"Эрдэнэтэд энэ зун 4 удаа могой гарч ирсэн ч хатгуулж, гэмтсэн тохиолдол гараагүй"

Эрдэнэт хотод энэ зуны байдлаар суурьшлын бүсэд 4 удаа могой гарч ирсэн дуудлага бүртгэгджээ.
Энэ талаар Эрдэнэт хотын ОБЕГ-аас тодруулахад, "Энэ зуны байдлаар Эрдэнэт хотод дөрвөн удаа могой гарч ирсэн дуудлага гарч ирсэн. Дуудлагын дагуу бамбай хоншоорт могой 3, усны могой 1-ийг тус тус байгальд эргүүлэн тавих ажлыг тухай бүрд нь хийсэн байна. Иргэд хатгуулж гэмтсэн тохиолдол гараагүй.
Орон сууцны хороолол, ногоон байгууламж, айлын хашаа, хүүхдийн тоглоомын талбай зэрэг хүнтэй ойр газруудад могой байж болзошгүй тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэлээ.
Могойд хатгуулахаас хэрхэн сэргийлэх вэ?
- Ууланд алхах, зэрлэг өвс ихтэй газар явах, хад асганд авирахдаа урт түрийтэй гутал, өмд өмсөх, савхин бээлий өмсөх
- Могойтой таарвал дуу чимээ гаргаж, огцом хөдөлгөөн хийлгүй аажуухан холдох
- Хэрэв та могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай.
Бамбай хоншоорт могой нь:
- Биеийн урт 70 орчим см
- Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна
- Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай
- Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
- Хүүхэн хараа нь босоо
- Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана
Мөн могойд хатгуулсан тохиолдолд иргэд өөрт ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандана уу. Мөн могойтой таарвал 7035101 утсаар холбогдож мэдээлэл өгөх юм.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.