Энэ өвөл нийслэлчүүд шахмал түлш түлэх үү, хагас коксжуулсан нүүрс үү

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гэнэтхэн шинэ түлш нэвтрүүлэх тухай ярьж, мэдээлж эхэлсний дараа олон нийтэд эргэлзээ үүссэн. Өмнөх сайжруулсан шахмал түлшээ яах вэ. Дахиад л нүүрс түлэх арга олоо юу. Нийслэлийн иргэдэд дахиад туршилт хийх нь үү гэх мэт.
Яг процессын тодорхой мэдээлэл иргэдийн хувьд бага байна.
Юутай ч сайжруулсан шахмал түлшийг нийслэлчүүд хэрэглэдгээрээ хэрэглэнэ. Харин хагас коксжуулсан нүүрсний түүхий эдийг БНХАУ-аас импортолно. Тэгээд эндээ шахмал түлш болгож үйлдвэрлэх юм байна. Үйлдвэрлэлийн ажлыг "Тавантолгой түлш" ХХК хариуцаж магадгүй бөгөөд одоогоор тодорхой шийд гараагүй.
Үүний дээр, нийслэлчүүд бүгдээрээ хагас коксжуулсан нүүрсээр хийсэн шахмал түлшийг хэрэглэхгүй.
Зөвхөн Нисэх, Яармаг орчим болон Налайх дүүрэг, Дархан-Уул аймгийн гэр хорооллын өрхөд түгээнэ. Арванхоёрдугаар сарын 15-наас нийлүүлж эхлэхээр тооцжээ. Харин Нийслэлийн бусад дүүргийн иргэд нь өмнөх сайжруулсан шахмал түлшээ хэрэглэнэ.
Хагас кокс буюу боловсруулсан бүтээгдэхүүн ашигласнаар тоосонцор нь 124мкг/м3-ээс 67.5мкг/м3буюу 45.5%-иар буурна. Энэ нь “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4585:2007 стандартын дагуу тоосонцор болон хүхэрлэг хийн хэмжээ “51-100 хэвийн” түвшинд хүрэх үзүүлэлт гэж албаныхан тайлбарлаж буй.
Хагас кокс тийм сайн байсан бол анхнаасаа ийм түлш яагаад үйлдвэрлээгүй нь анхаарал татна. "Энержи ресурс"-ээс мидлинг татах хэлбэрээр сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэсэн билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.