Альбер Камюгийн охин Катеринтай ярилцсан тэмдэглэл: “Аав бол миний алдаа”

Өдгөө Францад амьдардаг сэтгүүлч Даниел Эганы, их зохиолч Альбер Камюгийн ганц охин Катеринтай 2003 онд хийсэн ярилцлагыг, өөрийнх нь тэмдэглэл бичвэрийн хамт орчуулан хүргэж байна.

Парист, Альбер Камюгийн тухай нэгэн эрдэм, шинжилгээний хуралд оролцохынхоо урд шөнө навтас болтол нь үнгэсэн “Этгээд хүн”-ий хуучин муу хэвлэлийг уншиж хоносон билээ. Канадаас гэрэл гялбалзсан хот дахь шинэ амьдрал руугаа тээшилж, авч явсан ганцхан ном маань тэр. Тэгэхэд, бараг арав дахь удаагийн уншилт болсон бөгөөд хуучин цагийн хөрштэйгөө эргэн нэг уулзах шиг санагдсан билээ. Зарим зүйлс яг урьдынхаараа, харин зарим нь онхи өөрчлөгдчихсөн байхыг үзэх мэт. Найруулга зүй, соёлын үзэгдлийн хувьд ч, хувь сэтгэгдлийн үүднээс ч үргэлжид дөнгөж өчигдөрхөн бичигдсэн мэт санагддаг бүтээл л дээ. Хүн нэгэнт бүтээгдчихсэн урлагийн агуу туурвилыг хэзээ ч давж үл чадах билээ.
“Альбер Камю ба худал” гэсэн нэртэй, хоёр өдрийн тэр хурлыг Помпиду төвөөс зохион байгуулж, бүхэл Европын их сургуулиудын эрдэмтэд ирж лекц уншсан юм. Уншлага “Albert Camus, une ecriture de la Verité” сэдвээр эхэлж, дөнгөж 10 минут өнгөрөхөд л харьж франц хэлний номоо тэвэрсэн нь хавьгүй зөв санагдав. Ерөнхийдөө гань ганцаар тусгаарлагдаж орхилоо. Харин азаар хоёр дахь өдрөө үй түмэн Камю судлаач, үрчгэр хослол хэдэрсэн профессорууд дундаас Катерин Камю хэмээх өөр нэгэн тусгаарлагдсан нэгэнтэй учирсан юм.
Катерин руу ширтэхэд хар, цагаан судалтай банзал, цайвар өнгөтэй хөвсгөр хүрэм өмссөн жижигхэн эмэгтэй толгой дээрээ нэхмэл хар малгай тэгсхийгээд тавьчихсан, нүдний шилний нь цаанаас үл ялиг гуниг үнэртэх дүр зураг харагдав. Гүйж очоод тас тэврээд авмаар ч юм шиг санагдаж билээ. Гэвч Парист хүмүүс найзуудаа ч тэврэхгүй. Нүднээс нь этгээд оч гялсхийсэн, үдшийн хагасыг “Этгээд хүн” уншиж, хүүгэх салхи, хог ачих машин, гөлөмцүү улсын дуун дундаас хорвоог анирдах гэж хичээн өнгөрүүлэх хүмүүсийн тухайд бүр яриад ч хэрэггүй. Тийм ээ, Камюгийн шүтэн бишрэгчид гэж тэд дээ.
Тэр надад Камютай аргагүй адилхан харагдлаа. Ялангуяа гуниг гутралын эрчим цахилсан дугуй нүд, ам зэрэг нь тун ч төстэй. Харин тэр “Би ээжтэйгээ илүү адилхан төрсөн” хэмээв.
Катерины ээж Францин Камю 1979 онд насан өөд болоход, тэр аавынхаа зохиогчийн эрхийг албан ёсоор эзэмших болжээ. Бүх хэвлэн нийтлэх эрх, зохиолоос нь сэдэвлэж бэсрэг жүжиг тавих гэсэн оюутнуудын хүсэлт, Камюгийн ганцаар, бусадтай авхуулсан гэрэл зургууд, олон амрагууд руугаа бичсэн хайрын захидлууд нь хүртэл Катерины мэдэлд ингэж очжээ. Домог болсон хүний охины хувьд тийм ч амар ачаа биш нь мэдээж, Дон Жуаны охин ч түүнээс бага тарчлах биз ээ. Гэвч Камюгийн хэвлүүлж амжаагүй намтар роман болох “Анхдагч хүн”-ийг 1995 онд эмхэтгэн гаргасан гавьяад нь талархах хэрэгтэй юм. Үүнээс ч гадна түүний ачаар бид Камюгийн хайрын захидлуудыг Оливер Тоддын “Камю: Нэгэн амьдрал” номоос уншиж, Лурмарин дахь гэр бүлийн амралтын газраасаа Парис руу яаран сандран хөдлөхийнхөө өмнөхөн сараачсан орлого, зарлагын тэмдэглэлүүдтэй нь танилцсан билээ. Эдгээр бичвэр, тэмдэглэлүүдийг тэр галт тэрэгний үхсэн тасалбар халааслаад, 47 насандаа автомашины осолд орохоосоо өмнө амраг бүсгүйчүүдийнхээ нэгэнд ч өгч, үлдээгээгүй.
Хайртай зохиолч гэдэг сэтгэлд хайртай дотно элгэн садны нэгэн адилаар оршдог. Өгчилгөх дотоод дуу хоолойг нь тогтоон сонсох тусам бид өөрсдөө тэдэнтэй адил болж, өөрчлөгдсөөр байдаг. Эцэг, эхээс ялгаатай нь тэд таныг хэзээ ч зэмлэж, шийтгэхгүй, номынх нь хавтсыг нээх бүрд өтөж өмхөрсөн хуучин орчлоосоо даллан дуудаж, илэн далангүй яриа өрнүүлэхэд хэзээд бэлэн байдаг билээ. Харин тэдний төрсөн үр хойчистой нь нүүр тулан уулзах үед, мань зохиолчийн сүнс миний ч цус, хөлс, нулимсанд оршиж буйг мэдэрдэг. Энэ тийм муу зүйл биш байх.
Мурий хазгай франц хэлээр би Катерин Камюг “Du Nihilisme au Silence Totalitiare” сэдэвт лекцийн дундуур сэмээрхэн гарч ирээд, тамхилангаа ярилцаач гэж ятгалаа.

