"Хувьсаж буй боловсрол": Ачаалал их, цалин бага хэмээн багшийн мэргэжлээс зугтаж байна

"Хувьсаж буй боловсрол" үндэсний хэлэлцүүлгийн салбар хэлэлцүүлэг энэ оны зургаадугаар сарын 16-29-ний өдрүүдэд болжээ. Салбар хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, хүүхэд, залуус, зургаан аймгийн 30 сургуулийн багш, удирдлагууд гээд 500 орчим хүн оролцсон байна. Нийт таван салбар хэлэлцүүлгээр
- Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт
- Тэгш, хүртээмжтэй, аюулгүй, эрүүл сургууль
- Амьдрал, ажил хөдөлмөр, тогтвортой хөгжлийн төлөөх суралцахуй ба ур чадварууд
- Багш, багшлахуй болон багшийн мэргэжил
- Боловсролын санхүүжилт сэдвүүдийг хөндөж, ярилцсан байна.
Харин өнөөдөр нэгдсэн хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан саналуудыг НҮБ руу явуулах юм байна. Тодруулбал, есдүгээр сард Нью-Йорк хотод болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад улс орнууд боловсролын салбараа хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллахаа тодотгож, өөрсдийнхөө амлалтуудыг өгөх аж.
НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра
-Цар тахлын улмаас болж боловсролын салбарт хүндрэл учирсан. Тиймээс бид танхимын сургалтыг үргэлжлүүлэн явуулах ёстой. Гэхдээ аливаа хямралд бэлэн байхын тулд дижитал шилжилтийг боловсролын салбарт нэвтрүүлэх чухал. Үүнийг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдгийг ярилцаж байна. Ингэснээрээ цаашид монголын боловсролын салбар E-Mongolia платформыг ашиглан дижитал хоцрогдлыг арилгаж, дэлхийн хэмжээний өндөр чанартай боловсролыг хүүхэд залуучуудад хүргэх шийдэл олно гэдэгт итгэлтэй байна.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.Санжаабадам
-Таван хэлэлцүүлгийн нэгийг нь хүүхэд ахлаад, чиглүүлээд явсан.
Хүүхдүүдийн хувьд: Боловсрол эзэмших хэрэгцээг аль болох уян хатан байдлаар хангаж өгөөч гэж маш тод хэлж байсан. Ямар хичээлийг, ямар хэлбэрээр, хэдэн цагт үзмээр байгаагаа хүчтэй илэрхийлж байсан. Мөн хүүхэд, залуучуудаас багшийн эрхийг хамгаалах, багш хөгжих боломжийг бүрдүүлэхтэй холбоотой шаардлагуудыг гаргаж ирж тавьсан. Багш нарт дэмжлэг хэрэгтэй байна. Сэтгэл зүйгээр нь дэмжиж, урамшуулах хэрэгтэй байна гэдгийг хүүхдүүд өөрсдөө гаргаж ирж тавьж байгаа нь их сонин, содон байлаа.
Багш нарын хувьд: Өөрсдийнхөө тасралтгүй хөгжих боломж, нийгмийн байр байдлаа сайжруулахтай холбоотой асуудлуудыг гаргаж тавьж байна.
Боловсрол гэдгийг зөвхөн сургуулийн, багшийн түвшинд ойлгох ойлголт биш. Гэхдээ хүүхдийн боловсрол эзэмших нэг том тулгуур нь багш. Багшийн чанарыг олон үе ярьж байна. Гэхдээ энэ цаг үед чадвартай хүүхдүүдийг багшийн мэргэжил сонгодог болгох, багшаар төгсөж байгаа хүүхдүүд боловсролын салбарынхаа хэрэгцээг хангахуйц багш болох зэрэг асуудлыг бид нэн түрүүнд ярьж байна. Хүүхдүүд ч гэсэн хоорондоо чи багшийн мэргэжил эзэмших үү гэсэн асуудлыг сайн дураараа ярьж байсан.
Нэг хүүхэд "Багшийн ачаалал маш их байдаг. Өөрийгөө хөгжүүлэхэд цаг олдохгүй байх гэж бодож байгаа. Тиймээс би багш болохгүй ээ" гэсэн.
Харин өөр нэг хүүхэд "Би багш болоод ажилламаар байгаа ч цалин нь бага учир сонгомооргүй байна" гэсэн. Ер нь сурагчид ийм хандлагатай болсон байна.
Гэхдээ чадвартай хүүхдүүд багш мэргэжлийг сонгож буй, сайн багш нарын орон зай байгаа гэдгийг үгүйсгэж болохгүй. Дийлэнхийг нь хөгжүүлэх, дэмжих шаардлагатай байгаа гэдгийг бид үгүйсгэхгүй. Ирэх хичээлийн жилээс багш өөрийн хүссэн чиглэлээр сургалтад хамрагдаж, мэргэжлээ дээшлүүлэх боломжтой болж буй. Багш мэргэжил дээшлүүлэхтэй холбоотой мөнгөний хэмжээг хүүхдийн хувьсах зардалд суулгаж өгч байгаа.
М.НАМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦАЛИН БАГА ҮНЭН, СҮҮЛИЙН ҮЕД МАТЕМАТИК ХИМИ ФИЗИКИЙН БАГШ ОЛДОХОО БАЙЛАА. ХҮҮХДҮҮД МАТЕМАТИК, ХИМИ, ФИЗИКЭЭР СУРАХАА БАЙЛАА.