НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Шагайн ааруулаа Монголын брэнд болгож, гадаадад экспортлох зорилготой Т.БАТ-АМЬДРАЛЫНХ

Сум, орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, ихийг хийж бүтээхийг эрмэлзэн хөдөлмөрлөж яваа залуус олон бий. Тэдний нэг нь Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн Түмэнжаргалын Бат-Амьдрал. Тэрбээр ээж, ааваасаа өвлөсөн зөгийн аж ахуй эрхлэхээс гадна модоор гэрлийн авжуур хийж, саяхнаас шагайн ааруул хийж эхэлсэн байна.

“Шагайн ааруул”-ынхаа оюуны эрхийн патентаа аваад байгаа Т.Бат-Амьдралынхыг бид 2020 оны нэгдүгээр сард зорьж очин, сурвалжилга бэлтгэснээ сэргээн нийтлэв.

-“ААРУУЛЫНХАА ХЭВНИЙ САНААГ ОЛОХЫН ТУЛД ТАВАН ЖИЛИЙН ТУРШ НЭГ ШАГАЙ ХАЛААСАЛЖ ЯВСАН”-

Шагайн ааруулаа он гаруут буюу нэгдүгээр сарын нэгнээс үйлдвэрлэж эхэлжээ. Үүнээс өмнө хэв загварыг нь гаргаж авахын тулд Т.Бат-Амьдрал яг таван жилийг зарцуулсан байна. Энэ хугацаанд нийт 100 гаруй удаа туршилт хийжээ. Эцэст нь хүний биед сөрөг, хор нөлөөгүй хиймэл шүдний материал ашиглан шагайн ааруулынхаа хэвийг бүтээж. Туршилт амжилттай болох хүртэлх хугацаанд буюу таван жилийн турш нэг шагайн халаасалж алхсан тухайгаа тэрээр бидэнд өгүүлсэн юм. Халаасан дахь шагайгаа гаргаж ирээд хэлбэр дүрсийг нь эргүүлж тойруулан байнга хардаг байсан гэв.

Энэ тухайгаа ярихдаа “Шагай сонин хэлбэртэй эд. Шагайны хэвийг гаргаж авахын тулд яг таван жил ноцолдсон. Сүүлийн нэг жил шаргуу ноцолдож байж гаргаж авлаа. Аарцаар элдэв юм хийхэд амаргүй. Бусад хүнсний материал шиг цутгагдаад, хурдан хатчихна гэж байдаггүй. Гарын нарийн ажиллагаа шаардагддаг. Эрдэмтэд лампыг зохиохдоо хэдэн мянган удаа туршилт хийсэн байдаг. Түүн шиг л зүйл боллоо. Гэхдээ ламп нь аарцыг бодвол шатаж, дэлбэрдэг аюултай зүйл л дээ. /сурв.инээв/ Цаашид хэвээ өөр материалаар хийж, тоог нь улам олшруулна. Анх хэвээ хийх гэж олон ч хүнтэй хамтарсан. Зарим нь бүтэхгүй юм байна гээд шантраад хаясан. Зарим нь надад туслах санаатай ч, ажил төрөл нь амждаггүй байлаа. Тэгээд эцсийн эцэст өөрөө өөртөө л найдахаас өөр аргагүй болсон. Хэд хэдэн хүнээс санаа авсан зүйл бий. Энд тэндээс янз бүрийн санаанууд цуглуулсан” хэмээсэн юм.   

-ЧИХРИЙН АГУУЛАМЖИЙГ БАГАСГАХЫН ТУЛД “ЗӨГИЙН БАЛ” ХОЛЬДОГ-

Шагайн ааруул бас олон өнгөтэй. Одоогоор бялууны өнгө оруулагч ашиглан шар, ногоон, цэнхэр, ягаан өнгийн ааруулууд гаргаж байгаа аж. Орц найрлагад нь зөгийн бал, чихэр, сүү оржээ. Ааруул бүр зөгийн балтай. Нэгдүгээрт чихрийн агууламжийг багасгахын тулд, хоёрдугаарт аарцаа сайн гэгч нь барьцалдуулахын тулд зөгийн бал хольдог гэв.

Мойл жимстэй ааруул гаргасан нь жимсний нөөц бага, эрэлт их байснаас дорхноо зарагдаж дуусжээ. Ирэх жилээс нэрс, улаагана, хад зэрэг олон жимс ашиглан ааруулынхаа өнгө, амтыг улам олшруулан баяжуулахаар зорьж байгаа гэнэ.  

