Хөшигний ард: Тойргийн "маллагаа"-г томсгох хувилбар яригдаж эхэллээ

Өнгөрөгч долоо хоногт Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Ховд, Увс, Баян-Өлгий аймгийг нэг тойрог болгох зэргээр бүсчилсэн тойргийн сонгууль явуулмаар байна. Жижиг тойргоор нэр дэвших хүсэлтэй хүмүүс нь мөнгө тараагаад эхэлчихлээ" гэж чуулганы танхимаас ярив.
Сонгуулийн тухай хуульд, "Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог /цаашид "тойрог" гэх/-ийг байгуулна" гэж заасан.
Тэгэхээр УИХ-д намрын чуулган завсарлахаас өмнө тойргийн асуудлыг эцэслэх үүрэг хүлээгдэж байгаа гэсэн үг.
Үүнээс өмнө буюу 12-р сарын 31-ний өдрийн дотор УИХ-ын нэр дэвших мандат авах, жагсаалтын дэст багтах төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, эсвэл төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлаар ажиллагсад ажлаа өгнө.
Хуулийн уг заалтын гол нюанс нь, энэ сарын сүүлээр улс төрийн намуудаас нэр дэвшигчид ба жагсаалтад багтах хүмүүсийн ерөнхий дүр зураг тодорчихно гэсэн үг.
Гэхдээ одоогийн 76 мандат, 29 тойргийг өөрчилнө гэдгээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ч.Хүрэлбаатарын үгээр өнгөрөгч долоо хоногт зарлачихлаа гэж харж болно. Өөрөөр хэлбэл, шинэ сонгуулийн тогтолцоонд туссан 78 мандатаа тойргийг илүү томсгох замаар хуваалт хийх дээр гол тохироо явагдах нь ээ.
Хөшигний ард аймгуудыг бүсчлэх байдлаар тойргийн тоог цөөлөх хувилбар түлхүү яригдаж байна. Тодруулбал, баруун, зүүн, төвийн бүсийн аймгуудаа хэд хэдээр нь багцалж, нэгдсэн тойрог үүсгэхээр яригдаж байна гэсэн үг.
Одоогийн 76 гишүүний 52 нь орон нутгаас, 24 нь хотоос сонгогдсон. Шинэчилсэн сонгуулийн тогтолцоонд нэмж суугдсан хоёр мандатыг нийслэлд буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт ногдуулах хувилбар яригдаж буй юм.
УИХ-ын 2024 оны сонгуулийн хугацаа ойртож буйтай холбогдуулан, нэр дэвшихээр горилогчид орон нутгуудаар тойрч, бэлэг сэлт тараах үйлдэл олширсоор байгаа юм.
Тухайлбал, Баянхонгорт аймагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай мотоциклын сугалаа явуулсан бол А.Адъяасүрэн гишүүн "Хүчтэй байгаарай" гэж бичсэн гурил, будаагаар сонгогчдынхоо гарыг цайлгасан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээсэн.
Нэг аймаг-нэг тойрог хэлбэрийн сонгуулийн тогтолцоонд УИХ-д олон сонгогдсон, томоохон бизнестэй гишүүд ихээхэн гаршсан бөгөөд Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан тэргүүтэй гишүүдийг эл кэйсийн эздээр нэрлэж болно.
Цаашдаа нэг тойрогт хэд хэдэн аймаг багтах хэлбэр лүү явснаар,
- Сонгогчдод гарын бэлэг, мөнгө тараах, хэт хувийн шинжтэй туслалцаа үзүүлэх замаар замаар санал татдаг,
- Улс орны томоохон хөгжлийн асуудал хөндөхөөс илүү гишүүд тойргийн эмнэлэг, сургууль цэцэрлэгийн дээвэр засах зардалд голчлон санаа зовдог,
- Аливаа тэмдэглэлт баяр зэргүүдээр их хэмжээний зардлыг гаргадаг зэрэг "жалга довын" байдлууд засарна гэсэн эерэг хүлээлт бий.
Улс төрийн хүрээндээ эрх баригчид тохирч чадвал сонгуулийн тойрог хуваарилалт томсгосон хэлбэр лүү явах хүлээлт ингэж үүсэв. Гэвч нэг тойрогт удаан ажиллаж, өөрийн болоод төсвийн хөрөнгө зарцуулалтыг тийш татахад ихээхэн анхаарч ажилладаг гишүүдэд энэ нь ашиггүй хувилбар юм.
Үе үеийн сонгуулийн өмнөх тойргийн хувилбар нь парламентад олонх суудалтай намын хүслээр шийдэгдсээр ирсэн. Энэ удаа эрх баригч намынхан Засгийн газрын бүх гишүүдээ тойрогт өрсөлдүүлэхийн зэрэгцээ мандат хуваарилалтын гол тохироог Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар хийхээр буй нөхцөлд тойргоо томсгох хувилбарыг ярьж эхэлснээрээ онцлог юм.
Сонгуулийн асуудлаарх редакцын өмнө нь хөндсөн агуулгууд
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.