Дөрвөн чиглэл: Манай хоёр хөрш оролцохгүй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78-р чуулган

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78-р чуулган Нью Йорк хотноо албан ёсоор нээгээд буй.
Чуулганы гол арга хэмжээ болох Өндөр түвшний долоо хоног энэ сарын 19-25-ны хооронд болох юм. Энэ үеэр дэлхийн төр засгийн тэргүүн, гадаад хэргийн сайд нар олон улсын нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийлж, дэлхий дахины өмнө тулгарч буй сорилтуудтай тэмцэх чиглэлийг тодорхойлохоор хуран цугладаг онцлогтой.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78-р чуулганыг даргалагч, НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Дэннис Фрэнсис тангараг өргөж, үүргээ шударгаар биелүүлэхээ амлав. Тэрбээр хэлсэн үгэндээ,
“Ерөнхий ассамблейн 78-р чуулган шил шилээ даган урган гарах сорилтоор бүслүүлсэн хүнд нөхцөлд эхэлж байна. 78-р чуулган эдгээр сорилтыг үр дүнтэй даван гарах арга замыг дөрвөн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж байна. Энэ бол энх тайван, хөгжил цэцэглэлт, дэвшил болон тогтвортой байдал” хэмээн мэдэгджээ.
Түүний хэлснээр, геополитикийн хурц сөргөлдөөн хүн төрөлхтнийг цөмийн тодорхойгүй байдлын шинэ аюултай эринд хөтлөн авчирлаа. “Бид олон талт тогтолцоондоо эргэлзээ бий болголоо” гэж Дэннис Фрэнсис онцолж буй.

Өндөр түвшний долоо хоног хүртэл Ерөнхий ассамблейн хуралдаанууд үргэлжилж, хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах, хороодыг байгуулах зэрэг техникийн асуудлуудыг хэлэлцэнэ.
Өндөр түвшний долоо хоногийг Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва нээж, үг хэлнэ. Түүний араас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үг хэлнэ. Энэ жил Их Британи, БНХАУ, ОХУ, Францын төрийн тэргүүн нар оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна.
Манай улсын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус чуулганы өндөр хэмжээний уулзалтад оролцох юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
франц англи ролцохгүй гэдэг нь шалтгаан нь юу бол???орос хятад бол мэдээжийн коммунистдэгэмтнүүд