Гадуур худалдаалагдаж байгаа цонхтой цаасаар ааруулынхаа савлагааг шийдэж байгаа. Цаашид ааруулаа хэрэглээд дуусахад савыг нь ашиглаж болохуйцаар шийдэхээр зорьжээ. Багаж, талх, зүү утасны хайрцаг болгон ашиглахуйц “ширээн дээр үлдэх” савтай болгоход анхаарна гэв.

-НЭГ КИЛОГРАММ ААРУУЛ ГАРГАХ ГЭЖ ГУРВАН ЦАГ “НОЦОЛДДОГ”-

Ааруулаа хийхийн тулд нутгийнхаа малчдаас их хэмжээний аарц цуглуулан авчээ. Он гарснаас хойш гурван тонн аарц нөөцөлж, 500 килограмм ааруул борлуулснаа хэлсэн. Энгийн ааруулыг нэг цагт 30 гаруй килограммаар нь хэвлэн гаргадаг бол нэг килограмм шагайн ааруул гаргах гэж гурван цаг ноцолддог гэнэ. Үнэ өртөг, хүний гарын хөдөлмөр хөлс шаардагддаг, дээрээс нь оюуны хөдөлмөр шингэсэн учраас нэг килограммыг нь 35 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж. Ирэх жил гэхэд тасаг байгуулан өөрсдөө сүүгээ боловсруулан сайн чанарын аарц гаргаж, түүгээрээ ааруул хийх зорилго тавьжээ. Цаашид үйлдвэр бариад өргөтгөчихвөл жилд арван тонн ааруул үйлдвэрлэх төлөвлөгөөтэй гэв.

-ТЭТГЭВЭРТ ГАРСАН, ӨРХ ТОЛГОЙЛСОН АРАВ ГАРУЙ  ЭМЭГТЭЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАН АЖИЛЛУУЛЖ БАЙНА-

Т.Бат-Амьдрал ааруулын үйлдвэрлэлдээ тэтгэвэртээ гарсан, өрх толгойлсон арав гаруй эмэгтэйчүүдийг цалинжуулан ажиллуулж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд амьдралаа авч явж буй хүмүүст л ажил олгохыг зорьжээ. Үйлдвэрлэл нь өргөжөөд ирэхийн цагт сум, орон нутгийнхаа олон ч хүнийг ажлын байраар хангахыг боддог гэнэ лээ.

-СУМАНДАА ААРУУЛЫН ТОМ ҮЙЛДВЭР БАРЬЖ, НУТГИЙНХАА ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХЫГ ХҮСДЭГ-

-Энэхүү ааруулыг хийх болсон хамгийн том шалтгаан тань юу байв?

-Одоо цагт өв соёл, уламжлал гэдэг зүйл мартагдаж, гээгдэж байна. Миний хийсэн шагай ааруулыг тавган дээрээ тавиад, ширээгээ тойроод сууж байгаа айлд нэг яриа үүсэж л таарах байх. “Энэ юу вэ, ямар хэлбэртэй юм бэ” гээд сонирхох хүүхэд олон гарах болов уу. Хүүхэд багачуудад шагайгаар дамжуулан өв уламжлалаа таниулах зорилго тээсэн гэх үү дээ. Хүүхэд багачууд гэлтгүй гадаадын жуулчдын сонирхлыг Монгол шагай татах нь гарцаагүй. Тавагтай идээн дээрээс л Монголчууд шагайгаа танилцуулчихна шүү дээ.

-Хотын хүүхдүүд ялангуяа аарцыг төдийлөн хэрэглээд байдаггүй. Цагаан идээний хэрэглээний тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Аарц, ааруул нь кальцийг нөхдөг чухал зүйл. Шүд, яс бэхжүүлэх давуу талтай. Эрт дээр үеэс аарц, адууны махаар л дэлхий дахинд тархсан муухай вирусуудыг давж ирсэн гэж ойлгодог.

-Цаашид аарцны үйлдвэрлэлээ хэрхэн яаж өргөжүүлэх зорилго тавьж байна вэ?

