ДЭЛХИЙ

Эмэгтэй хүн байдгийг мэддэггүй 40 настай эр

Хо Ван Ланг хэмээх энэ Вьетнам эр 40 жил соёл иргэншлээс хол хөндий аж төрсөөр иржээ. Тэрбээр энэ хугацаанд чухам хэрхэн аж төрж, юу хийж байв гэдэг нь тун ч сонирхол татна. Ан ав хийж, жимс ногоо түүж, ер нь л хүн амьтнаас зай барин амьдарсаар ирж. Хо Ван Ланг нэгэн жижигхэн тосгонд 8 жил амьдарч эхэлсэн ч хүрээлэн буй орчныхоо зүйлст одоо хэр нь гайхширсан хэвээр гэнэ. Энэ талаар  “Юнилад” (Unilad) мэдээллийн агентлаг мэдээллээ.

Одоогоос 49 жилийн өмнө буюу 1972 онд Вьетнамын дайны үеэр Хогийн эцэг нь түүнийг бүр жаахан хүүхэд байхад нь ахтай нь хамт 3-уулаа ширэнгэн ой руу зугтан дайжсан аж.

Энэ үйл явдал Тайча Куангнгай хэмээх бүсэд болжээ. Тухайн үед эцэг нь хоёр хүүгийнхээ хамт арваад жилийн турш ширэнгэн ойд аж төрөн, зэрлэг байгальд хэрхэн амь зуух, ан хийхийг зааж сургасан гэнэ.

Тиймээс одоо Хо гарын доорхи эд зүйлсээр урц, оромж төвөггүйхэн барьж, навч, ургамлаар хувцас хунар хийж өмсөн, орчин үеийн зэвсэг техник огт ашиглахгүйгээр ан ав хийж чаддаг юм байна.

Хамгийн хачирхалтай нэг зүйл гэвэл, тэрбээр энэ хорвоо дээр эмэгтэй хүн байдаг гэдгийг ер мэддэггүй байжээ. Учир нь, эцэг нь хэзээ ч эмэгтэй хүний талаар ярьдаггүй байсан гэнэ.

Ингээд Хо 41 насандаа Альваро Сересо гэх хүнтэй тааралдаж, Вьетнамын дайн дууссан, бас эмэгтэй хүн гэж байдаг, тосгонд айх аюулгүй амьдарч болох талаар олж мэдсэн аж. Ийнхүү хүнтэй тааралдаж, танилцсан нь ах дүү хоёрын амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм. Хо Ван Ланг ахын хамт 8 жилийн турш хүмүүсийн дунд аж төрж байна. Тэдэнд орчин нөхцөлдөө дасан зохицоход нэлээд хэцүү байсан ч буцаад ширэнгэн ойд амьдрахыг хүссэнгүй. Амьдралынхаа туршид сайн, муу зүйл гэж юу болох, мөн найз нөхөрлөлийн талаар ямар ч ойлголтгүй байсан гэдгээ Хо ярьсан байна.

Ах дүү хоёр эхний нэг жилд байнга л өвчин тусчихдаг байж. Учир нь, тэдэнд янз бүрийн вирусийн эсрэг дархлаа тогтоогүй байсан гэнэ.

Хо Ван Лангийн хувьд хатуу хөтүү зүйлийг туулж байгаа хэдий ч шинэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаагаас гадна эхнэртэй болно гэсэн итгэл дүүрэн байгаа ажээ.  

О.АНАР

(Эх сурвалж: planetanovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button