-Аав тань өөрийнх нь философийг харанхуй өрөөнд тойрч суугаад өдөржин судалж, хэлэлцэж, маргаж мэтгэлцэх энэ олон судлаач, оюутнуудыг хараад юу гэж бодох байсан бол?
-Францаар ярих нь зөв үү? Аль болох удаан ярина аа. Би ер нь хурал, зөвлөгөөнүүдэд дургүй. Камюгийн тухай хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал гэдэг өөрөө худал. Энэ хурлаар лав худлын талаарх түүний өөрийн байр суурийг бараг ярьсангүй гэж харлаа. Уг нь бүтээлүүд дээр нь илэрхий бичигдээд үлдчихсэн байгаа. Би энд ирсэн хүмүүсийг шүүхгүй. Тэд хэрэгтэй газраа хүлээсэн ажлаа хийгээд л явж буй улс. Хувь хүний хувьд бол эрдэм, шинжилгээний хурал миний байх газар биш. Их сургуульд Камюг судалдаг оюутнуудыг эрлээ "гаднаас” хийх хэрэгтэй гэж би боддог юм, сургуулийнхаа судалгааны ажилд баригдаж биш. Тэнд үргэлж жинхэнэ амьдрал, нэг тийм амьд чанар гэмээр зүйл дутдаг. Ганцын төдий бодролд хүрч очихын тулд л тэр. Ердөө ганц шүү! Сургуулийн байрнаас гараад ном унш. Ном өөрөө энэ бүхнийг эв зохицолтойгоор өөртөө агуулсан нэг нэгж. Гэвч эрдэм, шинжилгээний хурлаар хэн нэгэн зөвхөн тодорхой хэсгийг нь өөрийнхөө өнгөөр салгаж уншаад л явчихна, ингээд шууд нөгөө амьд чанар маань алдагдах болдог. Учир нь амьдрал өөрөө бүхэллэг, цогц шинж чанартай. Бас зогсдоггүй, үргэлж цааш өрнөдөг. Тэгэхээр энд л эрдэм, шинжилгээний хурлын асуудал нь байгаа юм. Номын бага, сагахан хэсгийг салгаж ярина гэдэг ихэнхдээ л бүхэллэг сүнсийг нь гээж, орхигдуулахын нэр.
-Илтгэгчдийн нэг нь бүр өөрийгөө ч хянаж чадахгүй байна билээ. Өчигдөр нэг уншлагын үеэр дохилзоод авсан.
-Харсаан, тэгээд юу гэж? [Инээв.]
-Эндэх илтгэгчид бүгд европ хүмүүс шүү дээ. Та араб судлаачидтай уулзаж явав уу. Ялангуяа алжирчуудтай?
-Үгүй ээ, би ер Алжирын тухай юу ч мэдэхгүй. Жаахан охин байхдаа тэндээс явсан. Буцаж очихыг хүсдэггүй. Бүгд миний хувьд үхсэн. Миний гэр бүлийн хувьд ч адил.
-Та эмээгээ мэдэх үү?
-Тийм, мэднэ. Нэг их яриа эмэгтэй байгаагүй ээ, сонсголгүй, дүлий хүн байсан. Бид гараараа л ойлголцдог байв.
-Аавыгаа өнгөрөхөд та хэдэн настай байсан бэ?
-14.
-Өнгөрөхөөс нь өмнө түүний ямар нэг номыг уншиж үзсэн байсан уу?
-Ганцыг л. “Калигула” жүжгийг нь. Тэгэхэд 12-той байж. Аав их гайхсан. Би харин хөгжилтэй юм байна гэж хэлсэн. "Инээдэмтэй юм аа” гэж. “Хөгжилтэй байна гэж үү?” гэж асуусан, "Тийм ээ хөгжилтэй”.
-Хожим нь уншаад тийм ч хөгжилтэй эд биш байж гэж бодсон уу?
-Тийм бас үгүй. Ер нь үргэлж хөгжилтэй зүйлийг тэндээс мэдэрдэг. Хөгжилтэй биш юмыг зөндөө үзэж явлаа.

