"Дээлтэй өвөө” Н.Баасандорж: 30 жил амьдарсан газраа хулхидуулж, түрээсийн байшинд амьдарч байна

"Дээлтэй ах" гэдгээр бидний танил болсон Н.Баасандорж гуай Төв шуудангийн өмнө үндэсний хувцсаараа гоён ном зарж зогсдогийг хүмүүс андахгүй. Тэрбээр 1989 оноос хойш 30 жилийн турш тасралтгүй ном зарсан. Хэсэг хүмүүс түүнийг хаана, юу хийж байгаа бол гэсэн битүүхэн бодолтой тэр хавиар эргэлддэг болж. Тэгвэл түүний хувьд одоогоор ахмадын ТББ байгуулан өглөөний 06.00-10.00 цаг хүртэл ахмадуудтай дасгал, хөдөлгөөн хийж өдөр, хоногийг үр ашигтай өнгөрүүлж буй.
Н.Баасандорж ахынх яармагийн 4-р хороонд амьдардаг. Тэрбээр гал голомтоо бадраагаад 30 жил болсон газраа 2020 онд Э.Лхагвасүрэн захиралтай “Андын зам” ХК барилгын компанид газраа барьцаанд тавьж байр авахаар гэрээг байгуулж байжээ. Гэтэл одоог хүртэл байрандаа орж чадахгүй, түрээсийн хашаа байшинд эхнэр, охин хоёртойгоо амьдарч буй. Түүний хувьд үрсдээ үлдээх ганц өв голомтоо асаасан газраа гурван өрөө байр болгох хүсэлтэй байсан хэдий ч аргаа баран цахим хуудсандаа нийтэлсэн билээ. Бид үүнтэй холбоотойгоор Н.Баасандорж ахтай уулзаж ярилцлаа.
-"Андын зам" ХК 2021 онд Найман айлын газрыг дахин төлөвлөлтөд оруулж өгнө гэж хэлээд хэдийн дөрвөн жил өнгөрч байна-

-Таныг олон жилийн өмнөөс ном худалдаалж байгаа гэдгээр нь хүмүүс андахгүй шүү дээ. Сүүлийн үед та хаагуур юу хийж явна вэ?
-Би өнгөрсөн 11 дүгээр сард анх ном худалдаж эхэлсэн цагаас хойш 30 жилийнхээ ойг угтсан. Түүнээс хойш 2018 оноос эхлээд би бариа засал хийх эрхээ аваад хоёр гаруй жил болсон.
-Та саяхан цахим орчинд "Андын зам" ХК-иас болж хохирсон тухайгаа мэдээлсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач?
-Миний энэ зогсож байгаа газар бол найман айл өрхийн өмч байгаа юм. Энэ газрыг дөрвөн жилийн өмнө дахин төлөвлөлтөд оруулна гэж бидэнтэй тохиролцоод, шинэ байр барина гэж гэрээ хийж байлаа.
Энэ дөрвөн жилийн хугацаанд эдгээр айлууд айл айлын хашаанд ах дүү нараараа хэсээд, зарим нь үхэж үрэгдээд явж байгаа тэд нарынхаа төлөө дуу хоолойгоо илэрхийлсэн.
-Таны ам нээх болсон шалтгаан нь бие тань өвдөөд, нэлээн хэцүү байсан гэж байсан?
-Хүн ер нь зовж, шаналж байж ухаардаг. Би саяхан зүрхний асуудалтай байсан болохоор ухаан алдаж унаад, бие хүндэрсэн. Миний хувьд сэргэж босож ирээд хамгийн түрүүнд эхнэр, охин хоёроо л бодсон.
Би энэ газраа байр болгоод эхнэр, охин хоёртоо үлдээх ёстой хүн шүү дээ. Хүн мэдээж эхлээд муу зүйлийг л боддог юм билээ. Намайг байхгүй болчих юм бол энэ газрын асуудал энэ чигтээ замхраад алга болчих вий гэж бодсоны үндсэн дээр галт тэргийг хөдөлгөчихлөө. Яагаад гэвэл би энэ байрыг авах ёстой. Миний эхнэр, охин хоёр энэ байранд амьдрах хэрэгтэй. Хүн бол мөнх бус учраас би хэзээ нэгэн цагт дээшээ явчхаж мэднэ. Тийм учраас ийм зүйл тохиолдохоос өмнө байрандаа орчих юм сан гэсэн хүсэлтэй байгаа юм.
-Тэгэхээр таны хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд "Андын зам" гэх компанийн удирдах албан тушаалтнуудтай хэдэн удаа уулзаж, байраа авах хүсэлтээ илэрхийлсэн бэ?
