Top StoriesНийгэм ярилцлага

Х.Цэцгээ: Бэлгийн сэдэлтэй онигоо ярих, зураг, бичлэг илгээх нь ажлын байрны бэлгийн дарамт

Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-оос 2021 онд төрийн захиргааны албан хаагчийн ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг ойлголт, хандлагыг тодорхойлох судалгааг 3000 албан хаагчийн дунд явуулжээ.

Уг судалгаанаас дөрвөн ажилтан тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн, нийт тохиолдлын 10 хувь нь гомдол мэдүүлсэн, зургаан хүн тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг ойлголтгүй байна гэх зэрэг үр дүн харуулжээ.

ХЭҮК-оос энэ аравдугаар сарын 1-31-нийг дуустал “Ажлын байр-бэлгийн дарамтгүй орчин” аянг санаачлан зохион байгуулж байна. Бид уг сэдвээр ХЭҮК-ын Хүний эрхийн сургалт сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцгээтэй ярилцлаа.

-“Ажлын байр- бэлгийн дарамтгүй орчин аяныг яагаад эхлүүлэх болов. Хэрэгцээ шаардлага байв уу, эсвэл...?

-Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-оос аравдугаар сарын 1-31-нийг дуустал “Ажлын байр-бэлгийн дарамтгүй орчин” сарын аянг эхлүүлээд ажиллаж байна. Ажлын байрны бэлгийн дарамт нь хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд тус зөрчил нь хувь хүний нууц, нэр төртэй холбоотой учраас хүмүүс төдийлөн гомдол гаргадаггүй, мэдээлдэггүй мөн эрхээ хамгаалж сэргээдэггүй асуудлууд байна. Нөгөө талаар ажлын байрны бэлгийн дарамтын мэдлэг, ойлголт тун хангалтгүй байна. Тухайн үйлдэл нь ажлын байрны бэлгийн дарамт уу, энгийн харилцаа юу гэдгийг ялгаж мэдэхээс л хүмүүсийн ойлголт мэдлэг ямар байгаа нь харагдах бөгөөд хуулийн хэрэгжилт ч хангалтгүй байна.

Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т ажил олгогч, ажилтнуудын ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, ажлын байрны таатай орчин бүрдүүлэх талаар тусгайлан зохицуулсан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа дүр зураг Комиссын хйисэн судалгаа, хяналт шалгалтын үр дүн илэрхийлж байна.

Тийм учраас “Ажлын байр-бэлгийн дарамтгүй орчин” сарын аяныг зохион байгуулж ажил олгогч, ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг сайжруулах, ажлын байрны бэлгийн дарамтаас урьчдилан сэргийлэх, мөн иргэдийн ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, гомдол мэдээлэл гаргаж эрхээ шаардах чадварыг бэхжүүлэхэд анхаарч байна. Гомдлоо хэнд хаана гаргах, хэрхэн шийдвэрлүүлж эрхээ хамгаалуулах, АББД-аас урьдчилан сэргийлэх ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах боломжтой талаар ажил олгогч, ажилтан, иргэдийг мэдлэг ойлголтоор хангах, нэмэгдүүлэхийн төлөө зорьж энэ аянг эхлүүлээд, хэрэгжүүлээд явж байна.

-Ажил олгогчийн үүрэг гэдгийг тодруулж асуумаар байна л даа?  

-Хувийн, төрийн, иргэний нийгмийн бүх байгууллагын ажил олгогчид ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх орчин бүрдүүлэх, АББД-ын талаар сургалтын хөтөлбөр боловсруулж байгууллагадаа сургалтыг тасралгүй зохион байгуулах үүргийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээлгэсэн.  Бид энэ хүрээнд ажил олгогчийн үүргийг сануулах, үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх сургалтын агуулга, хэрэглэгдэхүүнийг боловсруулан ажил олгогч байгууллагадаа сургалт зохион байгуулах боломжоор хангаж байна.

-Дөрвөн хүн тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байна-

-Энэ хор уршгаас сэргийлэхийн тулд байгууллагууд юу юу хийх нь оновчтой вэ?

-2011 онд батлагдсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журамдаа ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зохицуулалтыг тусгасан байх ёстой. Хөдөлмөрийн дотоод журмаа ажилтнууддаа танилцуулах, шинээр орсон ажилтнууддаа зориулсан сургалтыг зохион байгуулж, дотоод журамаа танилцуулах хэрэгтэй.  Дотоод журмаа хүн бүр мөрдөж ажиллах шаардлагатай. Мөн та ажлын байрны бэлгийн дарамтад өртвөл гомдлоо хаана гаргах, түүнийг шийдвэрлэх, шийдвэрлэж чадахгүй тохиолдолд дараагийн шатанд хаана хандах талаар дэлгэрэнгүй мэдээллийг олгох ёстой. Байгууллагадаа хүртээмжтэй байдлаар гомдол хүлээн авах хайрцаг байршуулж гомдол мэдээлэл хүлээн авна. Сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажилтнуудаа давтан сургахад анхаарна. Хөдөлмөрийн дотоод журамдаа төрийн байгууллагууд харьцангуй тусгаж байна.  Гэвч нарийн зохицуулалтыг тусгахгүй ерөнхий байдлаар ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хориглоно гэж тусгаж байгаа нь хангалтгүй юм. ХЭҮК, ХНХЯ, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хамтарсан тушаалаар “Төрийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилсан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг тусгуулах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн үлгэрчилсэн заавар”-ыг баталсан  бөгөөд төрийн байгууллагад үүрэг, хувийн хэвшилд зөвлөмж болгож олон нийтэд түгээсэн.

-Ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байгаагаа яаж мэдэх үү?

Ажлын байрны бэлгийн дарамт нь бэлгийн сэдэлтэй үйлдэл эс үйлдлээр илэрдэг.  Илэрч буй хэлбэр нь үйлдлээр, бие махбодоор, үг хэлээр үйлдэгдэж байна.  Тухайлбал бэлгийн сэдэлтэй онигоог дахин дахин ярих, нэр томьёо үг хэлээр ярих,  мессеж, зураг, дүрс бичлэг илгээх, биед нь хүрэх, буланд шахах, тэврэх зэргээр илэрнэ. Гэхдээ хүсээгүй байхад бэлгийн сэдлээ дээрх хэлбэрээр илэрхийлж хүнийг маш таагүй байдалд оруулдаг. Ажлаа хийгээд сууж байхад хэн нэгэн хүн миний биеийн халдашгүй байдалд дураараа хүрч, эмзэг хэсэгт хүрэх, базах зэргээр бэлгийн сэдлээ илэрхийлж байгаа нь таагүй орчныг бий болгож байдаг.

-Ажлын байрны бэлгийн дарамт ихэвчлэн завдалтаар төгсдөг, гэхдээ завдалтыг шийдвэрлэх хуулийн заалттай-

-Эдгээр алхмууд хуулиараа зөрчил болох уу?

-Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамт гэж юу вэ, дээрх илрэх хэлбэрүүдийг тодорхойлсон. Зөрчлийн тухай хуульд тусгасан. Ингэхдээ ажил олгогч дотоод журамдаа тусгаагүй бол мэргэжлийн хяналтын байгууллага акт тогтоохоор зохицуулалттай. Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг нь тогтоогдвол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хариуцлага хүлээх зохицуулалт байгаа. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн хориглох зүйлд тусгасан бөгөөд Энэ тохиолдолд ажлын байран дээрх бэлгийн дарамт үзүүлсэн бол сахилгын шийтгэл хүлээнэ.

-Дээр хэлсэн гурван үйлдлээр л завдаад байх тохиолдол олон юм байна?

 -Дахин дахин мессеж бичдэг. Би чамайг ажилд оруулсан юм чинь надтай бэлгийн харьцаанд орчих. Тэгэхгүй бол ажлаас хална шүү. Бодит кэйсийн агуулгууд иймэрхүү байдаг. Ажилд авсныхаа төлөө бэлгийн харьцаанд орохыг хүсдэг. Хүсэлтийг нь хүлээж авахгүй болохоор чамайг хэрэггүй ажилд авлаа, ажлаас чинь хална гэж дарамталсаар байгаад бэлгийн харьцаанд ордог. Хүнийг хүсээгүй байхад нь байгууллагын тээврийн хэрэгсэл дотор элдэв онигоо ярих, томилолтоор явах үед очоод нэг өрөөнд орно шүү гэж дарамтлах зэрэг нь бэлгийн сэдэлтэйгээр үйлдлүүд байна. Ер нь ажлын байр гэхээр зөвхөн оффисын өрөө тасалгаагаараар хязгаарлагдахгүй. Хөдөлмөрийн харилцаа явж байгаа бүх газар явж байна. Сүүлийн үед үндсэн малчин туслах малчиндаа, гэрийн эзэн үйлчлэгчдээ ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх тохиолдол байна. Салбар хязгаарлагдмал биш, бүхий л салбарт  үйлддэг. Сүүлийн үед ажлын байрны бэлгийн дарамтад эрчүүд бас өртөж байгаа. Манай судалгаагаар 97,5 эмэгтэйчүүд, 2,5 эрэгтэйчүүд байсан. Одоо бол өсөөд 4-4,5 хувь нь эрэгтэйчүүд өртөж байгаа. Эмэгтэйчүүд бэлгийн сэдлээ илтгэх, тухайн хүнд зөвшөөрөлгүй халдах, болзоонд урих асуудлууд гарч байгаа.

-Албан тушаалын хувьд хэн хэн үзүүлж байна вэ. Хэрэг шийдвэрлэлт нь хэр вэ?

