөмж илүү хэрэгтэй вэ. Алинаас нь татвар авдаггүй байх вэ” гэж асууж болно шүү дээ.

Юм хийдэг дархан хүнд алх, дөш хэрэгтэй байтал сэвдэг, чимхдэг юмыг нь чөлөөлнө гэвэл энэ ямар дэмжлэг болох юм бэ. Тэгэхээр, энэ хил гаалийн асуудлаа цэгцлээд, зээлийн бодлогоо сайжруулчихвал манайхан юм хийх бүрэн боломжтой.   

-Та ЖДҮХС-гийн зээл хөөцөлдөж үзсэн үү?

-Үзсэн. Үндсэн хөрөнгийг бараг зах зээлийн ханшийн 20 хүрэхгүй хувиар тооцно. Дээрээс нь... Яривал янз бүрийн бэрхшээл байна аа. Би ч юм хөөцөлдөж явахаас хийгээд явж байх хүсэлтэй учраас залхсан. Тулгамдсан асуудлаа хүнээс зээлэх юм уу, арилжааны банкаар шийддэг.

Монголд хийдэггүй шинжилгээг нэхдэг стандартынхан, тендерт урьж оролцуулчихаад хятад бараа сонгодог төрийн агентлагууд

-Манайх АНУ, Европын холбоо руу хэдэн мянган төрлийн бүтээгдхүүн экспортлох боломжтой болсон гэж дарга нар рекламддаг. Та үйлдвэрлэж байгаа хөнжлөө, эсвэл тоног төхөөрөмжөө стандарттай болгоод, брэнд үүсгэж, патент аваад гуравдагч зах зэл рүү гаръя гэж бодож байсан уу?

-Үзсэн, сүүлдээ орхисон.

-Яагаад?

-Түвэгтэй юм шаарддаг. Хөнжил дээр жишээ нь, манайд байгаа лабораториуд тоосжилт, хүний биед харшлах уу гэсэн хоёр л юм үзнэ ш дээ. Ингээд тоосжилт бага, харшлахгүй гэсэн дүгнэлтээ гаргаад өгдөг. Гэтэл ашиглаж байгаа утасны ширхэглэг, даавууны нимгэн зузаан, өөр юу юу гэнэ вэ, маш олон шинжилгээ шаардсан. Зарим шинжилгээг хийх лаборатори нь Монголд байдаггүй байх жишээтэй. Манайхаас "Улаан загалмай" нийгэмлэг аяны хөнжил авья, юу ч гэсэн стандарт, үзүүлэлтээ аваад ир" гэхээр нь л хөөцөлдсөн юм.  

Тоног төхөөрөмжөө патентлах гэж үзсэн, бас болоогүй. Патентын газар өөрсдөө шалгаад, “Эднийх болчихсон байна” гэж баталгаажуулдаг баймаар. Гэтэл Монголд байхгүй юм шаардана. Жишээ нь, 207-гийн шаариг гэхэд, тэр шаариган дотор байж байгаа бөөрөнхий шааригийг чинь “Ямар гангаар хийсэн, ямар хэмжээ, граммтай, зузаан, нимгэн" гэх мэтээр өчнөөн юм тогтоо гэнэ. “Тэртэй тэргүй дэлхий дээр гараад ирчихсэн, стандарт нь батлагдчихсан тийм шаариг байна аа” гээд бичих юм бол хэзээ ч хүлээж авахгүй.  

-Тендерт орж байсан уу?

-Орж байсан. Түрүүнд хэлсэн, стандарт шаарддаг “Улаан загалмай” нэг их биш ээ, 800 хөнжил л авья гэсэн. Тэгсэн мөртлөө тийм бичиг шаардаад, Стандарт хэмжилзүйн газар бил үү, Мэргэжлийн хяналт нь бил үү намайг тэгж хүндрүүлж байгаа юм. Гэтэл зүгээр нэг чейнж тэр хөнжил нийлүүлэх бичгийг нь авчихсан над дээр ирж байгаа юм шүү дээ.

