Дугуйн парад зохиож, ногоон бүсийн хогийг ч цэвэрлэжээ
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас байгаль хамгаалах ажилд иргэн, хүн бүр идэвх санаачилгатай оролцох, соёлыг түгээх, эх орноо хамгаалдаг нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг өчигдөр эхлүүллээ.
Аян ирэх сарын 15-ны өдрийг хүртэл нэг сар үргэлжилнэ. Аяны нээлт /2023.04.15/ Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар эхэлжээ.
Дараа нь нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв, их, дээд сургуулийн оюутан залуусын төлөөлөл оролцож, “Их тэнгэрийн ам”-аас “Скай ресорт” хүртэл унадаг дугуйн парад зохион байгуулсан байна. Тэд Богд хан уулын ногоон бүс, Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан хуралдааныг нээжээ. Тэрээр “Бид эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгоор жил бүр уламжлал болгон аян, арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил их онцлогтой. Энэ нь “Хүн бүр байгаль хамгаалагч” болж, үр хүүхэд хойч үедээ илүү сайхан ногоон ирээдүйг үлдээхийг зорьж байна” хэмээсэн юм.
Хуралдаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Эх сурвалж: ЦЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.