-Анх 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хамгийн эхний нэг жилийн хугацаатай “Дараа жилийн өдийд энэ газар таван давхар барилга баригдаад дуусна” гэсэн гэрээгээ хийсэн байдаг. Тэгээд дээрх энэ жилийн хугацаанд барилга нь баригдаагүй учраас 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр дахин гэрээ хийсэн. Ингэхдээ мкв-аас 14 см куб багасгаж “Зэндмэнэ-Эрдэнэ C1” гэсэн хороололд 2023 оны дөрөвдүгээр сард оруулна гэсэн гэрээ хийсэн. Энэ нь дахин бүтэлгүйтэж 2023 онд газрыг нь ухаж, хундаам нь цутгагдаагүй байсан.
Ингэж хоёр жил хугацаанд "Андын зам"-ын захирал Э.Лхагвасүрэн, хууль Буяннэмэх нартай байнга л уулзаж байсан. Гэвч тэд нар тухай бүрт “Бид таныг бэлэн болсон барилгадаа оруулж өгнө” гэж амладаг байсан л даа. Тэр цагаас хойш Андын зам ХК-ийн 3-4 байр ашиглалтад орлоо. Одоог хүртэл оруулж өгөхгүй явсаар л байна.
Хамгийн сүүлд энэ оны хоёр сарын дундуур яармагийн дөрөвдүгээр хорооны ард баригдаж байгаа хүрэн алаг байрны нэгдүгээр давхарт нь оруулж өгнө гэсэн. Ингээд итгээд, баярлаад явж байтал наадмын өмнөхөн тус компанийн зүгээс болон 20 гаруй хувь хүн “Байр зарна” гэсэн мэдээлэл фейсбүүкээр цацаж эхэлсэн.
Тэгэхэд л би дотроосоо огшоод Э.Лхагвасүрэн захиралтай дахин уулзахад “Та санаа зоволтгүй. Бид оруулна гэсэн л бол оруулна” гэсэн хариуг өгсөн. Гэхдээ миний бодол бол энэ компани дахиад л биднийг хуурч байна гэсэн санаа зовнилтой яваад байсан учраас наадмын өмнө унасан минь энэ.
-Таны бие өмнө нь хэр зовуурьтай байсан бэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байранд орж чадахгүй шаналаад, зовоод бие муутай болчхов уу?
-Өнгөрсөн хугацаанд бие болон сэтгэлзүй нэлээн хямарлаа. Учир нь гэвэл би өнгөрсөн хугацаанд айлын хашаа, байшинд түрээс төлж амьдарч ирсэн учраас түрээсийн мөнгө, тог цахилгаан зэрэг зардлууд нэхэгдээд ирэхээр “Би өөрийн байр, гэр оронтой байсан бол ингэж зовохгүй байсан даа” гэсэн бодлууд байнга бодогддог.
Би одоо бол 60 хол давсан хүн. Одоохондоо өвдөж байгаа ганц зүйл нь зүрхний асуудал л байна. Чухам цаашдаа яахыг би мэдэхгүй. Хооллолтын хувьд өвөг дээдэс, настануудаасаа сурсан зүйлээрээ хооллож ундлаад давхар биеийн тамираар хичээллээд л явж байна даа.
-Цахим орчинд хохирсон талаараа бичсэний дараагаар "Андын зам" ХК-ийн захирал Э.Лхагвасүрэн надтай ярьж нэр төрд халдсан гээд шүүхэд өгнө гэсэн-

-Таныг энэ асуудлаа цахим хуудсандаа нийтлэхэд их олон хүн туслах хүсэлтэй байсан. Хүмүүс хэр зэрэг холбоо барьж байна?
-Саяхан олон түмэндээ хандаж энэ асуудлаа бичсэн. Миний энэ тулгамдаж байгаа асуудлыг их олон хүн цааш нь түгээж, туслалцаа үзүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Ард түмэн намайг их сайн мэддэг юм байна гэдгийг бас харсан. Хоёр, гурван хуульч надтай холбогдсон. Үүнд үнэхээр талархмаар. Галт тэрэг эрчээ авах юм бол би тэд нараас туслалцаа авахаас өөр аргагүйд хүрнэ.
-Асуудлаа олон нийтэд дэлгэсний дараагаар тус компанийн хүмүүс холбогдов уу?
-Тийм ээ. Саяхан буюу энэ сарын 14-нд Лхагвасүрэн утсаар ярьсан. Ингэхдээ, “Та бид хоёрын хооронд ярьсан яриа байгаа шүү дээ. Хэрвээ та хэлсэн ярьсандаа хүрэхгүй бол би ч гэсэн шүүх, цагдаад нэр хүндэд халдсан хэргээр хандана” гэж байсан.
Ярьж дууссаныхаа дараа би эхнэр, охин хоёроо хараад, “Би нэгэн галт тэргийг өөрөө хөдөлгөчихсөн юм хойно энэ чигээрээ хурдаа авна” гэсэн бодол төрсөн дөө.