“Эвсэг” хүртэл амжихгүй гэсэн. Танайх л хурдан гаргах юм байна” гээд. Би ч "За яахав дээ" гэж бодоод 800 хөнжил дор нь гаргаад өгчихсөн. Гэтэл мөнгөө аваад алга болчихдог юм. Би арга ядаад тендер зарласан байгууллагынх нь дарга руу “Та нар хөнжил нийлүүлсэн хүндээ мөнгөө өгсөн үү. Надаар хийлгэчихээд алга болчихлоо” гэж ярилаа. Гэтэл “Мөнгөө өгсөн, гэхдээ та хоёр хоног хүлээгээч, манай эхнэр гуйгаад байхаар нь эрх өгчихсөн юм. Би тэрийг олоод...” гэж байгаа юм шүү дээ. Сүүлд “Гандан дээр явж байна” гэж хүн хэлэхээр нь давхиж очиж барьж авч байж нэг юм мөнгөө олж авсан.  

-Агентлагуудаас зарласан тендерүүдэд оролцож үзсэн үү?

-Хилийн цэрэг, дотоодын цэрэг, Онцгой байдлын газар бүгд тендер зарладаг. Дотоодын үйлдвэрүүдээсээ юм бараг авахгүй дээ. Тэгсэн мөртлөө “Тендер болох гэж байна, та нар орооч” гэж хэлдэг. Хэчнээн оролцоод байхгүй. Хаа байсан Орбитын тийшээ бүтээгдэхүүний дээж, бичиг баримт бүрдүүлээд өгнө. Нэг чейнж нь аваад Хятадаас болсон болоогүй юм оруулж ирээд шахчихдаг юм шиг байгаа юм.

Тийм болохоор нь “Та нар ямар үнэн зөв шалгаруулдаг биш” гээд оролцохоо ч больсон. Тэд нарыг ажил хийсэн болгох гэж, олон компани, дотоодын компаниудыг оролцуулсан болгох гэж би ажлаа алдах ямар хэрэгтэй юм. Тэгж хэлэхээр “Тендерийн хууль гэж балай юм, хамгийн бага үнэ хэлсэнд нь өгөх ёстой” гэдэг. Бид нар бага л бичдэг шүү дээ.  

Тендерийн хуулийн хэрэгжилт дотоодын үйлдвэрлэгч биш, БНХАУ-ын зах зээлийг дэмжиж байгаа.

МАА-н түүхий эд боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхээр зүтгэгч Ц.Отгонбаяр

-Танайх МАА-н гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Би өөрөө арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин механик мэргэжилтэй хүн. 1977 онд Налайхын Геологи, уул уурхайн ТМС-ийн токарь, фризерийн анги, 1980 онд тухайн үеийн ЗХУ-ын Черногорск хотын ХАА-н сургуулийг ноосны тоног төхөөрөмжийн засварчин, механик мэргэжлээр төгссөн. Ирээд Монгол тухайн үед байсан, шинээр байгуулагдсан бүх л үйлдвэрт ажиллласан даа.

Ээрмэлийн үйлдвэр, “Нэхээсгүй эдлэл”, шинэ Эсгий, эсгий гутлын үйлдвэр гээд бараг бүх үйлдвэрийн тоног төхөөрөмжийн монтаж, буюу угсралт, суурилуулалтыг хийсэн. 1989 онд байгуулсан “Үслэг эдлэл” хоршооныхоо элдэх машиныг анх өөрөө хийж, үйл ажиллагаагаа эхэлсэн юм байгаа юм.

Үслэг эдлэлийн “Сор” гэж том үйлдвэр байсан. Тэр үйлдвэрт анхныхаа хоёр элдүүрийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, “Лада” машин авч унаж явлаа. Тэр үес хойш л хүмүүсийн хэрэгцээтэй төмөр эдлэл, тоног төхөөрөмж, эд ангийг хийж өгдөг болсон.