-“Анхдагч хүн”-ийг хэвлэлтэд бэлтгэх хувь хүний тань хувьд мэдээж амаргүй байсан байх. Хэр хугацаа зарсан бэ?
-Маш удсан, тав байна уу зургаан сар болсон. Аавын эрхийг 1980 онд аваад удаагүй үе болохоор сурах юм ч их байсан. Олон хүний тус дэмжлэгээр бүтсэн нүсэр ажил болсон шүү. Бүтэн гурван тэмдэглэлийн дэвтрийг нэвтэрхий тайлж ойлгох хэрэгтэй болсон. Нохой шиг л ажилласан, толгой өндийгөөгүй. Бүр тамирдаж гүйцсэн. Хоёулаа тамхилах уу?
-Та аавынхаа зохиогчийн эрхийг албан ёсоор эзэмшиж буй. Харин, ах тань одоо байдаг юм уу? [Тэд ихрүүд юм.]
-[Катерин янжуураа шүүлтүүрээс нь мултлаад хар сорууланд углалаа.] Тийм бас үгүй. Ах өөрийнхөө тухай хэзээ ч ярьж байгаагүй. Би их олон зүйл мэднэ. “Анхдагч хүн”-ий тээсэн бүх зүйлийг мэднэ. Гэхдээ ахын тухай хэзээ ч дуугараагүй. Тэр өөрөө хүсэхгүй.

-Ээж тань “Анхдагч хүн”-ийг 60-аад онд хэвлүүлье гэсэн ч цаг үе нь тохиромжгүй байсан. Камюгийн анти-коммунист үнэмшил, Франц, Алжир хоорондын маргааныг энх тайвны замаар шийдэх гэсэн үзэл санаа зэргээс нь болж бусад философичид түүнээс дайжиж байсан үе гэх. Гэхдээ би бол тэднийг Камю руу хувийн шалтгаанаар л дайрч байсан гэж боддог. Камюд үл тоогдож, басамжлуулсандаа л.
-Үл тоогдсон эсэх нь тэдний л асуудал, Камютай ямар ч хамаагүй. Тэр бусдыг үл тоож, басамжилж барьдаг хүн байгаагүй. Би ч яг адил.
-Тийм ээ, би ингэж хэлэх гэж л оролдсон байх. Та өөрөө зохиолч болохыг хүсэж байв уу?
-Үгүй. Дуу бичнэ гэвэл илүү дурлана. Энэ миний мөрөөдөл.
-Сонин, сэтгүүлүүд хадгалдаг уу?
-Үгүй. Тэгж үзээгүй.
-Та одоо юун дээр ажиллаж байна?
-Хэлж мэдэхгүй байна. Хийх асар их ажил байгаа ч би их ядарчээ. Амралтын өдөргүй хэчнээн жил өнгөрснийг мэдэхгүй. Би уг нь гэр бүлтэй, хувийн амьдралтай хүн. Ихэнх эмэгтэйчүүд ажил, амралт хоёрыг сайн заагладаг л даа.