Хорхойд хүрэхэд хорхой атирдаг биз дээ. Түүнтэй адил тэр хүн атирч байгаа нь тэр юм болов уу. Тэр хүн өөрөө юу үйлдэж байгаагаа нягталж бодоогүй учраас олон жил хохирсон бидэн рүү уурлаж байгаа нь тэр. Үнэн зөвөөр явах юм бол үхэр тэргээр туулай гүйцнэ гэсэн монгол ардын үг бий.
Хамгийн гол нь олон барилга барьсан хэр нь яг газраа итгэж өгөөд олон жил гацаанд ороод байгаа энэ айл өрхүүдийг байранд нь оруулаад өгөөч ээ. Энэ чигээрээ яваад байх юм бол нөхөн төлбөрөө нэхэж авах хүсэлтэй байна. Яагаад гэвэл бидэнтэй дахин гэрээ хийхгүй хоёр жил болчихлоо.
-Бариа хийхээ болиод хөгшчүүдэд зориулсан клуб нээгээд үйл ажиллагаа явуулж байна-

-Ингэхэд сүүлийн үед биеийн тамираар хичээллэж байгаа гэсэн шүү дээ?
-Хүн чинь дөрвөн мөч хөдлөөд, толгой сийрэг байгаа учраас юм хийхгүй бол болдоггүй. Тэр ч утгаараа гэртээ зүгээр сууж байгаа ахмадууддаа зориулаад өөрийн сурч, мэдсэн зүйлийг хуваалцаад явж байна. Тэр юу вэ гэхээр “Ground Golf” гэж өндөр настны хөдөлгөөн, сэтгэл санааг дэмжих зорилготой Японд бий болсон спортын төрөл байдаг юм. Энэ төрлийг би эх орондоо таниулаад Баруунширээт нэртэй клуб байгуулаад Яармагийн гүүрээс зүүн тийшээ Шувуун фабрик, малчны хороололд амьдарч байгаа настан, буурлуудыгаа эрүүл чийрэг байгаасай гэсэндээ зааж, сургаад л явж байна даа. Одоо клубт маань 20 гаруй хүн байна. Үүнээс бүжиг, дартс, Ground Golf зэргээр хичээллэж байгаа хөгшчүүл байна. Ингээд яваандаа өргөжөөд явах байх.
-2018 оноос бариа засал хийсэн шүү дээ. Одоо энэ ажлаа хийж байгаа юу?
-Нэг хэсэг Яармагийн эцэст бариа засал хийсэн. Өнгөрсөн 11 дүгээр сараас хойш байрнуудын түрээсийн төлбөр нэмэгдсэн учраас түр хугацаанд болиод дээрх клубийнхээ үйл ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлээд ажиллаад явна даа.
-Та залуу наснаасаа л олон түмэнтэйгээ ойр ажилласан. Одоо ч гэсэн энэ хэвээрээ л явж байгаа юм байна?
-Тэгэлгүй яах вэ. Автобус баазад байхаасаа эхлээд л хүний төлөө явсан. Автобус баазаасаа группт гараад зургаан сар гэртээ хэвтэж байсан. Босохдоо бас л хүний төлөө явсан. Болж л өгвөл “Би, би” гэсэн хандлагыг өөртөө суулгахгүй байхыг хичээдэг дээ. Энэ зан чанараа үр хүүхдүүддээ ч гэсэн сургадаг.
-Бариа хийж байхдаа төлбөрөө номоор орлуулж болно гэж байсан шүү дээ. Одоо танд хэр их ном байгаа вэ?
-Өөрийн гэсэн унших сонирхолтой, үр хүүхдүүддээ уншуулна гэсэн номуудаа л аваад үлдчихсэн байна.
Саяхан Зуунмод сумын “Ground Golf” ахмадын клубт 500 ширхэг ном бэлэглэсэн. Одоо Баруунхараагийн Баянгол сувилалд амарч байгаа хүмүүст зориулаад 100 гаруй ном явуулах бэлтгэл хийчихсэн байна. Бариа заслаар орж ирсэн номуудаа авч үлдэхгүй, хэнд хэрэгтэй байна тэр газар руу явуулдаг.
-Хүмүүс таныг дээлтэй ах хэмээн андахгүй шүү дээ. Европ хувцас өмсөөд явахаар ер нь таньдаг уу?
- Би 1990 оноос хойш үндэснийхээ хувцсаар гоёж байна. Монгол дээл хятадын куртканаас илүү дулаахан байдаг шүү дээ. Монгол дээлээрээ бахархах, үндэсний хувцсаараа гоёх үзлийг хүүхэд залууст сургах нь эх орондоо оруулж байгаа бас нэгэн хувь нэмэр гэж би боддог. Миний эхнэр надад дээл урлаж өгдөг. Тэр ч утгаараа ёс, уламжлалаа хадгалж үлдэхийн тулд охиндоо дээл урлахыг эхнэр маань зааж байгаа.