Одоо манайх арьс шир элдэх, ноос ноолуур самнах, эссгийний үйлдвэрээс эхлээд цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмжийг ч хийж байна. Хүмүүс ажлаа амарчлахыг их хүсдэг болж. Айраг бүлэх төхөөрөмж хүртэл хийлгээд аваад явдаг.

-Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл рүү сүүлд нэлээд эрчимтэй орсон гэж байсан. Шалтгаан нь юу вэ?

-Хятадуудаас салсны дараа унасан салбараа эргүүлээд сэргээх зорилгоор арьс шир, ноос ноолуур боловсруулах тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл рүү түлхүү орсон гэж хэлж болно доо. Унасан салбараа сэргээхийг хүссэн юм. Олон ч айлыг өрхийн үйлдвэрлэгч болгосон. Ер нь бол аль ч аймгийн аль ч суманд очсон, энэ чиглэлийн юм хийдэг хүмүүс байдаг бол манайхыг мэддэг, ихэнх нь манайхаас тоног төхөөрөмжөө авсан байна шүү.

“Танайхаас ийм, тийм юм авсан, арьс ширээ ингэж байна, тэгж байна” гээд зөвлөгөө авна, Ер нь л их холбоотой байдаг.     

2012 оноос арьс ширний үйлдвэрлэл рүү орсон. Түүнээс өмнө ноосны үйлдвэрийн тоног төхөөрөмж хийж байсан. Тэр үед Монголд байсан эсгийний жижиг цехээс эхлүүлээд гэрийн эсгий хийдэг арай томхон үйлдвэрүүд хүртэл манай юм уу  эсвэл манайхны гар орсон, хуучин тоног тхөөрөмжийнхөө засвар үйлчилгээг манайхаар хийлгэдэг байсан.  

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн тоног төхөөрөмж зарав. Зарсан тоног төхөөрөмжийн тоогоор үйлдвэрлэгч бий болж байгаа учраас тодотгож асууж байгаа юм?

-Манай төхөөрөмжийг өрхийн үйлдвэрлэгчид л авдаг. 200 орчим өрхийн аж ахуй бий. Эхэндээ бичиж тэмдэглээд сүрхий явсан. Сүүлдээ бичихээ ч больсон. “Дэлхийн зөн”, “Хөгжлийн шийдэл” гээд төрийн бус байгууллагууд манайхаас их юм авч тараадаг юм. Энэ хоёр бол ялангуяа сүүлийн 5, 6 жилд нэлээд олон тоног төхөөрөмжийг хүмүүст авч өгсөн.

Биднийг очиход агуулах дахь тоног төхөрөмжийнхөө наана ноос хураасан тул зургийг нь дарж чадсангүй. Харин эдний хийдэг бас нэг бүтээгдэхүүн болох пикап жийп, ачааны машинд зориулсан бүхээг захиалсан эзнээ хүлээж байв.

-Тоног төхөөрөмж борлуулах тал дээр хүндрэл гардаг уу?

-Хүмүүс юмаа авах гээд ирнэ. Ноос, арьс боловсруулах нэг жижиг цехийн тоног төхөөрөмж дээд тал нь л зургаан сая төгрөгөнд багтдаг байхгүй юу. Гэтэл Сум хөгжүүлэх сангаасаа энэ хэмжээний мөнгийг ер нь бол барагтай гаргаж өгөхгүй шүү. Мөнгө гаргаж өгөхгүй болохоор юмаа авч чаддаггүй. Бид зээлээр өгчихөөр байнгын эргэлттэй улсууд чинь хэцүү шүү дээ. Тэгээд Сум хөгжүүлэх сан руу нь ярина, Засаг дарга руу нь ярина. “Танай наад хүн чинь яах аргагүй манайхаас юм авах гэж байгаа. Та нар наад сумынхаа хүнд итгэхгүй байвал манайхаас батламжийг нь гаргуулаад ав” гэнэ. Тэгээд манайхаас баталгаа гаргуулж авна, манай нэр нэр дээр байлгана, их хэцүү.