-Ирээдүйд шагайн ааруулаараа ISO9001 стандартыг авах. Чадахгүй юм аа гэхэд орон нутгийнхныгаа байгалийн цэвэр аарц, ааруулаар хангах зорилготой. Нутагтаа ааруулын томоохон үйлдвэр босгоод илүү олон хүнийг, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангамаар байна. Үйлдвэрийн ариун цэврийн шаардлагыг дээд зэргээр хангасан орчинд ажиллуулах мөрөөдөлтэй. Болж л өгвөл Монгол орныхоо 21 аймагт борлуулалтаа хийх, экспортод гаргаж Өвөрмонгол, Оросын Буриадын том зах зээлд гаргахыг зорино. Тэр хүртэл цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах байх.

-Шагайн ааруулын үйлдвэрлэлээ хэрхэн эхлүүлж байв. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид ихэвчлэн зээл авч үйлдвэрлэлээ эхлүүлдэг. Таны хувьд зээл авч эхлүүлсэн үү?

-Зээл аваагүй ээ. Юу ч хийгээгүй байж зээл авъя гэхээсээ илүү хийгээд харуулчхаад дараа нь зээл авъя гэж боддог юм. Хийсэн юмтай, тэр нь тодорхой хэмжээний ашиг олсон байж хүнээс юм гуйх хэрэгтэй. Тэгэхгүй бол хийнэ гээд яваа ажлаа ч өөрөө ойлгохгүй хүмүүс байдаг.  Үүнээс бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл очих ёстой хүндээ очихгүй байгаа байх л даа. Хийж чадаж байгаа ч хүн бий, үгүйсгэх аргагүй. Гагцхүү ялгаж салгах хэрэгтэй.

Аав, ээжийнхээ зөгийн балны аж ахуйд хамтарч ажиллаад хоёр гурван жил болж байна. “Сараана” брэндийг өвөлж аваад, түүнээсээ олсон жаахан ашиг орлогоосоо энэхүү үйлдвэрлэлээ эхлүүлсэн гэж хэлж болно. Идэж уух, өмсөж зүүхээ хасаж байж л эхлүүлж байна. Үхэл, өвчин хоёроос бусад нь аяндаа болно доо л гэж бодож явдаг юм.

-ААРУУЛЫН ВИДЕО МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДСАНЫ ДАРАА МОНГОЛ ОРНЫ ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС ХҮМҮҮС ХОЛБОГДЖЭЭ-

Борлуулалтын хувьд Хэнтий аймгийн “Нутгийн бренд” дэлгүүрт, Хэнтий аймгийн Биндэр суманд өөрийнхөө “Бумжид” нэрийн дэлгүүрт, Улаанбаатарт “Сүмбэр” худалдааны төвд борлуулж байгаа аж.  

Ааруулын видео мэдээлэл цацагдсанаас хойш Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс холбогдож худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлцгээн, захиалгаа өгч байгаа аж. Тухайлбал, Ховд, Орхон, Өмнөговь аймгаас холбогджээ. Мөн “Аймаг аймагтаа борлуулалтыг чинь хийгээд өгье, гэрээт борлуулагч болъё” гэсэн хүмүүс ч өдөр шөнөгүй залгаж байгаа гэлээ. Томоохон үйлдвэрлэлийн хэмжээнд хөрөнгө оруулан хамтран ажиллах санал ч иржээ. Хамтарч ажиллах хэн бүхэнд нээлттэй гэдгийг Т.Бат-Амьдрал онцолж байлаа.  

-ААРУУЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ЭСГИЙ ГЭРИЙН ТООНО ХЭЛБЭРТЭЙ ГЭРЛИЙН АВЖУУР УРЛАДАГ БАЙЖЭЭ-

Шагайн ааруулын үйлдвэрлэлээ эхлэхээс өмнө тэрээр модоор гэрлийн авжуур урлан борлуулдаг байжээ. Багаасаа гарын ур дүйтэй байсан Т.Бат-Амьдрал “Топ мебел” компанид ажилладаг байхдаа модон эдлэл урладаг байжээ. Компанийхаа авжуурыг айлуудын захиалгаар хүргэлтээр аваачин суурилуулж өгдөг байжээ. Гэтэл нэг удаа “Монголд гэрлийн авжуурын үйлдвэр байдаг болов уу” гэдэг асуулт орж иржээ. Ингээд судлаад үзэхэд байгаагүй аж.