Надад европ хувцас бараг л байдаггүй байсан. Харин сүүлийн үед их өмсөх болсон. Европ хувцастай танигдахгүй байх гэж бодсон чинь таниад л байгаа шүү дээ./Инээв/ Дээлээ өмсөөд л гадуур явахаар хөгшин, залуугүй номын талаар яриа өдөөд л зогсчихдог. Тэр ч утгаараа өөрийгөө олонтой хүн болжээ гээд их л баясаж суудаг.
Би одоо ард түмнээсээ мөнгө гуйхгүй ээ. Гол нь миний энэ асуудлыг зөв, зүйтэй шийдвэрлэхэд туслахыг л хүсэж байна. Угтаа бол надаас гүйж авсан газрын маань төлөөсийг одоо өөрөө гүйгаад зогсож байна гэдэг үнэхээр ичмээр зүйл юм. Ганцхан миний асуудал бус олон түмэн хохирч байгаа шүү дээ. Хүнлэг сэтгэлтэй, хүн чанартай байхыг л “Андын зам” ХК-ийн холбогдох хүмүүст хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Хэрвээ та Н.Баасандорж гуайтай холбогдож, туслахыг хүсвэл дараах утсаар холбогдоорой. Утас: 88447153
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨШ МОНГОЛЧУУДАА ИЙМЭРХҮҮ МУУСАЙН УЛААН ЛУЙВАРЧИНГУУДТАЙ БҮҮ ЁСОРХООЧ ЖИНХЭНЭ АЛАЛЦААЧ ЛАЛАРУУДЫН УНАЖ ЯВАА МАШИНЫГ НЬ БУЛААЖ АВААД ГЭРТ НЬ ЭЭЛЖ ЭЭЛЖЭЭР ОЧООД ХЭВТЧИХЭЭЧ АВГАЙГИЙ НЬ БАВААД Л ХЭВТЧИХ ХООЛ ХИЙЛГЭЖ ИДЭЭД ХЭВТЭЭД БАЙ УСАНД ОРООД ЗУРАГТЫГ НЬ ҮЗЭЭД ХЭВТЭЦГЭЭ ТЭГЭХЭД НААДУУЛ ЧИНВ ШАЛАВХАН ӨГӨӨД САЛАХЫГ БОДНО
Чиний сан�##� чинь энэ хүнийг нэмээд хэрэгт оруулахаар сан�##� байна. Хэзээ ч ингэж болохгүй.
Ямар муухай луйварчид вэ, байрыг нь өгөөчээ
Энэ дахин төлөвлөлт нэрээр зөвшөөрл өгсөн байгуулгууд бүгд ашиг хайж байдаг хулгаачуудтай холбоо сүлбээтэй хууль сул муу байнадаа
Цайрцан луйварчид өөрсдөө л болж байв�##� бусад хамаагүй байдаг. Ах эцсээ хүртэл үз.
Настай хүнийг ингэх гэж монголчууд ийм луйварчид руу нийлж дайрмаөр юм
Хүмүүсийг хулхиддаг компаниудыг яах вэ ?
Сайхан ховор ном зардаг хүн Газрыг нь дээрэмдсэн компанийг нийлж шүүхэд өгьe
Өөрсдөө арга хэмжээ авахгүй бол маадайгаад яваад байна Холбоо байгуулъя Шүүх биш шүүхэд найдах хэрэггүй Янаглан хорлох гэж нэг юм бий
Поларис гд бс нэг хулхи барилгын компани бнаа. Байр захиа.лаад орж чадахгүй 4.5 жил блж бга өчнөөн хүмүүс бна. Одоо хувиин арга хэмжээ авнаа..Боссы нь барьж авч хөлөөр нь гүүрнээс дүүжилэх блно..хэзээ байр ашигла.лтанд орно тэр үед нь буулгана..
Одоо хулгайч луйварчдад үйлчилдэг шүүх цагдаа байх хэрэггүй юм бишүү
Яасан ичих нүүрээ элгэндээ наасан новшнууд вэ байр өгнө гэсэн юм бол өгөөч та нарын нэр төр гэж юу байдгын шүүх дээр уулзаж бараагий нь харая
Андын зам захир�##� Лхагвасүрэн нь хэдэн айлын голомт самарчихаад юун нэр төр гэж хуцдаг новш вэ?
Хүмүүсийг хохироохдоо өөрсөдтэйгээ жишиж үр хүүхдээ гудманд гарч гэж бодож бай муусайн луйварчид