НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

“Оюу толгойн далд уурхайн зардал хэтэрснийг геотехникийн шалтгаангүй гэж дүгнэлээ”

Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын ашгийг нэмэгдүүлэх УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Тэд энэ оны гуравдугаар сард ажиллаж эхэлсэн хөндлөнгийн шинжээчдийн баг таван сарын дараа, өнөөдөр дүгнэлтээ гаргасан талаар танилцууллаа.

Тодруулах юм бол, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн шалтгаан “Рио Тинто” компаниас мэдэгдэж байсанчлан геотехникийн нөхцөлтэй шууд хамааралгүй гэж дүгнэжээ.

Энэ тухай тус ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

“Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1,450 сая ам.доллараар хэтэрч, хугацаа 22 сараар хойшилсон. Энэ асуудлаар Засгийн газар Оюу толгойн ТУЗ-д хүсэлт тавьж, хөндлөнгийн шинжээчдийн багийг ажиллуулах санал гаргасан.

Энэ дагуу гуравдугаар сард шинжээчид томилогдож ажилласан ба өнөө өглөө албан ёсоор дүгнэлтээ хүргүүлж байна. Үүгээр зардал, хугацаа хэтрэлт геотехникийн асуудлаас болоогүй гэжээ. Сайн мэдээлэл ирлээ. Хөрөнгө орруулагч талтай хийж буй Засгийн газрын хэлэлцээр урагшлахад энэ ашигтай.

Дөнгөж сая “Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн Г.Амаржаргал захиралтай тус дүгнэлтэд үндэслэн уулзалт хийлээ. Нэгт, энэ асуудалд тайлбар хийгээч. Хоёрт, далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлээч. Та бүхний гаргасан ТЭЗҮ-г батлах боломжгүй байна. Өмнө батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд хийх нь зүйтэй гэсэн шаардлага хүргүүллээ” гэлээ.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

“Далд уурхайн зардал хэтэрсэн талаар хөрөнгө оруулагчид 2019 оны долдугаар сард Засгийн газарт танилцуулж байсан. Урьдчилан тааварлаагүй геотехникийн нөхцөл байдлаас болж ингэлээ хэмээн тайлбарласанн. Тэгвэл хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт нөхцөл байдлыг уг шалтгаантай шууд хамааралгүй гэж үгүйсгэлээ.

Шинжээчдийн ажлын хэсэгт, зэсийн томоохон төслүүд дээр 20-40 жил ажилласан туршлагатай хүмүүс багтсан. Дүгнэлт хэр зэрэг бодитой вэ гэдэг дээр  мөн давхар дүгнэлт гаргасан. Иймд энэ нөхцөл байдалд тулгуурлан цаашдын гэрээ хэлэлцээр үргэлжилнэ” гэв.

Мөн мэдээллийн төгсгөлд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир:

“2020 оны арваннэгдүгээр сард Оюу толгойн ТУЗ-өөс хөндлөнгийн шинжээч ажиллуулах ажил эхэлсэн. Энэ хүрээнд “Эрдэнэс оюу толгой”-шоос хоёр, “Туркоиз Хилл Ресурс” компаниас хоёр гишүүн бүхий тусгай хороо бүрдсэн. Уг хороо ажиллаж, найман гишүүнтэй шинжээчийн баг томилсон. 35-40 жил ажилласан” гэж мэдээллээ.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button