-Камюг төлөөлөх ажилдаа хэн нэгнээр туслуулдаг уу?
-Үгүй ээ, би ганцаараа. Жилийн өмнөөс нэг найз маань орж ирсэн. Бид хоёр “Этгээд хүн”-ээр кино хийх тухай ярьж л байна, магадгүй “Тахал”-аар. Магадгүй.
-Кино зохиолыг нь сонгочихсон уу. Та ер нь кино зохиол хүлээж авах уу?
-Юу ч сонгогдоогүй байгаа, гэхдээ уншдаг, үгүй гэж хэлэх нь дийлэнх. Миний санаснаас дэндүү зөрөөд байгаа юм. Би жүжигт дургүй, харин кинонд дуртай. Бид маш их жүжгийн зохиол хүлээж авдаг ч кино зохиол дээр барагтай л үгүй. Чи кино зохиол бичиж үзсэн үү?
-Үгүй. Уг нь тийм л дээ, зөвхөн толгойдоо л. Таны амьдрал гайхалтай ч асар дараатай юм даа.
-Les Deux. Аль аль нь.
-Та уг нь юу хийх дуртай вэ?
-Би хуульч байсан. Захиргааны хуульч, учир нь хүмүүсийг хэн нэгэн төрийн эсрэг өмгөөлөх хэрэгтэй шүү дээ. Гэвч надад хийх цаг байсангүй. Ээж маань дэндүү эрт явчихсан.
-Энэ бүгд дээр ээжтэйгээ хамт ажилласан бол гэж бодож явдаг уу?
-Тийм. Гэхдээ ээжид бүр хэцүү байх байсан болов уу. Тэр бол авааль эхнэр нь, харин би төрсөн охин нь. Хэрэв алдаа гэж байгаа бол, хүн бүр л алддаг шүү дээ, миний хувьд алдаа бол аав. Аав надад тийм ч сайхан амьдрал өгөөгүй, ойлгож байна уу. Би алдсан. Тэгэхээр ээжийн хувьд бүр ч хүнд болж ирнэ.
-Алдаа гэдгээр та яг ямар санаа илэрхийлж байгаа юм?
-Хүн бүтэлгүйтэж болно шдээ. Бүгд л бүтэлгүйтдэг.
-Энэ хариулах боломжгүй асуулт байж мэднэ. Гэхдээ аавынхаа тухай хамт өнгөрүүлсэн ой дурсамжаасаа илүү бичсэн номоос нь илүү ихийг ойлгож авсан уу?
-Би аавын эхний бас сүүлийн охин. Энэ супер оюунлаг. Хүн хайртай хүнээ алдахад, үнэндээ тэр хүн нь үүрд дэргэд үлддэг. Би аавын номуудад зүгээр дуртай, үүнээс хэтрэхгүй. Үүнээс илүү гарах юмгүй. Би амьдралыг зүгээр л аясаар нь угтаж авсан. Юунд ч ял мэт үүрэг хүлээгээгүй.

