Төв цэвэрлэхийн үнэрийг бууруулах байгууламж ашиглалтад оржээ

Барилга хот, байгуулалтын яамнаас "Лаг усгүйжүүлэх байгууламж" шинээр барьж Улаанбаатар хотын захиргаа болон Ус сувгийн удирдах газарт хариуцуулж, ашиглалтад орууллаа. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь бохир усыг цэвэрлэх явдаа төрөл бүрийн хаягдал, лаг үлдэцийг ялган авдаг. Эдгээр бохирдол нь амархан ялзарч, эвгүй үнэр үүсгэдэг, удаан хатаж эрүүл ахуйн хувьд эрсдэлтэй орчныг бүрдүүлдэг байна.
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй, түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг байдлаас болж таагүй үнэртдэг аж. "Лаг усгүйжүүлэх байгууламж" ашиглалтад орсноор илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээ 5-8 дахин буурч, таагүй үнэр багасах юм.
Лаг усгүйжүүлэх байгууламж нь лаг шахах насос, химийн бодис найруулах, туналах төхөөрөмжүүд, лаг усгүйжүүлэх центрфугийн төхөөрөмж, бункер, цэвэрлэгээний вакум насос, агаар үлээгч, агааржуулалтын систем, хорт хийнээс сэргийлэх болон хяналт удирдлагын системээс бүрджээ. Хоногт 2,500м.куб лаг усгүйжүүлэх хүчин чадалтай байна. Лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК буюу полиалюминумхлорид төрлийн химийн бодис ашиглах юм.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.