Ингээд гадаадаас орж ирсэн авжуурыг хүмүүс авч болоод байхад үндэсний өв соёл шингэсэн авжуур яагаад байж болохгүй гэж бодоод “урлаж” эхэлжээ. Сум, орон нутгынхаа гарын эв дүйтэй таваас арван хүнийг цалинжуулаад ажиллуулах бодол байдаг ч, санхүүгийн асуудлаас болж хэрэгжүүлж чадаагүй яваагаа ярьсан юм. Мөн тэрээр “Хийх л юм бол зах зээл нь бэлэн байна. Бид үндэсний өв соёлоо ухаад баршгүй том” хэмээн ярьж байлаа.

-НИЙСЛЭЛД ЦАХИЛГААНЧНААР АЖИЛЛАЖ БАЙГААД ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ЗӨГИЙН АЖ АХУЙД ТУСЛАХААР НУТАГТАА ИРЖЭЭ

Т.Бат-Амьдралын гэр бүлээрээ хийдэг, бүтээдэг, хөдөлмөрлөдөг зүйлсийнх нь талаар сурвалжилахад нэг ийм. Харин эднийх ам бүл дөрвүүлээ. Эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг. Түүний гэргий Б.Сарангэрэл ханийнхаа эхлүүлсэн, зорьсон ажил бүрийг нь дэмжиж тусалдаг сайн хамтрагч нь. Т.Бат-Амьдрал өөрийн аав, ээжийн эхлүүлсэн зөгийн балны аж ахуйн “Сараана” брэндийг гэргий болон ах Т.Ерөөлт, дүү Т.Баттулга, ээж н.Оюунчимэг нартайгаа хамтран зүтгэж үргэлжлүүлж яваа юм.

Одоо Хэнтий аймгийн хэмжээний брэнд болон өргөжсөн бөгөөд улсын хэмжээний брэнд болгохын төлөө хичээцгээж явна. Анх “Дэлхийн зөн” ОУБ-аас таван бүл зөгий авч эл аж ахуйгаа эхлүүлж байжээ. Одоо 100 болгон өсгөөд байгаа аж. Энэ хугацаанд асар их хүч хөдөлмөр зарцуулсан байна.  Т.Бат-Амьдрал аравдугаар ангиа төгсөөд Топ мебел компанид цахилгаанчнаар ажилд орж, тэндээ арав гаруй жил ажиллажээ. Ажлын гараагаа эхэлсэн байгууллагаасаа чанар гэдэг зүйлийг маш сайн сурснаа тэр онцолж байлаа.

Тэнд ажиллаж байхдаа их сургуульд сурдаг гэргий Б.Сарангэрэлтэйгээ учирч хамтын амьдралаа эхлүүлжээ. Энэ тухайгаа тэрээр ярихдаа Эхэндээ бид хоёр нэг таксигаар нүүчихдэг байлаа. Дараа нь хоёр таксигаар нүүдэг болсон. Сүүлдээ компанийхаа нэг машинаар нүүдэг байж байгаад хоёр хүүхэдтэй болохын цагт хоёр машинаар нүүдэг болсон /инээв.сурв/ гэсэн юм.

Мөн тэрээр гэргийнхээ тухай: хотын паартай байрнаас наашаа зүтгэн хамт амьдрахаар ирсэн. Хань минь намайг үнэхээр сайн ойлгож, дэмждэг гэсэн. Ийн амьдарч байгаад 2017 онд гэр бүлээ дагуулан аав, ээжийнхээ зөгийн аж ахуйд нь туслахаар нутагтаа нүүж ирэн суурьших болжээ.

-ГЭРГИЙ Б.САРАНГЭРЭЛ: ЗӨГИЙН БАЛАА АШИГЛАН УРУУЛЫН БАЛЬЗАМ, ЛАА ХИЙСЭН-

Гэргий Б.Сарангэрэл нь зөгийн аж ахуйгаа ашиглан янз бүрийн бүтээгдэхүүн хийдэг. Уруулын бальзам, лаа хийсэн нь нутгийнханд нь ихээхэн таалагдаж, дорхноо борлуулагдаж дуусдаг байна.