-Судалгаан дээр ажил олгогч буюу удирдах албан тушаалтан 50-60 хувийг эзэлдэг. Албан тушаал, эрх мэдлээрээ дарамт шахалт үзүүлэх хандлага харагдаж байна. Ажилтан, ажилтандаа үзүүлдэг тохиолдол бий. Мөн жижүүр, манаач, слесерь хэн ч үзүүлэхийг үгүйсгэхгүй. Дийлэнх хувийг удирдах ажилтан буюу тухайн ажил олгогч өөрөө бас үзүүлж байгаа дүр зураг байна. Энэ нь эмэгтэй ажил олгогч нь эмэгтэй бол эрэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлдэг нөхцөл байдал бас байна. Хэрэг бүртгэгдээд шийдэгдэж байгаа тухайд ажлын байрны бэлгийн дарамт эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж хуульчлагдаж зохицуулагдаагүй. Мөн ёс зүйн зөрчил биш эрх зүйн зөрчил тийм учраас зөрчлийн болон бусад хуульд тусгагдсан хамгаалах, хориглох зохицуулалтаараа явж байгаа. Манайд ирж байгаа гомдлын үзүүлэлтээс харахаар хамтран ажиллаж байгаа хүн тухайн хүний өмнөөс гомдол болон нотлох баримтыг гаргаж өгч байна. Хуулиараа гомдол гаргах эрхтэй.

-Ажлын байрны бэлгийн дарамтыг үл тэвчье гэж байгаа. Эхний байдлаар тодорхойлогдсон үйлдийг хийхэд хаана хандах уу?  

-Бид нар зөвлөмж гаргасан. Хэрвээ та бэлгийн дарамтад өртөж байгаа бол эхлээд яах вэ. Эхлээд тухайн хүнтэйгээ ярилц. Энэ чинь өөрөө ажлын байрны бэлгийн дарамт шүү, та миний эрхэнд халдаад байна, хэрвээ энэ явдал дахин давтагдаад байвал цаашид ийм алхам хийнэ гэж ганцаарчилж хэлж, сануулахаас эхэлнэ. Тэгээд болихгүй даамжраад байвал гомдол гаргах эрх нь хэзээд нээлттэй. Гомдлын дагуу бид ажиллагаа хийнэ. Байгууллагын удирдлагадаа, үйлдвэрчний эвлэл, цагдаа, шүүх, бас манайд хандаж болно. Манайх зөрчлийн шинжтэй байвал цагдаа, прокурорын байгууллагад гомдлыг шалгуулахаар шилжүүлнэ. Мөн ажлын байрны бэлгийн дарамтад та болон тантай хамтран ажиллагч өртсөн бол 70000222 гэсэн утсаар ХЭҮК -т гомдол, мэдээллээ гаргаж болно.

Хохирогч иргэдээс судалгаа дүн шинжилгээ хийгээд үзэхээр ганц бие, залуухан эмэгтэйчүүд илүү өртөөд байгаа. Миний биед зөвшөөрөлгүй хүрдэг, болзоонд урьдаг, илүү цагаар шахаж ажиллуулдаг гэдэг. Үнэхээр тэд дарамтлах, хоргоох, хүсэл мөрөөдөлд нь тулгуурлаж амлалт өгөх зэрэг үйлдэлд их өртдөг. Эрэгтэйчүүдийн тухайд олон эмэгтэй хүмүүсийн дунд ажилладаг бол, байгууллагын удирдах албан тушаалтан эмэгтэй хүн байвал илүү өртөж байна. Мессеж бичиж байгаа хандлага нь ч гэсэн эрэгтэй хүн байж юун сүртэй юм, чамайг эмэгтэй хүн тоож байхад чинь зүгээр л харьцана биз гэх мэтээр халддаг.

-Болзоонд урина гэдгийг хэрхэн ойлгох вэ?

-Ер нь бол тохиолдлуудаас харахад дарамт хэлбэрээр бүгд илэрдэг. Өдөржин мессеж бичээд тасралтгүй дарамталдаг тохиолдол байна. Бүр 300 мессеж бичсэн байдаг. Бэлгийн харьцаанд орохыг гуйж, шахаж, дарамталж, хүсэл мөрөөдөлд нь тулгуурлаж гэх мэтээр бичсэн байдаг. Болзоо гэдэг нь бас л дарамт хэлбэрээр үйлдэгдэнэ. Би энэ буудалд ирчихсэн байна, ажил дээрээс юм аваад ир гэнэ. Тэгээд очихоор нь надад хань болоод суу, ганц юм ууя, надад цаг гарга би чамайг болзоонд урьж байна гэх мэтээр шахдаг.

Ажил олгогч, ажилтан та Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх сургалт, гарын авлага, бусад мэдээллийг ЭНД дарж аваарай.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-18 10:56

Монголын дарга �##�бан туша�##�тнууд �##�бан өрөөндөө байнга хүчиндэж бав�##�цаж байдаг түүнийгээ байх ёстой зүйл гэж боддог. Хувийн боссууд бол бүр утгаа �##�дсан яг адгуус л гэсэн үг. Багш нар бас яг адилхан жаахан охидуудыг бузарладаг.

Зочин
Зочин
2023-10-18 12:47

Eregtei hun daramtand urtunu geheer neg l tusuulugduhgui bna tiim yum gej baihgui

Зочин...
Зочин...
2023-10-18 17:50

Донтой юм шиг хүүхнүүд бас байдаг л байх...

Холбоотой мэдээ

Back to top button