НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн нийт авто угаалгын газрын 2 нь саарал ус ашигладаг

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Машин угаалгын газруудыг цэвэр усаар машин угаахыг хориглоно” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл авто угаалгын газрууд дахин боловсруулсан саарал усыг ашиглах хэрэгтэй болж байна. 

Тэгвэл саарал ус гэж юу вэ?

Саарал ус гэдэг нь хэрэглэсэн усыг цэвэршүүлж, ундны бус усны хэрэглээг хангах зорилготой юм. Жишээ нь иргэн та ч бас угаалгын өрөөний хаягдал усаа дахин ашиглах системийг зохион бүтээж, суурилуулах, өөрчлөлт хийх, туршиж үзэх боломжтой. 

Нийслэлд одоогоор 150 гаруй авто угаалгын газар байдгаас 34 нь саарал усыг эргүүлэн ашиглах тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Гэсэн ч одоогоор хоёр газар л тус төхөөрөмжийг ашигладаг. Үлдсэн 148 нь цэвэр ус ашигладаг ба нэг машин угаахад дунджаар 80-100 литр ус зарцуулдаг аж. 

Энэхүү 150 авто угаалгын газрын 133 нь хаягдал усаа “Ус цэвэршүүлэх” газарт нийлүүлдэг ба ойролцоогоор 150 мянган М3 цэвэр ус ашигладаг байна. Иймд тухайн байгууллагуудад ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар 18,2 сая төгрөг ноогддог аж.

Ус цэвэршүүлэх газраас гарсан саарал усыг үйлдвэрлэл, үйлчилгээ, хүрээлэн байгаа орчин гэх мэт 9 үйл ажиллагаанд зарцуулдаг. 

Тухайлбал,  Үйлдвэрлэлд: Нүүрс угаах, зам талбайн тоос дарах, бетон бэлтгэх, дулааны станц, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт,

Үйлчилгээ: Машин угаах, суултуур зайлах, ариутгах татуургын засвар үйлчилгээ, туршилтад,

Хүрээлэн байгаа орчныг хамгаалах үйл ажиллагаанд: Гал түймэр унтраах зэргээр ашигладаг байна.  

Гэхдээ дээрх стандартын шаардлагыг хангасан усыг “М СИ ЭС Кока кола” ХХК-ийн хоногт 2000 м3 хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай урьдчилсан цэвэрлэх байгууламж гаргадаг. Өнөөдрийн байдлаар 300-500 хоногт үйлдвэр, үйлчилгээнд ашиглуулах боломжтой дахин цэвэрлэсэн ус нөөцлөгджээ.

Авто угаалгын газрууд саарал усны системд хэрхэн оролцох вэ?

Нийслэлийн бүх авто угаалгын газрыг саарал усаар хангах боломжгүй. Иймд байгууллагууд гарч байгаа хаягдал усаа цуглуулж, ус цэвэрлэх тусгай тоног төхөөрөмжийг суурилуулан түүгээрээ дамжуулж саарал усыг дахин ашиглах хэрэгтэй талаар албаны хүн мэдээллээ. 

Ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж нь хүчин чадал, үйлдвэрлэсэн улсаасаа хамаарч үнэ нь өөр өөр байдаг ба нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагууд өөрсдийн зардлаар худалдан авч хэрэглэх аж. 

Үр дүн ба зорилт 

Улаанбаатар хотын цэвэр усны нөөц өдрөөс өдөрт дундарч байгаа. Иймд цаашид газрын доорх усны ашиглалтыг багасгах зорилгоор дахин ашиглах усны стандартыг хангасан усны эх үүсвэрүүдийг бий болгох юм. Их хэмжээний цэвэр ус ашиглагч байгууллагуудыг цэвэршүүлэх технологитойгоор үйл ажиллагааг явуулдаг болгох, хөнгөлөлт урамшууллын механизм нэвтрүүлэх, бодлогоор дэмжихээ БОАЖ яамнаас хэлсэн. 

Энэхүү ажил нь цэвэр усны хомсдолыг сааруулах чухал үр дүнг бий болгох аж. 

А.СОРА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button