ХУУЛЬ: Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нар ТНБД-ын алба хаших шаардлага хангахгүй

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинээр байгуулж буй Цахим хөгжлийн яамны ТНБД-аар Б.Болор-Эрдэнийг, Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД-аар Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалыг томиллоо. Тэгвэл тэд ТНБД хийх шаардлагад нийцсэн хүмүүс мөн үү.
Монгол Улсын Засгийн газрын тухай тухай хуульд зааснаар Монгол Улсын яамд Төрийн нарийн бичгийн даргатай байдаг. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй хүн. Яамны сайд, дэд сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлэх чигтэй, Засгийн газраас томилдог албан тушаал.Энэ албан тушаал нь Тэргүүн түшмэлийн албан тушаалд хамаарна.
Төрийн албаны тухай хууль:
23 дугаар зүйл.Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага
23.2.1.тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж заажээ.

ТӨРИЙН АЛБАНД ХОЁР ЖИЛ АЖИЛЛАСАН Б.БОЛОР-ЭРДЭНЭ ТНБД-ААР АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ
Б.Болор-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын 2020.07.22-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилж байв. Өөрөөр хэлбэл тус газрын даргаар ердөө хоёр жил ажиллаж байсан. Тэгэхээр дээрх хуульд заасан ТНБД болох болзол шаардлагыг хангахгүй байна. Тэрбээр тэргүүн түшмэл байтугай эрхэлсэн түшмэлийн албан тушаалд найман жил ажиллаж байсан туршлагагүй хэмээн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар очих үедээ шүүмжлүүлж байсан юм.
Б.Болор-Эрдэнэ нь 2007-2011 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд элсэн орж Олон улсын харилцааны бакалавр зэргээр, 2011-2014 онд БНСУ-ын Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэргээр, 2017 онд Английн Оксфордын Их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.
Ажлын туршлага:
-2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн,
-2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн
- 2013 онд Дэлхийн банкны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн,
-2017 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газар судлаач, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагад гэрээт зөвлөх,
-2018 онд Дэлхийн банкны Австрали Улс дах салбарт гэрээт зөвлөх,
-2019 онд Английн Оксфордын Их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн ерөнхий зохицуулагч,
-2020 оноос өнөөдрийг хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

-Х.БАТЖАРГАЛ ТӨРИЙН АЛБАНД ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАСАН, ТНБД-ЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ -
Харин Эдийн засгийн хөгжлийн яамны ТНБД-аар Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалыг томилжээ.
Түүний хувьд төрийн албанд 2014 оноос ажиллаж эхэлжээ. Тиймээс дээрх хуулийн заалтын дагуу мөн л ТНБД хүн төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байна.
Боловсрол
- 1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль
- 2002 онд МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургууль
- 2010 онд Лондон хотын Кенсингтон бизнесийн коллеж
- 2012 онд Их Британийн Уэльсийн их сургуулийг тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 2003-2006 онд Үнэт цаасны хороонд мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн
- 2006-2008 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал
- 2012-2014 онд "Инвенто" компанийн гүйцэтгэх захирал
- 2014-2016 онд БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал
- 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2018-2020 онд мөн яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажилласан. Монгол Улсыг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлийн суурь конвенцын хүрээнд Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдэх ажлыг удирдаж байсан нэгэн.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль гэдэг юмыг нулимаад шиддэг засагтай болжээ
Монголын төр энэ хүүхэнд заавал ажлын байр гаргаж өгөх ёстой юм бол уу? Оюун-Эрдэнэ заавал албан тушаал гаргаж өгнө гээд ам өчиг өгчихсөн юм бол уу?
Aldiiim bn doooo
Мэдлэг чадвар нь байвал жил ямар хамаатай байхав. Мэдлэг чадваргүй олон жил татварын мөнгөөр ходоодоо баярлуулагсад олон байгаа болоод монгол улс урагшлахгүй байгаа юм.