Тэгсэн мөртөө сангийнхаа мөнгийг гуанз, дэлгүүр хоршоо гэсэн үйлдвэрлэлийн бус салбарт гаргаад өгчихдөг юм шиг байгаа юм. Ах, дүү нартаа ч өгчихдөг юм уу, мэдэхгүй. Уг нь юм хийх гэж байгаа хоёр хүнээ дэмжчихэд нэг нь уналаа гэхэд нөгөөх нь босох л байхгүй юу. Заавал ч үгүй хийнэ. Иймэрхүү байдалтай л ямар ч байсан хийгээд л байна.

Хүмүүс шинэ юм бас захиална. Хог хаягдал цэвэрлэж, буталж, тэрийгээ замын боржуур, хавтанд хийх гэх мэт зорилгоор шинэ төхөөрөмж хийлгэдэг. Зарим нь тэрийгээ хөөцөлдөөд явна, дэмжлэг нь яагаад ч юм бэ, маш муу.

-Арьс, ширний үнэ бага байгаа нь үйлдвэрлэл эрхлэх сонирхолд сөргөөр нөлөөлөөд байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Уг нь 5, 10 мянган төгрөгөөр арьсаа цуглуулаад авчихвал хаях юм бараг байдаггүй. Зун амралт сувиллын газруудад нойтон арьсыг цуглуулж байгаад жалга руу аваачаад л хаячихдаг. Уг нь дэлгэж хатаагаад боловсруулахад уг нь амархан шүү дээ. Монголчууд хэзээнээсээ л арьсаа боловсруулж эдэлж хэрэглэж ирсэн ард түмэн. Ядахнаа нь сайн элдээд дээл хийчихэд л өвөл дулаахан байхгүй юу. Гэхдээ зарим санаачилгатай хүмүүс бий, бий. Хаягдал нэхийг сайхан элдээд гэрийн дээвэр туурга хүртэл хийчихэж байгаа юм.  

-Танайх бас хөнжил, аяны хөнжил хийдэг. Манай зах зээл дээр ихэвчлэн зарагдаж байгаа Австрали, Хятадын хөнжлүүдээс ямар давуу талтай вэ?

-Австралийн хонины ноосон хөнжил ОХУ-д ч зарагдаж байгаа. Гэхдээ дулаан тусгаарлах чадвар, хэмжээгээрээ монгол хөнжил яах аргагүй ялгарч, хэрэглэгчээ татдаг.

Хүн амьтан ялгаагүй байгалийн эрхшээлд, орчиндоо зохицож амьдардаг. Австралийн хонины ноос боловсруулалт сайн байж болох ч дулаан тусгаарлах чанараараа яагаад ч монгол хонины ноосыг гүйцдэггүй. Тийм ч учраас ОХУ-ын тэсгим хүйтэн мужуудад манай хөнжил сайн зарагддаг.

-Бүтэгдэхүүнээ дотоодын зах зээлд хэр их нийлүүлж байна вэ?  

-Хүний зайлшгүй хэрэгцээ, айлд заавал байдаг эдлэлийн нэг бол хөнжил. Гэхдээ  бүгд сайн мэддэг энэ эдийнхээ талаар бид үнэндээ мэддэггүй юм байна. Уламжлалт ойлголт ч үүнд нөлөөлдөг. Жишээ нь, гадаадад хөнжлийг он удаан жил хэрэглэнэ гэж байхгүй.

Гурван жилд нэг удаа сольдог жишиг байдаг. “Эмээ, өвөөгөөс уламжилж ирсэн хөнжил” гэдэг ойлголт манайхаас өөр газар бараг байдаггүй. Гадагшаа хамтрагч нартаа өгөөд болоод байдаг болохоор бид ч өөрсдөө дотооддоо зарах гээд байдаггүй юм. Гэхдээ авахыг хүссэн хүн байвал ирээд авч бололгүй яах вэ.