-Таны хувьд үнэн гэж юу вэ?
-Тэгш эрх. Эрх чөлөө. Бас хайр.
-Ойрх Дорнод дахь яг одоогийн улс төрийн нөхцөл байдлыг харахад үнэн, худлын тухай задалж бодох онцгой сайн цаг үе байна шүү.
-Яг одоогоор, үнэнийг бүр л бага харж байна. Маш гунигтай. Мэдэхгүй юм даа. Яг л цор ганц үнэн бол мөнгө гэж хэлээд байх шиг, гэтэл би мөнгийг худал гэж боддог. Энэ л гунигтай юм даа.
-Та хүүхэдтэй юү?
-Байгаа, том болцгоосон. Хүү маань үнэртэй ус хийдэг хүн болсон. Харин охин хуульч.
-Тэд зохиолч болмоор байна гэж хэлж байв уу?
-Үгүй, азаар. Гэхдээ хүүхдүүд бол бидний хувийн өмч биш. Тэд эрх чөлөөлөг. Дураар нь орхи, тэгээд...бусад нь нэг их хамаагүй. Хүн толгойг нь юу дайраад өнгөрнө, түүнийгээ л хийсэн нь дээр. Нөгөөтээгүүр эрх чөлөө бол хариуцлага, үүнийг хүүхдүүдэд ойлгуулах маш чухал гэж боддог.
-Ойрд та хэнийг уншиж байна?
-Тонни Хэллэрмэн [Инээв]. Этнологийн триллер. Америк зохиолч л доо. Ойрд уншихад арай амар нь тэр байна.
-Би Камюгийн номуудаас “Этгээд хүн”-д хамгийн дуртай. Их олон удаа уншсан. Өчигдөр ч бас уншсан.
-Би бол ганцхан удаа уншсан.
-Тэгвэл таны хамгийн дуртай аавын тань ном юу вэ?
-“Уналт”. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Мэдэхгүй юм даа.
Хурал завсарлаж, Катериныг найзууд нь өдрийн хоол идэхээр аваад явлаа. Бид гар барилцаад, хаягаа солилцов. Дахиад л түүнийг тэвэрмээр санагдсан.

Гэр лүүгээ алхаж явахдаа үнэн, худал, хариуцлага, эрх чөлөөний тухай бодлоо. “Уналт” бол амийг нь аварч чадаагүй, живж үхсэн эмэгтэйн хийсвэр дүрийг байн байн үзэж тарчлах хуульчийн тухай роман. Бодит амьдрал дээр живж үхсэн эмэгтэй нь түүний эхнэр Францин байж, хамт болж бүтэж амьдрах гэж хичээгээд нурсан эмэгтэй. Францин, “Чи энийг бичсэнээрээ надад өртэй боллоо доо” гэж хэлсэн байдаг. Камю санал нэгдсэн. Би яагаад түүнийг итгэл үнэмшлээ тэгш эрх, эрх чөлөөнд өгсөн нэгэн мөртлөө, эхнэрээ симболик хэлбэрээр “живүүлсэн”-дээ өртэй боллоо гэж ятгаж бодсоныг нь гайхаж явдаг. Тэр ер нь худал хэлж яваагүй аж. Тэр бурханд итгэдэггүйгээсээ ч илүү ганц бие амьдралд итгэдэггүй байсан. Гэхдээ өөр хоорондоо сүлэлдэж өгдөггүй ч эрх чөлөө, хариуцлага хоёроос бүрдсэн хайр байдаг гэдэгт итгэдэг байсан гэж бодож байна. Хайр, яг үнэн шиг, өөр ондоо сүүдрүүдтэй.
Энэ бичвэрийг экзистенциализмын бие даалтаар бичиж байснаа санаж байна. Багш хамгийн муу дүнг тавиад буцааж өгч билээ. Тэр бичвэр дотор дурдагдсан үнэн гэдэг үг бүрийн доор зурж, дэргэд нь асуултын тэмдэг тавьсан байлаа. Үнэн гэдгээр чухам юу илэрхийлэх гэснийг маань мэдье гэж бодсон нь тэр. Одоо ч би тэр асуултын тэмдгүүдэд хариулж чаддаггүй, учир нь үнэн гэдэг хайр шиг субъектив зүйл. Үнэн бол уран төсөөлөл. Амьдрал дээр шударга, шударга бус байхын тухайг харин хавьгүй тайлж ойлгож болмоор, хүндээ ойр эд гэж боддог. Ямартай ч надад бичих ёстой “этгээд” кино зохиол байна. Эцэг, эхдээ бичиж илгээвэл зохих захиа, занаа ч байна.
ӨМНӨХ ОРЧУУЛГЫН ЯРИЛЦЛАГА: Cigarettes After Sex хамтлагийн дуучин Грег Гонзалез

...Үнэндээ хайр л ертөнцийг хөдөлгөдөг. Мөн миний хамгийн их анхаарал хандуулж явдаг, надад асар гүн нөлөөлдөг эд л дээ. Хэрвээ гажуудуулж, зам зуур тоомсоргүй орхиод л одчихож болдог зүйл гэж харвал хайрыг үнэгүйдүүлнэ. Энд тэнд их хөглөрөх тусмаа л улам өнгөцхөн, хөнгөмсөг эд болж хувирна...
Бүрэн эхээр нь энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.