Тэрбээр: Т.Бат-Амьдралтай ханилаад арав гаруй жил болж байна. Хөдөө ирж амьдраад зөгийн аж ахуй эрхлэх болсон. Зөгийнөөс маш олон төрлийн бүтээгдэхүүн гардаг. Би балны хаалт, лаа, уруулын бальзам хийсэн. Цөөн тоогоор хийдэг учир хурдан борлуулагдаж дуусдаг. Хүмүүс ахин хэрэглэмээр байна, ахиад хийх үү гэж маш их асуудаг болсон. Хийсэн бүтээгдэхүүнээ өөр дээрээ туршчихдаг юм дөө. /инээв.сурв/. Цөөн тооны лаа хийхэд л аваад дуусчихдаг. Аав, ээжинйхээ олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үр шимийг улам цэцэглүүлэн хөгжүүлэхийг зорьж явна. Аав, ээжийнхээ хийж байсан зүйлүүдийг л үргэлжлүүлж, ганц хоёр зүйл санаачилж хийсэн болохоос биш бүгдийг нь ганцаараа хийгээгүй л дээ. Уруулын бальзамаас гадна саван, ванны бөмбөлөг зэргийг хийх бүрэн боломжтой. Хийе гэж боддог юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хатнаа
Хатнаа
2020-01-22 11:00

Мундаг шүү Амжилт хүсье

Naraa
Naraa
2020-01-22 11:54

Mundag . Nutgiin dvvdee amjilt hvsey. Ger bvld nivervvl enh az jargal hvsey.

Батчимэг
Батчимэг
2020-01-22 12:31

Ангийн найздаа цаашдын ажилд нь улам их амжилт хүсье

Зочин
Зочин
2020-01-22 12:34

Uneheer mundag

Амархүү
Амархүү
2020-01-22 12:48

Аливаа үйл хэргийн эхлэл тухайн зүйлийнхээ т�##� хувь нь байдаг гэдэг.Дүү эхлэлээ ямарч байсан зөв тавьж.тэгээд цаашаа зүтгээд байждээ.амжилт

Зочин
Зочин
2020-01-22 15:17
Reply to  Амархүү

bvgded ni bayrlalaa

Отгоо
Отгоо
2020-01-22 12:49

үнэхээр сайхан мэдээ уншлаа, ажилсаг з�##�уучууддаа амжилт хүсье

Зочин
Зочин
2020-01-22 17:27

Үүнийг бичиж байгаа хүн гарчигаасаа утгыг �##�даа гаргажээ Шагайн ааруул гэхээр шагайнаас гаргаж авсан мэт утга үүсгээд байна

Зочин
Зочин
2020-01-22 17:31

Шагай хэлбэрийн ааруул /аарцаар л хийж байгаа юм байна/ гэнээ Сайн з�##�уус байна Улхм амжилт хүсэё

Зочин
Зочин
2020-01-22 17:40

Ааруулыхаа өнгийг дан цагаанаар хийвэл илүү гоё Амжилт Сайхан з�##�уучууд байна.

Цэээкү
Цэээкү
2020-01-24 13:14

САЙХАН МЭДЭЭ БАЙНА. МУНДАГ ЮМ БЭ? УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ

Цээг
Цээг
2020-01-25 13:22

Уг нь гоё л юм. Даанч үнэтэй юмаа. Хотод ирэхээрээ наймаачдын гар дамжаад 40 болно. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр л байна.

Bebn bebn
Bebn bebn
2020-01-26 22:43

Amjilt husie ta 2rtoo nutgiin nzuudaaraa baharhaj bna iluu ihiig hiij buteegeerei

Зочин
Зочин
2020-02-18 15:25

Хүний хань гэж ийм байдаг юм. Аз жарг�##� ажил үйлсэд сайн сайхан бүхнийг хүсье

Энхжаргал
Энхжаргал
2020-03-01 11:05

Оюуны өмч хулгайлсан муу з�##�уус байна.

Энхжаргал
Энхжаргал
2020-03-01 11:07

Оюуны өмч хулгайлсан нөхөд

ЗОЧИН
ЗОЧИН
2021-06-08 11:52

Мундаг з�##�уус байна. Улсаас х�##�амж хараад суудаг хүмүүсийг бодвол ажилтай, амьдр�##�аа өөрсдөө аваад явдаг ийм л з�##�уус олон байж улс орон минь хөгжинө шүү дээ. Улам их амжилт, эрүүл энхийг хүсье

zochin
zochin
2021-06-10 06:51

Amjilt husii ! Aaruulaa natural aar ni ongogui hiivel iluu eruul taldaa shu, esvel ongogui aaruulaa dangaar ni ongoteigoo tusad ni zarah huvilbartai hiigeerei.

иргэн
иргэн
2021-08-01 11:47

гоё юмаа. Ажилсаг хүүхдүүдэд Амжилт хүсье. Чадв�##� холбогдож зөвөлгөө санаа өгөхийг бодно оо. Цагаан идээнд дуртай хүн байна аа.

Холбоотой мэдээ

Back to top button