Газын зурвасын дайн эхлээд нэг жил өнгөрч, палестинчуудын 90 хувь нь нүүн суурьжээ

Ойрх дорнодод Газын зурвасын дайн эхлээд нэг жил өнгөрөөд байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын долооны өдөр Газын зурвасын Хамас бүлэг Израил руу довтолж, 1,200 хүнийг хөнөөн 251 хүнийг барьцаанд авсан. Барьцаанд авсан хүмүүсийн 97 нь хэзээ ч суллагдаагүй. Мэргэжилтнүүд суллагдаагүй байсан хүмүүсийн гуравны нэг нь аль хэдийн нас барсан гэж таамаглаж байгаа юм.
Хамасын террорист халдлагын дараа Израил сүүлийн олон арван жилд байгаагүй хүчтэй хариу арга хэмжээ авч, даруй дайн зарласан. Израилын батлан хамгаалах хүчин (IDF) Газын зурвасын их хэмжээгээр бөмбөгдөн, төд удалгүй хуурай газрын довтолгоо эхлүүлсэн нь одоо хүртэл үргэлжилж байгаа. Одоо Ойрх дорнодод болж буй дайны шинэ үе эхэлж, Израил Ливан руу цэргээ оруулж Хезболлагийн эсрэг хуурай газрын довтолгоо эхлүүллээ.
2007 оноос хойш Газын зурвас Хамасын удирдлага дор буй. Хорь гаруй жилийн турш Израилын хилийн хаалтад байсан Газын зурваст довтолгооны улмаас ихээхэн хэмжээний дэд бүтцийн болон амь насны хохирол учирсан. Хамас бүлгийн удирддаг эрүүл мэндийн яам мэдээлснээр дайн эхэлснээс хойш 41,600 гаруй хүн амь үрэгджээ. Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямрал гамшгийн хэмжээнд хүрч, палестинчууд хүнсний хомсдолд орж, өвчин тархан, нийт иргэдийн 90 гаруй хувь нь орон гэрээсээ нүүн суурьшсан байна.
Есдүгээр сарын 25-нд “CUNY Graduate Center”-ийн Кори Шер, Орегоны их сургуулийн судлаач Жеймон Ван Ден нарын нийтэлсэн тооцооллоор бол Израилын довтолгоо Газын зурвас дахь барилгуудын 60 хувийг устгажээ. “Oxfam” өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ “36 эмнэлгээс зөвхөн 17 нь л хэсэгчлэн ажиллаж байгаа. Тэдгээр эмнэлгүүд бүгд түлш, эмнэлгийн хэрэгсэл, цэвэр усны хомсдолд орсон” гэсэн юм.
НҮБ тооцоолсноор Газын зурваст 42 сая тонн гаруй барилгын нуранги үүссэн байна. Үүнд эвдэрсэн байшингууд болон нурсан барилгууд багтаж буй. Хэрвээ бүх нурангийг цуглуулбал 11 ширхэг Гизагийн пирамидыг босгох хэмжээний хаягдал байгаа юм. Урьдчилсан тооцооллоор бол 10 сая тонн нурангийг цэвэрлэхийн тулд 280 сая ам.доллар хэрэгтэй. Тэгэхээр дайны улмаас үүссэн бүх нурангийг цэвэрлэхийн тулд 1.2 тэрбум ам.доллар шаардлагатай байна.
Эх сурвалж: Reuters, Atlantic Council, Axios
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөгөө өмхий " no war " - хаачсан бэ