Чанарын хувьд аль ч улсын хөнжлөөс илүү л гэж хэлнэ. Би анд явдаг байхдаа хүнээс дутахгүй гээд Америкийн хамгийн сайн гэсэн аяны хөнжлийг авч хэрэглэж үзсэн. Манай хийдэг хөнжлийг гүйцдэггүй. Нэг л чийгтэй оргиод. Манайх бол хамгийн цэвэр ноосоор бүтээгдэхүүнээ хийдэг болохоор хилээр гаргаж л чадвал хүмүүс дуртай авдаг юм.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер
2023-03-09 11:19

Ямар мундаг хүн бэ. Төр ч гэж хэрэг �##�га Хятадуудын гарын аясаар хөдөлдөг юм уу хаашаа юм. Сая тэр х�##�имаг з�##�ууг я�##�аа. Монголын төрл ер нь өөрөө шийдэх юм гэж байна уу. Орос юу гэх бол Хятад юу гэх бол л гэж асуудлаа шийддэг юм уу даа.

Зочин
Зочин
2023-03-09 15:28

Ёстой амьдр�##�д байгаа үнэнийг ярьжээ. Аль 1989 оноос эхлээд өдий хүртэл зүтгэжээ. 1990 онд чөлөөт зах зээлд орлоо гэхэд яаж баярласан бол. Даанч ардчилагчид �##�аад хаяасан. Ийм л хүнд хөдөлмөрийн баатар өгөх хэрэгтэй болохоос нүүрсний хулгайчид өгчихөөд хойноос нь хөөцөлдөж явах ямар хэрэг байна?

Уншигч
Уншигч
2023-03-09 16:11

Гайхмаар ажилсаг бүтээлч хүн байна, эрх мэдэл бүхий том дарга нар �##�иваа шийдвэр гаргахдаа с�##�бар бүрийн ийм мэдлэг туршлага, чадвартай хүмүүсээс зөвлөгөө авч байх ёстой шүү.

худал ярьж хийрэх нь баатар болох зорилго уу? ккк
худал ярьж хийрэх нь баатар болох зорилго уу? ккк
2023-03-09 23:15

Bidnii 3,4 saya huniig heregtseegeer hyamadiin hyazgaargui ih zah zeel hamgaalagdana gej yu baihav dee kkkZuvhun beijingiin hamgiin hun am wuuhun 'Mun iein duurgiin l hun amtai oiroltsoo geed boddoo uantshan duurgiin hangamj l geed bod yamar baina.

Зочин
Зочин
2023-03-13 12:45

Дэлхийн худ�##�дааны байгууллагын гишүүд бараагаа харилцан саадгүй оруулах ёстой байдаг юм аа. Хятадууд манай барааг о
руулдаггүй гээд байна наад хүн чинь

Зочин
Зочин
2023-03-09 23:42

Отгоо ахтай уулзаад яриад суухад хийж бүтээх урам зоригоор дүүрэн зөв мөртэй зөөлөн сэтгэлтэй сайхан хүн шүү.Сүүлийн 6жил элдүүрийн машины механик боловсруул�##�т дээр хамтарж ажиллаж байна.Ахдаа эрүүл энх саруул сайханыг хүсье.

Мөнх
Мөнх
2023-03-10 07:40

Ийм үнэн үгийг сонсоогүй удлаа. Отгонбаяртаа амжилт хүсье

Зочин
Зочин
2023-03-10 17:27

энэ чинь л хамгийн үнэн дээ

Зочин
Зочин
2023-03-12 14:09

тэгэхээр одоо манай төрийн �##�бан хаагч удирдах �##�бан туша�##�ын хүмүүс нь улсаа хөгжүүлэх биш эсрэгээрээ сүйрүүлэх бодлого бариад байдаг юм уу хайшаа ч юмбд дээ, чухам ийм хүмүүст л өгөх ёстой ЖДҮ төслийн мөнгийг өөрсдөө сэмхэн хуваагаад цохичихсон гэж байгаа

Холбоотой мэдээ

Back to top button