ДЭЛХИЙ

Гол асуулт: Пригожины үхэл гаднын нөлөөтэй юу

"Вагнер" хувийн цэргийн компанийн удирдагч Евгений Пригожин хувийн онгоцонд нисэж яваад Твер мужийн Куженкино тосгоны ойролцоо осолдож нас барсан гэж ОХУ-ын нисэхийн агентлаг өчигдөр мэдээлсэн билээ.

Түүний сууж явсан “Embraer Legacy 600” онгоц осол гарахаас 30 секундийн өмнө ямар нэгэн асуудал тулгараагүй мэт нисэж яваад гэнэт огцом доошоо унаж эхэлсэн аж.

Дэлхийн бүх бүсэд нисэж буй онгоцнуудыг хянадаг “Flightradar24” сайтын ажилтан Иан Петченик “Legacy 600” онгоц 8500 метрийн өндөрт нисэж яваад 30 секундийн дотор 2400 метр унасан гэж “Reuters” агентлагт хэлсэн байна.

Тэрбээр нэмж хэлэхдээ "Юу ч болсон бай, маш хурдан болж өнгөрч. Огцом унаж эхлэхээс нь өмнө энэ онгоцонд ямар нэгэн асуудал тулгарсан гэсэн шинж тэмдэг байгаагүй" хэмээсэн аж.

Барууны байр сууриуд

Пригожинийг нас барсан гэж мэдэгдсэний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Путин тус онгоцны осолд оролцсон байж магадгүй гэж хэлжээ. Тэрбээр “Юу болсныг сайн мэдэхгүй байгаа ч гайхаад байх зүйл алга. Путиний оролцоогүй ОХУ-д болдог зүйл гэж ховор. Гэхдээ яг юу болсон гэдгийг хэлэх хэмжээний мэдээлэл алга” хэмээсэн байна.

Мөн нэрээ нууцалсан эх сурвалжууд Оросын хэвлэлүүдэд онгоцыг пуужингаар буудаж унагаасан гэж хэлсэн талаар “Reuters” агентлаг мэдээлсэн юм.

Ослын газартай ойролцоо явсан хэд хэдэн гэрч онгоц унаж эхлэхээс өмнө дэлбэрэлт сонсогдсон гэж хэлснийг гаднын хэвлэл мэдээллүүд онцолсон. Тэгвэл осол гарсны дараа онгоцыг буудаж унагаасан уу? Эсвэл онгоцонд тэсрэх бөмбөг байрлуулсан уу? Пригожин үнэхээр үхсэн үү гэх мэт яриа интернэт дээр гарах болжээ.

Тухайлбал Орос гаралтай суртал ухуулагч Владимир Соловьев өөрийн Телеграм хуудас дээрээ Пригожиныг нас барсан гэж хэлэхэд арай эрт байна гэж бичжээ.

Үхлийг барууны ертөнц хүлээн зөвшөөрөөгүй ч гадны нөлөөтэй байх магадлалтай

Тэрбээр Украин болон тэдний холбоотон орнууд “Россия-24” телевизээр гарсан мэдээнд суурилан Пригожин үхсэн гэх хуурамч мэдээлэл тарааж байна гэж бичсэн аж. Соловьев баримтыг гуйвуулж, хэтрүүлэгтэй бичдэгээрээ алдартай билээ.

Пригожин өнгөрсөн зургаадугаар сард Москвагийн эсрэг бослого гаргаж Путиний уурыг ихээхэн хүргэсэн. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга Билл Бурнс саяхан “Би туршлагаасаа харахад Путин өш хонзонгоо заавал авдаг хүн, Пригожин цаашдаа шийтгэлээс мултарч чадвал би гайхна” гэж хэлж байжээ.

Бурнсын хэлсэн үгээс гадна лхагва гарагийн шөнө (2023.08.23) Вагнер бүлгийн Санкт-Петербург хот дахь төв байр цонхоо загалмайн хэлбэртэй болгон гэрэлтүүлсэн байв. Пригожины удирдаж явсан хувийн цэргийн компани нь хүртэл түүнийг нас барсан мэт үйлдэл гаргасныг харвал осолдсон онгоцонд Пригожин үнэхээр сууж явсан бололтой

Одоогийн байдлаар ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа. Гэхдээ онгоц осол гарахаас 30 секундийн өмнө ямар нэгэн асуудалгүй нисэж явсан, дээрээс нь гэрчүүд ослын өмнө дэлбэрэлт сонссон гэх баримтууд нь Пригожины үхэл гаднын нөлөөтэй байх магадлалтайг харуулж байна.

Эх сурвалж: CNN, Economist

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи.
Зочи.

АНУ-н оролцоотой өчнөөн улс орны төрийн тэргүүнүүд " Панамын ОМАР ТОРИХОС, Гветмалын ХАЙМ РОЛДОС, Пакистаны ЗИУ УЛЬ ХАК... гээд хөвөрнө дөө"/бүгд онгоцны ослоор/ нүд аних үед ингэж шуугицгааж байсан юм бол уу, нэг муу хувийн компанийн захирал мажийсны төлөө юун их сенсаац дэгдэнэ вэ.

Холбоотой мэдээ

Back to top button